Бүлэг 13
Иосефын үр удмаар Америкт баригдах Шинэ Иерусалимын талаар Ифер ярив—Тэрбээр бошиглож, хөөгдөн, жаредчуудын түүхийг бичиж, мөн жаредчуудын устгалыг зөгнөн хэлэв—Бүх нутаг даяар дайн ширүүсэв.
1 Мөн эдүгээ, Моронай би, өөрийн бичиж байсан ард түмний устгалын талаарх өөрийн цэдгийг дуусгахаар зорьё.
2 Учир нь болгоогтун, тэд Иферийн бүх үгийг эсэргүүцсэн бөлгөө; тодруулбал тэрээр үнэхээр хүмүүний эхлэлээс эхлэн бүх зүйлийн тухай хэлсэн бөлгөө; мөн энэ нутгийн гадаргуугаас ус ширгэсний дараа энэ нь бусад бүх нутгаас дээгүүр сонгомол нутаг, Их Эзэний сонгосон нутаг болсныг; иймийн тул Их Эзэн үүний гадаргуу дээр оршдог бүх хүн өөрт нь үйлчлээсэй хэмээснийг;
3 Мөн энэ нь тэнгэрээс бууж ирэх тэр Шинэ Иерусалимын газар, мөн Их Эзэний ариун дуган болохыг хэлсэн бөлгөө.
4 Болгоогтун, Ифер Христийн өдрүүдийг харж, мөн тэрээр энэ нутаг дээрх Шинэ Иерусалимын талаар ярьсан буюу.
5 Мөн тэрбээр түүнчлэн Израилын угсааны, мөн Лихайн тэндээс ирэх тэр Иерусалимын талаар ярив—энэ нь устгагдсаны дараа, Их Эзэний тулд ариун хот болон дахин баригдах болно; иймийн тул, энэ нь хуучны цагт байсан учир шинэ Иерусалим байх аргагүй юм; гэвч энэ нь дахин баригдана, мөн Их Эзэний тулд ариун хот болно; мөн энэ нь Израилын угсааны төлөө баригдах болно—
6 Мөн Шинэ Иерусалим энэ нутагт, Иосефын үр удмын үлдэгдлийн тулд баригдах болно, эдгээр зүйлийн тухайд нэгэн бэлгэдэл байсан талаар ярив.
7 Тодруулбал, Иосеф өөрийн эцгийг доош Египетийн нутагт авчирсан шиг, тэрээр тийн тэнд нас нөгчсөн; иймийн тул, Их Эзэн Иосефын үр удмын нэгэн үлдэгдлийг Иерусалим нутгаас гарган авчирсан буюу, Иосефын эцэгт эрсдэхгүйнх нь тулд тэрээр нигүүлсэнгүй байсныхаа адилаар, Иосефын үрсэд, тэд эрсдэхгүйн тулд тэрээр тэдэнд нигүүлсэнгүй байж болохын тулд буюу.
8 Иймийн тул, Иосефын угсааны үлдэгдэл энэ нутагт суурьшуулагдах болно; мөн энэ нь тэдний өвийн нутаг байх болно; мөн тэд Их Эзэний тулд, эртний Иерусалимын адил ариун хотыг өсгөн бэхжүүлэх болно; мөн дэлхий эцэслэх үед ирэх тэрхүү төгсгөл хүртэл тэднийг дахин холилдуулах нь үгүй.
9 Мөн шинэ тэнгэр мөн шинэ дэлхий байх болно; мөн тэдгээр нь хуучинтайгаа адил байх болно, хуучин нь эцэслэж, мөн бүх зүйл шинэ болсноос бусдаар буюу.
10 Мөн тэгээд Шинэ Иерусалим бий болно; мөн тэнд оршин суудаг тэд адислагдсан болой, учир нь Хурганы цусаар өмсгөлүүд нь цагаан болгогдсон нь тэд юм; мөн тэд бол Израилын угсааных болох Иосефын үр удмын үлдэгдэл дунд тоологддог тэд юм.
11 Мөн тэгэхэд хуучны Иерусалим түүнчлэн бий болно; мөн түүний оршин суугчид тэд адислагдсан болой, учир нь тэд Хурганы цусанд угаагдсан юм; мөн тэд бол тараагдаж мөн дэлхийн дөрвөн зүгээс, мөн умард улсуудаас цуглуулагдсан, мөн Бурханы тэдний эцэг Абрахамтай хийсэн гэрээний биелэлтийг хүртэгч тэд юм.
12 Мөн эдгээр зүйл тохиоход, эхэнд байсан, эцэст байх тэд гэж бий; мөн эцэст байсан, эхэнд байх тэд гэж бий хэмээн өгүүлэх судрыг улируулан тохиолгох буюу.
13 Мөн би илүүг бичихээр зэхэж байв, гэвч би хориглогдсон болой; гэвч Иферийн бошиглолууд агуу болон гайхамшигтай байсан бөлгөө; гэвч тэд түүнийг юу ч биш мэт үзсэн, мөн түүнийг хөөн зайлуулсан; мөн тэрээр өдөр нь өөрийгөө хадан агуйд нууж, мөн шөнө нь тэрээр явж хүмүүсийн дээр тохиох зүйлсийг хардаг байв.
14 Мөн хүмүүсийн дээр ирсэн устгалуудыг шөнөөр харан, тэрээр хадан агуйд амьдарч байхдаа тэрээр энэхүү цэдгийн үлдэгдлийг хийсэн ажээ.
15 Мөнхүү улиран тохиох дор тэрээр хүмүүсийн дундаас зайлуулагдсан тэр жил хүмүүсийн дунд агуу дайн эхлэв, учир нь боссон хүчит эрчүүд олон байв, мөн урьд яригдаж асан, тэдний ёс бус үйлийн нууц төлөвлөгөөгөөр Кориантумрыг устгахаар эрэлхийлэв.
16 Мөн эдүгээ Кориантумр, өөрөө дайны бүх аргад мөн дэлхийн бүх заль мэхэнд суралцсан байв, иймийн тул өөрийг нь устгахаар эрэлхийлсэн тэдэнтэй тэр тулаанд оров.
17 Гэвч, тэрбээр наманчилсан нь үгүй, бас түүний үзэсгэлэнт охид мөн хөвгүүд ч; мөн Кохорын үзэсгэлэнт охид мөн хөвгүүд ч; Корихорын үзэсгэлэнт охид мөн хөвгүүд ч; мөн дүгнэж хэлэхэд, бүх дэлхийн гадаргуу дээр нүглүүдээ наманчилсан үзэсгэлэнт охид мөн хөвгүүд нэг ч байсангүй.
18 Иймийн тул, улиран тохиох дор Ифер хадан агуйд оршин суусан эхний жилд, тэд хаант улсыг олж авч болохын тулд Кориантумрын эсрэг тулалдсанаас тэдгээр нууц хуйвалдааны илдээр хөнөөгдсөн нь олон байв.
19 Мөнхүү улиран тохиох дор Кориантумрын хөвгүүд их тулалдаж мөн их цус урсгав.
20 Мөн хоёр дахь жилд Их Эзэний үг Иферт ирж, мөн тэрбээр явж Кориантумрт ийн бошиглохыг хэлэв, хэрэв тэрбээр мөн түүний бүх гэр бүлийнхэн наманчлах аваас, Их Эзэн түүнд хаант улсыг нь өгч мөн уг хүмүүсийг хэлтрүүлнэ—
21 Эс бөгөөс түүнээс бусад тэд нь, мөн бүх л гэр бүлийнхэн нь устгагдах болно. Мөн өөр хүмүүс уг нутгийг өөрсдийн өв болгон хүлээн авах талаар хэлэгдсэн бошиглолын биелэлтийг л зөвхөн харахаар тэрбээр амьд үлдэх болно; мөн Кориантумр тэднээр оршуулагдах болно; мөн Кориантумраас бусад бүх бодгаль устгагдах болно.
22 Мөнхүү улиран тохиох дор Кориантумр, бас түүний гэр бүлийнхэн ч, мөн уг хүмүүс ч бас наманчилсангүй; мөн дайнууд зогссонгүй; мөн тэд Иферийг алахыг эрэлхийлэв, гэвч тэрээр тэдний өмнө зугтан мөн дахин хадан агуйд нуугдав.
23 Мөнхүү улиран тохиох дор Шаред босож, мөн тэрээр Кориантумртай тулаанд оров; мөн тэрбээр түүнийг дийлж, үүний хэрээр гурав дахь жилд тэрбээр түүнийг дарангуйлалд оруулав.
24 Мөн Кориантумрын хөвгүүд, дөрөв дэх жилд, Шаредыг дийлж, мөн эцэгтээ хаант улсыг нь буцаан авч өгсөн бөлгөө.
25 Эдүгээ нутгийн бүх гадаргуу дээр дайн эхлэв, хүн бүр бүлэглэлийнхээ хамт хүссэнийхээ төлөө дайтах ажгуу.
26 Мөн дээрэмчид байв, мөн дүгнэж хэлэхэд, нутгийн бүх гадаргуу дээр бүх төрлийн ёс бусын үйл байв.
27 Мөнхүү улиран тохиох дор Кориантумр Шаредад үлэмж хилэгнэн, мөн тэрбээр их цэрэгтэйгээ түүний эсрэг тулалдаанд явав; мөн тэд агуу хилэнтэйгээр дайтаж, мөн тэд Гилгалын хөндийд дайтсан бөлгөө; мөн тулалдаан үлэмж ширүүн болов.
28 Мөнхүү улиран тохиох дор Шаред түүний эсрэг гурван өдрийн турш тулалдсан аж. Мөнхүү улиран тохиох дор Кориантумр түүнийг дийлж, мөн тэрбээр Хешлоны тал газарт ирэх хүртэл түүнийг мөшгөн хөөв.
29 Мөнхүү улиран тохиох дор уг тал газарт Шаред түүнтэй дахин тулалдаанд оров; мөн болгоогтун, тэр Кориантумрыг дийлж, мөн түүнийг Гилгалын хөндийд ортол нь гэдрэг ухраав.
30 Мөн Гилгалын хөндийд Кориантумр дахин Шаредтай тулалдаанд оров, тэгээд Шаредыг дийлж мөн түүнийг хөнөөв.
31 Мөн Шаред Кориантумрыг гуянд нь шархдуулсан болой, тиймээс тэр хоёр жилийн турш дахин тулалдахаар явсангүй, тэр хугацаанд нутгийн гадаргуу дээрх бүх хүн цус урсгаж, мөн тэднийг зогсоох хэн ч үгүй байв.