2021
Би бүжгийн хамтлагт орж чадаагүй
2021 оны 9-р сар


“Би бүжгийн хамтлагт орж чадаагүй,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 9-р сар, 10–11.

Би бүжгийн хамтлагт орж чадаагүй

Миний нэр жагсаалтанд ороогүй байв. Үүнд би сэтгэлээр унасан боловч Их Эзэн надад нэгэн зүйлийг заасан.

Зураг
балетчин

Зураг чимэглэлийг Габриэл Краколичи

Би 3 настай байхаасаа л бүжиглэх дуртай байлаа. Дунд сургуульд байхад маань бүжгийн хамтлагийн шалгаруулалт болоход би маш их догдолж байлаа. Авьяас чадвартай, туршлагатай юм чинь хамтлагт асуудалгүй тэнцэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байлаа.

Шалгаруулалтаас хэдэн хоногийн дараа бүжгийн хамтлагийнхны нэрсийг гаргаж тавив. Хачирхалтай нь жагсаалтын хаанаас ч би өөрийнхөө нэрийг олсонгүй. Үүнд би сэтгэлээр унаж, гэртээ очин, орон дээрээ хэвтээд уйлж гарав. Би бүжгийн багшдаа уурлаж, хамтлагт орохуйц сайн байж чадаагүйдээ урам хугарч байлаа. Ээж миний өрөөнд чимээгүйхэн орж ирээд, амьдралд минь тохиолдож буй энэхүү “саадыг” даван гарах хүч өгөхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйхыг надад санал болгов. Би дургүйхэн зөвшөөрч, түргэхэн залбирлаа. Залбирсны дараа сэтгэл санаа дээрдээгүй тул учир би гутарч, гунигласан хэвээрээ л байв. Тэр шөнө би сайн унтаж чадаагүй бөгөөд

маргааш өглөө нь өөрийгөө хүчлэн орноосоо босов. Бүтэлгүйтсэн талаарх дурсамж сэтгэлд минь шинэхэн хэвээр байсан бөгөөд би буцаад хөнжилдөө шургаж ормоор байлаа. Гэвч үүний өмнө санаанд минь бишопын өгсөн амлалт орж ирэлээ. Тэрээр намайг өдөр бүр, ядаж 15 минут ч хамаагүй судраасаа уншвал адислагдах болно гэсэн байв. Надад адислал хэрэгтэй бол одоо л хэрэгтэй байлаа.

Би Сургаал ба Гэрээн дэх дараах шүлгийг олж уншсан юм:

“Би та нарт хэлж байна, найз нар минь, бүү эмээгтүн, зүрх сэтгэл чинь тайтгаруулагдаг; тийм ээ, үргэлж баясагтун, мөн юм бүхэнд талархал илэрхийлж бай;

Их Эзэнээс тэвчээртэй хүлээ, учир нь залбирлууд чинь Сабаотын Их Эзэний сонорт ирсэн болой, мөн энэхүү лац хийгээд гэрээний хамт цэдэглэгдсэн авай---тэдгээр нь соёрхогдохоор Их Эзэн андгайлж мөн тогтоосон билээ.

Тиймийн тул, тэдгээр нь биелэгдэх болно хэмээх энэ амлалтыг өөрчлөгдөшгүй гэрээний хамт тэрээр та нарт өгч байна; мөн та нарын зовж зүдэрсэн бүх зүйл мөн миний нэрний алдар суутай нийлээд та нарын сайн сайхны төлөө ажиллах болно хэмээн Их Эзэн хэлж байна” (Сургаал ба Гэрээ 98:1–3).

Би мэл гайхаж, унтлагын хувцас, сэгсгэр үстэйгээ суухдаа энэ судар надад хэчнээн хэрэгтэй байсныг гайхширан бодов. Энэ гурван шүлэгь бүх уур хилэн, гомдол гуниг минь замхран алга болсон юм. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрч, надад юу тохиолдож буйг Тэр мэдэж байгааг мэдсэн. Энэхүү шинэ харах өнцгийн ачаар би бүжгийн хамтлагт сонгогдон орж чадаагүй минь миний амьдралын зам дээрх жижигхэн саад байсныг олж харж чадсан. Би өвдөг сөгдөн суугаад, Тэнгэрлэг Эцэгт талархаж билээ.

Тэр өдөржин би Сүнстэй хамт байж, сорилт бэрхшээлүүдээ өсөж хөгжих боломж хэмээн харж чадсан. Би эдгээр шүлгийг зүрх сэтгэлдээ үргэлж нандигнах болно. Мөн би сударт хандсанаар ирэх адислалын талаар хэлсэн бишопынхоо амлалтыг мартахгүй. Би энэ Сүмийн нэгэн хэсэг, сайн мэдээний мэдлэгтэй байгаадаа маш их талархдаг. Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөө бол үнэхээр аз жаргалын төлөвлөгөө мөн гэдгийг би мэднэ.

Хэвлэх