2021
Сионыг болон Их Эзэний адислалыг эрэлхийлэх нь
2021 оны 9-р сар


“Сионыг болон Их Эзэний адислалыг эрэлхийлэх нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 9-р сар, 2-5.

Ирээд, Намайг дага

Сионыг болон Их Эзэний адислалыг эрэлхийлэх нь

Сургаал ба Гэрээ 97:21

Сионыг байгуулах нь асар том үүрэг хариуцлага хэдий ч энэ нь агуу шагналыг мөн авчирдаг.

Судар судалж буй охин

Бурхан биднийг бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрладаг нь тэнгэрийн хамгийн эхний агуу үнэн юм. Тэр бидэнд хамгийн сайн сайхныг үргэлж хүсэж байдаг, цаашид ч хүссээр байх болно. Тэрбээр биднийг түр зуур, өнгөн талдаа аз жаргалтай биш харин Өөрийнх нь адилаар зүрхнийхээ угт, мөнхөд аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг. Биднийг Бурханы охид, хөвгүүдийн хувьд тэнгэрлэг чадавхаа бүрэн хөгжүүлээсэй хэмээн Тэр хүсдэг.

Энэ нь үргэлж амархан байдаггүйг би мэднэ. Та нарын олон нь заримдаа дааж давшгүй байж болох зовлон бэрхшээл, хувийн сорилттой тулгардаг. Та нар өөрсдийн болон гэр бүлийнхээ нөхцөл байдлыг эсвэл дэлхий дээрх улс үндэстнүүдийн асуудлуудыг хараад, “Би энэ сорилт бэрхшээлийн ээдрээтэй замыг хэрхэн туулж гарч чадах вэ?” хэмээн бодож байсан байх. Сионыг байгуулахыг эрэлхийлэх гэсэн хариулт та бүхнийг гайхшируулж болох юм.

Сион хаана байна вэ?

Загасчидтай хамт буй Есүс Христ

Чи Намайг эднээс илүү хайрладаг уу? Дэвид Линдсли

Түүхийн явцад Бурхан Өөрийн хүмүүсийг Сионыг байгуулахад байнга дуудаж байсан. Тэр нь ихэвчлэн Бурханы хүмүүс дэлхийн нөлөөнөөс хол байж, нэг нэгэнтэйгээ эвтэй найртай амьдарч болох тодорхой газар байв. Гэвч энэхүү сүүлчийн агуу эрин үед Сион газарзүйн нэг байрлалаар хязгаарлагдахгүй. Бидний үед Сион гэдэг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүний байгаа газрыг хэлж болно. Их Эзэн энэхүү Сионы хүмүүсийг “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай” (Moсе 7:18), “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (Сургаал ба Гэрээ 97:21) хэмээн дүрслэн хэлсэн. Товчхондоо, бид одоо Сион гэдэг нь хаана амьдрахыг биш, хэрхэн амьдрахыг хэлж байгаа гэж боддог болсон.

Сионыг байгуулахын тулд бүхий л чадлаа зориулж, Аврагчид хэрэгтэй нэгэн байж, Түүний дэлхийд эргэн ирэх замыг бэлдэхэд туслах үед олон гайхалтай адислал та бүхнийг хүлээх болно. Ийн үйлдэхэд хичээл зүтгэл, үлэмж их итгэл хэрэгтэй ч энэ нь мөн үүрдийн аз жаргал, баяр баясгаланг авчирна. Та нар үүнийг надтай адил сэтгэл хөдөлгөж, догдлуулам зүйл гэж харах байх гэж би найдаж байна! Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнээс илүү чухал ямар ч зүйл үгүй. Бүр огт байхгүй хэмээн заасан.1 Бид үүнд оролцож болно! Бид үнэний тэргүүн шугамд, сум биш, шархны боолт авч явдаг цэргүүд юм. Бид дэлхийг эдгээж, Аврагчийн очиж уулзах дэлхий даяар цугларсан хүмүүст туслахаар дуудагдсан.

Бурханаа болон хөршөө хайрла

Өөрсдийн зургийг авч буй өсвөр үеийнхэн

Бид бусдыг хайрлах зарлигийг дагаснаар ийм гэр бүл, хөршийн холбоо эсвэл үндэстнийг бий болгож чадна. Бид Бурханыг хайрлахын хэрээр хөршөө хайрлаж, тэднийг адислах арга замыг олж харах болно. Бидний тусламж хэрэгтэй хөрш, дэмжлэг хэрэгтэй ядуус, хийх сайн үйлс хаа сайгүй байна.

Их Эзэн нэг удаа энэхүү үүрэг хариуцлага, адислалыг ийм дүрсэлсэн:

“Иймийн тул, итгэлтэй байгтун; … сул доройчуудад тусал, доош унжсан гарнуудыг өргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун.

Мөн хэрэв чи эцсээ хүртэл итгэлтэй байх аваас чи үхэшгүй байдлын титэм, мөн Эцэгийнхээ өргөөнд миний бэлтгэсэн харшуудад мөнх амьдралтай байх болно” (Сургаал ба Гэрээ 81:5–6).

Үнэний төлөө зогс

Ярилцаж буй хөвгүүд

Бурхан Сионыг байгуулахад биднийг дуудахдаа Түүний сургаалын төлөө зогсож, итгэлдээ бат бөх зогсохыг уриалсан. Үүнийг хийх үргэлж амархан эсвэл эвтэйхэн байхгүй. Гэхдээ бид үүнийг бусдыг гэсэн нинжин сэтгэл, даруу байдал, ойлголт, мөхөшгүй энэрэлээр хийх ёстой. Сионыг байгуулах аян замд бид зохисгүй харагдаж, хувцаслаж, авирласан хүмүүстэй тааралдах нь гарцаагүй. Тийм хүмүүстэй уулзаж учрахдаа өөрсдийгөө зөв шударга гэсэн байдлаар биш, харин зөв шударга хандахад анхаарвал зохино. Ийм нөхцөл байдалд бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол өөрсдөө биеэ зөв авч явж, тэднийг гэсэн “чин сэтгэлийн хайраа” үзүүлэх явдал юм (Сургаал ба Гэрээ 121:41-ийг үзнэ үү).

Миний хүлээж авсан адислалыг бусад хүн ч бас хүртээсэй гэж би хүсдэг ч заримдаа хэрхэн тэднийг гомдоохгүй, зөв талаас нь ойлгуулах замаар хуваалцаж болох талаар боддог. Дараах судар Сүмийн бүх дуудлагад болон Христийн шавийн хувьд үүрдэг хувийн үүрэг хариуцлагад минь тус болдог.

“Тиймийн тул, үнэнээр би та нарт хэлж байна, энэ хүмүүст дуу хоолойгоо өргөгтүн; зүрх сэтгэлд тань миний тавих бодлуудыг яригтун, мөн та нар хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй;

Учир нь тийм ээ, та нар юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт өгөгдөх болно.

Харин та нар ямар ч зүйлийг тунхаглах ёстой боллоо гэсэн та нар бүх зүйлд миний нэрээр зүрх сэтгэлийн чанд байдалд, номхон дөлгөөн байдлын сүнсэнд та нар тунхаглагтун хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

Мөн та нар үүнийг үйлдэхийн хэрээр, Ариун Сүнс та нарын хэлэх юуг ч байлаа бүх зүйлд гэрч болон урагш юүлэгдэх болно хэмээн энэхүү амлалтыг би та нарт өгч байна” (Сургаал ба Гэрээ 100:5–8).

Үргэлжлүүлэн урагшлах адислал

Хотод буй өсвөр үеийнхэн

Хайрт залуу найзууд аа, хүнд бэрх өдрүүд бидний өмнө байгаа ч та нар Бурханд зүрх сэтгэлээ өгч, Их Эзэн Есүс Христийг хайрлан, сайн мэдээний дагуу амьдрахыг бүхий л чадлаараа хичээх үед эцэст нь амьдрал тань гайхамшигтай байх болно. Хэрэв та нар итгэлтэй байх аваас байгаа газарт тань Сион байх болно. Би та бүхнийг үүнийг баярлан хүлээн авах болтугай хэмээн адисалж байна. Их Эзэн танд зориулан олон зүйлийг бэлдсэн байгаа!

Эх сурвалж

  1. Рассэлл M.Нэлсон, “Израилын найдвар” (Өсвөр үеийнхний дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.