2021
Сонголтууд
2021 оны 9-р сар


“Сонголтууд” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 9-р сар, 12–14

Сонголтууд

чононууд

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Олон жилийн өмнө манай Ерөнхий эрх мэдэлтнүүдийн нэг нь энэхүү ярвигтай түүхийг хуваалцсан юм.

Нэгдсэн Улсын индиан овгуудын нэг болох Чероки овгийн нэгэн ухаалаг эр ач хүүдээ амьдралын талаар нэгэн сургаалт зүйрлэл ярьж өгчээ. Өвөө нь Миний дотор хоёр чонын ширүүн тулаан болдог.” Нэг нь хилэнцэт бөгөөд уур хилэн, атаа хорсол, гомдол, харуусал, шунал, худал хуурмагаар дүүрэн. Нөгөө нь сайн бөгөөд нинжин сэтгэл, эелдэг, даруу байдал, үнэн, хайр, баяр баяслаар дүүрэн. Энэ тулаан бидний хүн нэг бүрийн дотор болж байдаг” хэмээн ярьжээ.

“Аль чоно нь ялах вэ?” хэмээн ач хүү нь асуухад,

“Чиний хооллох нэг нь” хэмээн өвөө нь ухаалгаар хариулсан байна.1

Энэхүү хоёр чонын тухай сургаалт зүйрлэл нь мөнхийн үнэнийг таниулдаг. Бурханы хүүхдүүд сайн, муугийн хооронд сонголт хийхээр төрсөн. Сөрөг тал бидэнд утга учиртай, зөв сонголт хийх боломжийг олгодог. Мормоны Ном энэхүү үнэнийг “Учир юун хэмээвээс бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй” 2 хэмэнн судрын хэлээр заадаг.

Бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө эдгээр сонголтод туслах дор хаяж хоёр бэлгийг өгдөг. Энэ нь (1) Тэрээр бидний сонголтод удирдамж чиглэл өгөх Ариун Сүнсийг өгдөг, (2) Тэр бидэнд Аврагчийг өгсөн бөгөөд Түүний Цагаатгал хилэнцэт чоныг хооллох муу сонголтын үр дагаврыг арилгах наманчлах боломжийг олгодог.

Есүс Христ

I. Наманчлал ба өршөөл уучлал

Намайг өсвөр үеийнхэнтэй ярьж байхад тэдний хамгийн их хөндөж асуудаг сэдэв бол наманчлал юм. “Та хангалттай наманчилснаа хэрхэн мэдэх вэ?” “Үнэхээр өршөөгдсөн гэдгээ та яаж мэдэх вэ?” Эдгээр асуултын хариулт нь тэнгэрийн захиасыг авчирдаг Бурхан Тэргүүтэний нэг гишүүн болох Ариун Сүнсээр дамжин ирдэг.

Наманчлалын бэлгийг “сайн мэдээний баярт мэдээ”3 хэмээн нэрлэсэн. Энэ нь бидэнд хилэнцэт чоныг тэжээсэн, Ариун Сүнсний өдөөлтийг сонсох чадварыг маань сулруулсан хорон муу сонголтын үр дагаврыг арилгах боломжийг олгодог. Наманчлалд буруу зүйл хийснээ ухаарч, тухайн зүйлээ хийхээ больж, зүрх сэтгэлээ Бурханд хандуулах шийдвэр гарган, Түүний зарлигуудыг дагах явдал багтдаг. Бид наманчлахдаа Есүс Христийн Цагаатгалын хүчийг ашигладаг бөгөөд энэ нь Түүнийг Аврагчаа хэмээн талархах сэтгэл, хайрыг маань нэмэгдүүлдэг.

Наманчлах хэрэгцээ нь бишоптоо хийснээ хүлээх шаардлагатай ноцтой гэм нүглээр хязгаарлагдахгүй. Наманчлал бол өдөр тутам хийх ёстой зүйл юм. Ихэнх наманчлалд буруу зүйл хийснээ өөрөө ухааран, өөрчлөгдөхөөр шийдэж, гомдоож хохироосон хүмүүстэйгээ эвлэрэх хичээл зүтгэл багтдаг. Хоёр чонын тухай сургаалт зүйрлэлийн талаас харах юм бол наманчлал нь уурлаж, атаархахыг сонгосноор хилэнцэт чоныг өчүүхэн ч болов тэжээж тэтгэхээ болих явдал юм. Мөн бид Бурханы өгсөн цаг хугацааг биднийг хөгжүүлж сайжруулахгүй олон үйл ажиллагаанд хий дэмий үрэхдээ наманчлах (өөрчлөгдөх) хэрэгтэй.

II. Чухал өөрчлөлтийг олж харах

Наманчлалын нэгэн гайхалтай үр дүн бол ухаалаг сонголт хийхэд бидэнд тусалж, баяр баяслаар дүүргэдэг Ариун Сүнсний нөлөөллийг мэдрэхийн тулд дахин зөв зохистой гэдгээ дахин нотлох явдал юм. Олон өсвөр үеийнхэн “Миний хүлээж авсан өдөөлт эсвэл хариулт миний хүссэн зүйл биш, үнэхээр Их Эзэнээс ирсэн гэдгийг би хэрхэн мэдэх вэ?” гэж боддог.

Өдөөлт нь Ариун Сүнснээс ирсэн захиас уу эсвэл зөвхөн хувийн хүсэл үү гэдгийг таньж мэдэхийн тулд бид гурван үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.

  1. Ариун ёслол дээр өгдөг “Түүний Сүнсийг [өөрсөдтэйгөө] үргэлж хамт байлгана” гэсэн амлалтыг бид Түүний нэрийг өөрсдөдөө авч, үргэлж Түүнийг санаж, зарлигуудыг нь дагана гэсэн амлалтынхаа дараа өгдөг.4 Бид эдгээр амлалтаа биелүүлэхгүй бол мэдэрч байгаа өдөөлтийнхөө эх сурвалжийг андуурах нь амар.

  2. Их Эзэнээс ирдэг өдөөлтүүд нь өөрийн ашиг сонирхолын араас хөөцөлдөж эсвэл дэлхийн үйл явдлаар хүрээлүүлсэн үед бус, харин чимээ аниргүй амар тайван мөчид эсвэл шүтэн биширч, судраас суралцаж, залбирч, дуудлагадаа үйлчилж байх үед ихэвчлэн ирдэг.

  3. Эцэст нь явж буй чиглэлээ өөрчлөх удирдамжийг бид маш сайн мэдэрдэг байх хэрэгтэй. Зүг чиглэлээ өөрчлөх өдөөлт нь эртнээс хийхийг хүсэж байгаа зүйлээ дагах өдөөлтөөс илүү найдвартай байж болох юм.

III. Зөв зүйл хэзээ ч зөв хэвээр

Хайрт залуу анд нөхөд минь, та нар аав, ээж, өвөө, эмээгийнхээ үзэж туулснаас тэс өөр дэлхийд өсөн торниж байна. Энэ нь эртний үнэт зүйлс, зарлиг тушаалууд хүчинтэй хэвээр гэдгийг санах нь та нарын хувьд нэн чухал зүйл гэсэн үг юм. Бид Бурханы хүүхдүүд бөгөөд галт тэргээр эсвэл сансрын хөлгөөр аяллаж аль эсвэл дуу хоолойгоороо эсвэл мэссэжээр харилцаж байгаагаас үл хамааран Түүний зарлигууд амин чухал хэвээр.

Кино жүжигчид, телевизийн алдартнууд, спортын одод юу гэж хэлэхээс үл хамааран зөв зүйл зөв хэзээ ч хэвээр, буруу зүйл ямар ч үеэд буруу хэвээр байна. Судрууд дахь жишгүүд, амьд бошиглогчдын сургаал, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх эрхэм чанарууд нь бэлгийн харьцааны цэвэр ариун байдал, бие махбодын эрүүл мэнд, үнэнч шударга байдал, хувцаслалт ба гадаад төрх болон бусад бүх сэдвээр хувийн сонголт хийхэд хамгийн сайн удирдамж хэвээр байна. Та нар тэдгээрийг итгэлтэйгээр дагавал адислагдах болно. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө нэртэй товхимол та нарын жишиг байх ёстой. Энэ нь Их Эзэн Өөрийн өсвөр үеийнхнээс баримтлахыг шаарддаг жишиг юм”5 хэмээн заасан.

Дэлхий дахины өсвөр үеийнхэнд зориулсан хүчирхэг онцгой цугларалтынхаа үеэр бидний бошиглогч:

“Хэрэв та нар Ариун Сүнсний шивнээг хэрхэн сонсоход суралцах хамгийн чухал, сүнслэг ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай сүнслэг ажлыг чин сэтгэлээсээ, уйгагүй хийвэл амьдралдаа хэрэгтэй бүхий л удирдамжийг авах болно. Асуултын тань хариулт Их Эзэний арга зам, цаг хугацаанд өгөгдөх болно”6 хэмээн амласан.

Би түүнийх дээр өөрийн амлалтыг нэмээд, сургаал болон Цагаатгал нь бүх зүйлийг боломжтой болгодог бидний Аврагч, Есүс Христийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.