Хэзээ ч эртдэхгүй, мөн хэзээ ч оройтохгүй
Хүүхдүүдийнхээ дэргэд алхаж, тэднийг хөтөлж, хамгаалах нь хэзээ ч эртдэхгүй, бас хэзээ ч оройтохгүй.
Ах, эгч нар аа, бид өнөөдөр дэлхийтэй дайтах тулаанд оролцож байна. Урьд нь энэ дэлхий хүүхдүүдийн маань эрч хүч, цаг завд нөлөөлөх гэж оролддог байсан. Харин өнөөдөр тэдний маань оюун санаа, бие махбод руу довтолж байна. Олон олон дуу хоолой мөн олны танил дуу хоолойнууд маш чангаар хүүхдүүдийг маань хэн байхыг, бас юунд итгэх ёстойг тодорхойлохыг оролдож байна. Тэгэхээр бид энэ дэлхийн нөлөөллийг гэр бүлийн дотоод амьдралдаа оруулж болохгүй. Бид энэ тулаанд ялах ёстой. Үүнээс л бүх юм шалтгаалах болно.
Сүмийн маань хүүхдүүд тэдэнд өөрсдийнх нь үнэн дүр төрхийг зааж өгдөг дууг: “Би Бурханы хүүхэд. … Их энэрэнгүй эх эцгийг Дэлхийн хамт заяав тэр” гэж дуулдаг. Тэгээд хүүхдүүд маань биднээс “Надад замаа олоход туслан, хөтлөн удирдаач. … Дэндүү оройтолгүй, Түүний үгийг сайн ойлгоход намайг дэмжин туслаач” гэж гуйдаг.1
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хамгийн сүүлийн чуулган дээр, одооноос эхлэн бид “Анхаарал болгоомжтой аав, ээж”2 байх хэрэгтэй болж байна. Энэ үе бол ороо бусгаа цаг үе. Харин бидэнд байгаа сайн мэдээ юу вэ гэвэл, Бурхан ийм цаг хугацаа ирнэ гэж мэдэж байсан, мөн үр хүүхэд, ач зээдээ яаж туслах арга замыг бидэнд судраар өгсөн юм” гэж хэлсэн билээ.
Мормоны Номонд Аврагч маань нифайчуудад үзэгдсэн байдаг. Тэгээд тэдний хүүхдүүдийг өөрийгөө тойруулан суулгаад, тэднийг адисалж, тэдний төлөө залбирч, тэдний төлөө уйлдаг.3 Ингэснийхээ дараа эцэг эхэд нь хандан, “Бяцхан үрсээ болгоогтун”4 гэж хэлдэг.
Түүний хэлсэн болгоогтун гэдэг үг нь хар, үз гэсэн утгатай. Есүс тэдгээр эцэг эхээс хүүхдүүдийнхээ юуг нь хар гэж хүссэн юм бол оо? Эсвэл Тэр хүүхдүүддээ байгаа бурханлаг боломжуудыг хараасай гэж хүссэн юм болов уу?
Өнөөдөр биднийг үр хүүхэд, ач зээ нараа хараад, юуг олж хараасай гэж Аврагч хүссэн юм бол? Бид Сүмийг сонирхогчдын хамгийн том арми байгааг олж харж, таньж байна уу? Урт удаан хугацаанд үргэлжлэх тэдний хөрвөлтийг түргэсгэхийн тулд бид юу хийх ёстой вэ?
Матайн номонд Аврагч бидэнд удаан үргэлжлэх хөрвөлтийн талаар заасан байдаг. Галил нуурын эрэгт маш олон хүн түүний заахыг сонсохоор цугларчээ.
Энэ удаа Есүс үр суулгах талаар буюу тариачны сургаалт зүйрлэлийг заасан.5 Үүнийг өөрийнхөө шавь нарт заасан ч, үнэн хэрэгтээ Тэрээр бидэнд хандан, “Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч үлойлговол хорон нэгэн нь ирж, түүний зүрхэнд юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм”6 гэж хэлсэн билээ. Энд эцэг эхчүүдэд зааж байгаа сургаал ойлгомжтой байна. Сонсох, ойлгохын хооронд ялгаа бий. Хэрвээ та нарын хүүхдүүд ойлгохгүй сонсоод л өнгөрдөг бол энэ үнэнийг хүүхдүүдийн чинь зүрх сэтгэлээс хулгайлах хаалгыг та Сатанд онгорхой үлдээж байна гэсэн үг.
Гэхдээ бид хүүхдүүдээ хөрвөлтийн баттай суурьтай болоход нь тусалж чадах юм бол, энэ амьдрал хэцүү болж, хүнд цаг тулгарахад, мэдээж ингэх нь зайлшгүй ба Есүс Христийн сургаал тэдэнд хүнд цаг үеийг даван гарч чадах хүч чадлыг өгөх болно. Харин хэрхэн тэднийг энэ хүчирхэг үнэнийг нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргадаггүй болгох вэ? Ердөө л үг сонсох нь хангалтгүй ч байж магад.
Үг хувирамтгай гэдгийг бид мэднэ. Биднийг үг хэлж байхад тэд өөрсдийнхөө мэддэг үгийг л сонсдог. Та хүүхдэдээ “Чи яг зурагдсан пянз шиг сонсогдож байна” гэж хэлбэл, хариуд нь та “Пянз гэж юу юм бэ, аав аа” гэх үгийг сонсож магадгүй.
Тэнгэрлэг Эцэг үнэхээр энэ тал дээр биднийг амжилт олоосой гэж хүсэж байгаа. Учир нь тэд бидний хүүхэд болохоосоо өмнө Түүний хүүхдүүд байсан. Сион дахь эцэг эхчүүдийн хувьд та нар Ариун Сүнснээс бэлэг гардаж авсан. Таныг хүүхдүүддээ заахаар удирдамж хүсэн залбирах үед “энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно”7гэдэг. Суралцах үйл явцаа хөгжүүлэхийг хичээх үед чинь “Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг”8 гэж заадаг.
Хэн нэгэнд тусалснаар өөрийнхөө ойлголтыг нэмэгдүүлсэн тухай би Хэлэн Кэллэрийн түүхээс өөр сайн жишээг мэдэхгүй юм. Тэрээр хараагүй, дүлий хүн байсан бөгөөд тас харанхуй, чимээгүй ертөнцөд амьдардаг нэгэн байлаа. Энн Салливан гэдэг нэртэй нэгэн багш түүнд туслахаар ирсэн юм. Харин та өөрийг чинь сонсохгүй, харахгүй байгаа хэн нэгэнд хэрхэн заах байсан бэ?
Энн удаан хугацааны туршид Хэлэнтэй харилцах гэж оролджээ. Нэгэн өдөр үдээс хойхно, Энн Хэлэнийг худаг руу дагуулан явлаа. Тэгээд Хэлэний нэг гарыг ус гоожих цоргоны доор байлгаж байгаад, өөрөө ус гоожуулж эхлэв. Энн тэгээд Хэлэний нөгөө гарын алган дээр У-С гэж бичжээ. Эхний удаа юу ч болсонгүй. Тэгэхээр нь ахиад У-Сгэж бичив. Тэгтэл Хэлэн Энний гарыг чанга атгалаа. Учир нь тэр ойлгож эхэлжээ. Шөнө болоход Хэлэн гучин үг сурсан байв. Сарын дотор тэр 600-аад үг сурсан бөгөөд Брайлээр уншиж чаддаг болжээ. Тэгээд Хэлэн Кэллэр коллежийн боловсрол олж авахаар явсан бөгөөд хардаггүй, сонсдоггүй хүмүүсийн амьдралыг өөрчлөхөд тусалдаг болсон байна.9 Энэ бол гайхамшиг мөн түүний багш бол гайхамшгийг бүтээгч мөн та нар ч бас гайхамшгийг бүтээгч байх болно. Та нар эцэг эх болох болно
Би Айдахогийн Бригам Янгийн их сургууль дахь Ганц бие насанд хүрэгчдийн гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа өөр нэгэн багшийн гайхалтай ажлыг харсан юм. Энэ ажил миний амьдралыг өөрчилсөн. Нэгэн онцгой мягмар гаргийн орой би Пабло гэдэг нэртэй, Мехико хотоос ирсэн, номлолд үйлчлэх хүсэлтэй нэгэн хүүтэй ярилцаж байлаа. Би эхлээд түүний үйлчлэх хүсэл, гэрчлэлийн талаар түүнээс асуусан юм. Миний асуултад хариулсан түүний хариулт ч төгс байв. Тэгэхээр нь би түүний зохистой байдлын талаар асуулаа. Түүний хариулт бас л яг таг байв. Үнэхээр гойд сайн байсан болохоор би дотроо “Миний юу асуугаад байгааг энэ маань ойлгохгүй байгаа юм болов уу” гэж бодоод эргэлзэж эхэлсэн юм. Тэгээд би асуултуудынхаа үгийг өөрчилж асуугаад, түүнийг үнэхээр миний юу асуусныг ойлгож, чин шударга хариулсныг нь олж мэдсэн билээ.
Би энэ залуу хүүг хараад, үнэхээр сэтгэл хөдөлж, түүнээс “Пабло, амьдралынхаа энэ мөчид Эзэний өмнө ингэж цэх шударга, үнэн зогсоход чинь чамд хэн тусалсан бэ?” гэж асуулаа.
Харин тэр “Аав минь” гэж хариулсан юм.
Тэгэхээр нь би “Пабло, энэ талаараа яриач” гэж хүсэв.
Пабло: “Намайг есөн настай байхад аав минь намайг дагуулж гараад, ‘Пабло, би ч гэсэн хэзээ нэгэн цагт есөн настай байсан. Амьдралд чинь хачин зүйлс нэлээн тохиолдоно. Сургууль дээр чинь худал хуурмаг үйлдэл хийдэг хүмүүс тааралдаж, эргэн тойронд чинь хараал хэлдэг хүмүүс ч байх болно. Магадгүй сүмдээ явмааргүй өдрүүд ч чамд тохиолдож магадгүй. Тэгэхээр иймэрхүү зүйл тохиолдоход, эсвэл өөр ямар нэгэн зүйлс чамайг зовоож эхлэх үед аав дээрээ ирж, ярилцаж байгаасай гэж би хүсэж байна. Аав нь чамайг энэ бүхнийг даван туулахад туслах болно.Тэгээд дараа нь юу тохиолдож болох талаар хэлж өгөмз’ гэж хэлсэн юм” гэлээ.
“Тэгвэл чамайг арван нас хүрэхэд тэр юу гэж хэлсэн бэ?”
“Аав тэгэхэд порнограф, зохисгүй хошигнолын талаар хэлж өгсөн.”
“За тэгвэл арван нэг хүрэхэд чинь?” гэж намайг асуухад,
“Тэр надад донтож болох зарим нэг зүйлийн талаар анхааруулсан, бас өөрийнхөө санваарын хүч чадлыг ашиглах талаар сануулсан” гэв.
Түүний аав жил бүр “журам дээр журам. Энд жаахан, тэнд жаахан”10 гэдэг шиг түүнтэй хамт байж сонсоод зогсохгүй, сайн ойлгож авах хүртэл нь хүүдээ тусалжээ. Паблогийн аав бид өөрсдөө заахад бэлэн болсон үедээ биш, хүүхдүүдээ сурахад бэлэн болсон үед нь заах юм бол тэд сурдаг гэдгийг мэддэг байж. Тэр орой би Паблог номлолынхоо бичиг баримтыг хүлээн авахад түүгээр бахархаж байсан ч, түүний ааваар илүү их бахархаж байлаа.
Би тэр шөнө гэртээ харихаар машинаа бариад явж байхдаа өөрөөсөө “Пабло ямархуу эцэг болох бол?” гэж асууж билээ. Харин энэ асуултын хариу, яг л аав шигээ хүн болно гэх нь тов тодорхой байсан юм. Есүс, “Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй”11 гэж хэлсэн. Энэ бол Тэнгэрлэг Эцгийн хүүхдүүдээ үеийн үед адисалдаг хэв загвар юм.
Би Паблогийн талаар цааш нь бодох үедээ дөрвөн охин маань том болж, есөн ач зээтэй болсон ч тэд надаас хол амьдардаг тул бага зэрэг гуниглав. Тэгээд би “Паблогийн аав Паблод тусалсан шиг би тэдэндээ яаж туслах вэ? Одоо бүр оройтсон болов уу?” гэж бодлоо. Зүрх сэтгэлдээ энэ талаар залбирахад, Сүнс надад: “Ийм чухал ажлыг эхлэхэд хэзээ ч оройтно гэж байдаггүй, мөн хэзээ ч эртэднэ гэж байдаггүй юм” гэж шивнэсэн юм. Энэ юу гэж байгааг би тэр дор нь ойлгомогцоо гэртээ харихыг хүлээж тэссэнгүй. Би эхнэр Шаролоосоо хүүхдүүд рүүгээ утасдаж, биднийг очно гэдгийг мөн тэдэнд хэлэх маш чухал зүйл байгаа гэдгийг хэлээрэй гэж гуйлаа. Миний яаруу тэвдүү байдал тэднийг маань багахан сандаргасныг хэлэх хэрэгтэй болов уу.
Хамгийн түрүүнд би том охин, түүний нөхөр хоёртой уулзаад, “Ээж бид хоёр чинь нэгэн цагт та нарын насан дээр байлаа. Биднийг 31-тэй байхад гэр бүл маань жижигхэн байсан. Тэгэхэд та нарыг ямар асуудалтай тулгарч болох тухайд бага зэрэг л мэдэж байсан. Юу вэ гэвэл, энэ нь итгэлийн тухай байж магад юм. Энэ нь санхүүгийн болон эрүүл мэндтэй холбоотой асуудал байж болно. Та нар амьдралынхаа асуудалд хэт дарагдаж магадгүй. Ийм үе тохиолдоход та нарыг ирж, бидэнтэй ярилцаж байгаасай л гэж бид хүсэж байна. Бид хоёр үүнийг давахад чинь тусална. Одоо бид та нарын амьдралд оролцохыг хүсэхгүй байна, харин бид үргэлж та нарын дэргэд байгаа шүү гэдгийг мэдэж аваасай л гэж хүсэж байна. Тэгээд одоо хамт байгаа энэ завшааныг ашиглаад, би Пабло нэртэй залуу хүүтэй хийсэн ярилцлагынхаа талаар та нарт ярьж өгмөөр байна” гэсэн юм.
Би ярьж дуусаад, “та нарыг хүүхдүүддээ, бидний ач зээ нарт энэ чухал үнэнийг ойлгож авахад туслах боломжоо бүү алдаасай гэж бид хүсэж байна” гэж хэлсэн билээ.
Ах, эгч нар аа, одоо би эцэг хүний болон өвөө хүний хувьд гэр бүлийнхнээ зөвхөн сонсоод өнгөрөх биш, ойлгодог болоход нь туслах үйл явцыг бий болгоход Эзэн надаас юу хүлээж байгааг арай илүү утга учиртай ойлгодог болоод байна.
Би нас ахих тусам
Цаг хугацаа минь, цаг хугацаа минь, эргээд нисээд ирээч,
Цагаахан хүүхдүүдийг минь ганцхан шөнө нялх болгоод өгөөч!12 гэдэг үгсийг улам эргэцүүлдэг болж байна.
Хүүхдүүдийнхээ дэргэд алхаж, тэднийг хөтөлж, хамгаалах нь хэзээ ч эртдэхгүй, бас хэзээ ч оройтохгүй.
Би цаг хугацааг эргүүлж чадахгүйгээ мэднэ, гэхдээ хүүхдүүдийнхээ дэргэд алхаж, тэднийг хөтөлж, хамгаалах нь хэзээ ч эртдэхгүй, бас хэзээ ч оройтохгүй гэдгийг мэдэж байна. Бидний Тэнгэрлэг Эцэг бидэнд маш их хайртай бөгөөд Цорын Ганц Хүүгээ энэ мөнх бус амьдралд илгээж, Түүгээр бидэнд “Би та нарын байсан газар байсан, Дараа нь юу болохыг би мэднэ, тэгээд үүгээр гарахад чинь би тусална” гэж хэлүүлсэн юм. Түүнийг тэгнэ гэдгийг ч би мэдэж байна. Есүс Христийн нэрээр, амен.