Эгч нараасаа гуйх гуйлт
Бидэнд та нарын хүч чадал, хөрвөлт, итгэл үнэмшил, удирдах чадвар, мэргэн ухаан, дуу хоолой хэрэгтэй.
Хүндэт ахлагч Расбанд, Стивэнсон, Рэнланд ах нар аа, бид та бүхнийг Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад тавтай морилно уу хэмээн урьж байна. Бурханы Өөрийн бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсонд өгдөг илчлэлтүүдэд талархаж байна.
Ах, эгч нар аа, бид зургаан сарын өмнө ерөнхий чуулганы үеэр уулзахдаа Сүмийн гишүүн бүрд хүчтэй нөлөөлөх өөрчлөлт ирж байгааг бидний хэн нь ч төсөөлөөгүй билээ. Ахлагч Л. Том Пэрри гэрлэлт, гэр бүл нь Их Эзэний төлөвлөгөөнд юугаар ч орлуулшгүй үүрэг гүйцэтгэдэг талаар хүчирхэг захиас хуваалцсан. Хэдхэн хоногийн дараа түүнийг хорт хавдартай гэдгийг олж мэдээд бид цочирдсон билээ.
Хэдийгээр ерөнхийлөгч Боид К.Пакэрын эрүүл мэнд муудаж байсан ч, тэр Их Эзэний ажлыг “хариуцлагатай” үргэлжлүүлж байлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард түүний бие тааруу байсан боловч тэрээр амьсгалж байгаа цагтаа гэрчлэлээ тунхаглах шийдвэр төгс байсан. Ахлагч Пэрриг нас барснаас 34 хоногийн дараа ерөнхийлөгч Пакэр хөшигнөөс цааш алхсан.
Бид өнгөрсөн чуулганаар ахлагч Ричард Г.Скоттыг үгүйлсэн ч урьд өмнөх чуулганууд дээр түүний хуваалцсан Аврагчийн тухай хүчирхэг гэрчлэлийг нь эргэцүүлэн бодсон билээ. Арванхоёр өдрийн өмнө ахлагч Скотт гэртээ буцаж, хайрт Женинтэйгээ эргэн нэгдсэн юм.
Амьдралынх нь эцсийн өдрүүдэд эдгээр ахтай болон ерөнхийлөгч Пакэр, ахлагч Скотт нарыг нас барахын өмнөхөн гэр бүлийнхэнтэй нь хамт байх хүндтэй үүрэг надад тохиосон. Гурван эрхэм анд, Их Эзэний агуу үйлчлэгчид халин одсонд итгэхэд бэрх байлаа. Би тэднийг үгээр хэлэхийн аргагүй их санаж байна.
Эдгээр гэнэтийн үйл явдлыг эргэцүүлэх үед миний оюун санаанаас гардаггүй зүйлсийн нэг нь тэдний хайрт эхнэрүүдээс ажигласан зүйл байсан юм. Донна Смит Пакэр, Барбара Дэйтон Пэрри эгч нар нөхрүүдээ асарч байхдаа хэчнээн амар амгалан байсныг би мартахгүй. Тэд хайр, үнэн, жинхэнэ итгэлээр дүүрэн байсан билээ.
Амьдралынх нь эцсийн мөчид нөхрийнхөө дэргэд сууж байсан Пакэр эгч бүх оюун ухаанаас дээгүүрх амар амгалангийн гайхалтай жишээг үзүүлсэн.1 Амьдралынхаа дал шахам жилийг хамтдаа туулсан хайрт хань нь мөдхөн насан эцэслэх гэж буйг мэдэж байсан ч тэр итгэл дүүрэн эмэгтэйн амар амгалан байдлыг харуулсан юм. Тэрээр Бригам Сити ариун сүмийг онцгойлон адислах үеэр авахуулсан зурган дээр гарсан шигээ тэнгэр элч мэт байсан.
Би үүнтэй адил хайр, итгэлийг Пэрри эгчээс олж харсан. Нөхөртөө болон Их Эзэнд үзүүлэх үнэнч байдал нь илхэн байсан бөгөөд энэ нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.
Эр нөхрүүдийнхөө амьдралын эцсийн мөчид төдийгүй өнөөдөр ч гэсэн энэ хоёр мятаршгүй эмэгтэй гэрээгээ сахидаг эмэгтэйчүүдийн үргэлж харуулдаг хүч чадал, зоригийг харуулсаар байна.2 Ийм эмэгтэйчүүд эхнэр, ээж, эмээ, эгч, авга эгч, багш, удирдагч, үлгэрлэн дагуулагч ба итгэлээ хамгаалагчдын хувьд гэр бүлдээ төдийгүй Их Эзэний Сүмд үзүүлдэг нөлөөг хэмжих боломжгүй юм.3
Энэ нь Адам, Ева хоёрын үеэс эхлэн сайн мэдээний эрин үе бүрд ийм байсаар ирсэн. Манай эрин үеийн эмэгтэйчүүд бусад үеийн эмэгтэйчүүдээс ялгаатай. Учир нь бидний эрин үе бусад эрин үеүдээс нэн өвөрмөц юм.4 Энэ өвөрмөц онцлог нь онцгой эрх, үүрэг хариуцлагыг авчирдаг.
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл гучин зургаан жилийн өмнө, 1979 онд гэрээгээ сахидаг эмэгтэйчүүд Их Эзэний Сүмийн ирээдүйд чухал нөлөө үзүүлэх талаар гайхалтай бошиглолыг хэлсэн. Тэрээр, “Дэлхийн сайн эмэгтэйчүүд олноороо Сүмд нэгдэх бөгөөд үүнээс үүдэн хожмын өдрүүдэд Сүмд томоохон өсөлт гарах болно. Энэ өсөлт нь Сүмийн эмэгтэйчүүдийн өөрсдийн амьдралд зөв шударга байдал, мэргэн ухааныг харуулахын зэрэгцээ Сүмийн эмэгтэйчүүдийн амьдрал аз жаргалтай ба тэд дэлхийн эмэгтэйчүүдээс ялгагдах өвөрмөц онцлогтой гэдгээ харуулахын хэрээр тохиох болно”5 хэмээн бошигложээ.
Хайрт эгч нар минь, та нар бол эцсийн өдрүүд дэх бидний хамгийн чухал хамтрагчид юм. Энэ талаар бүү эргэлзээрэй. Ерөнхийлөгч Кимбаллын зөгнөн харсан өдөр бол өнөөдөр юм. Түүний үзэгдэлд үзсэн эмэгтэйчүүд бол та нар. Та нарын ариун журам, гэрэл гэгээ, хайр, мэдлэг, эр зориг, зан чанар, итгэл, зөв шударга амьдрал дэлхийн сайн эмэгтэйчүүдийг болон тэдний гэр бүлийг хэзээ ч байгаагүй их тоотойгоор Сүмд авчрах болно!6
Ах нар бидэнд та нарын хүч чадал, хөрвөлт, итгэл үнэмшил, удирдах чадвар, мэргэн ухаан, дуу хоолой хэрэгтэй. Ариун нандин гэрээ хийж, тэдгээрийг сахидаг, Бурханы хүч чадал болон эрх мэдлээр ярьдаг эмэгтэйчүүдгүйгээр Бурханы хаант улс бүрэн биш бөгөөд бүрэн байж чадахгүй!7
Ерөнхийлөгч Пакэр:
“Бидэнд зохион байгуулагдсан, зохион байгуулж чадах эмэгтэйчүүд хэрэгтэй. Бидэнд удирдах чадвартай буюу төлөвлөж, удирдаж, үйлчилдэг, заадаг мөн зоригтой ярьдаг эмэгтэйчүүд хэрэгтэй байна. …
“Бидэнд дэлхийн чиг хандлагыг хараад, хэчнээн нэр алдартай ч гэсэн хуурамч эсвэл аюултай хүмүүсийг илрүүлж чадах ялган таних чадвартай эмэгтэйчүүд хэрэгтэй байна.”8
Итгэлээрээ дамжуулан чухал зүйлүүдийг тохиолгон авчирдаг, нүгэлд автсан дэлхийд ёс суртахууныг болон гэр бүлийг зоригтойгоор хамгаалдаг эмэгтэйчүүд өнөөдөр бидэнд хэрэгтэй байна. Бидэнд Бурханы хүүхдүүдийг гэрээний зам дээр өргөмжлөлд хүртэл хөтлөхөд бүхнээ зориулсан, хувийн илчлэлт хүлээн авч мэддэг, ариун сүмийн хишгээс ирдэг амар амгаланг ба хүчийг мэддэг, хүүхдүүд болон гэр бүлүүдээ хамгаалж, хүчирхэгжүүлэхийн тулд тэнгэрийн хүчийг хэрхэн дуудахыг мэддэг, хэнээс ч эмээлгүй заадаг эмэгтэйчүүд хэрэгтэй байна.
Амьдралынхаа турш би ийм эмэгтэйчүүдийн ачаар адислагдсаар ирсэн. Миний талийгаач эхнэр Данзэл ийм эмэгтэй байсан. Зүрхний мэс засал хийх шинэ арга нэвтрүүлэхэд болон амьдралын минь бүх хэсэгт асар их нөлөө үзүүлсэнд нь би түүнд үргэлж талархаж явдаг.
Тавин найман жилийн өмнө би төрөлхийн зүрхний өвчнөөс болоод хүнд өвдсөн нэгэн бяцхан охинд мэс засал хийхээр болсон юм. Түүний ах нь иймэрхүү өвчнөөр нас барсан байв. Түүний эцэг эх нь надаас туслахыг гуйлаа. Надад мэс засал амжилттай болно гэсэн найдвар байгаагүй ч гэсэн би түүний амийг аврахын тулд чадах бүхнээ хийх болно гэж амласан. Би чадах бүхнээ хийсэн боловч тэр охин нас барсан. Үүгээр ч зогсохгүй түүний эцэг эх нь зүрхний согогтой төрсөн 16 сартай бас нэг охиноо авчирсан юм. Тэдний хүсэлтээр би мэс засал хийсэн боловч энэ хүүхэд бас л нас барсан. Энэ гэр бүл гурван хүүхдээ алдахыг харах нь намайг бүрмөсөн үгүй хийсэн.
Би уй гашууд дарагдан гэртээ ирээд, зочны өрөөнийхөө шалан дээр хэвтэн шөнөжин уйлсан. Данзэл миний дэргэдээс холдоогүй бөгөөд дахин хэзээ ч зүрхний мэс засал хийхгүй гэж дахин дахин хэлэхийг минь сонсож байлаа. Тэгээд өглөөний 5:00 цагийн үед Данзэл над руу хараад, намуухнаар, “Чи уйлж дууссан уу? Тийм бол хувцсаа өмс. Эмнэлэг рүү буцаж очоод ажилла! Чи илүү сайн судлах ёстой. Хэрэв чи одоо бууж өгвөл чиний мэдэрсэн зүйлийг бусад хүмүүс биеэрээ үзэж зовох болно” гэж хэлсэн.
Эхнэрийн минь алсын хараа, тууштай чанар, хайр надад үнэхээр их хэрэгтэй байлаа. Данзэл сүнслэгээр өдөөгдөж, намайг дэмжээгүй бол би зүрхний сайн мэс засалч болохгүй байсан бөгөөд 1972 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын амийг аврах мэс заслыг хийхэд бэлтгэгдээгүй байх байсан.9
Эгч нар аа, та нар Сүнсний удирдамжаар зүрх сэтгэл, оюунд тань ирдэг зүйлүүдийг ярих үедээ ямар өргөн цар хүрээнд нөлөө үзүүлдэг болохоо ухаарч байна уу? Нэг гайхалтай гадасны ерөнхийлөгч гадасны зөвлөлийн хурал дээр нэгэн хүнд сэдвийг хэлэлцэж байсан тухайгаа надад хэлсэн юм. Хурлын дундуур тэр гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч яриагүй гэдгийг анзаарсан бөгөөд хэлэх зүйл байгаа эсэхийг түүнээс асуужээ. “Юу л даа, надад хэлэх зүйл байна” гэж тэр хариулав. Түүний хуваалцсан зүйл нь хурлын үр дүнг бүхэлд нь өөрчилсөн байна. Гадасны ерөнхийлөгч цааш нь, “түүнийг ярих үед тэрээр зөвлөлөөрөө хайж байсан илчлэлтийг илэрхийлсэн гэдгийг Сүнс надад гэрчилсэн” гэж хэлсэн.
Хайрт эгч нар минь, та нар ямар ч дуудлагатай, ямар ч нөхцөл байдалд байсан та нарын санал, үзэл бодол, сүнслэг удирдамж бидэнд хэрэгтэй. Та нар тойрог, гадасны зөвлөлүүд дээр дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна. Гэрлэсэн эгч бүр нөхөртэйгөө нэгдэж, гэр бүлээ удирдах үедээ “оролцоо бүхий мөн эрх тэгш хамтрагч”10 байх хэрэгтэй. Гэрлэсэн эсвэл ганц бие ч бай эгч нар минь та бүхэн Бурханаас бэлэг болгон авсан өвөрмөц чадвар, онцгой зөн совинтой. Ах нар бид чинь та нарын өвөрмөц нөлөөг орлож чадахгүй.
Бид бүтээлтийн үйл явцын хамгийн эцсийн хийгээд агуу үйл явдал нь эмэгтэй хүний бүтээлт байсан гэдгийг мэднэ!11 Бидэнд та нарын хүч чадал хэрэгтэй!
Сүм, сүмийн сургаал, бидний амьдралын хэв маяг руу чиглэсэн дайралт нэмэгдэх болно. Тийм учраас бидэнд Христийн сургаалын талаар бат бөх ойлголттой, үүнийгээ зааж, нүглийг эсэргүүцэж чадах үр удмыг өсгөх эмэгтэйчүүд хэрэгтэй.12 Бидэнд бүх төрлийн хууран мэхлэлтийг илрүүлж чадах эмэгтэйчүүд хэрэгтэй байна. Бидэнд гэрээгээ сахиж, итгэл үнэмшлээ өөртөө итгэл, энэрлээр илэрхийлдэг, хүмүүст Бурханы өгдөг хүчийг хэрхэн ашиглахыг мэддэг эмэгтэйчүүд хэрэгтэй. Бидэнд Ева шиг эр зориг, алсын хараатай эмэгтэйчүүд хэрэгтэй байна.
Хайрт эгч нар аа, мөнхийн амьдралд тань та нарын хөрвөлтөөс илүү нөлөөлөх зүйл гэж үгүй. Миний хайрт эхнэр Уэндийн адил эмэгтэйчүүд хөрвүүлэгдсэн, гэрээт эмэгтэйчүүдийн зөв шударга амьдрал нь сулран доройтож буй дэлхий дээр улам бүр ялгарах бөгөөд тэд өөрсдөө хамгийн аз жаргалтай байдлаараа илт ялгаран, өөр харагдах болно.
Тиймээс өнөөдөр би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эгч нараас зоримог үйлдэл хийхийг гуйж байна! Гэр орон, нийгэм, Бурханы хаант улсад эзлэх ёстой байр сууриндаа урьдынхаасаа илүү бат зогсогтун. Би та бүхнээс ерөнхийлөгч Кимбаллын бошиглолыг биелүүлэхийг гуйж байна. Та нар үүнийг хийвэл Ариун Сүнс та бүхний нөлөөг өмнө нь байгаагүй ихээр нэмэгдүүлнэ гэдгийг би Есүс Христийн нэрээр амлаж байна!
Би Есүс Христ болон Түүний гэтэлгэгч, цагаатгагч, ариусгагч хүч чадал бодит гэдгийг гэрчилж байна. Хайрт эгч нар минь, Түүний төлөөлөгчийн хувьд би та бүхэнд талархаж явдаг бөгөөд хамтдаа энэ ариун нандин ажилд мөр зэрэгцэн зүтгэхдээ та нарыг чадвараа бүрэн ашиглаж, бүтээгдсэн зорилгоо биелүүлэх болтугай хэмээн адисалж байна. Бид хамтдаа Их Эзэний хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд тусалж чадна. Та нарын ахын хувьд би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.