Илчлэл 15–19
“Хурга ялах болно”
Бошиглогдсон эцсийн өдрүүдийн талаар бодоход таны санаанд юу орж ирж байна вэ? Илчлэгч Иохан дэлхийг дүүргэх сүйрэл, ёс бус явдлыг тодхон дүрсэлжээ. Гэвч энэхүү нөхцөл байдал үүрд үргэлжлэхгүй. Есүс Христ “ялах болно ... учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ” (Илчлэл 17:14). Энэ хичээл эцсийн өдрүүдийн сорилт бэрхшээлтэй тулгарахад Есүс Христэд илүү итгэж найдахад танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Гай гамшиг, сорилт бэрхшээл, Их Эзэнд итгэх итгэл
Их Эзэн Иоханд үзэгдлээр нь эцсийн өдрүүдэд ёс бус хүмүүс дээр янз бүрийн гай гамшгийг цутган асгаж буй долоон тэнгэр элчийг харуулсан. Тэдгээр гай гамшиг нь яр шарх, ус цус болж хувирах, шатам халуун, харанхуй, өвдөлт, аянга цахилгаан, газар хөдлөлт, асар том мөндөр зэрэг юм ( Илчлэл 16 -г үзнэ үү).
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Та эцсийн өдрүүдийн сорилт бэрхшээл, ёс бус байдлын талаар өөр юу мэдэх вэ? Та эдгээр сорилт бэрхшээлийн талаар юу бодож байна вэ?
-
Их Эзэн танд тулгарч болох аливаа сорилт бэрхшээлийг даван туулахад тусална гэдэгт та хэр итгэлтэй байдаг вэ? Яагаад?
Иохан эцсийн өдрүүдэд дэлхийн хүмүүсийг нөмрөх сүйрэл, сорилт бэрхшээлийн талаар бичихийнхээ өмнө өөр нэг зүйлийг дүрсэлсэн. Илчлэл 15:2–4 -ийг уншаад, Иохан юуг харж байсныг төсөөлөхийг хичээ.
-
Иоханы дүрсэлсэн гай гамшгуудын талаар уншихын өмнө Бурханы оршихуйд буй өргөмжлөгдсөн гэгээнтнүүдийн талаар сурч мэдэх нь яагаад чухал вэ?
Үргэлжлүүлэн судлахдаа та эцсийн өдрүүдийн сорилт бэрхшээлийн үеэр Их Эзэнд хандаж болно гэдгээ мэдэж, ойлгоход туслах Ариун Сүнсний удирдамж зааврыг эрэлхийл. Шүлгүүдийг уншихын өмнө бүлгийн оршлыг уншихыг бод. Энэ нь судлах бүлэг тус бүрд юу заахыг илүү сайн ойлгоход тань тусална.
Сонголт A: Тэнгэр элч нар ба гай гамшиг
Илчлэл 16 дээрх Иоханы харсан гай гамшгуудын тухай бодох нь бидний санааг зовоож болох юм. Гэсэн хэдий ч Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэх нь сэтгэлийг тань зовоож байгаа асуудлаа даван туулахад бидэнд тусална. Тэнгэр элч нар гамшгуудыг асгахдаа Их Эзэний зан чанарын талаар гэрчилсэн гэдгийг онцлох нь чухал. Түүний зан чанарыг мэдэх нь Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд бидэнд тусална.
Илчлэл 16:5, 7 -г уншаад, тэнгэр элч нар Их Эзэн болон Түүний шүүлтийг хэрхэн дүрсэлснийг олж мэд. Тэнгэр элч нарыг юу гэж хэлсэн гэж бодож байгаагаа дараах бөмбөлөг дотор бич.
-
Их Эзэний шүүлтийн талаар судлахдаа Түүний зан чанарын талаар ойлголттой болох нь бидэнд яагаад тустай байж болох вэ?
-
Бурхан гэж хэн болохыг ойлгох нь таны амьдралд хэзээ тусалж байсан бэ? Есүс Христийн зан чанарыг дурсан санаж явах нь Түүнд итгэж найдахад тань хэрхэн тусалсан бэ?
Сонголт B: Ёс бус байдал ба Аврагчийн хүч
Дэлхий дээрх ёс бус байдлын зарим жишээг мөн энэ нь бидэнд хэрхэн нөлөөлдөг талаар бод.
-
Хэрэв энэ дэлхийн ёс бус байдлыг илэрхийлэх ямар нэгэн бэлгэдлийн талаар бод гэвэл та юу бодох байсан бэ? Яагаад?
-
Хэрэв та Аврагчийг хүндлэн илэрхийлэх бэлгэдэл эсвэл нэр цолны талаар мөн уг ёс бус байдлыг даван гарахад Тэр бидэнд хэрхэн туслах талаар бод гэвэл юу бодох байсан бэ? Яагаад?
Тэмдэглэлийнхээ нэг хуудсыг голоор нь хуваа. Илчлэл 17:3–7, 14 -ийг уншаад, эдгээр шүлэгт ашигласан Иоханы бэлгэдлүүдийг төсөөл. Тэмдэглэлийнхээ хуваасан хуудасны нэг талд ёс бус байдлыг дүрслэхэд хэрэглэсэн түлхүүр үг, хэллэгүүдийг жагсаан бич. Нөгөө талд нь Есүс Христийг болон зөв шударга байдлыг илэрхийлдэг бэлгэдлүүдийг бич. Дараах үгс тус болж болох юм. Үүнд:
Завхайрал (Илчлэл 17:4): бэлгийн харьцааны ёс бус үйлдлүүд. Энэ нь мөн “урвалтын бэлгэдэл” (Судруудын удирдамж, “ Завхайрал ,” scriptures.ChurchofJesusChrist.org) байж болно.
Вавилон ( Илчлэл 17:5): ёс бус байдал, дэлхийн байдлын бэлгэ тэмдэг болгон хэрэглэгддэг ёс бус байдлаараа алдартай хотын нэр
Янхан ( Илчлэл 17:5): мөнгөний төлөө эсвэл наймалцахаар бэлгийн харьцааны ёс бус үйл үйлддэг хүн
Гайхах (Илчлэл 17:6): гайхширал, эргэлзээ ( 6-р шүлэг , зүүлт тайлбар c-г үзнэ үү)
-
Та уншсан бэлгэдлүүдээсээ юу сурч мэдсэн бэ?
-
14-р шүлэг дээрх Есүс Христийн нэр цол Түүний талаар юуг ойлгоход танд тусалсан бэ?
-
Та Хурга буюу Есүс Христ бүх ёс бус байдлыг даван гарсан арга замуудын талаар юу мэдэх вэ? (Судруудын удирдамжийн “ Бурханы Хурга ”-ыг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.) Энэ нь таны хувьд ямар утгатай вэ?
Сонголт C: Хурганы гэрлэлт
-
Гэр бүлүүд ямар ямар шалтгаанаар хуримын ёслол үйлддэг вэ?
Иохан эцсийн өдрүүдийн талаар бидэнд заахдаа гэрлэлтийн дүр зургийг ашиглажээ. Түүний бичсэн гэрлэлт Аврагчийн Хоёр дахь ирэлтийг бэлгэдсэн.
Сүйт бүсгүй, сүйт залуу хоёрын энгийн зураг зураад, судлахдаа тэр хоёрын талаар сурч мэдсэн зүйлээ бич.
Илчлэл 19:7–9 -ийг уншаад, Их Эзэн энэ гэрлэлтийн талаар юуг бодоход уриалсныг олж мэд. Эдгээр шүлэг дээрх сүйт бүсгүйгээр Христийг эргэн ирэхэд өөрсдийгөө бэлдэж байгаа Их Эзэний Сүмийн гишүүдийг бэлгэдэж байгаа юм.
-
8-р шүлэгт цэдэглэснээр, бид энэ гэрлэлтэд хэрхэн бэлдэх вэ? Энэ нь таны хувьд ямар утгатай вэ?
-
Гэр бүлийн харилцаа нь ямар арга замаар Есүс Христ болон бидний хоорондох гэрээт харилцаа холбоог илэрхийлэхэд тохирох бэлгэдэл байдаг вэ?
-
Аврагчийн эргэж ирэх өдөр таны хувьд хэрхэн баяр баясгалант өдөр байх вэ?
Дараах судруудыг уншаад, Есүс Христийг эргэж ирэх үед өөрийгөө бэлдэхийн тулд юу хийж болохоо бодож үз. Та олсон зүйлээ судар дээрээ тэмдэглэж эсвэл үүнийхээ талаар тэмдэглэлдээ бичиж болно.
-
Та Есүс Христийн талаар мөн Өөрийг нь эргэн ирэхэд таныг бэлдэхийн тулд хийсэн зүйлийнх нь талаар юу гэж бодож байна вэ?
-
Та юу санахыг эсвэл хийхийг хүсэж байна вэ?
-
Энэ нь эцсийн өдрүүдийн сорилт бэрхшээлтэй тулгарах үед танд хэрхэн тусална гэж та бодож байна вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Илчлэл 17 . Араатныг унаж буй эмэгтэйн бэлгэдлээс би юу олж мэдэж болох вэ?
Араатныг унаж буй эмэгтэйг дүрслэхэд ашигласан нэр томьёонууд нь тэрхүү эмэгтэйн үндэстнүүд, хаант улсууд болон хүмүүс дээр хэрэгжүүлдэг улс төрийн агуу эрх мэдэл болон устгагч хүчийг батлан харуулж байна. Түүний хувцас эрх мэдэл, эд баялгийг харуулж байгаа ( шүлэг 4 -ийг үзнэ үү) бөгөөд “янхнуудын эх” гэдэг нь ёс бус байдлыг түгээдэг байгууллага, засгийн газар, үзэл суртлууд зэрэг бусад янхныг төрүүлсэн гэдгийг үзүүлдэг ( 5-р шүлэг). Иохан уг эмэгтэйн ёс бус байдал ямар их гаарсныг хараад алмайрсан ( 6-р шүлэг , зүүлт тайлбар c-г үзнэ үү) ба эцэст нь урьд өмнө өөрийнх нь захирч байсан хүмүүс түүнийг хаан ширээнээс нь буулгана гэдгийг цэдэглэсэн байдаг ( 16-р шүлэг ; 1 Нифай 22:13 -ыг үзнэ үү). …
Эдгээр шүлэг дээрх Иоханы тайлбарын нэг нь эцсийн өдрүүдэд бэлгийн харьцааны ёс бус байдал, эд баялаг, хүчирхийлэл дэлхийд нэвт шингэсэн байна гэсэн утгатай байж болох юм (мөн 1 Нифай 13:5–9 -ийг үзнэ үү). Ийм амьдралын хэв маягаар амьдардаг хүмүүс, байгууллага, засгийн газруудыг Вавилоны нэгэн хэсэг гэж үзэж болно. (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 560)
Би Илчлэл 15–19 дээрх бэлгэдлийн талаар хаанаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох вэ?
Эдгээр бүлэг дээрх бэлгэдлийн тайлбарыг харах бол та ChurchofJesusChrist.org дээрх 2014 оны Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага дахь 55, 56-р бүлгүүдийг судалж болно.