Ирээд, Намайг дага
Амилалт гэж юу вэ?


Амилалт гэж юу вэ?

Есүс Христийн Цагаатгалын ачаар бүх хүн амилуулагдах болно. Бидний бие сүнстэйгээ төгс бөгөөд үхэшгүй байдалд эргэн нэгдэх болно. Бид амилалтыг ойлгож, энэ тухай гэрчлэлтэй болсноор амьдралдаа тохиолдох сорилт бэрхшээлийг даван туулж, амжилт, итгэл найдвар, хэтийн төлөвт хүрч чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Амилалтын тухай та юу мэддэг вэ? Бид өнөө үеийн судраас амилалтын тухай юу сурдаг вэ?

Залуу эмэгтэйчүүд амилалтын тухай ямар ойлголттой байна вэ? Амилалтын тухай гүнзгий мэдлэгтэй байх нь бие махбодынхоо талаарх тэдний үзэл бодолд хэрхэн нөлөөлж болох вэ?

Залуу эмэгтэйчүүдэд амилуулалтын тухай заахад та ямар судрууд болон бусад эх сурвалжийг ашиглаж болох вэ? Юуг тэдэнтэй хуваалцах хэрэгтэй гэж та боддог вэ?

Лук 24 (Есүс Христийн Амилалт)

1 Коринт 15 (Аврагч үхлийг ялсан учраас бид бүгд амилуулагдах болно)

Aлма 11:41–45 (Амилалтаар бидний сүнс, бие хоёр дахин нэгдэж, бид шүүгдэхэд бэлэн болно)

Aлма 40–41 (Алма амилалтыг хүү Кориантондоо тайлбарлажээ)

Пол В.Жонсон, “Тэнд цаашид үхэл үгүй болно,” Ensign эсвэл  2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111

Томас С.Монсон, “Тэр амилсан!” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 87–90

Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн Амилалт,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс Христ Өөрийн үүрэг зорилгын тухай заахад судруудыг ашигладаг байв. Тэр шавь нартаа судруудын тухай тунгаан бодож, асуултууддаа хариулахад ашиглахыг заадаг байв. Залуу эмэгтэйчүүд судруудыг судалснаар Бурханы төлөвлөгөөг ойлгож, мөн үүнээс ирдэг адислалуудыг хүлээн авахад нь та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг заа

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай6

  • Амилсан Аврагчийн зургийг үзүүл (жишээ нь: Сайн мэдээний уран зургийн ном, 59–60). Амилалтын тухай мэдэхгүй хүнд үүнийг тайлбарлах боллоо гэвэл юу гэж ярихыг нь залуу эмэгтэйчүүдээс асуу.

  • Христийн амилсны баярыг хэрхэн тэмдэглэдгийг нь залуу эмэгтэйчүүдээс асуу. Христийн амилсны баярын зарим бэлгэдэл юу вэ? Эдгээр бэлгэдэл амилалтын тухай юу зааж байна вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь амилалтыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • 1 Коринт 15-аас амилалтын тухай зарим хэсгийг сонгож ав. Судрын хэсгүүдийг цөөн хүнтэй бүлгүүдээр эсвэл ганцаарчлан уншуулж, амилалтын талаар мэдсэн зүйлээ хураангуйлан дүгнэхэд залуу эмэгтэйчүүдийг урь (жишээ нь: 1–8-р шүлгийг “Амилалтын гэрчүүд байдаг” хэмээн хураангуйлан дүгнэж болно). Амилалтын тухай эдгээр үнэнийг залуу эмэгтэйчүүд мэдэх нь яагаад тэдэнд чухал гэж та бодож байна вэ?

  • Сүмийн гишүүн биш найз нь хайртай хүнээ алджээ гэж төсөөлөн бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэйчүүдийн хагасыг Aлма 40-ийг, нөгөө хагасыг Aлма 41-ийг уншихад урь. Эдгээр бүлгээс амилалтын тухай найзуудтайгаа хуваалцаж болох сургаалын жагсаалт хийхийг тэднээс хүс. Дараа нь жагсаалтаа ангийн үлдсэн хэсэгтэй хуваалцахад тэднийг урь.

  • Ангиараа судар дээрх Аврагчийн Амилалтын гэрч болсон хүмүүсийг жагсааж бич. Залуу эмэгтэйчүүдийг өөр бусад жишээг олохын тулд ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Есүс Христийн Амилалт” хэлсэн үгийг уншихад урь. Тэднийг судар дээрх эдгээр гэрчийн гэрчлэлийг олж уншихад урамшуулан дэмж (зарим тайлбарыг ахлагч Кристоффэрсоны хэлсэн үгэнд тайлбарласан байгаа). Бид эдгээр гэрчээс Аврагч болон Түүний Амилалтын талаар юу сурч байна вэ? Та Аврагчийн Амилалтын талаар гэрчлэлээ хуваалцаад, хэдэн залуу эмэгтэйг гэрчлэлээ хуваалцахад урь.

  • Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Томас С.Монсоны “Тэр амилсан!” мөн ахлагч Пол В.Жонсоны “Тэнд цаашид үхэл үгүй болно” хэлсэн үгэн дэх түүхүүдийг уншихад урь. Түүхүүдийг өөрийнхөө үгээр хураангуйлан ярьж, эдгээр нь амилуулалтын тухай юу зааж байгааг хуваалцахыг тэднээс хүс. Эдгээр сургаалаас өөр юу тэдэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Сүмийн ерөнхийлөгчдийн сургаал номын хэд хэдэн хувийг тарааж өгөөд (эсвэл хэдэн бүлгийг сонгож хувилах), хожмын үеийн бошиглогчдын заасан амилалтын тухай сургаалуудыг олоход залуу эмэгтэйчүүдийг урь. Олж мэдсэн зүйлээ ангитай хуваалцахыг тэднээс хүс.

  • Залуу эмэгтэйчүүдийг амилалтын тухай дууллуудыг олоход урь. Дууллуудаас заримыг нь ангиараа дуул. Дуулал бүрийн эцэст судруудыг уншиж, дууллууд болон судруудаас сурч мэдсэн зүйлийнхээ талаар ярилцахад залуу эмэгтэйчүүдийг урамшуулан дэмж. Амилалтын тухай өөрсдийн гэрчлэл, бодлыг хуваалцахад тэднийг урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд амилалтын талаар илүү сайн ойлголттой болсон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Амилалтын тухай гэрчлэлээ хуваалцаж болно. Тэд хэнд гэрчлэлээ хуваалцаж болох вэ? Тэд сурч мэдсэн зүйлээ бусдад хэрхэн зааж болох вэ?

  • Амилалтын тухай аливаа асуултууддаа хариултыг нь олж болно.

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэж, судар судалж болно.