Бүлэг 15
Сая сая жаредчууд тулалдаанд хөнөөгдөв—Шиз, Кориантумр хоёр бүх хүнийг үхлийн тулаанд цуглуулав—Их Эзэний Сүнс тэдэнд нөлөөлөхийг хичээхээ болив—Жаред үндэстэн бүрмөсөн устгагдав—Ганцхан Кориантумр үлдэв.
1 Мөнхүү улиран тохиох дор Кориантумр шархнаасаа эдгээд, тэрбээр өөрт нь хандан хэлсэн Иферийн үгсийг санаж эхлэв.
2 Тэрбээр өөрийнх нь хоёр сая шахам хүмүүс аль хэдийн илдээр хөнөөгдсөнийг харж, мөн тэрбээр зүрх сэтгэлдээ гашуудаж эхлэв; тийм ээ, хүчит эрчүүд, мөн түүнчлэн тэдний эхнэр, хүүхдүүдээс хоёр сая нь хөнөөгдсөн байв.
3 Тэрбээр өөрийн үйлдсэн хилэнцээ наманчилж эхлэв; тэрбээр бүх бошиглогчийн амаар хэлэгдсэн үгсийг санаж эхлэв, мөн тэрбээр, тэдгээр нь өдийг хүртэл, нэг бүрчлэн биелэгдсэнийг ухаарав; мөн түүний сэтгэл гашуудан мөн тайтгарлыг авахаас татгалзав.
4 Мөнхүү улиран тохиох дор, тэрбээр Шизэд, хүмүүсийг хэлтрүүлэхийг түүнээс хүсэж, хүмүүсийн амийн төлөө тэрбээр хаант улсаа өгөх болно хэмээн захидал бичив.
5 Мөнхүү улиран тохиох дор Шиз түүний захидлыг хүлээн аваад, хэрэв тэрбээр түүнийг өөрийнх нь илдээр хөнөөж болохын тулд өөрөө бууж өгөх аваас хүмүүсийн амийг тэрээр хэлтрүүлэх болно хэмээх захидлыг Кориантумрт бичжээ.
6 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс алдсаа наманчилсангүй; мөн Кориантумрын хүмүүс Шизийн хүмүүсийн эсрэг уур хилэнд өдөөн хатгагдав; мөн Шизийн хүмүүс Кориантумрын хүмүүсийн эсрэг уур хилэнд өдөөн хатгагдав; иймийн тул, Шизийн хүмүүс Кориантумрын хүмүүсийн эсрэг тулалдаанд оров.
7 Мөн Кориантумр дийлэгдэх гэж буйгаа үзээд тэрбээр Шизийн хүмүүсийн өмнө дахин зугтав.
8 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Риплианкумын усанд ирэв, энэ нь хөрвүүлбэл том буюу бүгдээс илүү гэдэг утгатай байв; иймийн тул, тэд энэ усанд ирээд майхнуудаа босгов; мөн Шиз түүнчлэн тэдэнд ойрхон майхнуудаа босгов; мөн тиймийн тул маргааш нь тэд тулалдахаар дайрав.
9 Мөнхүү улиран тохиох дор тэд үлэмж ширүүн тулалдаанд тулалдаж, үүнд Кориантумр дахин шархдаж, мөн тэрбээр цус алдсанаас ухаан алдав.
10 Мөнхүү улиран тохиох дор Кориантумрын их цэрэг Шизийн их цэргийг довтлон дайрснаас тэднийг дийлж, тэднийг өөрсдийн өмнө зугтах болгов; мөн тэд өмнө зүг зугтаж, мөн Огаф хэмээн нэрлэгдэх газар майхнуудаа босгов.
11 Мөнхүү улиран тохиох дор Кориантумрын их цэрэг Рама гүвээний дэргэд майхнуудаа босгов; мөн энэ нь миний эцэг Мормон Их Эзэний тулд ариун нандин цэдгүүдийг нуусан тэрхүү гүвээ байсан бөлгөө.
12 Мөнхүү улиран тохиох дор тэд нутгийн бүх гадаргуу дээрх, хөнөөгдөөгүй асан, Иферээс бусад бүх хүнийг нэгтгэн цуглуулав.
13 Мөнхүү улиран тохиох дор Ифер хүмүүсийн бүх үйлдлийг харсан аж; мөн Кориантумрын талд байсан хүмүүс Кориантумрын их цэрэгт нэгдэн цугларсныг; мөн Шизийн талд байсан хүмүүс Шизийн их цэрэгт нэгдэн цугларсныг тэрээр болгоов.
14 Иймийн тул, тэд уг нутгийн гадаргуу дээр байсан бүх хүнийг цуглуулж болохын тулд, мөн тэд хүлээн авч болох бүх нэмэлт хүчийг хүлээн авч болохын тулд, тэд дөрвөн жилийн турш хүмүүсийг нэгтгэн цуглуулав.
15 Мөнхүү улиран тохиох дор тэд бүгдээрээ, хүн бүр сонгосон их цэрэгтээ, эхнэр мөн хүүхдүүдтэйгээ нэгдэн цугларсны дараа—эрчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд аль аль нь дайны зэвсгээр зэвсэглэн, бамбай, цээжний хуяг, мөн толгойн дуулга агсан, мөн дайны байдлаар хувцаслав—тэд нэг нэгнийхээ эсрэг тулалдахаар давшив; мөн тэд тэр өдөржингөө дайтав, мөн ялсан нь үгүй.
16 Мөнхүү улиран тохиох дор шөнө болоход тэд ядарч, буудлууддаа буцаж очив; мөн буудалдаа буцаж очсоны дараа тэд өөрсдийн алагдсан хүмүүсээ алдсаны учир гаслан мөн халаглав; мөн тэдний уйлаан, гаслан мөн тэдний халаглал маш агуу байснаас тэдгээр нь агаарт үлэмж цуурайтаж байв.
17 Мөнхүү улиран тохиох дор маргааш нь тэд дахин тулалдахаар явав, мөн тэр өдөр агуу бөгөөд аймшигтай байсан ажгуу; гэсэн хэдий ч, тэд ялсангүй, мөн дахин шөнө ирэхэд тэд өөрсдийн алагдсан хүмүүсээ алдсаны учир уйлаан, гаслан, мөн гашуудлаараа агаарыг цуурайтуулав.
18 Мөнхүү улиран тохиох дор, Кориантумр Шизэд, түүнийг дахин тулалдахаар ирэхгүй байхыг, харин тэрбээр хаант улсыг авч, мөн хүмүүсийн амийг хэлтрүүлэхийг хүссэн захидлыг бичив.
19 Гэвч болгоогтун, Их Эзэний Сүнс тэдэнд нөлөөлөхийг хичээхээ больсон байв, мөн Сатан хүмүүсийн зүрх сэтгэлийн дээр бүрэн хүчийг агуулж байв; учир нь тэд зүрх сэтгэлийнхээ хатууд, мөн оюун санааныхаа харалганд автагдсан байснаас тэд устгагдаж болох байв; иймийн тул тэд дахин тулалдахаар явав.
20 Мөнхүү улиран тохиох дор тэд өдөржингөө тулалдан, мөн шөнө болоход тэд илдээ дэрлэн унтацгаав.
21 Мөн маргааш нь тэд бүр шөнө болтол тулалдав.
22 Мөн шөнө болоход тэд уур хилэндээ, бүр дарсанд согтуурсан хүмүүний адилаар согтсон байв; мөн тэд дахин илдээ дэрлэн унтацгаав.
23 Мөн маргааш нь тэд дахин тулалдав; мөн шөнө болоход Кориантумрын хүмүүсээс тавин хоёр, мөн Шизийн хүмүүсээс жаран есөөс бусад нь бүгд илдэнд алагдсан байв.
24 Мөнхүү улиран тохиох дор тэр шөнөдөө тэд илдээ дэрлэн унтаж, мөн маргааш нь тэд дахин тулалдав, мөн тэд өөрсдийн илдтэйгээр мөн өөрсдийн бамбайтайгаар, тэр өдөржингөө бүх хүчээрээ тэмцэлдэв.
25 Мөн шөнө болоход Шизийн хүмүүсээс гучин хоёр, мөн Кориантумрын хүмүүсээс хорин долоо нь үлдсэн байв.
26 Мөнхүү улиран тохиох дор тэд идээд мөн унтав, мөн маргааш болох үхэлд бэлтгэцгээв. Мөн тэд хүмүүсийн хүч тэнхээний хувьд том биетэй мөн хүчит эрчүүд байв.
27 Мөнхүү улиран тохиох дор тэд гурван цагийн турш тулалдаж, мөн тэд цус алдан ухаан алдацгаав.
28 Мөнхүү улиран тохиох дор Кориантумрын хүмүүс тэд алхаж чадах хангалттай хүч тамиртай болоод, тэд амиа хамгаалахаар зугтахаар завдаж байв; гэвч болгоогтун, Шиз мөн түүний хүмүүс босон, мөн тэрээр Кориантумрыг хөнөөнө эс бөгөөс өөрөө илдэнд үхнэ хэмээн уур хилэндээ тангараглав.
29 Иймийн тул, тэрбээр тэднийг мөрдөн хөөж, мөн маргааш өдөр нь тэрбээр тэднийг гүйцэж түрүүлэв; мөн тэд илдээрээ дахин тулалдав. Мөнхүү улиран тохиох дор тэд, Кориантумр, Шиз хоёроос бусад нь бүгд илдээр алагдсаны дараа, болгоогтун Шиз цус алдсанаас ухаан алджээ.
30 Мөнхүү улиран тохиох дор Кориантумр илдээ түшээд, тэгснээр бага зэрэг амарсан тул, тэрбээр Шизийн толгойг тас цавчив.
31 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Шизийн толгойг тас цавчсаны дараа, Шиз гар дээрээ өндийснөө мөн унав; мөн тэрбээр амьсгал авахаар нэг зүтгээд, тэр үхэв.
32 Мөнхүү улиран тохиох дор Кориантумр газарт унан, мөн тэрбээр амьгүй мэт болов.
33 Мөн Их Эзэн Иферт хандан ярьж, мөн түүнд хэлрүүн: Гарч явагтун. Мөн тэрбээр гарч яваад, мөн Их Эзэний үгс бүгд биелэгдсэнийг болгоов; мөн тэрбээр цэдгээ дуусгав; (мөн зууны нэгийг нь ч би эс бичсэн буюу) мөн тэрбээр Лимхайн хүмүүс тэдгээрийг олсон тэр байдлаар тэдгээрийг нуув.
34 Эдүгээ Иферээр бичигдсэн сүүлчийн үгс нь эдгээр буюу: Бибээр Бурханы хаант улсад аврагдах л бол, би Их Эзэний тааллаар хувиргагдах уу, эс бөгөөс маханбодод түүний тааллыг хүлцэх үү гэдэг нь хамаагүй. Амен.