Судрууд
Удиртгал


Удиртгал

Мормоны Ном бол Библитэй харьцуулахуйц ариун судрын боть юм. Энэ нь Америкийн эртний оршин суугчидтай хийсэн Бурханы үйлүүдийн цэдэг бөгөөд үүрдийн сайн мэдээг бүрнээр нь агуулдаг бөлгөө.

Уг ном нь бошиглол болон илчлэлийн суу билгийн дагуу эртний олон бошиглогчоор бичиглэгдсэн болой. Алтан ялтаснууд дээр бичиглэгдсэн тэдний үгс, Мормон хэмээн нэрлэгдсэн бошиглогч-түүхчээр эш татагдан мөн хураангуйлагдсан билээ. Уг цэдэг нь хоёр агуу их соёл иргэншлийн шастирыг өгүүлэх бөлгөө. Нэг нь МЭӨ (Манай Эриний Өмнөх) 600 онд Иерусалимаас ирсэн бөгөөд хожим нь нифайчууд мөн леменчүүд гэгдэх хоёр үндэстэн болон хуваагджээ. Нөгөө нь үүнээс ихэд эрт Их Эзэн Бабелын цамхагт хэл яриаг будилуулсан тэр үед иржээ. Энэ бүлгийг жаредчууд гэдэг байв. Мянга мянган жилийн дараа леменчүүдээс бусад нь бүгд устгагдсан ба леменчүүд нь Америкийн индианчуудын өвөг дээдсийн нэг хэсэг юм.

Мормоны Номд цэдэглэгдсэн тэргүүн чухал үйл явдал нь Их Эзэн Есүс Христ амилалтынхаа дараахан нифайчуудын дунд Өөрийн биеэр тохинуулсан явдал юм. Энэ нь сайн мэдээний сургаалуудыг тайлбарлаж, авралын төлөвлөгөөг тоймлон, мөн энэ амьдралд амар амгаланг, ирэх амьдралд мөнх авралыг олохын тулд тэдний юу хийх ёстойг хүмүүст хэлж өгдөг.

Мормон бичиглэлүүдээ гүйцээсний дараа хүү Моронайдаа шастирыг гардуулсан ба хүү нь өөрийн цөөн үгсийг нэмж, мөн уг ялтаснуудыг Кумора гүвээнд нуусан юм. 1823 оны 9-дүґээр сарын 21-нд, чухам тэрхүү Моронай, сүр жавхлант, амилуулагдсан нэгэн, бошиглогч Иосеф Смитэд үзэгдэж, эртний цэдгийн тухай, мөн энэ нь англи хэлэнд орчуулагдах ёстойг зааварлан хэлжээ.

Уг ялтаснууд нь Бурханы бэлэг болон хүчээр тэдгээрийг орчуулсан Иосеф Смитэд зохих үедээ хүргэгджээ. Уг цэдэг нь Есүс Христ бол амьд Бурханы Хүү болохыг мөн Түүнд ирж Түүний сайн мэдээний хуулиудыг болон ёслолуудыг дагасан бүхэн, хэн боловч аврагдаж болохыг гэрчилдэг шинэ бөгөөд нэмэлт гэрч болон эдүгээ олон хэл дээр хэвлэгдээд байна.

Энэ цэдгийн талаар бошиглогч Иосеф Смит: “Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулґуур чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болно гэж би ах нарт хэлсэн” гэжээ.

Их Эзэн Иосеф Смитээс гадна, бусад арван нэгд, алтан ялтаснуудыг нүдээрээ харж мөн Мормоны Номын тэнгэрлэг чанар болон үнэн бодит байдлын онцгой гэрчүүд болох боломжийг олгосон болой. Тэдний бичиглэсэн гэрчлэлүүд энд “Гурван гэрчийн гэрчлэл” мөн “Найман гэрчийн гэрчлэл” хэмээн хавсаргагдсан буй.

Бид хаа газрын бүх хүнийг Мормоны Номыг уншиж, үүний агуулсан захиасыг зүрх сэтгэлдээ тунгааж, мөн тэгээд Бурхан, Мөнхийн Эцэгээс, Есүс Христийн нэрээр энэ ном үнэн эсэхийг асуухад урьж байна. Үүнчлэн үйлдсэн мөн итгэлтэйгээр асуусан хэн боловч Ариун Сүнсний хүчээр үүний үнэн бодит байдал мөн тэнгэрлэг чанарын гэрчлэлийг олж авах болно. (Моронай 10:3–5-ыг үз).

Ариун Сүнснээс энэ бурханлаг гэрчийг авсан тэд нь мөнхүү хүчээр Есүс Христ бол энэ дэлхийн Аврагч гэдгийг, эцсийн энэ өдрүүдэд Иосеф Смит бол Түүний илчлэгч мөн бошиглогч гэдгийг, мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Мессиагийн Хоёр дахь Ирэлтийн бэлтгэл болж, энэ газар дэлхий дээр нэгэнтээ дахин байгуулагдсан Их Эзэний хаант улс юм гэдгийг мэдэж авах болно.