Матай 22:34–40
Хоёр агуу зарлиг
Фарисайчуудын нэг нь Аврагчийг сорихоор хуулийн аль зарлиг хамгийн агуу болохыг асуужээ. Аврагч үүний хариуд эхнийх нь Бурханыг бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрлах, хоёр дахь нь хөршөө өөрийн адил хайрлах гэсэн хоёр зарлигийг заасан. Энэ хичээл нь энэхүү хоёр агуу зарлигийн дагуу хэрхэн амьдрахыг ойлгоход танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Агуу зарлигууд
Найзтайгаа шашны итгэл үнэмшлийнхээ талаар ярилцаж байна гэж төсөөл. Бурханы зарлигуудын ач холбогдлыг ярилцаж байхдаа найз тань танай сүмд яг ямар зарлигуудыг заадаг талаар асуув.
Нэг минутад багтаан, санаандаа орж ирэх Бурханы аль болох олон зарлиг, жишгийг жагсаан бич.
Бурханы зарлигуудын жагсаалтаа хуваалцсаны тань дараа таны найз аль зарлиг хамгийн чухал болохыг асуужээ.
Жагсаалтаа эргэн хараад, түүний асуултад хэрхэн хариулж болохоо бод.
Есүсийг хүмүүсийн дунд сургаал айлдаж байхад олон фарисай хүн түүнээс асуулт асууж, хүмүүсийн өмнө гутаахыг оролдов. Матай 22:36–40 -ийг уншаад, Аврагчаас асуусан нэг асуултыг мөн Тэрээр хэрхэн хариулсныг олж мэд.
-
Аврагчийн хариулсан байдал танд ямар бодол, мэдрэмж төрүүлсэн бэ?
Аврагч ийн тайлбарласан. Хамгийн эхний агуу зарлиг бол Бурханыг бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрла. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла.” Энэ хоёр зарлиг нь Дэд хууль 6:5 , Леви 19:18 дээр байгаа. Матай 22:36 дээр гарч буй “хууль” гэдэг үг нь Мосегийн хуулийг хэлж байгаа юм.
-
Бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа Бурханыг хайрлах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Хэрэв та эдгээр үгийг илүү сайн ойлгохыг хүсвэл, Судруудын удирдамж зэрэг хичээлийн туслах материалыг ашиглан тодорхойлолтыг нь хайж олохыг бод.)
-
Энэ арга замаар Бурханыг хайрлах хайраа харуулсан ямар ямар жишээг Христийн амьдралаас олж болох вэ?
-
Хөршөө өөрийн адил хайрлах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
-
Эдгээр хоёр агуу зарлигийг дуулгавартай дагах нь Есүс Христтэй адил болоход бидэнд хэрхэн туслах вэ?
Матай 22:40 дээр, Есүс Бурханы бүх зарлиг Бурханд болон өөрсдийн хөршид хайраа харуулахад нь хүмүүст туслахад зориулагдсан хэмээн заажээ.
-
Хоёр агуу зарлигийг дуулгавартай дагах нь бусад бүх зарлигийг дуулгавартай дагахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурханыг гэсэн бидний хайр бусдыг гэсэн бидний хайртай хэрхэн холбогддог талаар ийн тайлбарласан.
Бид Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлах юм бол хариуд нь Тэрээр бидний зүрх сэтгэлийг бусдын сайн сайхны төлөөх буянтай үйлсэд татан оруулдаг.
(Рассэлл М.Нэлсон, “Хоёр дахь агуу зарлиг,” Ensign, Nov. 2019, 97 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 109)
-
Бурханыг гэсэн бидний хайр хэрхэн бидний зүрх сэтгэлийг бусад хүн рүү чиглүүлэх вэ?
-
Энэ хоёр агуу зарлигийг сахих талаар сайн үлгэр жишээ үзүүлсэн хэн нэгнийг та мэдэх үү?
-
Тэд энэ хайраа ямар ямар арга замаар үзүүлдэг вэ? Та өдөр тутам энгийн арга замаар хэрхэн бусдад хайраа үзүүлж, тэдний үлгэр жишээг дагаж чадах вэ?
Та биднийг хайрлах Бурханы хайр бидний зүрх сэтгэлийг Түүн рүү болон бусад хүн рүү хэрхэн чиглүүлж чадах жишээг олж харахын тулд “Realizing What God Has Done, How Could I Not Help? | His Hands” (2:50) видеог үзэж болох юм. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр байгаа.
Судлах тэмдэглэл дээрээ өөрт тань хоёр агуу зарлигийг сахих сэдлийг төрүүлдэг, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэддэг зүйлээ жагсаан бич. Ялангуяа өөрийг тань хайрлах Тэдний хайрыг мэдэрч байсан үйл явдлаа эргэцүүлэн бодох нь тустай байж болно.
Бурханыг хайрлах хайрыг бид нэн тэргүүнд тавих ёстой
Хэдийгээр хоёр агуу зарлигийг хоёуланг дуулгавартай сахих нь чухал ч ерөнхийлөгч Даллин Х.Өүкс дараах зүйлийг сануулсан.
Энэхүү хоёр дахь агуу зарлигийг сахих оргилуун хүсэл эрмэлзлээ нэг дэх буюу Бурханаа бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрла хэмээх зарлигийг мартах шалтгаан болгож болохгүй. Бид тэр хайраа “[Түүний] зарлигуудыг сахиснаар” [ Иохан 14:15 ] харуулдаг.
(Даллин Х.Өүкс, “Хоёр агуу зарлиг,” Ensign, Nov. 2019, 73–74 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79)
-
Яагаад эдгээр зарлигийн дараалал чухал вэ?
-
Хэрэв бид хөршөө хайрлахыг Бурханаа хайрлахаас дээгүүр тавивал ямар ямар асуудал урган гарч болох вэ?
-
Бурханаа хайрлахыг нэн тэргүүнд тавьсан байхад анхаарах хэрэгтэй байж болох ямар нөхцөл байдалд та орж болох вэ?
Төлөвлөгөө гаргах
Саяхан хоёр агуу зарлигийг сахих боломж олдсон талаар эргэцүүлэн бод. Нэгээс тав хүртэлх хэмжүүрээр эдгээр зарлигийг хэр дуулгавартай дагаж байгаагаа нэг нь “маш сайн,” тав нь “муу” гэх мэт үнэл.
Эдгээр хоёр агуу зарлигийг илүү бүрэн дүүрэн дагах төлөвлөгөө гаргаж, судлах тэмдэглэл дээрээ бич.
-
Энэ хоёр зарлигийг илүү сайн дагаж амьдрахын тулд хийж болох зарим нэг тодорхой үйлдлээ жагсаан бич. Ариун Сүнснээс ирсэн сэтгэгдлүүдийг анхааралтай сонсоод, нэгийг нь хийж гүйцэтгэхээр сонго.
-
Тухайн үйлдлийг хэрхэн гүйцэтгэхээ бичиж тэмдэглэ. Төлөвлөгөөгөө эцэг эхтэйгээ эсвэл итгэлтэй найзтайгаа хуваалцаад, танд туслахад тэднийг урих талаар бодож үз. Хийж чадах бүхнээ хийх юм бол Бурхан танд тусална гэдгийг ухааран ойлго ( Сургаал ба Гэрээ 123:17 -г үзнэ үү).
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Би хэрхэн өөрийгөө хайрлаж сурах вэ?
Далын ахлагч С. Гиффорд Нийлсэн “Энэ бол бидний цаг үе!” үгэндээ өөрөө өөрийгөө хайрлахын ач холбогдлын талаар ярьсан (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 66–69). Та ChurchofJesusChrist.org дээр байгаа видеог цагийн код 7:36-аас 9:32 хүртэл үзэж болно. “How to Love Yourself Like God Loves You” гэх дараах нийтлэл нь бид хэрхэн өөрсдийгөө хайрлаж сурах талаар заадаг (ChurchofJesusChrist.org).
Хоёр агуу зарлиг хамтдаа хэрхэн хэрэгждэг вэ? (мөн 1 Иохан 4:7–11, 20–21 -ийг үзнэ үү)
Далын ахлагч Питр М. Жонсон ийн заасан.
Нэгдүгээрт, хамгийн агуу бөгөөд анхны тушаал бол Бурханаа бүх зүрх, сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа хайрлах гэдгийг санагтун [ Матай 22:37–38 -ыг үзнэ үү]. Хийж байгаа бүхэн маань Түүнийг болон Түүний Хүүг хайрлах бидний хайраар өдөөгдөх ёстой. Зарлигуудыг дагаснаар мөн Тэднийг гэх хайраа хөгжүүлэх тусам бидний өөрийгөө болон бусдыг хайрлах чадавх өсөн нэмэгддэг. Бид гэр бүл, найз нөхөд, хөршүүдээ Аврагчийн хардгаар буюу Бурханы охид, хөвгүүд гэж харж эхэлдэг тул тэдэнд үйлчилж эхэлнэ [ Иохан 3:16 ; 1 Иохан 4:19 ; Мозая 2:17 -г үзнэ үү].
(Питэр М.Жонсон, “Дайснаа дийлэх хүч,” Ensign, Nov. 2019, 111 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 126)
Бурханыг болон бусдыг хайрлах зарлигийг дуулгавартай дагах нь миний амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М. Рассэлл Баллард ийн тайлбарласан.
Энэ хоёр зарлигт дуулгавартай байх нь илүү их амар амгалан, баяр баясгаланг мэдрэх арга замыг өгдөг. Бид Их Эзэнийг хайрлан, Түүнд үйлчилж, хөршөө хайрлаж бас тэдэнд үйлчлэх юм бол аяндаа өөр хаанаас ч авах боломжгүй аз жаргалыг илүү их мэдэрдэг.
(М.Рассэлл Баллард, “Есүс Христийн үнэн, цэвэр хийгээд энгийн сайн мэдээ,” Ensign, May 2019, 29 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32)
Яагаад энэ хоёр зарлигийн аль алинд хайрыг онцолсон бэ?
“Хайр ба хууль” (3:21) видеог үзнэ үү. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр байгаа.
Яагаад Бурханы хайр хоёр агуу зарлигийг дуулгавартай дагахад бидэнд нөлөөлдөг вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн гэрчилсэн.
Үүрд мөнх оршихуйн хамгийн эхний агуу зарлиг бол Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун ухаан хийгээд чадлаараа хайрлах ёстой гэсэн тушаал байдаг. Гэхдээ мөнх оршихуйн хамгийн эхний агуу үнэн бол Бурхан биднийг бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун ухаан хийгээд чадлаар хайрладаг явдал юм. Энэ хайр бол мөнх оршихуйн суурь бөгөөд бидний өдөр тутмын амьдралын ч суурь болох ёстой. Бидний бодгальд энэхүү баталгаа гал мэт асаж байх үед л бид үргэлж итгэж, сайжрахыг хичээн, нүглийнхээ өршөөлийг эрэлхийлж мөн тэрхүү ач ивээлийг хөршдөө түгээх итгэл үнэмшилтэй байна.
(Жэффри Р.Холланд, “Маргааш Эзэн та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” Ensign, May 2016, 127 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116)