2021
Хамгийн сайн хувилбараа бүтээх нь
2021 оны 9-р сар


“Хамгийн сайн хувилбараа бүтээх нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 9-р сар, 6–7.

Ирээд, Намайг дага

Хамгийн сайн хувилбараа бүтээх нь

Аз жаргалтай, баяр баясгалантай амьдралыг босгох таван арга зам.

Сургаал ба Гэрээ 95:13–14

Залуу эмэгтэйн рентген зураг, ариун сүмийн барилгын зураг төсөл

Зураг чимэглэлийг Жюлиэт Пэрсивал

Их Эзэн Иосеф Смитэд Көртланд ариун сүмийг барихыг зарлиглахдаа яаж барих учраа өөрөө ол гээд орхиогүй. Тэрээр амжилтад хүргэх төлөвлөгөөг илчилсэн.

Их Эзэн “өргөө дэлхийн маягаар биш баригдаг. Миний үзүүлэх маягаар энэ нь баригдаг” (Сургаал ба Гэрээ 95:13–14) хэмээн тунхаглажээ. Дараа нь Их Эзэн ариун сүмийг хэрхэн барих заавар өгсөн (Сургаал ба Гэрээ 95:15–17-г үзнэ үү).

Их Эзэн бидэнд ариун сүмийг хэрхэн барихаас гадна өөр олон зүйлийг үзүүлсэнд талархууштай. Тэрээр бас байж болох хамгийн сайн хүнээ хэрхэн болоход туслах заавруудыг өгсөн. Тэдгээрийг дагаснаар бид амьдралаа “дэлхийн маягаар биш,” харин Их Эзэний төлөвлөсөн загварын дагуу барьж босгоно.

Есүс Христэд төвлөрсөн аз жаргалтай, баяр баясгалантай амьдралыг барьж босгох таван арга замыг доор үзүүлье.

Бат бөх суурь барих

Аливаа барилга даацтай бат бөх суурьтай байх нь амин чухал гэдгийг ямар ч архитектор, барилгачин хэлэх байх. Бидний амьдралын хамгийн сайн суурь бол “Бурханы Хүү, Христ буюу бидний Гэтэлгэгчийн хад” (Хиламан 5:12) хэмээн Хиламан заасан. Бид Христэд ирж, сургаалыг нь дагаснаар Түүнийг сууриа болгож чадна. Та Христийг амьдралынхаа суурь болгохын тулд та юу хийж байна гэж бодож байна вэ?

Бусдад үйлчил

хөл

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх асан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлснээр, амьдралаа босгох бас нэгэн сайн арга бол “Их Эзэнд болон эргэн тойрныхоо хүмүүст үйлчилж байхад ирдэг”.1 Та нар бусдад үйлчилж байхдаа Есүсийн хийснийг хийж байгаа бөгөөд Түүнтэй илүү адилхан болоход суралцаж байгаа хэрэг юм. Мөн та зөвхөн үйлчилж байгаа хүмүүсийнхээ амьдралыг адислаад зогсохгүй, өөрөө ч бас адислагдах болно.

Тогтмол залбирч, судраас суралцахыг дадал хэвшил болго

Залбирч буй гар

Аз жаргалтай амьдралыг барьж босгох бас нэгэн арга зам бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцаа холбоо үүсгэх явдал юм. Залбирч, судраас суралцах нь Тэдэнтэй харилцаа холбоотой болох сайхан арга зам.

Ерөнхийлөгч Угдорф: “Бурхантай харилцах харилцаагаа сайжруулахын тулд бид ганцаараа байхдаа Түүнтэй хамт цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Өдөр бүрийн хувийн залбирал болон судраас суралцахдаа анхаарч … байх нь Тэнгэрлэг Эцэгтээ улам ойртоход зарцуулах цаг зав, хүчин чармайлтдаа ухаалаг хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг”2 хэмээсэн.

Залбирал нь Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах боломж юм. Тэрээр биднийг мэддэг, хайрладаг мөн сонсохыг хүсдэг! Биднийг чин сэтгэлээсээ залбирч, талархлаа илэрхийлэн, хэрэгтэй зүйлсээ гуйх үед Тэр сонсож, үргэлж Өөрийн арга зам, цаг хугацааны дагуу хариулдаг.

Судар судлах ганцхан зөв арга зам гэж байдаггүй. Хамгийн чухал нь чи үүнийг хийх хэрэгтэй! Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Өдөр бүр Бурханы үгэнд шимтэх нь … сүнслэг байдлын хувьд амьд гарахад нэн чухал”3 хэмээн заасан. Өдөр бүр сударт цаг зарцуулах нь итгэлтэй, эрч хүчтэй амьдралыг босгоход танд туслах нь эргэлзээгүй.

Таныг сайныг үйлдэхэд урамшуулан дэмжиж байдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл

Гараа дэлгэж буй хүү

Тэнгэрлэг Эцэг биднийг бусадтай, ялангуяа гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоотой байж, харилцаагаа бэхжүүлэхийг хүсдэг. Бид ихэвчлэн цагийг хамт өнгөрүүлдэг хүмүүсийнхээ нөлөөнд автсан байдаг. Сүмийн гишүүн мөн ч бай, биш ч бай таныг сайн мэдээний дагуу амьдарч, Их Эзэний жишгүүдийг даган, илүү сайн хүн болоход тань тусалдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Та ч бас эргэн тойрныхоо хүмүүст мөн адил тусалж болно. Зөв шударга байдал дээр сууриа босгоход аль найз тань танд тусалж байгаа вэ?

Сууриа босгохдоо баяр баяслыг олох

Амьдралаа сүнслэг байдлын хувьд бат бөх байхаар бүтээж, баяр хөөртэй байх өөр олон арга зам байдаг бөгөөд үүнд сүмд явах, ариун ёслолоос хүртэх, гэрээ байгуулж, түүнийгээ сахих, амьд бошиглогчдын зөвлөгөөг дагах зэрэг багтана.

Энэ бүх зүйлд хичээл зүтгэл, цаг хугацаа шаардлагатай гэдгийг санах нь чухал. Бүтээж босгох, суралцах ёстой зүйл үргэлж байдаг ч та үүнийг ганцаараа хийх албагүй. Өөрийн болон Түүний бахархлыг төрүүлж чадах, баяр баяслыг авчрах амьдрал босгохоор хамгийн сайнаараа хичээх үед Их Эзэн танд өдөр бүр туслах болно.