Ирээд, Намайг дага
Аврагчийн арга барилаар заах нь


Аврагчийн арга барилаар заах нь

Аврагчийн тухай юу мэддэг болохоо хэсэгхэн зуур тунгаан бод. Та Түүнийг дагалдагч нараараа тойрон хүрээлэгдсэн байгаагаар төсөөлөн харж чадаж байна уу? Та Түүнийг Галил нуурын дэргэд маш олон хүнд зааж байгаагаар эсвэл худаг дээрх эмэгтэйтэй ярилцаж байгаагаар төсөөлж чадаж байна уу? Түүний зааж мөн удирдаж байгаа байдлаас та юу олж мэдэж, ажиглаж байна вэ? Тэрээр бусдад сурч, сүнслэгээр өсч мөн Түүний сайн мэдээнд хөрвөгдөхөд нь хэрхэн тусалсан бэ?

Тэрээр тэднийг хайрлаж, тэдний төлөө залбирч, тэдэнд үйлчлэхээ үргэлжлүүлж байсан. Тэрээр тэдэнтэй хамт байх боломжийг ямагт олж мөн тэдэнд хайраа илэрхийлдэг байлаа. Тэрээр тэдний сонирхол, найдвар, хүслийг мөн амьдралд нь юу тохиолдож байгааг мэддэг байсан.

Тэрээр тэдний хэн болох мөн хэн болж чадахыг мэддэг байв. Тэднийг сурч мөн өсч хөгжихөд нь туслах, зөвхөн тэдэнд тохирсон онцгой арга замуудыг Тэрээр олсон юм. Зовж цөхөрсөн үед нь Тэрээр тэднийг орхилгүй харин үргэлжлүүлэн хайрлаж, тэдэнд тохинуулсаар байлаа.

Тэрээр заахын тулд ганцаараа залбирч, мацаг барин Өөрийгөө бэлтгэдэг байв. Өдөр бүр Тэрээр хувиараа Тэнгэрлэг Эцэгийнхээ удирдамжийг эрэлхийлдэг байсан.

Тэрээр Өөрийн номлолыг зааж, гэрчлэхдээ судруудыг ашигладаг байлаа. Тэрээр хүмүүст өөрсдөд нь зориулсан судруудын талаар бодож, асуултынхаа хариултыг судруудаас олохыг заасан. Түүнийг хүч чадал, эрх мэдэлтэйгээр Бурханы үгийг заахад хүмүүсийн зүрх сэтгэл шатах лугаа адил болж тэд судрууд үнэн гэдгийг мэдсэн.

Тэрээр хүмүүст ойлгоход амархан энгийн түүх, сургаалт үлгэр ба амьдралын бодит жишээнүүдээс хуваалцдаг байсан. Тэрээр тэдэнд сайн мэдээний сургаалуудыг хувийн туршлага болон эргэн тойронд буй ертөнцөөсөө олж мэдэхэд нь тусалдаг байв. Тэрээр загасчлах тухай, хүүхэд төрөх мөн талбайд ажиллах тухай өгүүлсэн. Нэг нэгнээ харж хандах талаар Тэрээр заахдаа алдагдсан хонинуудыг аварсан тухай түүхийг хуваалцсан билээ. Тэнгэрлэг Эцэгийн өгөөмөр халамжинд итгэхийг дагалдагчиддаа заахдаа Тэрээр “талбай дахь сараана цэцэгсийг эргэцүүлэн” бодохыг тэднээс хүссэн.

Тэрээр тэднээс тунгаан бодож, ухаж ойлгох асуултуудыг асуудаг байв. Тэрээр тэдний хариултыг чин сэтгэлээсээ сонсож, тэдний итгэлтэй байдалд баясдаг байсан. Тэрээр тэдэнд өөрсдийн асуултуудаа асуун, бодол санаагаа хуваалцах боломжийг олгож, асуултуудад нь хариулан, туршлагуудыг нь сонсдог байлаа. Тэрээр тэднийг хайрласан учраас тэд Түүнтэй бодол санаа, хувийн асуудлаа илэн далангүй хуваалцдаг байсан.

Тэрээр тэднийг гэрчлэхийг урьдаг байсан бөгөөд гэрчлэлээ хуваалцах үед нь Сүнс тэдний зүрх сэтгэлд хүрдэг байв. “Та нар намайг хэн гэж хэлэх вэ?” гэж Түүнийг асуухад “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” хэмээн Петр хариулав. Түүнийг ийн хариулахад гэрчлэл нь хүчирхэгжив.

Тэрээр тэдэнд итгэж, тэднийг бэлтгэж, тэдэнд заах, адислах мөн бусдад үйлчлэх чухал үүрэг хариуцлагуудыг даалгасан. “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” гэж Тэрээр тушаасан. Түүний зорилго нь бусдад үйлчлэх үйлчлэлээрээ дамжуулан хөрвөгдөхөд нь тэдэнд туслах явдал байв.

Тэрээр тэднийг итгэлээрээ үйлдэж, Түүний заасан үнэний дагуу амьдрахыг урьсан. Тэрээр дагалдагчид нь бүх зүрх сэтгэлээрээ сайн мэдээний дагуу амьдрахад нь туслахад анхаардаг байв. Үүнийг биелүүлэхийн тулд Тэрээр тэдэнд зориулан хүчирхэг туршлагуудаас суралцах боломжуудыг олгосон. Тэрээр Нифайчуудад айлчлах үедээ тэд өөрсдөө Түүнийг харж, мэдэрч, мэдэж болохын тулд Түүн рүү нэг нэгээрээ ирэхийг урьсан. Тэд Түүний захиасыг бүрэн ойлгоогүйг мэдрээд гэртээ очиж, өөрсдийгөө бэлтгэн буцаж ирээд, илүү ихийг суралцахыг Тэрээр тэднээс хүссэн.

Тэрээр бүх талаараа тэдний үлгэр дууриал мөн тэдний зөвлөгч нь байсан. Тэрээр тэдэнтэй хамт залбирч, хэрхэн залбирахыг заасан. Тэднийг хайрлаж, үйлчилсэн шиг тэд ч бас бусдыг хайрлаж, үйлчлэхийг Тэрээр тэдэнд заасан. Түүний заасан арга барилаар түүний сайн мэдээг заахыг Тэрээр тэднээс хүссэн.

Аврагчийн заах арга барил нь дэлхийн заах аргаас өөр гэдэг нь тодорхой юм.

Тийм учраас Аврагчийн арга барилаар заах нь та нарын ариун дуудлага мөн. Та нар ийн заах аваас өсвөр үеийнхэн маань сайн мэдээний үрийг зүрх сэтгэлдээ суулган, өсч хөгжих болно. Энэ нь та нарын заах гол зорилго—болох тэрхүү хөрвөлт рүү тэднийг хөтлөх болно. Та нар өсвөр үеийнхнийг хөрвөгдөхөд нь тусалж байгаа явдал нь зөв зохистой амьдарснаар—ариун сүмд орох, Мелкизедек Санваар хүлээн авах, номлолд үйлчлэх, ариун гэрээнүүдийг хийх, зөв шударга гэр бүлийг өсгөх мөн Бурханы хаант улсыг бүх дэлхий дээр байгуулахын тулд амьдралынхаа туршид Аврагчийг дагахад нь тэдэнд тусалж байгаа хэрэг билээ. Та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!

Хэвлэх