Ирээд, Намайг дага
Сургаалын үндсэн зарчмууд


Сургаалын үндсэн зарчмууд

1. Бурхан Тэргүүтэн

Бурхан Тэрүүтэн нь Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ, Ариун Сүнс гэсэн гурван тусдаа хүн юм (Итгэлийн тунхаг 1:1 ; Үйлс 7:55–56-г үзнэ үү). Эцэг Хүү хоёр яс махан бодит биетэй бол Ариун Сүнс нь сүнсэн хүн юм (С ба Г 130:22–23-ыг үзнэ үү). Бурхан Тэргүүтэний гишүүд тусдаа биетэй, өөр өөр хөриуцлагатай ч нэгдмэл зорилготой. Тэд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахын тулд төгс эв нэгдэлтэй ажилладаг.

Холбогдох эшлэлүүд:Галат 5:22–23; С ба Г 76:22–24

2. Авралын Төлөвлөгөө

Мөнх бус оршихуйн өмнөх үед Тэнгэрлэг Эцэг Өөртэйгөө адилхан болж, үхэшгүй байдал, мөнх амьдралыг олж авах боломжийг бидэнд олгосон төлөвлөгөөг танилцуулсан юм (Moсe 1:39-ийг үзнэ үү). Судрууд энэ төлөвлөгөөг “Авралын төлөвлөгөө,” “Аз жаргалын агуу төлөвлөгөө,” “Гэтэлгэлийн төлөвлөгөө,” “Нигүүлслийн төлөвлөгөө” гэж нэрлэдэг (Алма 42:5, 8, 11, 15-ыг үзнэ үү). Уг төлөвлөгөөнд Бүтээлт, Уналт, Есүс Христийн цагаатгал, Сэргээлт, Эцсийн шүүлт мөн Бурханаас өгөгдсөн бүх хууль, ёслол, сургаал болон зарлигууд багтдаг. Сонгож мөн өөрсдийн төлөө үйлдэх ёс суртахууны эрх чөлөө нь бас Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм. Ариун Сүнс биднийг сонголт хийхэд удирдан чиглүүлдэг.

Бид энэ төлөвлөгөөний ачаар Цагаатгалаар дамжин төгөлдөржин, бүрэн баяр баясгалантай болж, Бурханы оршихуйд үүрд мөнх амьдарч чадна. Гэр бүлийн харилцаа үүрд мөнхөд үргэлжлэх боломжтой байдаг.

Холбогдох эшлэлүүд:Эхлэл 1:26–27; 2 Нифай 2:25; 31:19–20; Мосе 6:52–62; Абрахам 3:22–26; “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”

3. Есүс Христийн Цагаатгал

Төгс Цагаатгалыг хийх чадвартай цорын ганц хүн нь Есүс Христ билээ. Гэтсэманий Цэцэрлэгт бидний гэм нүглийн төлөө зовон шаналсан, загалмай дээр насан өөд болсон мөн булшнаас амилагдсан зэрэг үйл явдлууд нь түүний Цагаатгалд багтсан байдаг. Бидний гэм нүглийн төлөө зовж шаналахаас гадна Тэрээр өөр дээрээ бидний өвчин шаналалыг авсан (Алма 7:11–13-ыг үзнэ үү). Есүс Христ бие махбодын мөн сүнслэг үхлийг даван туулсан. Түүний Цагаатгалын ач ивээлээр хүн бүр дахин амилагдах болно (1 Коринт 15:20–22-ыг үзнэ үү). Наманчилж, зарлигуудыг даган, аврах ёслолуудыг хүлээн авч, гэрээгээ сахих тэд нь мөнхийн амьдралын бэлгийг хүлээн авна (Итгэлийн тунхаг 1:3-ыг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Исаиа 53:3; Лук 24:36–39; 2 Нифай 2:27; 25:23, 26; Иаков 4:11; С ба Г 18:10–11; 19:16–19; 76:40–41; “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”

4. Урвалт ба Сэргээлт

Эрин үе бол Их Эзэн Өөрийн сайн мэдээний сургаал, ёслолууд болон санваарыг илчилдэг нэгэн тодорхой үе юм. Энэ үе нь дэлхийн оршин суугчдад сайн мэдээг тунхаглах, бурханлиг итгэмжлэл хүлээсэн, ариун санваар атгадаг, эрх мэдэл олгогдсон, наад зах нь нэг үйлчлэгчийг Их Эзэн энэ дэлхий дээр томилон ажиллуулсан үе юм. Өнөөдөр бид сүүлийн эрин үе буюу цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдарч байна (Ефес 1:10–ыг үзнэ үү).

Хүмүүс сайн мэдээний зарчмуудаас холдож мөн санваарын түлхүүргүй болсон үед урвалт ирдэг (2 Тесалоник 2:1–3–ыг үзнэ үү). Дэлхийн түүхийн явцад нийтээр урвах урвалтын үеүд тохиож байсан ба ихэнхдээ урвалтын дараа Их Эзэн Өөрийн сургаал, ёслол болон санваарыг сэргээснээр шинэ эрин үе эхэлдэг (Үйлс 3:19–21-ийг үзнэ үү).

Бурхан Өөрийн сайн мэдээний үнэн болон ёслолуудыг дэлхий дээр хүн төрөлхтний дунд дахин сэргээхийг Сэргээлт гэдэг. Хамгийн эцсийн болон сүүлийн сэргээлт нь (үүнийг ихэвчлэн “Сэргээлт” гэж нэрлэдэг), Бурхан Эцэг мөн Түүний хүү Есүс Христ хоёр 1820 онд Иосеф Смитийн залбирлын хариуд түүнд үзэгдсэнээр эхэлсэн юм (Иосеф Смит—Түүх 1:15–20–ийг үзнэ үү). Сайн мэдээний бүрэн байдал сэргээгдэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” болов (С ба Г 1:30-ийг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Исаиа 29:13–14; Даниел 2:44–45; Илчлэлт 14:6–7

5. Бошиглогчид ба илчлэлт

Бошиглогч гэдэг нь Түүнийг төлөөлөн ярихаар Бурханаас дуудагдсан хүн юм (Aмос 3:7-г үзнэ үү). Бошиглогчид Есүс Христийн тухай гэрчилж, Түүний сайн мэдээг заадаг. Тэд Бурханы хүсэл ба Түүний жинхэнэ мөн чанарыг бусдад таниулдаг. Бошиглогчид заримдаа ирээдүйд болох үйл явдлуудыг бошиглодог. Бурхан бошиглогч нарыг энэ өдрүүдэд Өөрийн өмнөөс яриулахаар дууджээ (С ба Г 1:38–ыг үзнэ үү).

Бурханы хүүхдүүдтэйгээ холбоо барьдаг арга зам нь илчлэлт юм. Бурхан Өөрийн хүслийг сүмийнхэндээ илчлэхдээ, Өөрийн бошиглогч нараар дамжуулан ярьдаг. Эртний болон орчин үеийн бошиглогчдоор дамжуулан өгөгдсөн илчлэлтүүдийг Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу Их Үнэт Сувд хэмээх судрууд нь багтаадаг. Дэлхий дээрх өнөөгийн бошиглогч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч билээ.

Хувь хүмүүс ч өөрсдийн хэрэгцээ шаардлага, үүрэг хариуцлага болон асуултууддаа мөн өөрсдийнх нь гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд туслах илчлэлтүүдийг хүлээн авч чадна. Сүмийн удирдагч нар болон гишүүдэд ирэх илчлэлтүүдийн ихэнх нь Ариун Сүнснээс бодол болон сэтгэгдлээр дамжин ирдэг. Ариун Сүнс нь оюунд мөн зүрх сэтгэлд хандан намуухан зөөлөн дуу хоолойгоор ярьдаг (С ба Г 8:2–3–ыг үзнэ үү). Илчлэлт нь түүнчлэн үзэгдэл, зүүд мөн тэнгэр элчүүдийн айлчлалаар ирж болно.

Холбогдох эшлэлүүд:Дуулал 119:105; Ефес 4:11–14; С ба Г 21:4–6

6. Санваар ба санваарын түлхүүрүүд

Санваар нь Бурханаас Өөрийнх нь нэр дээр гүйцэтгэж болно хэмээн хүмүүнд өгсөн эрх мэдэл болон хүч чадал юм. Сүмд Аарон болон Мелкизедек гэсэн хоёр санваар байдаг (С ба Г 107:1, 6–г үзнэ үү). Дэлхий дээрх Бурханы хаант улсыг удирдуулахаар хүмүүнд санваарын түлхүүрүүдийг өгдөг. Эдгээр түлхүүрээр дамжуулан, сайн мэдээг номлох, авралын ёслолуудыг гүйцэтгэх, дэлхий дээрх Бурханы хаант улсыг удирдах эрх мэдлийг санваар эзэмшигчдэд олгодог. Сүмийн дуудлагад үйлчилдэг хүн бүр санваарын түлхүүр атгагч нэгнээр дуудагддаг. Ийнхүү тэд өөрсдийн дуудагдсан дуудлагын үүргийг гүйцэтгэх мөн үйлчлэх хүч чадал, эрх мэдэлтэй болдог.

Бурхан санваараар дамжуулан тэнгэр, газрыг бүтээсэн бөгөөд тэдгээрийг удирддаг билээ. Энэ хүчээр дамжуулан Тэрээр Өөрийн хүүхдүүдийг аварч мөн өргөмжилдөг. Тэд Түүний хүүхдүүдийн авралын төлөө Түүний нэрээр ажиллаж болохын тулд Бурхан санваарын эрх мэдлийг Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд олгодог. Санваарын адислалууд нь бүх эрэгтэй эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдэд боломжтой юм.

Холбогдох эшлэлүүд:Матай 16:19; С ба Г 13; 50:26–27; 84:19–20, 33; 107:8; 121:36, 41–42

7. Ёслолууд ба Гэрээнүүд

Ёслол нь сүнслэг утга учир бүхий ариун нандин, албан ёсны үйлдэл юм. Ёслол бүр нь сүнслэг үнэнүүдийг заадаг. Ёслолууд нь санваарын эрх мэдлээр, санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүсийн удирдлага дор гүйцэтгэгддэг. Зарим ёслол өргөмжлөлд зайлшгүй чухал бөгөөд эдгээрийг авралын ёслолууд гэж нэрлэгддэг. Үүнд баптисм (Иохан 3:5–ыг үзнэ үү; ариун ёслолын ёслолоор шинэчлэгдэх), гишүүний баталгаа багтдаг (Үйлс 2:36–38–ыг үзнэ үү) мөн эрэгтэйчүүдийн хувьд Мелкизедек санваарт томилох зэрэг багтдаг (С ба Г 84:33–34–ийг үзнэ үү). Хувийн хишиг хүртэх мөн гэр бүлийн лацдан холболт зэрэг аврах ёслолууд нь зөвхөн ариун сүмд гүйцэтгэгддэг. Ариун сүм бол дэлхий дээрх хамгийн ариун нандин газруудын нэг юм. Энэ бол Их Эзэний өргөө юм. Ариун сүмд гүйцэтгэгддэг бүх авралын ёслолуудыг нас барсан хүмүүсийн төлөө мөн хийж болно. Нас барсан хүмүүс нь тэдний өмнөөс үйлдэгдсэн ёслолуудыг сүнсний дэлхийд хүлээн авч мөн хамаарагдах гэрээнүүдийг дагасан цагт л уг ёслолууд нь хүчин төгөлдөр болдог (С ба Г 138:32–34, 58–ыг үзнэ үү).

Санваарын ёслол бүрийг гэрээнүүд дагадаг. Гэрээ бол Бурхан, хүн хоёрын хоорондох ариун нандин зөвшилцөл юм. Бурхан гэрээний нөхцлүүдийг өгдөг. Харин бид Бурханы биднээс хийхийг хүсдэг зүйлсийг хийхээр зөвшөөрдөг. Бидний дуулгавартай байдлын хариуд Бурхан бидэнд тодорхой адислалуудыг амладаг. Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ шинэчлэх боломжийг ариун ёслолоор бидэнд олгодог.

Өвчтөнийг эдгээх, хүүхдэд нэр өгөн адислах гэх мэт бусад ёслолууд нь ч бидний сүнслэг байдлын өсөлт хөгжилтөнд маш чухал үүрэгтэй.

Холбогдох эшлэлүүд:Eгипетээс гарсан нь 19:5–6; Езекиел 11:20; 1 Коринт 15:29; Алма 30:3; С ба Г 42:78; 82:10; 136:4; Итгэлийн Тунхаг 1:3, 4

8. Гэрлэлт ба Гэр бүл

“Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлт Бурханаас заяагддаг” бөгөөд гэр бүл нь Түүний аврал ба аз жаргалын төлөвлөгөөний “төв” мөн ( Эхлэл 2:24–ийг үзнэ үү). Эцэг эхчүүд нь “үр хүүхэдтэй болж, газар дэлхийг дүүргэх, үр хүүхдээ хайрлан, халамжилж, зөв шударга хүмүүжүүлэн өсгөх мөн бие бялдар, оюун санааных нь хэрэгцээг хангах” үүрэгтэй. Эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлан халамжлах албан ёсны үүрэг хариуцлага хүлээдэг. Гэр бүл дэх аз жаргал нь итгэл, залбирал, наманчлал, уучлал, хүндэтгэл, хайр, нинжин сэтгэл, хөдөлмөр болон цагийг хамтдаа таатай өнгөрүүлэх гэх мэт Их Эзэн Есүс Христийн сургаал дээр суурилсан цагт л амжилттай байдаг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзнэ үү)

Холбогдох эшлэлүүд:Дуулал 127:3; С ба Г 131:1–4; 132:15–20

9. Зарлигууд

Бурханаас хүн төрөлхтөнд өгөгдсөн хууль, шаардлагуудыг зарлигууд гэдэг. Бид зарлигуудыг дагаснаар Их Эзэнд хайраа үзүүлж мөн Түүнээс адислалуудыг хүлээн авдаг (Левит 26:3–12; Иохан 14:15; Мозая 2:41–ийг үзнэ үү). Бид бүх л зүрх, сэтгэл, оюун ухаанаараа Бурханыг хайрлах мөн бусдыг Христийн адил хайрлах зарлигийг хүлээн авсан (Матай 22:36–39; Иохан 13:34–35–ыг үзнэ үү).

Мосед Арван Зарлиг өгөгдсөн ба тэдгээр нь одоо ч чухал билээ (Eгипетээс гарсан нь 20:3–17–г үзнэ үү). Тэдгээрт Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалах (Eгипетээс гарсан нь 20:8–11; Исаиа 58:13–14; С ба Г 59:9–13–ыг үзнэ үү), ариун явдлын хуулийг дагах (Eгипетээс гарсан нь 20:14; Эхлэл 39:7–9; Алма 39:9–ийг үзнэ үү) мөн шударга байх гэсэн хуулиуд багтдаг (Eгипетээс гарсан нь 20:16–г үзнэ үү). Аравны нэгээ бүрэн төлөх (Малахи 3:8–10–ыг үзнэ үү), мацаг барих (Исаиа 58:6–7–г үзнэ үү), залбирах (3 Нифай 18:15, 20–21; С ба Г 10:5–ыг үзнэ үү), мөн Мэргэн Ухааны үгсийг сахих (С ба Г 89:18–21–ийг үзнэ үү) гэх мэт нь бусад зарлигуудын жишээ юм.

Мөн бидэнд өөрсдийн хүсэл, бодол, хэлэх үгс болон хийх үйлсээрээ Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христтэй адил болох зарлиг өгөгдсөн (3 Нифай 12:48–ыг үзнэ үү). Шийдвэр болон үйл хөдлөлөө удирдахад маань туслах мөнхийн үнэн болон зарчмуудыг Их Эзэн бидэнд өгсөн билээ. Эдгээр зарчим нь биднийг Аврагчийн адил амьдрахад мөн Түүний бидэнд амласан адислалуудыг хүлээн авахад чиглүүлэн удирддаг.

Холбогдох эшлэлүүд: Иаков 1:5; 2 Нифай 32:8–9; Мозая 4:3; Алма 37:35; С ба Г 82:8–10; 105:5; 121:36; 130:18–19; 138:4