Найз
Хагарсан усны сав
Баптисм ба гишүүний баталгаа


“Хагарсан усны сав,” Найз, 2023 оны 8-р сар, page–page.

Хагарсан усны сав

Кэдигийн ам нь цангав. Софиа хэрхэн туслах вэ?

Энэ түүх Сьерра Леонд болсон юм.

Софиа багшийнхаа самбар дээр тооны бодлого тайлбарлахыг анхааралтай сонсож байв.

“Тэгэхээр есийг дөрвөөр үржүүлэхэд хэд гарах вэ?” гэж багш нь асуув.

Софиа гараа өргөөд, “Гучин зургаа!” гэж хариулав.

Багш нь инээмсэглээд, “Зөв хариуллаа, Софиа!” гэв.

Хичээл тараад гэртээ харих цаг боллоо. Софиа найзуудтайгаа хамт алхаж байв. Тэд бүгдээрээ усаа ууж дуусгахаар усны саваа гаргацгаав. Өнөөдөр халуун байна шүү!

alt text

Гэтэл Софиа нэг зүйл анзаарч харав. Найз Кэди нь ус уулгүй, зүгээр л чимээгүйхэн алхаж байлаа.

“Кэди, усны сав чинь хаана байна?” гэж Софиа асуулаа. Сургууль тарахад бүгд үргэлж цангасан байдаг байв.

“Би өчигдөр саваа хагалчихсан. Шинийг авч чадаагүй. Тийм болохоор одоо би ус авчирч чадахгүй болсон” гэж Кэди хэллээ.

Софиа уснаасаа түүнд өгөхөөр саван дахь усаа харав! Гэвч ус үлдээгүй байлаа.

Софиа өдөржингөө Кэдиг болон түүний хагарсан усны савыг бодов. Тэдний амьдардаг газар цэвэр ус авахад амар байдаггүй аж. Ихэнх хүүхэд жилийн турш ганцхан усны сав хэрэглэдэг байв. Хүүхдүүд гэртээ байдаг том цэвэр усны савнаас саваа дүүргэдэг байлаа. Өөр ус уувал өвчин тусах ч магадлалтай. Хэрэв Кэдид усны сав байхгүй бол сургуульдаа гэрээсээ ус авчирч чадахгүй гэсэн үг.

Маргааш өглөө нь Софиа Кэдид яаж туслах талаар бодож байлаа. Софиагийн гэрт дүүрэн устай хуванцар усны савнууд байв. Софиа өөрийнхөө төмөр усны савтай хамт нэг сав цүнхлэв. Түүний цүнх бага зэрэг хүнд болсон ч тэр нэг их тоосонгүй.

Сургуульдаа ирээд Кэдиг хайж олоод,

“Кэди, чи шинэ усны савтай болоо юу?” гэж Софиа асуулаа.

Кэди харц буруулан толгойгоо сэгсрэв.

Софиа “Зүгээр ээ. Би чамд нэгийг авчирсан!” гээд,

Кэдид усны савыг өгөв. Кэди инээмсэглэн

“Баярлалаа, Софиа” гэв. Кэди найзыгаа чанга тэврэв.

Хичээлийн үеэр Кэди бусад хүүхдийн хамт уснаасаа ууж байлаа. Найз нь уух устай цангахгүй болсныг хараад Софиа баяртай байв.

Тэр долоо хоногийн өдөр бүр Софиа найздаа илүү ус авчирсан байлаа. Нэгэн өглөө Софиагийн ээж цүнхийг нь өргөөд

“Хмм,” Ердийн үеийнхээс арай хүнд байна даа” гэж бодов. Тэр цүнхийг нээгээд, илүү усыг гаргаж ирэв.

“Софиа, сургуульдаа илүү ус авч явахаар бэлдээ юу?” гэж ээж нь асуув.

Софиа толгой дохиод “Кэдигийн усны сав хагарчихсан. Шинийг авч чадаагүй. Тийм болохоор тэр сургууль дээр ус авчирч чадахгүй байгаа.” гэлээ.

“Чи хэр удаан найздаа ус аваачиж өгсөн бэ?” гэж ээж нь асуулаа.

Софиа “Энэ долоо хоног л. Би Кэдиг цангаж байгааг харахыг хүсээгүй юм” гэв.

Ээж нь инээмсэглэж, “Чи найздаа санаа тавиад сайхан сэтгэлтэй юмаа. Есүс ингэх л байсан. Би чамайг Есүс шиг байхыг хараад баяртай байна” гэж сайшаав. Ээж нь Софиаг тэврээд, “Бас бид түүнд туслах өөр арга байна” гэж хэлэв.

Софиад ээж нь төмөр усны сав өглөө. “Энийг найздаа өгөөрэй тэгвэл тэр үүнийг дахин дахин хэрэглэж болно. Ингэвэл чи өдөр бүр хуванцар савтай ус авч явах ч шаардлагагүй!”

“Үнэн гэж үү?” хэмээн Софиа асуулаа.

Ээж нь толгой дохиод, “Тийм ээ. Харин найзаасаа сайн хадгалж явахыг хүсээрэй” гэлээ.

Софиа усны савыг сургууль руугаа авч явав. Тэр юуны түрүүнд Кэдид савыг өглөө.

“Хөөх. Баярлалаа, Софиа” гээд, Кэди түүнийг тэвэрлээ.

Софиа зүрх сэтгэлдээ дулаан зүйлийг мэдрэв. Тэр найздаа Есүсийн адил тусалсан гэдгээ мэдэж байлаа.

alt text
alt text here

Зураг чимэглэлийг Мэлисса Кашиваги