Бүлэг 3
Арван зургаан чулуунд хүрэх үед нь Жаредын ах Их Эзэний хурууг харав—Христ Өөрийн сүнсэн биеийг Жаредын ахад үзүүлэв—Төгс мэдлэг бүхий тэдэнд гивлүүрийн цаадхыг харахыг нь хориглох аргагүй юм—Жаредчуудын цэдгийг гэрэлд авчрахын тулд хөрвүүлэгчдээр хангав.
1 Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах (эдүгээ бэлтгэсэн хөлгийн тоо нь найм байв), үлэмж өндөр болохынх нь учир Шелем уул хэмээн тэдний нэрлэсэн уул өөд очиж, мөн хаднаас арван зургаан жижиг чулууг хайлуулан гаргаж авав; мөн тэдгээр нь цагаан бөгөөд тунгалаг, нэвт харагдах шил адил байв; мөн тэрээр тэдгээрийг гартаа барин уулын орой дээр гараад, мөн Их Эзэнд хандан дахин залбирч, хэлрүүн:
2 Ай Их Эзэн, та биднийг ус үерт хүрээлэгдэх ёстой хэмээн хэлсэн. Эдүгээ болгоогтун, ай Их Эзэн, мөн таны өмнөх сул доройгоос минь болоод үйлчлэгчдээ бүү хилэгнээч; учир нь та бол ариун мөн тэнгэрт оршдог, мөн таны өмнө зохисгүйгээ бид мэднэ; уналтын улмаас бидний төрөлхийн чанар үргэлжид хилэнцэт байхаар болсон юм; гэсэн хэдий ч, ай Их Эзэн, танаас бид хүслийнхээ дагуу хүлээн авч болохын тулд бид таныг дуудах ёстой хэмээх зарлигийг та бидэнд өгсөн буюу.
3 Болгоогтун, ай Их Эзэн, бидний алдсын улмаас та биднийг гэсгээсэн, мөн биднийг нүүлгэсэн, мөн энэ олон жилийн туршид бид аглаг буйдад байлаа; гэсэн хэдий ч, та бидэнд нигүүлсэнгүй хандаж байсан. Ай Их Эзэн, намайг өрөвдөн хараач, мөн өөрийн энэ хүмүүсээс та уур хилэнгээ холдуулаач, мөн энэ догшин гүнийг тэд харанхуйд гатлахыг бүү зөвшөөрөөч; харин хаднаас миний хайлуулан гаргасан эдгээр зүйлийг болгооно уу.
4 Мөн, ай Их Эзэн, та бүх хүчийг эзэмшдэг, мөн хүмүүний тусын тулд та хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг би мэднэ; тиймийн тул, ай Их Эзэн, эдгээр чулуунд хуруугаараа хүрээч мөн тэдгээрийг харанхуйд гэрэлтэж болохоор бэлтгэж өгөөч; мөн тэдгээр нь бидний бэлтгэсэн хөлгүүд дотор бидэнд гэрэл өгөх болно, тэгснээр бид далайг гатлахдаа гэрэлтэй байж болох болой.
5 Болгоогтун, ай Их Эзэн, та үүнийг хийж чадна. Та, хүмүүсийн ойлголтод өчүүхэн мэт харагддаг агуу хүчийг үзүүлж чадахыг бид мэднэ.
6 Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах эдгээр үгийг хэлэхэд, болгоогтун, Их Эзэн мутраа сунган мөн уг чулуунуудад нэг нэгээр нь хуруугаараа хүрэв. Мөн Жаредын ахын нүднээс гивлүүр авагдаж, мөн Их Эзэний хурууг тэр харлаа; мөн энэ нь хүмүүний хуруутай адил, мах цустай мэт байв; мөн Жаредын ах Их Эзэний өмнө унав, учир нь тэрээр айдаст эзэмдэгдсэн ажгуу.
7 Мөн Их Эзэн Жаредын ах газарт унасныг харж; мөн Их Эзэн түүнд хандан хэлэв: Бос, чи яагаад унав?
8 Мөн тэрээр Их Эзэнд хандан хэлэв: Их Эзэний хурууг би харлаа, мөн тэр намайг цохих вий хэмээн айв би; Их Эзэн маханбод болон цустайг би эс мэдсэний учир буюу.
9 Мөн Их Эзэн түүнд хандан хэлсэн нь: Чи итгэлийнхээ улмаас намайг өөртөө маханбод болон цусыг авах болно гэдгийг харлаа; мөн чиний нэгэн адил ийм үлэмж итгэлтэйгээр миний өмнө хэн ч, хэзээ ч ирж байсангүй; тийм бус аваас чи миний хурууг харж чадахгүй байсан. Чи үүнээс өөрийг харав уу?
10 Мөн тэрээр хариулсан нь: Үгүй; Их Эзэн, өөрийгөө надад үзүүлээч.
11 Мөн Их Эзэн түүнд хандан хэлрүүн: Миний ярих үгсэд чи итгэх үү?
12 Мөн тэрээр хариулсан нь: Тийм ээ, Их Эзэн, та үнэнийг ярьдгийг, учир нь та үнэний Бурхан болохыг, мөн худал хэлж эс чадахыг би мэднэ.
13 Мөн тэрээр эдгээр үгийг хэлэхэд, болгоогтун, Их Эзэн өөрийгөө түүнд үзүүлэн, мөн хэлсэн нь: Чи эдгээр зүйлийг мэдэхийн учир уналтаас гэтэлгэгдсэн болой; тиймийн тул чи миний оршихуйд буцаан хүргэгдлээ; тиймийн тул би чамд өөрийгөө үзүүлж байна.
14 Болгоогтун, өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийн үүслээс бэлтгэгдсэн нь би болой. Болгоогтун, бибээр Есүс Христ. Бибээр Эцэг мөн Хүү. Надаар бүх хүмүүн төрөлхтөн амьдралыг, бүр миний нэрэнд итгэх тэд мөнхийн түүнийг хүртэх болно; мөн тэд миний охид мөн миний хөвгүүд болох болно.
15 Мөн чиний нэгэн адилаар надад хүмүүн итгэж байсан нь үгүйн учир, өөрийн бүтээсэн хүмүүндээ, би хэзээ ч өөрийгөө үзүүлж байсан нь үгүй. Миний өөрийн төрхөөр чи бүтээгдсэн болохоо харж байна уу? Тийм ээ, эхлэлд бүр бүх хүн миний өөрийн төрхөөр бүтээгдсэн билээ.
16 Болгоогтун, чиний болгоож буй энэ бие болбоос миний сүнсэн бие; мөн хүмүүнийг би өөрийн сүнсэн биеийн адилаар бүтээсэн юм; мөн би сүнсэндээ чиний өмнө үзэгдэж байгаа шигээ би өөрийн хүмүүст маханбодоороо үзэгдэх болно.
17 Мөн эдүгээ, Моронай би, эдгээр бичигдсэн зүйлсийн бүрэн шастирыг үйлдэж чадахгүйгээ хэлсэн учир, тиймийн тул, Есүс өөрийгөө нифайчуудад үзүүлсний адил тэрхүү биеийн төрхөөр мөн маягаар, өөрийгөө энэ хүнд сүнсээрээ үзүүлсэн хэмээн хэлэх нь надад хангалттай юм.
18 Мөн тэрээр нифайчуудад тохинуулсныхаа адилаар түүнд тохинуулсан билээ; мөн Их Эзэний өөрт нь үзүүлсэн олон агуу үйлсийн улмаас энэ хүн түүнийг Бурхан болохыг мэдэж болохын тулд энэ бүхэн хийгдсэн буюу.
19 Мөн энэ хүний мэдлэгийн улмаас түүнд гивлүүрийн цаадхыг харах нь хориглогдох аргагүй байв; мөн тэрээр Есүсийн хурууг харсан, тэрээр түүнийг хараад, тэр айдастайгаар унасан ажгуу; учир нь тэрээр, энэ нь Их Эзэний хуруу болохыг мэдсэн болой; мөн түүнээс хойш тэр зөвхөн итгэсэнгүй, учир нь тэр ямар ч эргэлзээгүйгээр мэдэж байв.
20 Иймийн тул, Бурханы энэ төгс мэдлэгийг агуулсны учир, түүнээс гивлүүрийн цаадхыг харахыг нь хориглох аргагүй юм; тиймийн тул тэрээр Есүсийг харсан; мөн Есүс түүнд тохинуулсан буюу.
21 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Жаредын ахад хандан хэлрүүн: Болгоогтун, би маханбодод өөрийн нэрийг алдаршуулах тэр цаг ирэх хүртэл, чи өөрийн үзсэн мөн сонссон эдгээр зүйлийг дэлхийнхэнд мэдэгдэхийг бүү зөвшөөрөгтүн; иймийн тул, чи өөрийн үзсэн мөн сонссон зүйлсээ нандигнан дурсах болно, мөн ямар ч хүмүүнд мэдүүлэхгүй.
22 Мөн болгоогтун, чи надад ирэхдээ, тэдгээрийг чи бичиж, мөн тэдгээрийг лацдах болно, тиймээс хэн ч хөрвүүлж эс чадах буюу; учир нь чи тэдгээрийг уншигдаж болохооргүй тийм хэл дээр бичих буюу.
23 Мөн болгоогтун, энэ хоёр чулууг би чамд өгье, мөн чи өөрийн бичих тэр зүйлстэй хамт тэдгээрийг түүнчлэн лацдах болно.
24 Учир нь болгоогтун, чиний бичих тэр хэлийг би будилуулсан; иймийн тул би өөрийн зохих цагт, чиний бичих эдгээр зүйлийг хүмүүсийн нүдэнд эдгээр чулуу тодруулахаар болгоно.
25 Мөн Их Эзэн эдгээр үгийг хэлээд, тэрбээр Жаредын ахад, өмнө нь байсан дэлхийн бүх оршин суугчийг, мөн түүнчлэн хойшид байх бүгдийг үзүүлэв; мөн бүр дэлхийн хязгаарууд дахь тэднийг түүний нүдэнд тэрбээр харамгүй үзүүлэв.
26 Хэрэв тэрээр өөрт нь итгэх аваас түүнд бүх зүйлийг үзүүлж чадна—тэр нь түүнд үзүүлэгдэх болно хэмээн тэрбээр түүнд өмнө нь хэлсний учир; тиймийн тул тэрээр Их Эзэн өөрт нь бүгдийг үзүүлж чадна гэдгийг мэдэж байсан учир, Их Эзэн түүнээс юуг ч үзүүлэхээс татгалзаж чадсангүй ажээ.
27 Мөн Их Эзэн түүнд хандан хэлрүүн: Эдгээр зүйлийг бичигтүн мөн тэдгээрийг лацдагтун; мөн би тэдгээрийг өөрийн зохих цагт хүмүүсийн үрсэд үзүүлэх болно.
28 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн түүнд хүлээж авсан хоёр чулуугаа лацдаж, мөн Их Эзэн хүмүүсийн үрсэд үзүүлэх хүртэл тэдгээрийг үзүүлэхгүй байхыг зарлиглав.