Би хэрхэн Христийнхтэй адил хайрыг хөгжүүлж чадах вэ?
Христийн цэвэр хайр буюу энэрэл нь хамгийн дээд, эрхэм, бат бөх хайр бөгөөд бодгальд хамгийн их баясгаланг авчирдаг юм (1 Нифай 11:23-ыг үзнэ үү). Есүс Христ энэрлийн төгс жишээ мөн. Тэрээр мөнх бус амьдралынхаа тохинууллын үед ядуу, зүдэрсэн, зовсон хүмүүсийг өрөвдөн “сайныг үйлдэн явдаг байсан” (Maтай 4:23; Үйлс 10:38-ыг үзнэ үү). Бид Христийнхтэй адил хайрыг эзэмшихийн тулд үүнийг эрэлхийлж, үүний төлөө залбирч мөн өөрсдийн бодол, үг яриа, үйл хөдлөлд Аврагчийн жишээг дагах ёстой.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар, материалуудыг залбирч судлан, залуу эрэгтэйчүүдэд хамгийн их тохирохыг нь сонгоорой.
1 Самуел 16:7 (Эзэн хүмүүний зүрхийг хардаг)
Лук 10:30–37 (Сайн самари хүний сургаалт зүйрлэл); мөн “Сайн самари хүний сургаалт зүйрлэл” Библийн видео бичлэгийг үзнэ үү.
Лук 23:33–34 (Есүс Өөрийг нь цовдолсон Ромын цэргүүдийг өршөөсөн)
Иохан 15:9–13 (Христ бидний төлөө амиа өгснөөр хайраа харуулсан)
1 Иохан 4:7–11, 18–21 (Бурхан бол хайр юм)
Моронай 7:45–48 (Бид Христийн цэвэр хайр болох энэрлээр дүүргэгдэхийн төлөө залбирч чадна)
Томас С.Монсон, “Нинжин сэтгэл, энэрэл, хайр,” Ensign, 2017 оны 5-р сар, 66–67 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55-56
Дийтр Ф.Угдорф, “Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна,” Ensign, 2017 оны 5-р сар, 104-107 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92-95
Томас С.Монсон, “Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар, 91–94
Дийтр Ф.Угдорф, “Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Ensign эсвэл Liahona, 2012 оны 5-р сар, 70–77
Даллин Х.Өүкс, “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь,” Ensign эсвэл “” lucida=“” position:=“” sans=“” static=“” style=“font-family:”>Liahona, 2014 оны 11-р сар, 25-28
“Энэрэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004)
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс хэрэгжүүлсэн нэг зүйлийнхээ талаар бодож, чуулгатайгаа эсвэл жижиг бүлэг дотроо түүнийгээ хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь.
-
Цөөн жижиг цаасан дээр “Би _____________үедээ хэн нэгний хайрыг хамгийн ихээр мэдэрч байсан” гэж бич. Уг жижиг цаасаа чуулгын цуглаан эхлэхээс өмнө залуу эрэгтэй бүрд тарааж өгөн, хоосон зайн дээр нь юу гэж бичих талаараа бодохыг хүс. Хичээлийг эхлүүлж, бодлоо хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь хэрхэн Христийнхтэй адил хайрыг хөгжүүлэх талаар суралцахад нь чуулгын гишүүдэд туслах юм. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Залуу эрэгтэйчүүдийг Иохан 15:9–13;1 Иохан 4:7–11, 18–21 болон Моронай 7:47–48-ыг уншихад урь. Залуу эрэгтэйчүүд Христийнхтэй адил хайрыг хэрхэн хөгжүүлэх талаар эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ? Эдгээр зан чанар тэдэнд илүү үр дүнтэй санваарын үйлчлэгчид болоход нь хэрхэн туслах вэ? Чуулгын гишүүдийг Аврагчийн хайрыг харуулсан судрын түүхүүдийг олоход урин, тэдгээр түүхээ нэг нэгэнтэйгээ хуваалцахыг хүс. Бид Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ? Тэд мөн энэ тоймд орсон аль нэгэн түүхийг уншин ярилцаж эсвэл өөрсдөө болон өөрсдийнх нь таних хэн нэгэн Христийнхтэй адил хайрын үйлдлээр адислагдаж байсан жишээг хуваалцаж болно.
-
Есүс Христийн бидний төлөө хийсэн бүх зүйл Түүний биднийг болон Эцэгээ хайрлах төгс хайраас үүдэлтэй байсан. Бид хэрхэн айснаас биш харин Аврагчийн адил төгс хайрын улмаас дуулгавартай байх чадвараа хөгжүүлж болох вэ? Чуулгын гишүүдийг хоёр бүлэгт хувааж, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн “Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна” үгийг судлахад урь. Нэг бүлэгт “Айдас бол хүчээр нөлөөлөх арга барил,” “Айдастай холбоотой асуудал,” харин нөгөө бүлэгт “Илүү сайн арга зам,” “Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна” хэсгийг тус тус оноож өгөн, сурсан зүйлээ хуваалцахад урь. Залуу эрэгтэйчүүдэд дараах асуултын талаарх өөрсдийн бодол санааг бичих цаг гаргаж өг. Тухайлбал: Би ямар байдлаар айснаасаа болж зарим зүйлийг хийдэг вэ? Би Христийнхтэй адил хайрыг хөгжүүлэхийн тулд юу хийж болох вэ? Сурсан зүйлээрээ дамжуулан би юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?
-
Ангид нинжин сэтгэл, энэрэл, хайр хэмээх үгсээс аль нэгийг дээд талд нь бичсэн цааснуудыг авчир (нэг залуу эрэгтэйд нэг цаас байхаар). Залуу эрэгтэй бүрд нэг цаас өгөөд, тэднийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн “Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим” болон “Нинжин сэтгэл, энэрэл, хайр” үгээс дээрх үгийн талаар өгүүлсэн эшлэл эсвэл түүхийг хайж олоход урь. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Бидэнд чуулгын гишүүдийн хувьд илүү нинжин сэтгэлтэй, энэрэнгүй, хайраар дүүрэн болох ямар ямар боломж байдаг вэ?
-
Залуу эрэгтэйчүүдийг Лук 10:25–29-ийг уншин, Аврагчаас хуульчийн асуусан асуултуудыг олохыг хүс. Эдгээр асуултын хариулт болгож, Аврагч сайн самари хүний сургаалт зүйрлэлийг хэлсэн болохыг тайлбарла. Сургаалт зүйрлэл дэх дүрүүдээс заримыг төлөөлүүлэхээр хэд хэдэн залуу эрэгтэйд оноогоод, уг түүхийг хамтдаа унших явцдаа жүжиглэхийг тэднээс хүс (30–35-р шүлгүүд). Үе үе завсарлан, леви, санваартан, самари хүмүүсийг төлөөлж байгаа тэднээс яагаад ийм үйлдэл хийсэн болохыг нь асууж, хариултуудыг чуулгаараа хэлэлц. 36–37-р шүлгээс Аврагчийн уг хуульчид өгсөн зарлигийг уншин, залуу эрэгтэйчүүдэд тулгарч болох сургаалт зүйрлэлтэй төстэй нөхцөлүүдийг хуваалцахыг тэднээс хүс.
-
Ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь” үгийн хэсгээс чуулгаараа унш, үз эсвэл сонс. Залуу эрэгтэйчүүдээс хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүсийг хайрлахад туслах зөвлөгөөг хайж олохыг хүс. Өөрийг нь ялгаварлан гадуурхаж эсвэл гомдоосон хэн нэгнийг хайрласан судар дээрх хүмүүсийн жишээг судалснаар тэд өөр юунд суралцах боломжтой вэ? Боломжит жишээнүүдэд Аврагч, ( Лук 23:34-ийг үзнэ үү), Египет дэх Иосеф ( Эхлэл 45-ыг үзнэ үү), эсвэл Пахоран ( Алма 61:9-ийг үзнэ үү) орно. Залуу эрэгтэйчүүдийг өөрсдийн дургүй хэн нэгний талаар мөн тэр хүнд Христийнхтэй адил хайрыг хэрхэн үзүүлж болох арга замын талаар чимээгүй тунгаан бодоход урь.
-
Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэг юм уу хэдийг үзүүл. Христийнхтэй адил хайрын талаар эдгээр видео бичлэгээс залуу эрэгтэйчүүд юу сурч байна вэ? Эрэгтэй хүн ямар байвал зохистой талаарх энэ видео бичлэгүүд дээрх захиасууд нь дэлхийн заадгаас ямар ялгаатай байна вэ? Хэн нэгний үйлчлэл Аврагчийн хайрыг мэдрэхэд тэдэнд тусалсан жишээнээс хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Уг жишээ тэдэнд Есүс Христийн талаар юу заасан бэ? Их Эзэний хайрыг мэдрэх хэрэгтэй байж болох өөрсдийн таних хэн нэгнийг бодоход залуу эрэгтэйчүүдийг урь. Тэр хүнд туслахын тулд тэд юу хийж чадах вэ?
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд Христийнхтэй адил хайрыг өөртөө хэрхэн хөгжүүлэхийг ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Христийнхтэй адил хайр нь санваарын үйлчлэлээ биелүүлэхтэй ямар хамааралтай болох талаар санаа бодлоо хуваалцаж болно.
-
Христийнхтэй адил хайрыг хөгжүүлж, бусадтай харьцаагаа сайжруулах талаар чуулгын цуглааны явцад мэдэрсэн бодлынхоо дагуу үйлдэхэд залуу эрэгтэйчүүдийг урьж болно.