Ирээд, Намайг дага
Би бүгдийг Христэд ирэхэд хэрхэн урих вэ?


Би бүгдийг Христэд ирэхэд хэрхэн урих вэ?

Сүмийн бүх гишүүн бусдыг Христэд ирж, Түүний сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад нь туслах үүрэгтэй байдаг. Бидний гэрчлэл болон сайн үлгэр жишээ найз нөхөд, хөршүүдэд маань Аврагч болон Түүний сургаалын талаар сурах хүсэлтэй болоход нь нөлөөлж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Танд бусдыг Христэд ирэхэд урьсан ямар туршлагууд байгаа вэ? Та бусадтай сайн мэдээний талаар ярих ямар үр дүнтэй аргуудыг олсон бэ?

Бусдыг Христэд ирэхэд урих ямар боломжууд залуу эмэгтэйчүүдэд байдаг вэ? Тэдэнд бие биетэйгээ хуваалцаж болох ямар туршлагууд байгаа вэ?

Ямар судар болон эх сурвалжууд бусдыг Христэд ирэхэд урихад нь залуу эмэгтэйчүүдийг урамшуулах вэ?

1 Tимот 4:12 (Итгэгч хүмүүсийн жишээ нь бай)

1 Петр 3:15 (Бидний итгэлийн талаар асуух хүмүүст хариулахад үргэлж бэлэн бай)

Мозая 18:9 (Бид Бурханы гэрчлэгч болон зогсох хүсэлтэй)

С ба Г 28:16; 100:3–8 (Хэрэв бид амаа нээвэл, хэлбэл зохих үгсээр дүүргэгдэх болно)

С ба Г 84:85 (Хэрэв бид үгсийг нөөцөлбөл, хэлэх хэрэгтэй үгс бидэнд өгөгдөх болно)

Нийл Л.Андэрсэн, “Бурханы гэрч,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23­–26

Даллин Х.Өүкс, “Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  48–51

Дэвид А.Бэднар, “Ирээд, хар,Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 107-10

Миний сайн мэдээг номло (2004) номын 5-р бүлэг дэх “Номлолын ажил” хэсгийг үзнэ үү, 93

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийг нь дагах хүмүүсийг гэрчлэлээ хуваалцахад урьдаг байв. Та залуу эмэгтэйчүүдэд эргэн тойрондох хүмүүстээ итгэл бишрэлийнхээ тухай ичиж зоволгүй гэрчлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрийн санааг бодож олоорой.

  • Залуу эмэгтэйчүүдийн уриаг ангиараа унш. Залуу эмэгтэйчүүдээс найз нь эсвэл өөр шашны хүн “Бид Бурханы гэрчлэгч болж зогсоно” гэж хэлсэн чинь ямар утгатай юм бэ? гэж асуувал юу гэж хариулахыг асуу.

  • Гэр бүлээс нь номлолд гарсан бүрэн цагийн номлогчдын зургийг үзүүлэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. (эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга109–110-ыг үз). Номлогч хүнд байх ёстой чиг хандлага болон зан чанаруудыг жагсаахыг тэднээс хүс. Залуу эмэгтэйчүүд эдгээрээс алийг нь яг одоо эзэмших боломжтой вэ? Тэд сайн мэдээг хуваалцахын тулд заавал бүрэн цагийн номлолд дуудагдсан байх шаардлагагүй гэдгийг ойлгоход тусал.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь бусдыг Христэд ирэхэд хэрхэн урихад суралцахад нь залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Ахлагч Даллин Х.Өүксийн “Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь” хэлсэн үгэн дэх сайн мэдээг хуваалцахын тулд бидний хийж болох жагсаасан хоёр зүйлийг ангиараа унш. Ахлагч Өүксийн зөвлөгөөний нэг эсвэл түүнээс олныг хэрэгжүүлж болох нөхцөл байдлын тухай бодоход залуу эмэгтэйчүүдийг урь. Жишээлбэл, та автобусны буудал дээр зогсож байхдаа хэн нэгэнтэй сайн мэдээний талаар яриа өрнүүлж болно. Залуу эмэгтэйчүүд эдгээр нөхцөл байдлыг жүжигчлэн тоглох хүсэлтэй байж болох юм.

  • Аль болох эвлүүлэхэд түвэгтэй эвлүүлдэг зураг авчраад, овоолж тавь. Ангийн суралцагчид ахлагч Нийл Л.Андэрсэны “Бурханы гэрч” үгэндээ дурдсан эвлүүлдэг зургийн талаарх зүйрлэлийг уншиж байх хооронд нэг залуу эмэгтэйг зургийг эвлүүлж эхлэхийг хүс. Зургийг эвлүүлэх нь сайн мэдээг хуваалцах ажилтай ямар байдлаараа адил байдаг вэ? Ангиараа номлолын ажлыг хийж болох арга замуудын тухай ярилцаж байх хооронд хүн бүрийг зургийг эвлүүлэхэд урь. Ярилцлагын нэг хэсэг болгон ахлагч Андэрсэны хэлсэн үгийн “Өсвөр үеийнхэнд өгөх урилга” гарчигтай хэсгийг онцгойлон авч үзэж болно. Ахлагч Андэрсэны зөвлөгөө, урилга хэрхэн залуу эмэгтэйчүүдэд сайн мэдээг хуваалцах төлөвлөгөө гаргахад туслах вэ?

  • Бишопын зөвшөөрлөөр Сүмийн хөрвөгч, тойргийн нэг гишүүнийг сайн мэдээг хэрхэн хүлээн авсан талаарх өөрийн туршлагаас хуваалцахад (боломжтой бол залуу эмэгтэйчүүдийн нэгийг) урь. Сайн мэдээг сонирхох шийдвэр гаргахад хожмын үеийн гэгээнтэн найзуудынх нь үлгэр жишээ түүнд хэрхэн нөлөөлсөн бэ? Тэрээр бусдыг Христэд ирэхэд урих талаар залуу эмэгтэйчүүдэд ямар зөвлөгөө өгч болох вэ? Хэрэв залуу эмэгтэйчүүдэд ямар нэгэн асуулт байвал асуухыг тэднээс хүс. (Өөр нэгэн хувилбар нь гэвэл, та “Надад өгөөмрөөр өгөгдсөн учраас“ видео бичлэгийг үзүүлж, сайн мэдээг хүлээн авахад нь найзууддаа тусалж чадах өөрсдийн нөлөөний талаар ярилцаж болох юм.)

  • Энэ хичээлийн судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Залуу эмэгтэй бүрээс судруудаас аль нэгийг сонгож судлаад, уг судар юу зааж буйг харуулсан зураг зурахыг хүс. Тэднээс зурсан зураг дээрээ үндэслэн сонгосон судар нь юу зааж буй талаар хуваалцахыг хүс. Ангийн гишүүдтэй судраа хуваалцаж, үүний дагуу амьдрахын тулд юу хийхээр төлөвлөж байгаагаа хуваалцахыг залуу эмэгтэй бүрээс хүс.

  • Залуу эмэгтэй бүрийг ангийн хичээл эхлэхээс өмнө сайн мэдээ амьдралыг нь адисалсан нэгэн арга замыг төлөөлж буй ямар нэг зүйл эсвэл зураг авчрахад урь. Хичээлийн үеэр ахлагч Дэвид А.Бэднарын “Ирээд, хар” хэлсэн үгэндээ дурдсан хөвгүүдийнх нь түүхийг хамтдаа унш. Яагаад дүү нь найзуудынхаа гарыг боож өгөхдөө тийм их урам зоригтой байсан бэ? Залуу эмэгтэйчүүдээс авчирсан зүйлүүдээ, эсвэл зургуудаа хуваалцаж, эдгээр зүйлийг төлөөлж буй адислалуудыг дүрслэн хэлэхийг хүс. Эдгээр адислалыг хүлээн аваагүй байгаа, таньдаг хүмүүсийнхээ талаар бодоход нь урамшуулан дэмжиж, тэдэнтэй сайн мэдээг хуваалцах төлөвлөгөө гаргахад тэднийг урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Христэд ирэхэд нь бусдыг хэрхэн урих талаар ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Сайн мэдээг хуваалцах боломжийн төлөө залбирч, дараа дараагийн ангиудад туршлагаасаа хуваалцаж болно.

  • Сургуульдаа тараах хуудас авч очин, сайн мэдээг хуваалцахдаа тэдгээрийг ашиглаж болох боломжуудыг эрэлхийлж болно.

  • Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлгийг судалж, бусадтай сэргээгдсэн сайн мэдээний талаар ярилцахад бэлтгэж болно.

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.