“Онцгой бэлэг,” Найз, 2023 оны 8-р сар, 18–19.
Онцгой бэлэг
“Энэ яг Ариун Сүнс байна” гэж Мэхрима бодлоо.
Энэ түүх Францад болсон юм.
“Мэхрима! Фатима! Номлогчид ирлээ!” гэж ээж нь дуудав.
Мэхрима судрын түүхийн номоо хаагаад зочны өрөө рүү гүйх нь тэр. Номлогчид гэр бүлд нь Есүс Христийн тухай зааж байлаа. Мэхрима ба түүний гэр бүл удахгүй баптисм хүртэх гэж байв. Тэр тэсэн ядан хүлээж байлаа!
Мэхрима гэр бүлтэйгээ хамт суулаа.
“Өнөөдөр бид Ариун Сүнсний тухай ярилцах болно” гэж ахлагч Моеаи хэлэв. “Ариун Сүнс бидэнд Тэнгэрлэг Эцэгээс ирдэг амар амгалан, мөн тайтгарлыг мэдрэхэд тусалдаг.
Тэрээр мөн биднийг сайныг хийхийг урамшуулдаг” гэж ахлагч Кэмпбэлл нэмлээ. “Тэр бас бидэнд үнэнийг мэдэхэд тусалдаг. Та нар магадгүй өмнө нь Ариун Сүнсийг мэдэрч байсан байх.”
Мэхрима Мормоны Номын талаар сурч байснаа бодлоо. Тэр амар тайван, аз жаргалыг мэдрэв. Ингэж тэрээр үнэн гэдгийг нь мэдэв. Энэ Ариун Сүнс байсан уу?
“Та нарыг баптисм хүртсэний дараа та нарт Ариун Сүнсний бэлэг өгөх болно” гэж ахлагч Моеаи хэлэв. “Энэ нь Тэрээр чамд тусалж, удирдан чиглүүлэхээр үргэлж чамтай хамт байх болно гэсэн үг.
Энэ долоо хоног бодол, мэдрэмжээ илүү анхааран сонсоорой” гэж ахлагч Кэмпбэлл захив. “Ариун Сүнс чамтай ярьж байгаа үеийг анзаар.”
Тэр орой гэр бүлийн залбирлын үеэр Мэхрима зүрх сэтгэлдээ хэрхэн мэдэрч буйгаа анзаарав. Тэр тайван, амар амгаланг мэдрэв. Яг л хэн нэгэн түүнийг чангаар тэвэрч байгаа мэт санагджээ. Энэ яг Ариун Сүнс байна гэж тэр бодлоо.
Ням гарагт Сүм дээр Мэхрима Есүс Христийн тухай дуу сонсож байв. Тэр аз жаргалтай байлаа. Түүнд бусад хүнд туслах хүсэл төрөв. Энэ яг бас Ариун Сүнс байна гэж дахин бодов.
Унтахынхаа өмнө Мэхрима судрын түүхийн номоо уншив. Дүү Фатимагийнх нь ээлж болоход Мэхрима үгүй гээд,
үргэлжлүүлэн уншсаар байлаа. Гэтэл түүнд таагүй мэдрэмж төрөв.
Тэр “Намайг уучлаарай, хамтдаа унших уу?” гэж Фатимагаас асуулаа.
Фатима хажууд нь суугаад, тэд ээлжлэн уншив. Мэхримад халуун дулаан, жаргалтай мэдрэмж төрөв. Энэ яг Ариун Сүнс байна гэж тэрээр бодов.
Эцэст нь тэдний баптисмын өдөр ирлээ. Мэхрима, мөн гэр бүлийнхэн нь Сүмийн байранд очиж, цагаан хувцас өмсөв.
Мэхрима эхлээд баптисм хүртлээ. Ус хүйтэн байсан ч Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ хийж байгаадаа тэр баяртай байлаа. Ээж нь түүнийг алчуураар ороов. Дараа нь тэр ээж, аав, дүү Фатима нарынхаа баптисм хүртэхийг харав.
Мэхрима хуурай хувцсаа өмссөн ба одоо түүнийг гишүүнээр батлах цаг ирлээ.
Номлогчид Мэхримагийн толгой дээр гар тавиад, “Би таныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр баталж байна, та Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэж ахлагч Кэмпбэлл хэллээ. Мэхрима адислалын үлдсэн хэсгийг сонсож байхдаа халуун дулаан мэдрэмжийг бүх биеэрээ мэдрэв.
Мэхримаг гишүүнээр батлагдсаны дараа ээж нь түүнийг тэврээд, “Чамд ямар санагдаж байна?” гэж асуулаа.
Мэхрима “Үнэхээр сайхан. Тэд миний толгой дээр гар тавих үед би нэг зүйл мэдэрсэн, би амар тайвныг мэдэрсэн” гээд тэр инээмсэглэв. “Хэн нэгэн надад сайн амьдралаар амьдарч, хүмүүст тусалж, зарлигуудыг сахиарай гэж хэлж байгаа мэт санагдсан.”
“Чи юу мэдэрснээ мэдэх үү?” гэж ээж нь асуув.
“Тийм ээ, тэр Ариун Сүнс байсан!” гэж тэр нүдээ гялалзуулан хэлэв.