Ирээд, Намайг дага
Талархалтай байх нь яагаад чухал вэ?


Талархалтай байх нь яагаад чухал вэ?

Их Эзэн биднийг хийж, хэлж байгаа бүх зүйлдээ талархлын сүнстэй байгаасай гэж хүсдэг. Бид талархалтай байгаа үедээ амьдралдаа илүү их баяр баясгалантай, сэтгэл хангалуун байх болно. Бид Их Эзэний нөлөө болон адислалуудыг олж харах болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Таны хамгийн их талархаж байдаг зарим зүйл юу вэ? Талархалтай байдал тань хэрхэн таныг илүү аз жаргалтай болгосон бэ?

Талархалтай байдлаа хөгжүүлэхийн тулд залуу эрэгтэйчүүд юу хийж чадах вэ? Талархалтай байдал нь одоо мөн ирээдүйд тэдэнд ямар адислал болж болох вэ?

Эдгээр судар болон материалыг залбирч судал. Талархалтай байдлаа хөгжүүлэхэд нь залуу эрэгтэйчүүдэд юу тусална гэж та бодож байна вэ?

Лук 17:11–19 (Есүс Христ уяман өвчтэй арван хүнийг анагаасан ба нэг нь л Түүнд талархахаар эргэж ирсэн)

Мозая 2:20–24 (Хаан Бенжамин бид яагаад Их Эзэнийг магтаж мөн талархаж байх ёстойг заасан)

С ба Г 59:7, 15–21 (Бид бүх зүйлд талархаж байх ёстой)

Хэнри Б.Айринг, “Хүндэтгэлийн өдөр талархалтай байх,” Ensign, 2016 оны 11-р сар, 99-101 эсвэл  2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93–96

Дийтр Ф.Угдорф, “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар

Рассэлл М.Нэлсон “Бурхандаа талархъя,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 77–79; мөн түүнчлэн “Талархал илэрхийлэх нь” видео бичлэгийг үзнэ үү

Талархал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 18

“Адислал бүрээ тоол,” Сүмийн дуулал, х. 7

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч бусдыг итгэлээр үйлдэж мөн Түүний заасан үнэний дагуу амьдрахад уриалдаг. Тэрээр тэдэнд хүчирхэг туршлагуудаар дамжуулан суралцах боломж олгосон. Талархлын хүч чадлыг амьдралдаа олж харахад нь залуу эрэгтэйчүүдэд туслахын тулд та юу хийж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлийг нь сануулах зургийг самбарт зурахыг нэг залуу эрэгтэйгээс хүс.

  • Залуу эрэгтэй бүрд цагаан толгойн нэг үсэг оноогоод, тэр үсгээр эхэлсэн өөрсдийн бодсон адислалуудыг жагсаан бичих нэг минутын хугацаа ангийнханд өг. Их Эзэний өгсөн жижиг адислалуудыг яагаад бид заримдаа ажиглахгүй өнгөрдөг вэ? Чуулгын нэг гишүүнээс Сургаал ба Гэрээ 46:32 эсвэл 59:21-ийг уншихыг хүс. Бид “аливаа адислалаар адислагдсаныхаа төлөө” хэрхэн илүү талархал үзүүлж чадах вэ?

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь чуулгын гишүүдэд талархлын чухлыг ойлгоход нь тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгандаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Дараах асуултуудыг самбарт бич. Яагаад талархах нь чухал байдаг вэ? Бид ялангуяа Хүндэтгэлийн өдөр илүү талархалтай байхын тулд юу хийж болох вэ? Залуу эрэгтэй бүрийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Хүндэтгэлийн өдөр талархалтай байх” хэлсэн үгэн дэх асуултуудыг нэг нэгээр нь сонгож мөн хариултаа олоход урь. Тэднийг дуусахад олж мэдсэн зүйлсийг нь хуваалцуулж мөн ерөнхийлөгч Айрингийн аль нэг зөвлөгөөн дээр ажиллах төлөвлөгөө гаргахад урь.

  • Залуу эрэгтэйчүүдийг Лук 17:11–19-ийг уншин, уяман өвчтэй арван хүний ес нь Аврагчид яагаад талархал илэрхийлээгүй талаар бодлоо хуваалцахад урь. Талархлаа илэрхийлэхэд маань саад болдог ямар зүйлүүд байдаг вэ? Хүлээн авсан боловч зохистойгоор талархал илэрхийлээгүй байж магадгүй адислалынхаа талаар бодоход залуу эрэгтэйчүүдийг урь. Баярласнаа илэрхийлэх нь яагаад чухал вэ? Тэд талархлаа үзүүлэхийн тулд юу хийх вэ?

  • Ахлагч Рассэлл М.Нэлсоны “Бурханд талархъя” хэлсэн үгээс загасны түүхийг ярьж эсвэл уншиж өг. Талархал хүлээлгүйгээр бусдад тусалж байсан эсэхийг нь (энэ түүхэн дэх асрагч шиг) залуу эрэгтэйчүүдээс асуу. Хэлсэн үгийн үлдсэн хэсгийг сэдвийн гарчгаар нь хуваан, залуу эрэгтэй бүрд нэг хэсгийг уншуулахаар өгнө. Залуу эрэгтэйчүүдээс талархлын талаар сурсан зүйлээ болон түүнтэй холбоотой судрыг (тэд сэдэвчилсэн удирдамжийг ашиглаж болно) бичиж авахыг хүс. Өөрсдийн бичсэн зүйлсээ хуваалцаж, Бурханы өгсөн бэлгүүдээс нэгнийх нь төлөө талархаж байсан үеийнхээ тухай ярих боломжийг залуу эрэгтэйчүүдэд олгоорой.

  • Чуулгын гишүүн бүрд ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь” сэдэвт үгээс гарчгийг нь өгөлгүйгээр нэг нэг хэсгийг хуваарилан өгч, үүнээс суралцахыг хүс. Өөрсдийнхөө сурсан зүйлийг нэгтгэн дүгнэх холбоо үг, өгүүлбэрээр өөрсдөө гарчиг өгөхийг тэднээс хүсээрэй. Тэднийг өөрсдийнхөө өгсөн гарчгийг болон ерөнхийлөгч Угдорфын талархлын талаар өгсөн зөвлөгөөнөөс сурсан зүйлээ хуваалцахад урь. Ерөнхийлөгч Угдорфын дүрслэн хэлсэн талархалтай байдлыг хөгжүүлэхийн тулд тэд юу хийж чадах вэ?

  • Чуулгаараа энэ хичээлд өгөгдсөн талархал, магтаалын судрын шүлгүүдийг уншиж мөн дууллуудыг дуул. Тэд өөрсдөө ч бас талархаж эсвэл магтаж байгаа тэдгээр үгсийг олоход залуу эрэгтэйчүүдийг урь. Сонгосон үгсийнхээ талаар хуваалцаж, яагаад эдгээр үгсийг сонгосноо тайлбарлан, талархсан сэтгэлээ илэрхийлэхэд тэднийг урь.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаараа хуваалцахыг хүс. Тэд талархал нь чухал гэдгийг ойлгож мэдсэн үү? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?

Заахад туслах арга

“Ур чадвартай багш ‘Өнөөдөр би хичээл дээрээ юу хийх билээ?’ гэж боддоггүй, харин ‘Өнөөдөр суралцагчид маань хичээл дээр юу хийх билээ?’ гэж асуудаг. ‘Өнөөдөр би юу заах билээ?’ гэдэггүй харин 'Би хэрхэн суралцагчиддаа мэдэх ёстой зүйлсээ олж мэдэхэд нь туслах вэ?' гэж асуудаг“.

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Залуу эрэгтэйчүүдийг талархдаг зүйлийнхээ талаар хуваалцаж, талархаж байгаагүй ямар нэгэн зүйлийн төлөө Тэнгэрлэг Эцэгтээ талархахад урьж болно.

  • Залуу эрэгтэйчүүдийг талархаж явдаг хэдэн зүйлээ өдөр бүр бичиж тэмдэглэдэг байхад урамшуулан дэмжиж болно.