2021
Бурхан Өөрийнхөө арга замаар—та нарын тулаанд тулалдах болно
2021 оны 9-р сар


“Бурхан Өөрийнхөө арга замаар—та нарын тулаанд тулалдах болно,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 9-р сар, 15–17.

Ирээд, Намайг дага

Бурхан Өөрийнхөө арга замаар—та нарын тулаанд тулалдах болно

Эхэн үеийн гэгээнтнүүд Бурханы арга замын талаар ганц, хоёр зүйл мэдэж авсан.

Сургаал ба Гэрээ 103–105

Фишинг голын ойролцоох Сионы хуаран

Сионы хуаран Жүдит Мэр

300 гаруй хилэгнэсэн дээрэмчин өглөө нь Сионы хуаран дахь гэгээнтнүүдийг устгахаар үгсэж байхад тэд гайхамшгийн төлөө найдан залбирч байлаа.

Сионы хуаран Иосеф Смитийн удирдлаган доор Огайогоос Миссури хүртэл хэдэн долоо хоног алхсан байв. Сүмийн энэ гишүүд АНУ-ын Миссури мужийн Жэксон гүнлэгээс хөөгдсөн гэгээнтнүүдэд эзэмшил газраа эргүүлэн авахад нь тусална гэж найдаж байжээ. Гэвч тэд аяллынхаа турш эсэргүүцэл, заналхийлэлтэй тулгарч байв. Харин одоо өөр хэсэг дээрэмчин тэдэнд заналхийлж байлаа.

Сионы хуарангийн гэгээнтнүүдийн залбирсан гайхамшиг ирэх өдөр ойртсоор. Энэ нь алсад хуралдсан бараан үүл хэлбэрээр ирсэн юм. Тал талаас нь аянга цахилгаантай хүчтэй аадар бороо цутган орж, том том мөндөр унажээ. Аадар бороо дээрэмчдийг замд нь зогсоов.

Иосеф Смитийн түүхэнд: “Өөрийн үйлчлэгчдийг дайсных нь устгалаас хамгаалах гэж тулалдааны Бурхан өс хонзонгийн зарлиг буулгасан мэт санагдаж байсан. Мөндөр бидэн дээр биш, тэдэн дээр унаж байсан. Дайснуудын маань малгай цоорч, урагдан, бууных нь иш хугарч, морьд нь үргэж зугтсан зэрэг хохирол амссан байхад бид майхан маань салхинд хийсэн унаж, норсноос өөр хохирол амсаагүй юм”1 хэмээн тайлбарласан.

Сүйтгэгч мөндөр бол уг шуурганы нэгээхэн хэсэг нь л байлаа. Бороо хувингаар цутгаж байгаа мэт орж, хоёр бүлгийг зааглаж байсан Фишинг гол үерлэж, түвшин нь бараг 12 метр өссөн байна. Өглөө нь л гэхэд дөнгөж шагайгаар татсан устай байсан аж.

Их Эзэн Сионы хуарангийн гишүүдэд “та нарын тулалдаануудад би тулалдах болно” (Сургаал ба Гэрээ 105:14) хэмээн амласан. Харин ийн амласан байхад аль тал нь ялах нь тодорхой.

Орчин цагийн гайхамшиг

Заримдаа үүнтэй адил түүхийг уншаад, ийм сэтгэл хөдөлгөм гайхамшиг таныг зовж зүдэрч байхад яагаад танд тохиолддоггүй юм бол гэж бодогддог байх.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд тус болох хэдэн ойлголтыг саяхан хуваалцсан. Тэр: “Хэзээ ч үүрэглэдэггүй, унтдаггүй Тэрээр тэнгэрлэг хүмүүний хувьд хийх хэрэгтэй бүх зүйлээсээ илүү Өөрийн хүүхдүүдийн аз жаргал, эцсийн өргөмжлөлд анхаардаг гэдгийг ойлгоорой. Тэрээр цэвэр хайрын алдар суут амьд жишээ бөгөөд Түүний алдрыг Нигүүлсэнгүй Эцэг хэмээдэг.

Та нар ‘Хэрэв тийм бол, Түүний хайр, нигүүлсэл бидний хувийн Улаан тэнгисийг хялбархан хувааж, бидэнд зовлон бэрхшээлээсээ салж, хуурай газар дээр алхах боломжийг өгөх байсан бус уу?’ гэж та асуух байсан байх” хэмээн хэлсэн.

Өөрөөр хэлбэл, Бурхан хүүхдүүдийнхээ төлөө тийм тулаанд урьд өмнө нь тулалдаж байсан юм бол одоо яагаад тулалддагггүй юм бэ? Яагаад бүх өвчин зовлонг арчиж хаяхгүй байгаа юм бэ? Яагаад дэлхий дахинд болж байгаа дайн дажин, өлсгөлөн, зовлон зүдгүүрийг төгсгөл болгохгүй байна вэ?

Эсвэл яагаад ядаж л зүгээр орхидоггүй дээрэлхүү хүүхдийг болиулахгүй байна вэ? Гэр бүлийнхэнд тань эв түнжинтэй байхад яагаад туслахгүй байгаа юм бол?

Ахлагч Холланд үргэлжлүүлэн “Ийм асуултуудад ‘Тийм ээ, Бурхан тэр даруй гайхамшгийг үйлддэг. Гэвч бидний мөнх бус амьдралд аялах аяллын хором мөч бүр Түүнийх бөгөөд Тэр ганцаараа удирдана гэдгийг бид эрт орой хэзээ нэгэн цагт мэдэж авах болно.’ Тэр бидний хүн бүрийн хуанлийг тус тусад нь хөтөлдөг”2 хэмээн заасан.

Та Бурханы зарлигуудыг дагахдаа Түүнээс тусламж авах эрхтэй. Гэвч хэрхэн эсвэл хэзээ тэр тусламж нь ирэхийг бидний хэн нь ч сонгодоггүй.

Санаандгүй адислал

Сионы хуаран руу түр эргэн очъё. Фишинг гол дээр болсон гайхамшиг үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Энэ нь Сионы хуарангийн гишүүдийн аяллынхаа туршид харсан цорын ганц гайхамшиг байгаагүй. Гэхдээ Ирээд, Намайг дага гарын авлагыг уншсанаар бүх зүйл гэгээнтнүүдийн төлөвлөснөөр болоогүй гэдгийг та нар энэ сар семинараас сурсан.

Тэд Сионы хуарангийн гол зорилго бол Жэксон гүнлэг дэх гэгээнтнүүдийн булаалгасан газрыг хилэгнэсэн дээрэмчдээс эргүүлэн авахад нь туслах явдал байсан гэж бодож байв.

Гэгээнтнүүд эзэмшил газраа эргүүлэн авсан уу? Үгүй.

Гэгээнтнүүд Миссури хүрэх 1450 орчим км замыг явган туулахдаа зовж зүдэрсэн үү? Тийм ээ. Заримдаа бүр маш их зүдэрч туйлдсан. Хамгийн хүнд нь, булчин задрах тахал хуарангаар тархаж, 13 хүний амийг авч оджээ.

Гаднаас нь харахад бүх хичээл зүтгэл нь талаар болсон мэт санагдаж болох ч хуаранд алхсан хүмүүс үүнийг арай өөрөөр харж байсан. Бригам Янг энэхүү үйл явдын талаар “Би … маш өндөр хүүтэй төлбөр авснаа, тийм ээ, бошиглогч [Иосеф Смиттэй] хамт аялснаар хүлээж авсан миний мэдлэг бялхаж байгаа тухай хэлсэн”3 хэмээн ярьжээ.

Сионы хуарангийн өөр олон гишүүн авсан сургамжаа, уг аяллын үнэ цэнийн тухай мөн ярьсан байдаг. Бошиглогч Иосеф Смит өөрөө “Ах нар аа, та нарын зарим нь Миссурид тулалдуулаагүйд надад уурлаж байгаа байх. Гэхдээ Бурхан та нарыг тулалдуулахыг хүсээгүй гэдгийг би хэлэх гэсэн юм. Тэрээр Абрахамын адил агуу золиос гаргасан, амиа өгөхөөс ч буцахгүй хэсэг эрээс [өөрийн удирдагчдыг] сонгохгүй бол … хаант улсаа байгуулж чадахгүй”4 хэмээсэн.

Сионы хуаран

Сионы хуаран К.К.А.Кристэнсэн

Иитгэлтэй байдлынхаа үр дүнд тэд газраа эргүүлэн авч чадаагүй байж болох ч өөр олон арга замаар харамгүй адислагдсан. Өөрийн амьдралаас ч гэсэн та энэхүү хэв загварыг анзаарсан байх. Бурхан зовлон бэрхшээлээр маань дамжуулан биднийг хэн болоход тусалсан явдал ихэвчлэн биднийг зовлонгоос маань чөлөөлөхөөс илүү агуу гайхамшиг байдаг.

Бурханы хэдэн ялалт

Та нар эхэн үеийн гэгээнтнүүдийн амьдралыг судалж байхдаа Бурханы нөлөөг олон удаа олж харах болно. Та эар гайхалтай адислалуудын тухай уншиж, мөн хүнд хэцүү зовлон зүдгүүртэй тулгарч байсан үеийг олж мэднэ. Гэвч эцсээ хүртэл Бурханд итгэсэн хүмүүсийн хувьд тэд мөнхийн шагнал авах нь гарцаагүй.

Бурханыг дагаж, Түүнд итгээ найдах үед Тэр та нарын тулалдаанд тулалдаж, хэрэгтэй гайхамшгийг өгөх болно! Эдгээр гайхамшиг нь Түүний арга зам, цаг хугацаанд ирэх боловч үр дүн нь тодорхой. Аливаа зовлон бэрхшээл энэ амьдралд юм уу ирэх амьдралд бүрмөсөн шийдэгдэх болно. Үүнтэй адил өөр нэгэн чухал зүйл бол Түүнийг дагавал та нар хэзээ ч ганцаар алхахгүй. “Тиймийн тул, итгэлтэй бай; мөн болгоогтун, мөн харагтун, бүр төгсгөл хүртэл би та нартай хамт байна” (Сургаал ба Гэрээ 105:41).

Эх сурвалж

  1. History, 1838–1856, volume A-1 (23 December 1805–30 August 1834), 497, josephsmithpapers.org.

  2. Жэффри Р.Холланд, Их Эзэнийг хүлээх, (Ensign эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 128).

  3. Brigham Young, “Discourse,” Deseret News, Dec. 3, 1862, 177.

  4. Joseph Smith, in Joseph Young Sr., History of the Organization of the Seventies (1878), 14.