Ирээд, Намайг дага
Туслах бүлэг ба байгууллага бүрийн зорилгууд


Туслах бүлэг ба байгууллага бүрийн зорилгууд

Гэр бүл, Аароны Санваарын Чуулга, Залуу Эмэгтэйчүүдийн бүлэг, Ням гаргийн хичээл болон семинарын хичээлүүд нь өсвөр үеийнхнийг сайн мэдээнд хөрвөгдөхөд нь туслах онцгой зорилготой билээ. Энэхүү зорилгыг мэдэх нь өсвөр үеийнхнийг Есүс Христийн сайн мэдээг суралцах явцад тэдний туршлагуудыг ойлгоход та нарт туслах болно.

Гэр бүлүүд

Тэнгэрлэг Эцэг Өөрийн төлөвлөгөөний гол хэсэг болгон гэр бүлүүдийг Өөрийн хүүхдүүдийг хайраар дүүрэн орчинд сайн мэдээг сурч мөн мөнхийн амьдралд бэлтгэхэд нь туслуулахын тулд бүтээгдсэн билээ. Эцэг эхүүд нь хүүхдүүддээ заах мөн өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авахад нь тэднийг бэлтгэх гол үүрэг хариуцлагыг хүлээдэг (С ба Г 68:25–28-ыг үз). Бурханаас өгөгдсөн энэхүү үүрэг хариуцлагыг эцэг эхээс өөр хэн ч орлож чадахгүй. Гэр бүлүүдийг дэмжин хүчирхэгжүүлэхийн тулд Санваарын чуулгууд, туслах бүлгүүд болон Сүмийн хөтөлбөрүүд явагддаг.

Аароны Санваар

Аароны Санваарыг атгагчид нь хөрвөгдөж, санваарынхаа ариун үүрэг хариуцлагыг гүйцэтгэдэг “идэвхтэй тохинуулагчид” байж (С Ба Г 84:111), Мелкизедек санваарыг мөн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэдэг болон зохистой номлогчид, нөхрүүд мөн аав нар болох үүрэгтэй. Тэд хамтдаа маш чухал цуглаан болох Ням гаргийн чуулганы цуглаан дээр уулздаг. Цуглаан бүрийг зөвлөхүүдийн тусламжтайгаар чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл залбиралтайгаар төлөвлөдөг боловч үргэлж санваарын түлхүүрийг атгагч чуулгын ерөнхийлөгчийн удирдлаган дор явагдах ёстой. Сургаал ба Гэрээнд зааснаар чуулгын ерөнхийлөгч чуулгын цуглаануудыг тэргүүлэх ба чуулгын гишүүдийн хамт зөвлөлд сууж, тэдэнд үүрэг хариуцлагыг нь зааж өгдөг (С ба Г 107:85–8799–100-г үз). Чуулгын цуглаанууд нь даалгавар өгөх, өмнөх даалгасан ажлуудыг шалгах, тайлагнах, үйл ажиллагааг төлөвлөж мөн мэдээлэх гэх мэтийн чуулгын ажил хэргүүдийг хөтлөн явуулах боломжийг олгодог. Ялангуяа суралцаж байгаа зүйлсээ хуваалцсанаар “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” ном дээрх зорилгодоо хүрэхээр хичээж байгаа үед бие биенээ дэмжих, урамшуулах боломжийг залуу эрэгтэйчүүдэд эдгээр цуглаанууд олгодог.

Залуу эмэгтэйчүүд

Залуу Эмэгтэйчүүдийн Ням гаргийн хичээлүүд нь залуу эмэгтэйчүүдийг ариун сүмд орохуйц зохистой байх мөн гэрээт эмэгтэйчүүд, эхнэрүүд мөн ээж нар байх мөнхийн үүрэгтээ бэлтгэхэд нь туслах онцгой үүрэгтэй байдаг. Хичээл бүр Залуу Эмэгтэйчүүдийн сэдвийг хуваалцсанаар эхэлдэг ба Мормоны ном болон амьд бошиглогчдын заавар сургаал дээр төвлөрдөг. Мөн уг хичээлүүд нь Залуучуудын Бат Бөх байдлын төлөө товхимол дахь Залуу Эмэгтэйчүүдийн үнэ цэнэ болон жишгүүдийг суралцах мөн түүний дагуу амьдрах боломжийг олгодог. Залуу эмэгтэйчүүд өөрсдийн сонгох эрхээ ашиглан, Ариун Сүнсийг урих орчинд суралцах туршлагатай болсноороо, хувиараа болон гэр бүлдээ сайн мэдээг даган амьдрахаар шийдэж, урам зориг авч, хүчирхэгждэг билээ. Хувийн хөгжил дэвшил болон Мючелийн үйл ажиллагаанууд нь хөрвүүлэлтийн үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Залуу эмэгтэй бүрт сургаалыг хүлээн зөвшөөрч мөн үүний дагуу үйлдэх хангалттай боломжийг олгохын тулд нэг хичээлийн сэдэв дээр хэд хэдэн долоо хоног зарцуулж болно.

Ням гаргийн хичээл

Ням гаргийн хичээл нь залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд болон тэдний багш нарт сайн мэдээний сургаалыг хамтдаа сурч, заах, мөн түүний дагуу амьдрахад бие биенээ хүчирхэгжүүлэх боломжийг олгож, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлийг нь батжуулдаг. Ням гаргийн хичээл нь өсвөр үеийнхэнд гэртээ олж авсан туршлага болон өдөр тутмын амьдралдаа сурч байгаа зүйлсээ, семинар болон сүмийн цуглаан, хичээлүүд дээр сурч мэдсэн зүйлстэйгээ холбон ойлгох боломжийг олгодог. Ням гаргийн хичээл нь Христийн адил суралцагч мөн багш байх чадвар, өөртөө итгэх итгэлийг өсвөр үеийнхэнд хөгжүүлэхэд нь туслахыг чухалчилдаг. Тойргийн Ням гаргийн хичээлийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд нь тойрог дахь сурах, заах байдлыг сайжруулахын тулд хичээл зүтгэлтэйгээр үйлчилдэг (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 12.5).

Семинар

Ажлын өдрүүдэд өсвөр үеийнхэнд зориулан явагддаг шашны хичээл нь Семинар юм. Семинарын зорилго нь өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христийн сургаал болон Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, Ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад зохистой байж, мөн өөрсдийгөө, гэр бүлээ болон бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнхийн амьдралд бэлтгэхэд нь туслахад оршдог билээ. Семинар нь судруудаас мөн бошиглогчдын үгсээс сайн мэдээний зарчмуудыг суралцаж мөн тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхийг Семинарын багш, суралцагсдыг урьдаг. Тэд хайр, хүндлэл, зорилго бүхий орчинд ойлгож, гэгээрэх замаар Сүнсээр суралцаж заахыг эрэлхийлдэг. Суралцагсдыг энэхүү сурах үйл явцад идэвхтэй оролцохыг урьдаг бөгөөд тэдэнд сайн мэдээний сургаал зарчмуудыг тайлбарлаж, хуваалцаж мөн гэрчлэх боломжийг олгодог. Тэднээс өдөр бүр судраас суралцаж мөн цуврал хичээлд зориулсан судрын хэсгүүд, судрын гол түлхүүр хэсгүүд, сургаалын үндсэн зарчмуудыг уншихыг хүсдэг.