Яагаад хийж буй сонголтууд маань чухал вэ?
Тэнгэрлэг Эцэг бидэнд өөрсдийнхөө төлөө үйлдэх чадвар болох ёс суртахууны сонгох эрхийг өгсөн билээ. Бид сонголт хийх эрх чөлөөтэй ч сонголтынхоо үр дагаврыг сонгож чадахгүй. Зөв сонголт нь удаан үргэлжлэх аз жаргал, мөнх амьдрал руу хөтөлнө. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгээс асуувал, Тэр бидэнд ухаалаг сонголт хийхэд туслах болно.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Доорх судруудыг судалж, Хувийн хөгжил дэвшил номын Сонголт ба хариуцлага эрхэмлэх чанарын туршлагуудаас нэгийг хийж дуусга. Үүнийг хийж байхдаа залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаж болох сонгох эрхийн тухай сурсан зүйлүүдээ тэмдэглэж аваарай.
Иошуа 24:15 (Бид Их Эзэнд үйлчлэхийг сонгож болно)
Иохан 14:15 (Бидний сайн сонголтууд Тэнгэрлэг Эцэгээ гэсэн хайр, хүссэнийг нь биелүүлэхсэн гэсэн бидний хүслийг харуулдаг)
2 Нифай 2:16, 27; Хиламан 14:30–31 (Бид өөрсдийнхөө төлөө сонгож мөн үйлдэх эрх чөлөөтэй)
Моронай 7:14–15 (Сайн, муугийн хооронд шүүх нь бидэнд өгөгдсөн болно)
Гари Б.Сабин, “Дотроо бат зогсоод, хамаг бүхнээ зориул,” Ensign, 2017 оны 5-р сар, 52–55 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37-41
Томас С.Монсон, “Сонголтууд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69
Кэрол М.Стэфэнс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113–116
Д.Тодд Кристоффэрсон, “Үүрд чөлөөт байж, өөрсдийнхөө төлөө үйлд,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 11-р сар, 16-19
“Сонголт ба хариуцлага,” Хувийн хөгжил дэвшил, 46–49
“Сонголт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 173–174
“Сонгох эрх ба хариуцлага” болон “Хөгжим ба бүжиг,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2001), 2–3, 22-23
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай.
-
Залуу эмэгтэйчүүдийг бусад хүн тэдний жишгийг сорих үед хийж болох зарим зүйлийн тухай бодоход урь. Сатан биднийг сонголтуудынхаа үр дагаварт эргэлзүүлэхээр хэрхэн чармайдаг вэ? Энэ хичээлийн туршид тэднийг Сатаны худал хуурмагтай тэмцэхэд туслах үнэнийг олоход зоригжуул.
-
Залуу эмэгтэйчүүдээс саяхан хийсэн сонголтуудынхаа заримыг жагсаан бичихийг хүс. Тэдний сонголт хэрхэн өөрсдөд нь нөлөөлсөн бэ? Тэдний сонголт хэрхэн бусдад нөлөөлсөн бэ?
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр залуу эмэгтэйчүүдэд сонгох эрхийн сургаалыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Таны хувьд “бүхнээ зориул” гэдэг нь юу гэсэн үг вэ? Мөн “Дотроо бат зогсоод” гэдэг нь ямар утгатай гэж та боддог вэ? Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Гари Б.Сабины хэлсэн “Дотроо бат зогсоод, хамаг бүхнээ зориул” үгээс эдгээр үг хэллэгийг тодорхойлохдоо ашигласан жишээ, түүхүүдийг олж уншихад урь. Хүмүүс ямар ямар сүнслэг зүйлсийг зүрх сэтгэлээ бүрэн зориулахгүй хийдэг вэ? Бид хэрхэн сүнслэг байдлаараа “бүхнээ зориулах” сонголтыг хийж болох вэ? Залуу эмэгтэйчүүдэд “дотроо бат зогсох,” “бүхнээ зориулах” зэрэг үг хэллэг болон ахлагч Сабины өгсөн жишээгээр зурагт хуудас хийх нь зугаатай байж болох юм. Тэд бас өөрсдийн жишээг оруулж болно.
-
Залуу эмэгтэйчүүдийг Кэрол М.Стэфэнс эгчийн “Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь” хэлсэн үгийн дөрвөн тод хараар бичсэн гарчигтай хэсгийг судалж, яагаад зарлигуудыг сахих болон зөв шударга сонголт хийх нь чухал байдаг талаарх ойлголтуудыг хайж олоход урь. Бишопынхоо зөвшөөрөлтэйгөөр, тойргийнхоо үлгэр жишээ зарим эгчийг зарлигуудыг сахихыг сонгох нь тэдний амьдралыг хэрхэн адисалсан тухай ярилцахад урь. Энэ ярилцлагадаа гэрлэсэн ба ганц бие эгч нарыг оролцуул.
-
Залуу эмэгтэйчүүдийг Хувийн хөгжил дэвшил номын Сонголт ба хариуцлага эрхэмлэх туршлагуудаас аль нэгийг хийхэд урь (хувиараа эсвэл бүлгээрээ). Хичээл дуусахаас өмнө залуу эмэгтэй бүрийг сонголтын талаар сурсан ямар нэгэн зүйлээ хуваалцахад урь. Нэг залуу эмэгтэйг Сонголт ба хариуцлага эрхэмлэх туршлагуудын нэгийг биелүүлэхийн тулд юу хийсэн тухайгаа ангийнхантай хуваалцахад урь.
-
Залуу эмэгтэй бүрийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос ”Сонгох эрх ба хариуцлага”-ыг дор бүрнээ уншиж, ямар сэтгэгдэл төрснөө хуваалцахад урь. Дараа нь ангийн гишүүд энэ товхимлоос өөр нэг жишгийг сонгож аваад, энэ жишигтэй холбоотой өөрсдийн хийсэн сонголтыг болон сонголтоор нь дамжин ирсэн адислалуудыг хуваалцаж болно. Жишээ нь тэд “Хөгжим ба бүжиг” хэсгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос уншиж мөн зохисгүй хөгжим, бүжгээс зайлсхийх зөвлөгөөг дагаснаар хүлээн авсан адислалаа хуваалцаж болно.
-
Залуу эмэгтэй бүрд ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Үүрд чөлөөт байж, өөрсдийнхөө төлөө үйлд” эсвэл ерөнхийлөгч Томас С.Монсоны “Сонголтууд” хэлсэн үгийг хэсэгчилж өг. Залуу эмэгтэйчүүдийг дор бүрнээ уншиж, дараа нь өөрсдийн ойлгосныг хуваалцахад урь. Тэд үүнийг жижиг бүлгүүдээр юм уу ангиараа хийж болно. Тэд бидний итгэл үнэмшил, үйлдлийн үр дагаврын талаар юу мэдэж авсан бэ? Сурсан зөвлөгөө нь илүү сайн сонголт хийхэд хэрхэн тусалж чадах талаар ярилцахад тэднийг урь.
-
Залуу эмэгтэй бүрийг сонголт хийж байгаа хэн нэгний жишээг судруудаас олоход урь (Жишээлбэл, Лук 10:38–42 дээрх Мариа, Марта хоёрын сонголтыг харьцуулж болно). Эдгээр сонголт нь ямар үр дагавруудтай байсан бэ? Сонголтууд нь бусдад хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүл. Залуу эмэгтэйчүүдийг видео бичлэг дээрх хүмүүсийн хийсэн сонголтын үр дүнг олж мэдэхэд урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Хийсэн сонголтууд нь өргөн цар хүрээтэйгээр нөлөөлсөн туршлагуудаасаа хуваалцахад тэднийг урь. Залуу эмэгтэй бүрийг энэ тойм дээрх судруудаас нэгийг уншиж, энэ нь ирээдүйд тэднийг зөв сонголтууд хийхэд хэрхэн тусалж чадах талаар хуваалцахад урь.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд сонгох эрхийн тухай сургаалыг илүү сайн ойлгодог болсон уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах тухай бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Тэдэнд тулгардаг уруу таталтын талаар болон Ариун Сүнсний удирдамжаар тэдгээрт хэрхэн хандахаар төлөвлөж байгааг тэмдэглэл дээр нь бичүүл.
-
Хувийн хөгжил дэвшил номын Сонголт ба хариуцлага эрхэмлэх чанарын туршлагууд дээр үргэлжлүүлэн ажиллаж болно.