Ирээд, Намайг дага
Өсвөр үеийнхэнд заах зарчмууд


Өсвөр үеийнхэнд заах зарчмууд

Аврагчийн арга барилаар заах зарчмуудыг та нар амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Энд хэдэн энгийн санаануудыг санал болгоё: Харин нэмэлт мэдээллийг (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 1.4, 3.2 хэсгээс үзнэ үү.

Гэр бүлээ хүчирхэгжүүл

Өсвөр үеийнхний сайн мэдээг суралцаж, дагаж амьдрах хамгийн сайн орчин нь зөв шударга эцэг эхийнхээ хайрын удирдамж дор байх гэр орон нь билээ. Христ дээр төвлөрсөн гэр бүл нь сайн мэдээний ариун ёслолуудыг хүлээн авахад өсвөр үеийнхнийг бэлтгэх хамгийн сайн газар мөн.

Энэхүү шалтгааны улмаас, туслах бүлгүүд, сүмийн үйл ажиллагаа болон хөтөлбөрүүд (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь болон Хувийн хөгжил дэвшил номууд, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол болон өсвөр үеийнхний сургалтын материал) нь охид хөвгүүдээ Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхөд нь туслахад эцэг эхчүүдийг дэмжихийн тулд байдаг юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Их Эзэн “Эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл” (С ба Г 11:21) хэмээн тушаасан байдаг. Сүнслэг байдлын хувьд бэлтгэхийн тулд заах гэж байгаа сургаалаа өөрөө эхлээд судлах хэрэгтэй. Сүнс таныг өсвөр үеийнхэнд хамгийн хамаатай мөн хэрэгтэй зүйл рүү удирдах болно. Улмаар, та нар зааж байгаа зүйлийнхээ дагуу амьдрахыг хичээх аваас өөрсдийн туршлагаасаа сайн мэдээний үнэнийг гэрчлэх боломжтой болно.

Хамтдаа зөвлөлд

Өсвөр үеийнхний хөрвөлтөнд туслах нь эцэг эхчүүд, багш, удирдагч, зөвлөгч, семинарын багш нарын хамтын хичээл зүтгэлийг шаарддаг. Иймээс өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагын талаар хамтдаа зөвлөлд. Тэд гэртээ, сүм дээр мөн семинарт юу сурч байгааг олж мэдээд, сурсан зүйлийг нь бататган заа. Та нар хамтран ажилласнаар тус тусдаа гүйцэтгэж чадахаас илүү ихийг өсвөр үеийнхэнд өгч чадна.

Эцэг эхчүүд, багш, удирдагч, зөвлөхүүд хамтдаа зөвлөлдөх маш олон боломжууд байдаг. Санаа авч болох зарим нэг жишээг дор өгөв:

  • Тойргийн зөвлөл эсвэл бишопын зөвлөлийн өсвөр үеийнхний хорооны цуглаанууд гэх мэт удирдагчдын цуглаанууд.

  • Сүмийн тогтмол цуглааны өмнө эсвэл дараа уулзаж ярилцах албан бус цомхон уулзалтууд.

  • Утсаар эсвэл имэйл харилцаагаар.

Өсвөр үеийнхэнд тохинуул

Өсвөр үеийнхэнд заах гэдэг нь зүгээр нэг мэдээлэл өгөхөөс хамаагүй илүү утга учиртай билээ. Христийн адил заах гэдэг нь өдөр тутам сайн мэдээний дагуу амьдрахдаа хувийн хичээл зүтгэл гаргахад нь өсвөр үеийнхнийг урамшуулж, заахыг хэлнэ. Хуваарьт цуглаан, хичээл, үйл ажиллагаанаас гадна тэдэнд тусалж, тэдэнтэй холбоотой байх нь мөн үүнд хамаарч болно.

Тэнгэрлэг Эцэг тэднийг хайрладгийн адилаар та өсвөр үеийнхнийг хайрлахыг хичээгээрэй. Тэрээр тэдний сайн зан чанаруудыг хардаг; Тэр тэдэнд тэвчээртэй ханддаг. Тэднийг зөв зүйлс хийхээр хичээх үед Тэрээр тэднийг урамшуулдаг бөгөөд Тэр хэзээ ч бууж өгдөггүй билээ.

Сайн мэдээг заа

Сургаалыг заах үед Сүнс жинхэнэ багш нь байдаг. Хэрвээ та нар Түүний удирдамжийг эрэлхийлэх аваас Тэрээр та нарын зүрх сэтгэлд хүрч мөн та нарын заах хүмүүсийг сүнслэгээр удирдах болно.

Сүнсийг урих хамгийн сайн аргын нэг бол өсвөр үеийнхэнтэй хамт судрууд мөн амьд бошиглогчдын хамгийн сүүлийн үед заасан зүйлсийн талаар ярилцах явдал юм. Та нар хэрэгтэй материалуудаа интернэт дэх сурах тоймуудаас авч болно.

Өсвөр үеийнхэнд бусадтай хуваалцах сүнслэг туршлага ба санаа бодлууд байнга байдаг. Тэд гэр бүлийн үдэш, хичээл, чуулгын цуглаанууд, Мючелийн үйл ажиллагаа, Хүүхдийн Хэсэгт эсвэл өөр бусад албан ба албан бус газруудад эдгээрийг бусадтай хуваалцаж болно. Тэд нэг нэгэнтэйгээ гэрчлэлээ хуваалцах үед Сүнс тэдний гэрчлэлийг баталж мөн бүгд сэнхэрдэг.