Бүү ай, зөвхөн итгэ
Бид итгэхийг сонгож, итгэлээрээ наманчилж мөн Аврагч Есүс Христийг дагаснаараа өөрсдийн сүнслэг нүдийг төсөөлөхийн аргагүй алдар суу тийш нээдэг.
Вавилон ба Даниел
Хоёр мянга зургаан зуун жилийн тэртээ Вавилон дэлхийн хамгийн их хүчирхэг улс байлаа. Нэгэн эртний түүх судлаач Вавилоныг хүрээлсэн ханыг 90 метрээс өндөр, 25 метр өргөн байсан хэмээн тодорхойлсон байдаг. Түүний бичсэнээр “Үүний сүр жавхланд дөхөж очих өөр хот үгүй”1 гэжээ.
Энэ үедээ Вавилон нь дэлхийн эрдэм мэдлэг, хууль болон гүн ухааны төв байв. Цэргийн хүчээр ч мөн эн зэрэгцэх улс байсангүй. Тэд Египетийн хүчийг бут цохисон. Ассирийн нийслэл Ниневе хотыг дайран, шатааж тоносон. Тэд Иерусалимыг ч бас хялбархан эзэлж, Израилийн хүүхдүүдийн хамгийн ухаантай, сайныг нь Небухаднезар хаанд үйлчлүүлэхээр олзлон авчээ.
Эдгээр олзлогсдын нэг нь Даниел хэмээх залуу хөвгүүн байв. Олон эрдэмтэн Даниелийг тэр үед 12-оос 17 орчим настай байсан гэж таамагладаг. Хайрт Аароны санваартнууд аа, энэ талаар бодоод үз дээ: Хааны өргөөнд дэлхийн Вавилоны хэл, хууль, шашин, шинжлэх ухааныг суралцахаар аваачигдахдаа Даниел та нартай чацуу байсан байна.
Орон гэрээсээ хөөгдөн гарч, гадны хот руу 800 км явган туугдаж, дайснуудынхаа шашинд суралцахад түүнд ямар санагдаж байсан бол?
Даниел Иеховаг дагагч болон өссөн байсан юм. Тэрээр Абрахамын, Исаакийн мөн Иаковын Бурханд итгэж, шүтэн биширдэг байв. Тэрээр бошиглогчдын үгсийг судалж, Бурхан хүнтэй харилцдагийг мэддэг байсан.
Гэвч одоо бага залуу насандаа тэрээр Вавилонд сурагч-хоригдол болсон байв. Түүнийг хуучин итгэлээ орхиж, Вавилоны шашныг дага гэсэн дарамт шахалт асар их байсан байх. Гэвч тэр үг, үйлсээрээ өөрийн итгэлд үнэнч хэвээр үлдсэн юм.
Олонхын дургүй үнэнийг хамгаалах нь ямар байдгийг та нарын олон нь мэдэх байх. Өнөөгийн интернэтийн хэллэгээр бол, бидэнтэй санал нийлдэггүй хүмүүсээр “шатаагдах” талаар бид ярьдаг. Харин Даниел олны өмнө доог тохуу болохоос хамаагүй хүнд зүйлтэй нүүр тулсан. Вавилонд шашны эрх мэдэлтнүүдтэй тэрсэлдсэн хүмүүс “шатаагдах” гэдэг нь юу болохыг жинхэнэ утгаар нь сайн ойлгож, мэддэг байв. Даниелийн найзууд Шадрах, Мешах, Абед-него нараас үүнийг асуу.2
Ийм орчинд итгэгч байхад Даниелд хэр хэцүү байсныг би мэдэхгүй. Зарим хүн итгэгч зүрх сэтгэлээр анхнаасаа адислагдсан байдаг бөгөөд тэдэнд итгэл нь тэнгэрээс ирсэн бэлэг мэт байдаг. Гэхдээ би Даниелийг бидэнтэй адилаар гэрчлэлээ хөдөлмөрлөж байж олж авснаар төсөөлдөг. Даниел олон цагийг өвдөг сөгдөн залбиран, асуулт, айдсаа итгэлийн тахилын ширээнд авчирч, Их Эзэнээс ойлголтыг мөн мэргэн ухааныг хүлээж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна.
Хариуд нь Их Эзэн Даниелийг адисалсан. Түүний итгэлийг сорьж, доог тохуу болгосон ч тэрээр өөрийн мэдэх үнэн зүйлсдээ үнэнч хэвээр үлдсэн.
Даниел эргэлзэлгүй итгэсэн юм.
Нэгэн шөнө Небухаднезар хаан санааг нь түгшээсэн нэгэн зүүд зүүдэлжээ. Тэрээр зурхайч, мэргэ төлөгч, зөвлөхүүдээ цуглуулаад, өөрийнх нь зүүдийг болон тайллыг нь хэлэхийг шаардав.
Мэдээж, тэд үүнийг чадсангүй. “Таны асуусныг хийж чадах нэг ч хүн үгүй” гэцгээв. Үүнээс болж Небухаднезар маш их хилэгнэж, бүх мэргэн, илбэчин, зурхайч, зөвлөхөө, түүний дотор Даниелийг болон Израилын залуу шавь нарыг тасчин хаях тушаал гаргав.
Даниелийн номыг уншсан та нар цааш юу тохиолдсоныг мэднэ. Даниел Небухаднезараас хугацаа өгөхийг гуйгаад, итгэлт хамтрагчидтайгаа тэдний итгэл, ёс суртахууны эх сурвалж болох Түүнд хандав. Тэд амьдралынхаа тэрхүү чухал мөчид Бурханд хандан, тэнгэрийн тусламж гуйн залбирчээ. Тэгээд “энэ нууц Даниелд … үзэгдэл дотор илчлэгджээ.”3
Өөрийн хачирхалтай шашинд итгэдгээсээ болж хавчигдан гадуурхагдсан, эзлэгдсэн улсын залуу хөвгүүн Даниел хааны өмнө очиж зүүд, тайллыг нь илчлэв.
Бурханд итгэлтэй байсны үр дүнд тэр өдрөөс хойш Даниел хааны итгэлтэй зөвлөх болж, бүх Вавилонд мэргэн ухаанаараа танигдав.
Итгэлдээ үнэнчээр амьдарсан хүү Бурханы хүн болон өсч, бошиглогч, зөв шударгын ханхүү болсон билээ.4
Бид Даниелтай адил байна уу?
Бурханы ариун санваарыг атгадаг бид бүгдээрээ Даниелтай адил байж чадаж байна уу гэж би асууя.
Бид Бурханд үнэнч байдаг уу?
Бид номлосон зүйлсээ биелүүлдэг үү эсвэл зөвхөн ням гаргийн Христийн итгэгчид үү?
Бидний өдөр тутмын үйлс үйлдэл бидний итгэдэг гэж ярьдаг зүйлсийн илрэл болж байна уу?
Бид “ядуус хийгээд гачигдагсад, өвчтөнүүд хийгээд зовж шаналагсдад” тусалж байна уу?5
Бид зүгээр яриад өнгөрдөг хүмүүс үү? Эсвэл ярьсан зүйлсээ үйлсээрээ үзүүлдэг хүмүүс үү?
Ах нар аа, бидэнд олон зүйл өгөгдсөн. Бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тэнгэрлэг үнэнүүдийг заалгасан. Бидэнд бусдад тусалж, мөн дэлхий дээрх Бурханы хаант улсыг байгуулахын тулд санваарын эрх мэдлийг итгэл хүлээлгэн өгсөн. Бид сүнслэг хүч чадал агуу их юүлэгдэж буй цаг үед амьдарч байна. Бидэнд үнэн бүрэн дүүрнээрээ байна. Бидэнд дэлхий дээр болон тэнгэрт лацдах санваарын түлхүүрүүд байна. Бидэнд урьд нь хэзээ ч байгаагүй ариун нандин судар, амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгс байна.
Хайрт найз нар минь, эдгээр зүйлийг хөнгөн хуумгай хүлээн авч болохгүй. Эдгээр адислал, боломжийг даган асар их үүрэг хариуцлага ирдэг. Эдгээрийг хүлээн авч, хэрэгжүүлцгээе.
Эртний Вавилон балгас болсон. Бахдам үзэсгэлэн нь хэдийнэ үгүй болсон. Гэвч Вавилоны ёс бус явдал, дэлхийн шунал байсаар байна. Итгэлгүй дэлхийн дунд итгэгчид болж амьдрах нь эдүгээ бидэнд оногдож байна. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний зарчмуудыг өдөр бүр амьдралдаа хэрэгжүүлэн, Бурханы зарлигуудыг даган амьдрах сорилт бидэнд байгаа. Бид үеийнхнийхээ дарамт шахалтыг тайван тэвчиж, нийтийг байлдан дагуулагч зүйлс эсвэл хуурамч бошиглогчдын үгсэд үл автан, бурханлаг бус хүмүүсийн тохуурхлыг үл ойшоож, хилэнцэт нэгний уруу таталтыг тэвчин, залхуурлаа даван гарах хэрэгтэй болно.
Бодоод үз дээ. Вавилоны амьдралын хэв маягийг даган амьдрах нь Даниелд хэр амар хялбар байх байсан бол? Израилийн хүүхдүүдэд өгсөн Бурханы ёс дүрмийг хойш тавьж болох байсан. Тэрээр хааны өгсөн өег тансаг хоол ундыг зооглон, эгэл хүний жаргалыг эдэлж болох байсан. Тэгснээр тэр доог тохуу болохгүй байх байсан.
Тэрээр олны дунд нэр хүндтэй байх байсан.
Тэр эргэн тойронтойгоо зохицох байсан.
Түүний амьдрал илүү хялбар байж болох байсан байх.
Мэдээж, энэ нь хаан зүүднийхээ тайллыг нэхэх хүртэл л үргэлжлэх байсан. Тэгэхэд Даниел Вавилоны бусад “мэргэдтэй” адил гэрэл ба үнэний жинхэнэ эх булгаас тасарсан байгаагаа олж мэдэх байсан.
Даниел сорилтоо давсан. Харин биднийх үргэлжилж байна.
Итгэх зориг
Бидний дайсан Сатан биднийг ялагдаасай гэж хүсдэг. Тэрээр бидний итгэлийг устгахын тулд худал хуурмагийг тараадаг. Тэрээр аливаа зүйлсэд итгэдэггүй, эргэлздэг, зайгаа барьдаг хүмүүсийг боловсорсон, ухаалаг хэмээн харагдуулахыг хичээж, харин Бурханд болон Түүний гайхамшгуудад итгэдэг хүмүүсийг гэнэн, харалган эсвэл тархиа угаалгасан хүмүүс гэж харагдуулан, зальдахыг хичээдэг. Сүнслэг бэлгүүд, үнэн бошиглогчдын заавруудад эргэлзэх нь сайн гэж Сатан зааварладаг.
Бид мэддэггүй зүйлсийн улмаас бус, бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа мэддэг зүйлсийнхээ ачаар Бурханд итгэдэг хэмээх энгийн бодит үнэнийг хүн бүрд ойлгуулахад нь би туслах юмсан. Бидний сүнслэг туршлага заримдаа дэлхийн үгсээр тайлбарлахад дэндүү ариун боловч энэ нь бодит бус гэсэн үг биш юм.
Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ зориулан төрөл бүрийн онцгой хоолноос бүрдсэн сүнслэг зоог бэлдсэн байхад эдгээр сүнслэг бэлгийг хүртэхийн оронд эргэлзэгч хүмүүс зайнаас ажиглан үл итгэх, эргэлзэх, үл хүндэтгэх аяганаасаа шимэн зогсдог.
Тэнгэрлэг Эцэг өөд тэмүүлснээр нар мэт хурц сүнслэг мэдлэгийг олж, оюун ухааныг нь тэлж мөн бодгалийг нь аз жаргалаар дүүргэх боломж байсаар байхад яагаад хүмүүс өөрсдийн ойлголт дахь лааны гэрлээр замаа гэрэлтүүлэхдээ сэтгэл хангалуун явдаг юм бол?
Та бид бусадтай итгэл үнэмшлийн талаар ярьж байхдаа “Тан шиг итгэлтэй байсан ч болоосой” гэж ярихыг олонтоо сонсдоггүй гэж үү?
Иймэрхүү мэдэгдэл нь итгэл зарим хүнд байдаг боловч бусдад нь боломжгүй хэмээх Сатаны бас нэгэн хууран мэхлэлт юм. Итгэхэд гайхамшиг хэрэггүй. Гэвч анхны зайлшгүй алхам бол итгэхийг хүсэх явдал юм. Бурхан нүүр тал хардаггүй.6 Тэр таны Эцэг. Тэр тантай ярихыг хүсдэг. Гэхдээ ингэхэд итгэлийн өчүүхэн хэсгийг хэрэгжүүлэн, шинжлэх ухааны сониуч зангаар Бурханы үг дээр туршилт хийх шаардлагатай.7 Түүнчлэн бага зэрэг даруу байхыг шаарддаг. Мөн энэ нь зүрх сэтгэл, оюун ухаанаа нээхийг шаарддаг. Энэ нь бас бүрэн утгаар нь эрж хайхыг шаарддаг. Энэ бүгдээс хамгийн хэцүү нь Их Эзэний тааллыг тэвчээртэй хүлээхийг шаарддаг явдал юм.
Хэрвээ бид итгэх чармайлт гаргахгүй бол гэрлийг тэжээлээс нь салгачихаад, гэрэл асахгүй байна гэж буруутгаж байгаа хүнтэй адил болно.
Саяхан би Бурханаас өөрийгөө холдуулсандаа бахархаж байгаа Аароны санваартныг сонсоод гайхан, харамссан юм. Тэр “Хэрвээ Бурхан надад өөрийгөө илчилбэл би итгэнэ. Тэр хүртэл би явах замаа өөрийн ухаан, ойлголтоор гэрэлтүүлэн явж, үнэнийг олно” гэж хэлсэн.
Би энэ залуугийн зүрх сэтгэлийг мэдэхгүй. Гэхдээ түүний төлөө маш их харамсаж байна. Их Эзэний өгч буй бэлгүүдийг ямар амархан эсэргүүцнэ вэ? Тэрээр гэрлийг салгаж унтраачихаад, гэрэл байхгүй байна гэсэн ухаалаг дүгнэлтдээ сэтгэл хангалуун байлаа.
Харамсалтай нь, энэ нь өнөөгийн нийтлэг хандлага болсон бололтой. Бурхан Өөрөө байдаг гэдгээ батлаг гээд орхих юм бол бид Бурханы тушаалуудыг чухалд авч үзэлгүй, Тэнгэрлэг Эцэгтэйгээ харьцах харилцаагаа өргөжүүлэх хариуцлагаа умартан, өөрсдийгөө зөвтгөж байна гэсэн үг юм.
Ах нар аа, би та бүхэнд тодорхой хэлье: Аливаад ичгүүр сонжуургүй хандах нь ямар ч нэр төртэй, гайхуулаад байх зүйл огт биш. Үл итгэх үзэл нь хүн болгоны хийж чадах хялбар зүйл юм. Харин итгэлтэй амьдрах нь ёс журамтай, тууштай, үнэнч байдал мөн зоригтой байхыг шаарддаг. Итгэлдээ үнэнч хүмүүс үл ойлгогдох зүйл буюу асуулт гарч ирэхэд эргэлздэг хүмүүсээс хавьгүй илүү сэтгэгдэл төрүүлэм байдаг.
Гэвч нийгэмд итгэл үнэ цэнэгүй гэдэг нь гайхах зүйл биш юм. Дэлхий ойлгож чадахгүй зүйлсээ үл зөвшөөрдөг нь түүхийн үнэн билээ. Тэр тусмаа харж чадахгүй зүйлсээ ойлгохдоо маш их асуудалтай. Бид нүдээрээ харж чадахгүй байна гэдэг нь энэ нь оршин байдаггүй гэсэн үг биш. Үнэхээр шинжлэх ухааны ном зохиол, хэвлэл, дэлхийн гүн ухааны “Зүүдэнд ч орохооргүй олон зүйл дэлхий ертөнцөд оршдог” юм.8 Орчлон хорвоо зөвхөн сүнсний нүдээр ойлгогдох гайхамшигт юмс үзэгдлээр дүүрэн билээ.
Итгэлийн амлалт
Бид итгэхийг сонгож, итгэлээрээ наманчилж, Аврагч Есүс Христийг дагаснаараа өөрсдийн сүнслэг нүдийг төсөөлөхийн аргагүй алдар суу өөд нээдэг. Ийнхүү бидний итгэл илүү их өсөн хүчирхэгжиж, бид бүр ч ихийг үзэх болно.9
Ах нар аа, хамгийн хүнд хэцүү үед ч гэсэн, Аврагч Галилын шахцалдсан гудамжинд сандарч тэвдсэн эцэгт хандан “Бүү ай, зөвхөн итгэ”10 хэмээн хэлсэнчлэн та нарт бас тэгж хэлнэ гэдгийг би гэрчилж байна.
Бид итгэхийг сонгож чадна.
Бид итгэлээр гэрлийн үүр цайн хаяарахыг хардаг.
Бид үнэнийг олж мэдэх болно.11
Бид амар амгаланг олох болно.12
Бид итгэлийнхээ учир хэзээ ч өлсөж цангахгүй.13 Бурханы ач ивээлээр ирэх бэлгүүд нь бидэнд итгэлдээ үнэнч байхад туслах бөгөөд бодгалиудыг маань “мөнх аминд хүртэл оргилох булаг”14 мэт дүүргэх болно. Бид жинхэнэ бөгөөд дуусашгүй аз жаргалыг амсах болно.15
Тиймээс хайрт найз нар, Бурханы санваартан хайрт ах дүү нар минь:
Итгэх зоригтой бай.
Бүү ай, зөвхөн итгэ.
Даниелтай зэрэгцэн зогс.
Бид хөгшин залуугүй бүгдээрээ сэргэн хүчирхэгжсэн итгэх хүч, зориг, хүсэл эрмэлзэлтэй болох болтугай хэмээн би Эзэн, Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.