Бүлэг 7
Орайха зөв шударга байдалд засаглав—Засгийн эрхийг хүчээр булаах үйл болон зөрчил сөргөлдөөний дунд, Шуле мөн Кохор гэдэг хоёр өрсөлдөгч хаант улс байгуулагдав—Бошиглогчид хүмүүсийн ёс бус байдлыг мөн хиймэл шүтээн шүтэхийг буруушааж, тиймээс тэд наманчилцгаав.
1 Мөнхүү улиран тохиох дор Орайха өөрийн бүх өдөрт нутгийн дээр зөв шударга байдлаар хууль шүүлтийг хэрэгжүүлсэн бөлгөө, түүний өдрүүд нь үлэмж олон байсан буюу.
2 Мөн тэрбээр хөвгүүд мөн охидтой болов; тийм ээ, тэрбээр гучин нэгэн хүүхэдтэй байсан буюу, тэдний дунд хөвгүүдийн тоо нь хорин гурав байв.
3 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр өндөр насандаа Кибийг төрүүлэв. Мөнхүү улиран тохиох дор түүний сууринд Киб засаглав; мөн Киб Корихорыг төрүүлэв.
4 Мөн Корихор гучин хоёр настай байхдаа тэрбээр эцгээ эсэргүүцэн босов, мөн Нихор нутагт очиж суурьшив; мөн тэрбээр хөвгүүд мөн охидыг төрүүлж, мөн тэд үлэмж үзэсгэлэнтэй болов; иймийн тул Корихор олон хүнийг өөртөө татсан болой.
5 Мөн тэрбээр их цэргийг нэгтгэн цуглуулаад, тэрбээр хааны суурьшиж асан Морон нутагт ирж, мөн түүнийг олзлон авсан болой, энэ нь Жаредын ахын, тэд дарангуйлалд хүргэгдэх болно хэмээн хэлсэн үгийг улируулан тохиолгосон буюу.
6 Эдүгээ хааны суурьшиж асан Морон нутаг нь Эзгүйрэл хэмээн нифайчуудаар нэрлэгдсэн нутагтай ойролцоо байв.
7 Мөнхүү улиран тохиох дор Киб, тэрбээр үлэмж өндөр насыг зооглох хүртлээ дарангуйлалд байж, мөн түүний хүмүүс түүний хүү Корихорын мэдэлд байв; гэсэн хэдий ч Киб өндөр насандаа, тэрбээр дарангуйлалд байх үедээ Шулег төрүүлэв.
8 Мөнхүү улиран тохиох дор Шуле ахдаа уурлаж байв; мөн Шуле хүч тэнхээтэй болж, мөн хүмүүний хүч чадлаар бол хүчит нэгэн болов; мөн тэрээр бас шүүн тунгаахдаа ч хүчит нэгэн байв.
9 Иймийн тул, тэрбээр Ефраимын гүвээн дээр ирэн, мөн тэрбээр уг гүвээнээс хайлуулан аваад, мөн өөрийн хамт дагуулсан тэдэнд зориулан гангаар илднүүд хийв; мөн тэднийг илдээр зэвсэглэснийхээ дараа тэрээр Нихор хотод эргэн ирж, мөн өөрийн ах Корихортой тулалдаанд орж, тэгснээр тэрбээр хаант улсыг эзлэн авч мөн түүнийг эцэг Кибтээ сэргээн өгсөн бөлгөө.
10 Мөн эдүгээ Шулегийн хийсэн зүйлийн улмаас, эцэг нь түүнд хаант улсаа гардуулав; тиймийн тул тэрээр эцгийнхээ сууринд засаглаж эхлэв.
11 Мөнхүү улиран тохиох дор тэрээр зөв шударга байдлаар хууль шүүлтийг хэрэгжүүлсэн буюу; мөн хүмүүс үлэмж их тоотой болсон учир тэрбээр хаант улсаа нутгийн бүх гадаргуу дээгүүр өргөжүүлэв.
12 Мөнхүү улиран тохиох дор Шуле түүнчлэн олон хүү, охидыг төрүүлэв.
13 Мөн Корихор өөрийн үйлдсэн олон хилэнцэт үйлээ наманчлав; иймийн тул Шуле хаант улсдаа түүнд хүчийг олгов.
14 Мөнхүү улиран тохиох дор Корихор олон хүү мөн охидтой байв. Мөн Корихорын хөвгүүдийн дунд Ноа хэмээх нэртэй нэгэн байв.
15 Мөнхүү улиран тохиох дор Ноа, Шуле хааны мөн түүнчлэн өөрийн эцэг Корихорын эсрэг босож, мөн ах Кохорыгоо, мөн түүнчлэн өөрийн ах дүүс бүгдийг мөн хүмүүсээс олныг өөртөө татав.
16 Мөн тэрбээр Шуле хааны эсрэг тулалдаанд орж, тэгснээр тэдний анхны өвийн нутгийг эзэлж авав; мөн тэрбээр уг нутгийн тэр хэсгийн дээр хаан болов.
17 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр, Шуле хааны эсрэг дахин тулалдаанд оров; мөн тэрбээр Шуле хааныг барьж, мөн түүнийг Морон тийш олзлон аваачжээ.
18 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр түүнийг үхэлд хүргэх гэж байхад нь, Шулегийн хөвгүүд Ноагийн байшинд шөнөөр сэмхэн орж мөн түүнийг хөнөөгөөд, мөн шоронгийн хаалгыг нураан мөн эцгээ гаргаж авав, мөн өөрийнх нь хаант улсын сэнтийд түүнийг залав.
19 Иймийн тул, Ноагийн хүү түүний оронд өөрийн хаант улсыг өсгөн бэхжүүлэв; гэсэн хэдий ч тэд Шуле хааны дээр цаашид хүчийг олоогүй буюу, мөн Шуле хааны засаглалд байсан хүмүүс үлэмж дэгжиж мөн агуу болцгоов.
20 Мөн уг гүрэн хуваагдсан байв; мөн тэнд хоёр хаант улс, Шулегийн хаант улс, мөн Ноагийн хүү Кохорын хаант улс байв.
21 Мөн Ноагийн хүү Кохор өөрийн хүмүүсийг Шулегийн эсрэг тулалдаанд оруулж, тэгснээр Шуле тэднийг бут цохин мөн Кохорыг хөнөөв.
22 Мөн эдүгээ Кохор Нимрод хэмээн нэрлэгдсэн хүүтэй байв; мөн Нимрод Кохорын хаант улсыг Шулед өгөв, мөн тэрбээр Шулегийн нүдэнд тааллыг олов; иймийн тул Шуле түүнд агуу хайр хишиг хүртээж, мөн тэр Шулегийн хаант улсад өөрийнхөө хүслээр үйлдсэн буюу.
23 Мөн түүнчлэн Шулегийн засаглалын үед, хүмүүсийн дунд бошиглогчид ирэв, Их Эзэнээс илгээгдсэн тэд, хүмүүсийн ёс бус байдал мөн хиймэл шүтээнийг шүтэх нь уг нутагт зүхлийг авчирч байгааг, мөн хэрэв тэд наманчлахгүй аваас устгагдах болно хэмээн бошиглосон ажээ.
24 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс бошиглогчдыг доромжлон, мөн тэднийг элэглэв. Мөнхүү улиран тохиох дор Шуле хаан бошиглогчдыг доромжилсон тэд бүгдийн эсрэг хууль цаазыг хэрэгжүүлсэн аж.
25 Мөн тэрбээр бүх газар нутгаар хуулийг хэрэгжүүлсэн нь бошиглогчдод хаа хүссэн газраа явах хүчийг олгосон ажгуу; мөн үүний улмаас хүмүүс наманчлалд хүргэгдэв.
26 Мөн хүмүүс өөрсдийн алдсууд болон хиймэл шүтээнүүдийг шүтэхээ наманчилсан учир Их Эзэн тэднийг хэлтрүүлж, мөн тэд уг нутагт дахин дэгжиж эхлэв. Мөнхүү улиран тохиох дор Шуле өндөр насандаа хөвгүүд мөн охидыг төрүүлэв.
27 Мөн Шулегийн өдрүүдэд дахин дайн байсангүй; мөн тэрбээр, агуу гүнийг гаталган амлагдсан газарт авчирснаар Их Эзэн эцэг өвгөдийнх нь төлөө агуу зүйлсийг хийснийг санаж байв; иймийн тул тэрбээр өөрийн бүх өдөрт хууль шүүлтийг зөв шударгаар хэрэгжүүлсэн бөлгөө.