Талархалтай байх нь яагаад чухал вэ?
Их Эзэн биднээс хийж, хэлж байгаа бүх зүйлдээ талархлын сүнстэй байхыг хүсдэг. Бид талархалтай байгаа үедээ амьдралдаа илүү их баяр баясгалантай, сэтгэл хангалуун байх болно. Бид Их Эзэний нөлөө болон адислалуудыг олж харах болно.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Залуу эмэгтэйчүүд талархалтай байхын ач холбогдлыг болон талархалтай амьдарснаар ирэх адислалуудыг ойлгоход ямар судар, бусад материал тэдэнд туслах вэ?
Дуулал 92:1; 100; Алма 26:8 (Магтаал, талархлын илэрхийлэл)
Лук 17:11–19 (Уяман өвчтэй арван хүн)
Алма 37:37; С ба Г 46:32 (Бидэнд талархал илэрхийлэхийг зарлигласан)
С ба Г 59:15–21 (Талархалгүй байх нь Бурханыг гомдоодог)
С ба Г 78:19 (Талархалтай байснаар ирэх адислалууд)
Хэнри Б.Айринг, “Хүндэтгэлийн өдөр талархалтай байх,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93–96
Дийтр Ф.Угдорф, “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 70–77
Рассэлл М.Нэлсон “Бурхандаа талархъя,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5 сар, 77–79; мөн түүнчлэн “Талархал илэрхийлэх нь” видео бичлэгийг үзнэ үү
“Талархал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 18
“How Great Thou Art,” Hymns, х. 86; “Адислал бүрээ тоол,” Сүмийн дуулал, х. 7
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан зүйлсээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.
-
Залуу эмэгтэй бүрд цагаан толгойн нэг үсэг оноогоод, тэр үсгээр эхэлсэн өөрсдийн бодож чадах адислалуудыг жагсаан бичих нэг минутыг ангийнхандаа өг. Бид яагаад зарим үед Их Эзэний бидэнд өгсөн жижиг адислалуудыг анзаарахгүй өнгөрдөг вэ? Ангийн нэг гишүүнийг Сургаал ба Гэрээ 46:32 эсвэл 59:21-ийг уншихыг хүс. Бид “аливаа адислалаар адислагдсаныхаа төлөө” хэрхэн илүү талархал үзүүлж чадах вэ?
-
Самбар дээр “Бидний _______ хэр хэмжээ нь Түүнийг хайрлах бидний хайрын хэмжүүр юм” гэж бич. Залуу эмэгтэйчүүдийг “Талархал өргө” видео бичлэгийг үзэж байхдаа уг өгүүлбэрийн хоосон зайг бөглөх үгийг олж сонсоход урамшуул. Аврагчийг хайрлах хайраа талархлаараа дамжуулан харуулдаг хүмүүсийн жишээг амьдралаасаа хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаанууд талархалтай байх нь яагаад чухал болохыг залуу эмэгтэйчүүдэд ойлгуулахад туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Самбар дээр дараах асуултыг бич. Талархалтай байх нь яагаад чухал вэ? Би ялангуяа хүндэтгэлийн өдөр илүү талархалтай байхын тулд юу хийж болох вэ? Залуу эмэгтэйчүүдээс аль нэг асуултыг сонгоод, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Хүндэтгэлийн өдөр талархалтай байх” хэлсэн үгнээс хариултыг олоход урь. Тэднийг дууссаны дараа олсон хариултаа хуваалцах боломж олгон, ерөнхийлөгч Айрингийн өгсөн аль нэг зөвлөгөөг дагах төлөвлөгөө гаргахад урь.
-
Залуу эмэгтэй бүрийг Лук 17:11–19-ийг уншин, уяман өвчтэй арван хүний ес нь Аврагчид яагаад талархал илэрхийлээгүй талаар бодлоо хуваалцахад урь. Талархлаа илэрхийлэхэд маань саад болдог ямар зүйлүүд байдаг вэ? Залуу эмэгтэйчүүдийг хүлээн авсан боловч талархлаа зохих ёсоор илэрхийлээгүй байж магадгүй адислалынхаа талаар бодоход урь. Баярласнаа илэрхийлэх нь яагаад чухал вэ? Тэд талархлаа үзүүлэхийн тулд юу хийх вэ?
-
Ангиараа энэ тоймд өгөгдсөн судрын шүлгүүдийг уншиж мөн талархал, магтаалын дууллуудыг дуул. Залуу эмэгтэйчүүдийг бас талархаж эсвэл магтаж байдаг тэдгээр дууны үгсийг олоход урь. Сонгосон үгсийнхээ талаар мөн яагаад сонгосноо хуваалцаж, талархсан сэтгэлээ илэрхийлэхэд тэднийг урь.
-
Ахлагч Рассэлл М.Нэлсоны “Бурханд талархъя ” хэлсэн үгээс загасны түүхийг ярьж эсвэл уншиж өг. Залуу эмэгтэйчүүдээс бусдаас талархал авалгүйгээр тусалж байсан эсэхийг нь (энэ түүхэн дэх асрагчийн адил) асуу. Хэлсэн үгийн үлдсэн хэсгийг сэдвийн гарчгаар нь хуваан, залуу эмэгтэй бүрд нэг хэсгийг уншуулахаар өгнө. Талархлын талаар сурсан зүйлээ болон өөрсдийн сурсан зүйлтэй нь холбоотой судрыг (тэд сэдэвчилсэн удирдамжийг ашиглаж болно) бичиж авахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэйчүүдэд бичсэн зүйлсээ хуваалцаж, Бурханы өгсөн бэлгүүдээс нэгнийх нь төлөө талархаж байсан үеийнхээ талаар хуваалцах боломжийг олгоорой.
-
Залуу эмэгтэй бүрд ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорфын “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь” хэмээх хэлсэн үгийг хэсэг болгон хуваан судлуулахаар даалга. Тэдэнд уг хэлсэн үгийн хэсгүүдийнх нь гарчгуудыг өгөхгүй байх хэрэгтэй. Тэдэнд өөрсдийнхөө сурсан зүйлээ дүгнэж, гарчиг өгөхийг хүс. Тэднийг гарчгуудаа болон ерөнхийлөгч Угдорфын талархалтай байх талаар өгсөн зөвлөгөөнөөс сурсан зүйлээ хуваалцахад урь. Тэд ерөнхийлөгч Угдорфын тайлбарласан талархалтай байх хандлагыг хөгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэд талархалтай байхын чухлыг ойлгож байна үү? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Тэнгэрлэг Эцэгт адислалуудад нь талархан, юу ч гуйж мөн асуухгүйгээр, зөвхөн талархлын залбирал өргөж болно.
-
Энэ долоо хоногийн туршид талархлаа илэрхийлэх боломжуудыг эрж хайж болно.