Судрууд
Ифер 6


Бүлэг 6

Жаредчуудын хөлгүүд салхинд туугдан амлагдсан нутагт хүрэв—Сайн сайхных нь учир хүмүүс Их Эзэнийг магтан дуулав—Орайха тэдний дээр хаанаар томилогдов—Жаред болон түүний ах нас эцэслэв.

1 Мөн эдүгээ, Моронай би, Жаред болон түүний ахын цэдгийг үргэлжлүүлье.

2 Учир нь улиран тохиох дор Их Эзэн Жаредын ахын уул өөд өргөж гаргасан чулуунуудыг бэлтгэсний дараа, Жаредын ах уулан дээрээс буун ирж, мөн тэрээр бэлтгэгдсэн хөлгүүд дотроо хоёр үзүүрт нь нэг нэг чулууг тавьжээ; мөн болгоогтун, тэдгээр нь хөлгүүдэд гэрэл өгсөн ажээ.

3 Мөн Их Эзэн чулуунуудыг харанхуйд гэрэлтэн, эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд, тэд их усыг харанхуйд гатлахгүй байж болохын тулд тийн гэрэл өгөх болгосон бөлгөө.

4 Мөнхүү улиран тохиох дор тэд усан дээр амь зууж болохын тулд, тэд бүхий л төрлийн хоол ундыг, мөн бог болон бод малдаа мөн өөрсөдтэйгөө авч явах ёстой аливаа амьтан жигүүртэнд хүнс тэжээлийг бэлтгээд—мөнхүү улиран тохиох дор эдгээр бүх зүйлийг хийснийхээ дараа тэд хөлгүүд буюу усан онгоцууд дээрээ гарцгаан, мөн өөрсдийгөө Их Эзэн Бурхандаа даатгаад, далайд гарав.

5 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Бурхан, амлагдсан нутгийн зүг усан дээгүүр ширүүн салхи үлээж байхаар болгосон аж; мөн тийн тэд салхины өмнө далайн давалгаанд шидэгдэж байв.

6 Мөнхүү улиран тохиох дор тэдний дээр буух уулс мэт давалгаанууд, мөн түүнчлэн салхины догшноос үүссэн агуу бас аймшигт их шуургануудаас болж тэд далайн гүнд олонтоо живсэн бөлгөө.

7 Мөнхүү улиран тохиох дор тэдний хөлгүүд сав адил нягт, мөн тэдгээр нь Ноагийн хөлөг онгоц адил нягт байсан тул гүнд живэхэд нь ус тэднийг огтхон ч гэмтээж эс чадав; тиймийн тул тэд их усанд хучигдсан үедээ Их Эзэнд залбиран гуйж, мөн тэрбээр тэднийг дахин усан дээр гаргаж байв.

8 Мөнхүү улиран тохиох дор тэднийг усан дээр байх үед салхи амлагдсан нутаг тийш үлээхээ огт больсонгүй; мөн тэд салхины өмнө тийн урагш туугдсан авай.

9 Мөн тэд Их Эзэнийг магтан дуулсан болой; тийм ээ, Жаредын ах Их Эзэнийг магтан дуулсан буюу, мөн тэрээр бүх л өдрийн турш Их Эзэнд талархан мөн магтаж байв; мөн шөнө болоход, тэд Их Эзэнийг магтахаа зогссонгүй.

10 Мөн тийн тэд урагш туугдаж байв; мөн далайн ямар ч мангас тэднийг сүйтгэж, ямар ч халим тэднийг гэмтээж чадсангүй; мөн тэд усан дээр ч, мөн усан дор ч байсан тэд үргэлжид гэрэлтэй байлаа.

11 Мөн тэд гурван зуун дөчин дөрвөн өдөр усан дээр тийн урагш туугджээ.

12 Мөн тэд амлагдсан нутгийн эрэгт газардав. Мөн амлагдсан нутгийн эрэгт тэд хөл тавиад, өөрсдөд нь Их Эзэний үзүүлсэн агуу олон энэрэнгүй нигүүлслийн улмаас, тэд уг нутгийн гадаргуу дээр мэхийн, мөн Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусган, мөн түүний өмнө баяр хөөрийн нулимс дуслуулсан бөлгөө.

13 Мөнхүү улиран тохиох дор тэд нутгийн гадаргуу дээгүүр явж, мөн газар боловсруулж эхлэв.

14 Мөн Жаред дөрвөн хүүтэй байв, мөн тэд Жеком, Гилга, Маха, мөн Орайха хэмээн нэрлэгддэг байв.

15 Мөн Жаредын ах нь түүнчлэн хөвгүүд болон охидтой болсон ажгуу.

16 Мөн Жаредын мөн түүний ахын найзууд тоогоороо хорин хоёр орчим бодгаль байлаа; мөн тэд түүнчлэн амлагдсан нутагт ирэхийнхээ өмнө хөвгүүд болон охидыг төрүүлсэн бөлгөө; мөн тиймийн тул тэд олон болж эхлэв.

17 Мөн тэд Их Эзэний өмнө даруухнаар алхахыг заалгав; мөн тэд дээрээс түүнчлэн заалгасан байв.

18 Мөнхүү улиран тохиох дор тэд нутгийн гадаргуу дээгүүр тархаж, мөн үржиж мөн газраа боловсруулж эхлэв; мөн тэд уг нутагт хүчирхэгжив.

19 Мөн Жаредын ах нь өтөлж эхлэн, мөн тэр удахгүй доош булшинд орохоор явах ёстойгоо ухаарсан аж; иймийн тул тэр Жаредад хандан хэлэв: Бид тэднийг тоолон, түүнчлэн биднийг булшиндаа орохоос өмнө тэд биднээс юу хүсэхийг нь тэднээс бид мэдэж болохын тулд өөрсдийн хүмүүсийг цуглуулцгаая.

20 Мөн үүний дагуу хүмүүс нэгдэн цуглуулагдав. Эдүгээ Жаредын ахын хөвгүүд болоод охидын тоо хорин хоёр бодгаль байв, мөн Жаредын хөвгүүд, охидын тоо арван хоёр байв, тэрбээр дөрвөн хүүтэй байв.

21 Мөнхүү улиран тохиох дор тэд өөрсдийн хүмүүсийг тоолов; мөн тэднийг тоолсныхоо дараа, тэд булшиндаа орохоос нь өмнө өөрсдийг нь юу хийгээсэй хэмээн хүсэж буйг тэднээс асуув.

22 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс хөвгүүдийнхээ нэгийг өөрсдийн дээр хаан байхаар тослон томилохыг тэднээс хүсэв.

23 Мөн эдүгээ болгоогтун, энэ нь тэдэнд гашуудам байв. Мөн Жаредын ах тэдэнд хандан хэлрүүн: Энэ зүйл дарангуйлалд гарцаагүй хөтлөх болно.

24 Гэвч Жаред ахдаа хандан хэлэв: Тэд хаантай байж болохыг тэдэнд зөвшөөрөгтүн. Мөн тиймийн тул тэрээр тэдэнд хэлсэн нь: Та нар хөвгүүдийн маань дундаас, өөрсдийн хүссэн нэгнийг хаан болгон сонгогтун.

25 Мөнхүү улиран тохиох дор тэд бүр Жаредын ахын ууганыг нь сонгов; мөн түүний нэр Пегог байв. Мөнхүү улиран тохиох дор тэрээр татгалзаж мөн тэдний хаан болохгүй хэмээв. Мөн хүмүүс эцэг нь түүнийг албадаасай хэмээсэн аж, гэвч эцэг нь тэгэхээс татгалзав; мөн өөрсдийнхөө хаан болгох гэж тэд нэг ч хүмүүнийг албадах ёсгүйг тэрээр тэдэнд зарлиглав.

26 Мөнхүү улиран тохиох дор тэд Пегогийн бүх дүү нарыг сонгосон ч, мөн тэд татгалзав.

27 Мөнхүү улиран тохиох дор Жаредын хөвгүүд ч бас, ганцаас бусад нь, бүр бүгд татгалзсан буюу; мөн Орайха хүмүүсийн дээр хаан нь байхаар тослогдон томилогдсон ажгуу.

28 Мөн тэр засаглаж эхлэв, мөн хүмүүс дэгжиж эхлэв; мөн тэд үлэмж баян болцгоосон бөлгөө.

29 Мөнхүү улиран тохиох дор Жаред, мөн түүний ах ч нас нөгчив.

30 Мөнхүү улиран тохиох дор Орайха Их Эзэний өмнө даруухнаар алхаж байв, мөн Их Эзэн эцгийнх нь төлөө ямар агуу зүйлсийг үйлдсэнийг санаж, мөн түүнчлэн Их Эзэн тэдний эцэг өвгөдийн төлөө ямар агуу зүйлсийг үйлдсэнийг өөрийн хүмүүст сургасан бөлгөө.

Хэвлэх