Бүлэг 12
Бошиглогч Ифер Бурханд итгэхийг ард түмэнд ухуулав—Итгэлээр хийгдсэн гайхамшгууд болон ер бусын үйлүүдийг Моронай дахин тоочив—Итгэл нь Жаредын ахад Христийг харах боломжийг олгосон болой—Хүмүүс даруу байж болохын тулд тэдэнд сул дорой байдлыг Их Эзэн өгдөг—Жаредын ах Зерин Уулыг итгэлээр хөдөлгөсөн бөлгөө—Авралын тулд итгэл, найдвар, мөн төгс хайр шаардлагатай—Моронай Есүсийг нүүр тулан харав.
1 Мөнхүү улиран тохиох дор Иферийн өдрүүд Кориантумрын өдрүүдэд байв; мөн Кориантумр бүх нутгийн дээр хаан байлаа.
2 Мөн Ифер Их Эзэний бошиглогч байв; иймийн тул Ифер Кориантумрын өдрүүдэд ирж, мөн хүмүүст бошиглож эхлэв, учир нь түүнд орших Их Эзэний Сүнсний улмаас тэрээр өөрийгөө зогсоож чадахгүй байв.
3 Тэрээр өглөөнөөс эхлэн бүр нар жаргах хүртэл, хүмүүсийг наманчлалд хүртлээ Бурханд итгэхийг, эс бөгөөс тэд устгагдах болно хэмээн ухуулан, итгэлээр бүх зүйл гүйцэлддэгийг тэдэнд хэлэн тунхаглав—
4 Иймийн тул, Бурханд итгэдэг хэн боловч, илүү сайн дэлхийд, тийм ээ, Бурханы баруун гар талд байх нэгэн байрны төлөө лавтайяа найдаж болох болой, уг найдвар нь итгэлээр ирж, хүмүүсийн бодгальд зангуу болдог, уг зангуу нь тэднийг тууштай мөн хөдөлшгүй, сайн үйлсээр үргэлж дүүрэн, бас Бурханыг алдаршуулахад удирдагдах болгодог.
5 Мөнхүү улиран тохиох дор Ифер агуу болон гайхамшигт зүйлсийг хүмүүст бошиглосон аж, тэд тэдгээрийг эс үзсэний учир, тэд тэдгээрт нь итгэсэнгүй.
6 Мөн эдүгээ, Моронай би, эдгээр зүйлийн талаар заримыг ярья; итгэл бол найддаг бас үл харагддаг зүйлс гэдгийг би дэлхийд үзүүлэхийг хүснэ; иймийн тул, та нар хараагүйн улмаас бүү арсалд, учир нь итгэлийнхээ сорилтын дарааг хүртэл та нар нотолгоог хүлээн авахгүй.
7 Учир нь Христ үхлээс боссоныхоо дараа, тэрээр өөрийгөө бидний өвөг дээдэст үзүүлсэн нь итгэлээр байсан буюу; мөн тэднийг өөрт нь итгэлтэй болсны дарааг хүртэл тэрээр өөрийгөө тэдэнд үзүүлээгүй юм; иймийн тул, түүнд зарим нь итгэлтэй байсан нь гарцаагүй, учир нь тэрээр өөрийгөө дэлхийнхэнд үзүүлээгүй.
8 Гэвч хүмүүсийн итгэлийн улмаас тэрээр өөрийгөө дэлхийнхэнд үзүүлж, мөн Эцэгийн нэрийг алдаршуулан, мөн бусад нь тэнгэрлэг бэлгээс хүртэгчид байж болох нэгэн замыг бэлтгэсэн буюу, тэд хараагүй зүйлсдээ найдаж болохын тулд бөлгөө.
9 Иймийн тул, та нар ч түүнчлэн, хэрэв та нар итгэлтэй л байх аваас, найдварыг агуулж, мөн уг бэлгээс хүртэгчид байж болно.
10 Болгоогтун эртний тэд Бурханы ариун жаягаар дуудагдсан нь итгэлээр байсан буюу.
11 Иймийн тул, Мосегийн хууль өгөгдсөн нь итгэлээр байсан юм. Гэвч Бурхан өөрийн Хүүг бэлэг болгохдоо илүүтэй сонгомол замыг бэлтгэсэн бөлгөө; мөн үүний гүйцэлдсэн нь итгэлээр юм.
12 Учир нь хэрэв хүмүүсийн үрсийн дунд итгэл үгүй бол Бурхан тэдний дунд ямар ч гайхамшгийг үйлдэж эс чадах буюу; иймийн тул, тэднийг итгэлтэй болтол тэрээр өөрийгөө үзүүлээгүй.
13 Болгоогтун, шоронг газарт нуран унах болгосон нь Алма, Амюлек хоёрын итгэл байсан юм.
14 Болгоогтун, леменчүүдийг галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртэхэд хүргэх өөрчлөлтийг тэдний дээр авчирсан нь Нифай, Лихай хоёрын итгэл байсан юм.
15 Болгоогтун, леменчүүдийн дунд маш агуу гайхамшгийг үйлдсэн нь Аммон мөн түүний ах дүүсийн итгэл байсан юм.
16 Тийм ээ, мөн гайхамшгийг үйлдсэн бүр тэд бүгд нь, бүр Христийн өмнө мөн басхүү дараа нь байсан тэд, тэдгээрийг итгэлээр үйлдсэн юм.
17 Мөн уг гурван шавь үхлийг эс амсана хэмээх амлалтыг олж авсан нь итгэлээр байсан юм; мөн тэд итгэлтэй болохоосоо өмнө амлалтыг олж авсан нь үгүй.
18 Мөн хэн нэгэн итгэлтэй болохоосоо өмнө гайхамшгийг үйлдсэн нь хэзээ ч үгүй; иймийн тул тэд эхлээд Бурханы Хүүд итгэсэн бөлгөө.
19 Мөн бүр Христийг ирэхээс өмнө ч, итгэл нь тийм үлэмж хүчирхэг байсан тул, тэдэнд гивлүүрийн цаадхыг харах нь хориглогдоогүй тэд олон байв, харин тэд итгэлийн нүдээр болгоосон тэр зүйлсийг өөрсдийн нүдээр үнэхээр хараад мөн баяртай байсан буюу.
20 Мөн болгоогтун, эдгээрийн нэг нь Жаредын ах байсныг бид энэхүү цэдэгт үзсэн бөлгөө; Жаредын ахын итгэл ихэд агуу байснаас Бурхан хуруугаа сунгахдаа үүнийг түүний харцнаас нууж чадаагүй билээ, түүний итгэлээрээ олж авсан үг болох, Бурханы түүнд хэлсэн үгийн улмаас буюу.
21 Мөн Жаредын ахын итгэлээр олж авсан амлалтын улмаас, Жаредын ах Их Эзэний хурууг болгоосны дараа, Их Эзэн түүний харцнаас юуг ч нуух боломжгүй байв; иймийн тул тэрээр түүнд бүх зүйлийг үзүүлсэн аж, учир нь тэр цаашид гивлүүрийн гадна хадгалагдах боломжгүй байв.
22 Мөн миний өвөг дээдэс эдгээр зүйл тэдний ах дүүст харийнхнаар дамжигдан ирнэ гэсэн амлалтыг олж авсан нь итгэлээр байсан юм; тиймийн тул надад Их Эзэн, тийм ээ, бүр Есүс Христ зарлигласан бөлгөө.
23 Мөн би түүнд хэлэв: Их Эзэн, бидний бичгийн сул дорой байдлын улмаас, харийнхан эдгээр зүйлийг шоолох болно; учир нь Их Эзэн та биднийг ярихдаа хүчтэй болгосон, гэвч та биднийг бичихдээ хүчит болгосон нь үгүй; учир нь таны тэдэнд өгсөн Ариун Сүнсний улмаас, энэ бүх хүнийг, тэд ихийг ярьж чадахаар болгосон билээ;
24 Мөн бидний гар болхи учир, та биднийг багыг л бичиж чаддаг болгосон буюу. Болгоогтун, та биднийг Жаредын ахын адил бичихдээ хүчтэй болгосон нь үгүй, учир нь та түүнийг бичсэн зүйлс нь таны адил хүчирхэг байхаар, тэдгээрийг унших хүнийг эзэмдэхүйц байхаар хүчирхэг болгосон бөлгөө.
25 Түүнчлэн та бидний үгсийг хүчирхэг мөн агуу болгосноос бид бүр тэдгээрийг бичиж чадахааргүй болсон; иймийн тул, бичихдээ бид өөрсдийн сул доройг болгоож, мөн өөрсдийн үгийн байршлын улмаас бүдэчдэг; мөн харийнхан бидний үгсийг шоолох вий хэмээн би эмээнэ.
26 Мөн би үүнийг хэлэхэд, Их Эзэн надад ярьж, хэлрүүн: Тэнэгүүд шоолдог, гэвч тэд гашуудах болно; мөн номхон хүлцэнгүй тэдэнд миний ач ивээл хангалттай, тиймээс тэд та нарын сул доройг буруугаар ашиглахгүй байх болно;
27 Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүнд миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдний төлөө сул дорой зүйлсийг нь хүчирхэг болгож өгнө.
28 Болгоогтун, харийнханд би сул доройг нь үзүүлэх болно, мөн итгэл, найдвар болон төгс хайр тэднийг надад—бүх зөв шударгын эх булагт авчирдгийг би тэдэнд үзүүлэх болно.
29 Мөн Моронай би, эдгээр үгийг сонсоод тайтгаруулагдаж, мөн хэлэв: Ай Их Эзэн, таны зөв шударга таалал гүйцэлдэх болно, учир нь та хүмүүсийн үрсэд тэдний итгэлийн дагуу үйлддэг гэдгийг би мэднэ;
30 Учир нь Жаредын ах Зерин ууланд, нүү хэмээн хэлэхэд—тэр нь нүүлгэгдсэн. Мөн хэрэв тэрээр итгэлгүй байсан бол тэр нь нүүхгүй байсан; иймийн тул хүмүүс итгэлтэй болсны дараа л та үйлддэг.
31 Учир нь та өөрийгөө шавь нартаа тийн үзүүлсэн; учир нь тэд итгэлийг агуулсны, мөн таны нэрээр ярьсны дараа, та өөрийгөө тэдэнд агуу хүчинд үзүүлсэн буюу.
32 Мөн түүнчлэн та хүмүүнд нэгэн өргөөг, тийм ээ, хүмүүн илүү онцгой найдвар тавьж болох түүнийг, бүр Эцэгийнхээ ордонгуудын дунд бэлтгэсэн хэмээн таны хэлснийг би санаж байна; иймийн тул хүмүүн найдах ёстой, эс бөгөөс тэрээр таны бэлтгэсэн уг байранд өв хүртэж чадахгүй.
33 Мөн түүнчлэн, та бүр өөрийн амийг дэлхийнхний төлөө өгөхүйц дэлхийнхэнд хайртай хэмээн хэлснийг тань би санаж байна, хүмүүсийн үрсэд нэгэн байрыг бэлтгэхээр амиа эргүүлж авч болохын тулд буюу.
34 Мөн эдүгээ хүмүүсийн үрсэд зориулсан таны хайр бол төгс хайр гэдгийг би мэднэ; иймийн тул, хүмүүс төгс хайрыг агуулахаас бусдаар, Эцэгийнхээ ордонгуудад таны бэлтгэсэн тэрхүү байрыг өвлөж чадахгүй.
35 Иймийн тул, таны хэлсэн энэ зүйлийн улмаас би мэднэ, бидний сул доройн улмаас, хэрэв харийнхан төгс хайр үгүй аваас, та тэднийг сорьж, мөн тэдний талантыг нь, тийм ээ, бүр тэдний хүлээн авсан түүнийг нь авч, мөн илүү элбэг хангалуун буй тэдэнд өгөх болно хэмээснийг буюу.
36 Мөнхүү улиран тохиох дор харийнхан төгс хайрыг агуулж болохын тулд, тэрээр тэдэнд ач ивээлийг хайрлаасай хэмээн би Их Эзэнд хандан залбирсан буюу.
37 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хэлрүүн: Хэрэв тэд төгс хайр үгүй аваас, энэ нь чамд хамаагүй болой; чи үнэнч байсан; иймийн тул, чиний өмсгөл цэвэр болгогдох болно. Мөн чи өөрийн сул доройг харсны учир, Эцэгийнхээ орднуудад миний бэлтгэсэн байранд суух болж, чи хүчирхэг болгогдох болно.
38 Мөн эдүгээ, би Моронай харийнхантай, тийм ээ, мөн түүнчлэн өөрийн хайрладаг ах дүүстэйгээ салах ёс гүйцэтгэе, бид Христийн шүүлтийн суудлын өмнө, миний өмсгөлүүд та нарын цусаар толботоогүйг бүх хүн мэдэх тэнд уулзах хүртлээ буюу.
39 Мөн та нар тэгэхэд намайг Есүсийг харсныг, мөн тэрээр надтай нүүр тулан ярьсныг, мөн тэрээр илэрхий даруу байдлаар, нэг хүмүүн нөгөөдөө миний хэл дээр хэлж буй адил, эдгээр зүйлийн талаар хэлснийг мэдэх болно;
40 Мөн би бичихдээ сул доройн улмаас, би зөвхөн цөөн хэдийг нь бичсэн бөлгөө.
41 Мөн эдүгээ, Бурхан Эцэгийн мөн түүнчлэн Их Эзэн Есүс Христийн ач ивээл, мөн тэдний талаар гэрчилдэг Ариун Сүнс та нарт оршин байж мөн үүрд үлдэхийн тулд, бошиглогчид болон төлөөлөгчдийн тухайлан бичсэн энэ Есүсийг эрэлхийл хэмээн би та нарт санал болгохыг хүсэж байна. Амен.