Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь
Номлол, боловсрол, гэрлэлт, ажил мэргэжил болон Сүм дэх үйлчлэл гэх мэт та нарын хийдэг сонголтууд та нарын мөнхийн хувь тавиланд нөлөөлөх болно.
Өнөөгийн залуучуудын тухай маш олон зүйл яригдаж бас бичигдсээр байна. Тэдний олон нь шашныг эсэргүүцдэг болохыг судалгаа харуулж байна. Өртэй, ажилгүй хүн олон байна. Дийлэнх нь гэрлэх бодолтой байгаа ч олон нь энэ алхмыг хийх хүсэлгүй байна. Хүүхэдтэй болохыг хүсдэггүй хүмүүсийн тоо өсч байна. Сайн мэдээ болон сүнслэг удирдамжгүйгээр олон нь буруу замаар орж, замаа алдаж байна.
Аз болоход, бид сайн мэдээний төлөвлөгөөгөөр адислагдсан учраас манай Сүмийн залуучууд эдгээр сэтгэл түгшээсэн чиг хандлагыг төдийлөн дагаагүй байна. Тэрхүү мөнхийн төлөвлөгөө нь Бурханы үг болон Түүний бошиглогчдын үгс болох төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар урагш зүтгэхийг багтаадаг. Бид Түүн дээр эргэн очиход биднийг хөтлөх төмөр бариулаас илүү сайн зууран барих хэрэгтэй. Одоо бид бүхэнд “сонголтын өдрийн тэрхүү цаг”1 ирээд байна.
Намайг багадаа бодлогогүй, тааруу сонголт хийх гэж байх үед аав минь заримдаа “Робэрт, цэх зогсоод, зөв нис!” гэж хэлдэг байж билээ. Та нар тэнд байсан. “[Бид] сурч болохын тулд, өөрийн хүмүүст тодорхойгоор ярихад бодгаль минь баяс[даг]” учир би ялангуяа өсвөр үеийнхэн, өв тэгш өсвөр үеийнхэн болон залуучууд та нартаа хандан ярихыг хүсэж байна.2
Та нар амьдралынхаа эгзэгтэй үед амьдарч байна. Номлол, боловсрол, гэрлэлт, ажил мэргэжил болон Сүм дэх үйлчлэл гэх мэт та нарын хийдэг сонголтууд та нарын мөнхийн хувь тавиланд нөлөөлөх болно. Энэ нь та нар үргэлж урагшаа—ирээдүйгээ харах болно гэсэн үг юм.
Нисэх хүчинд нисгэгч байхдаа би энэ зарчмыг сурсан юм: Дуу цахилгаантай, ширүүн бороо орж байгаа зурвас руу хэзээ ч зориуд бүү нис. (Би энэ тухай хэрхэн олж мэдсэнээ та нарт хэлэхгүй.) Оронд нь үүнийг тойрон нисч, чиглэлээ өөрчилж эсвэл газардахаасаа өмнө шуурга намдахыг хүлээх ёстой.
Хайрт залуу ах, эгч нар аа, эцсийн өдрүүдэд дэгдсэн энэ шуурганд “зөв нисэхэд” тань би та нарт туслахыг хүсч байна. Та нар бол нисгэгчид. Хийж буй сонголт бүрийнхээ үр дагаврыг бодож үзэх нь та нарын үүрэг хариуцлага юм. “Хэрэв би энэ сонголтыг хийвэл, тохиолдож болох үр дүнгийн хамгийн муу зүйл нь юу байж болох вэ?” гэж өөрсдөөсөө асуу. Та нарын зөв шударга аливаа сонголт замаасаа гарахгүй байхад та нарт туслах болно.
Үүний талаар бодож үзээрэй: Хэрэв та нар архи уухгүй байхыг сонговол та нар архичин болохгүй! Хэрэв та нар хэзээ ч өрөнд орохгүй байхыг сонговол дампуурахаас зайлсхийж болно!
Судруудын зорилгуудын нэг нь зөв шударга хүмүүс уруу таталт болон хорон муу зүйлст хэрхэн ханддагийг үзүүлэхэд оршдог. Товчоор хэлбэл, тэд үүнээс зайлсхийдэг! Иосеф Потифарын эхнэрээс зугтан гарав.3 Лихай гэр бүлээ аван, Иерусалимыг орхисон.4 Мариа, Иосеф хоёр Херодын ёс бус хуйвалдаанаас зугтан, Египетийг зорин хөдөлсөн.5 Дурдсан жишээ бүр дээр Тэнгэрлэг Эцэг эдгээр итгэгчид сэрэмжлүүлсэн. Үүний нэгэн адилаар, Тэр бидэнд тэмцэх, зугтаах эсвэл өөрчлөгдөж буй нөхцөл байдлуудыг хүлээн авах эсэхээ мэдэхэд маань туслах болно. Тэр залбирлаар дамжуулан бидэнтэй ярих ба залбирах үед маань биднийг удирдах Ариун Сүнс бидэнтэй хамт байх болно. Бидэнд судрууд, амьд бошиглогчид, патриархын адислал, сүнслэгээр удирдуулсан эцэг эх, санваарын ба туслах бүлгийн удирдагчид болон энэ бүхнээс илүүтэй Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолой байна.
Их Эзэн “Би та нарыг удирдах болно” 6 хэмээх Өөрийн амлалтыг үргэлж биелүүлнэ. Бид өөрсдийгөө удирдуулах уу гэдэг нь цорын ганц асуулт юм. Бид Түүний дуу хоолойг болон Түүний үйлчлэгчдийн дуу хоолойг сонсох уу?
Хэрэв та нар Их Эзэний төлөө байвал Тэрээр та нарын төлөө байх болно гэдгийг би гэрчилж байна.7Хэрэв та нар Түүнийг хайрлаж, Түүний зарлигуудыг сахивал Түүний Сүнс та нартай хамт байж, та нарыг удирдах болно. “Сайныг үйлдэхэд хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун. … Зөв шударга ёсны зүйлүүдэд хамаарах юуг ч … чи үүгээр мэдэх болно.”8
Эдгээр зарчим дээр үндэслэн би та нарт зарим бодит зөвлөгөөг өгмөөр байна.
Үеийнхнээс чинь олон нь их хэмжээний өрөнд ороод байна. Намайг залуу байхад манай гадасны ерөнхийлөгч Уолл Стритэд (Wall Street) хөрөнгө оруулалтын банкны ажилтнаар ажилладаг байв. Тэр надад “Хэрэв чи орлогоосоо хэтрүүлэлгүй, аз жаргалтай амьдарч чаддаг бол баян хүн” хэмээн заадаг байсан. Та нар үүнийг хэрхэн хийж чадах вэ? Аравны нэгээ төлөөд, хуримтлал үүсгэ! Та нар олохынхоо хэрээр мөнгөө хадгал. Шаардлагатайгаас илүү тансаг зүйл худалдаж авахаар бусадтай бүү өрсөлд. Төлж чадахгүй зүйлсээ бүү худалдаж ав.
Дэлхийн олон залуу боловсролтой болохын тулд өр тавьж, дараа нь сургуулийн зардал нь тэдний эргэн төлж чадахаас илүү үнэтэй байгааг ойлгож байна. Оюутны тэтгэлэг, буцалтгүй зээл эрж хай. Хэрэв боломжтой бол өөрсдөө төлбөрөө төлөхөд тань туслах хагас цагийн ажилтай бол. Энэ нь зарим талаараа золиослол гаргахыг шаарддаг ч амжилтад хүрэхэд тань туслах болно.
Боловсрол таныг сайн ажил эрхлэх боломжоор хангах болно. Энэ нь таныг эргэн тойрондоо байгаа хүмүүст үйлчилж, тэднийг адислах илүү сайн боломжийг олгох болно. Энэ нь таныг насан туршдаа суралцах зам дээр гаргах болно. Энэ нь харанхуй бүдүүлэг байдалтай болон алдаа дутагдалтай тэмцэхэд таныг хүчирхэгжүүлэх болно. Иосеф Смитийн зааснаар: “Мэдлэг тодорхой бус байдал болон эргэлзээ, харанхуйг арилгадаг; Учир нь эдгээр зүйлс мэдлэг байгаа газарт оршин тогтнож чаддаггүй. … Мэдлэг байгаа газарт хүч байдаг.”9 “Хэрэв тэд Бурханы зөвлөмжийг анхааран сонсох аваас суралцсан байх нь сайн хэрэг.”10 Боловсрол нь та нарыг гэрлэлт гэх мэт ирээдүйд болох зүйлст бэлтгэх болно.
Би дахин шулуухан яримаар байна. Гэрлэлт рүү хөтөлдөг зам нь болзоо хэмээх өртөөгөөр дайран өнгөрдөг! Болзоо нь удаан ярилцах боломж олгодог. Болзож байхдаа бие биенийхээ талаар чадах бүхнээ мэдэж ав. Боломжтой үед бие биенийхээ гэр бүлүүдийн талаар мэдэж ав. Та хоёрын зорилго нийцэж байна уу? Та хоёр зарлигуудын талаар, Аврагчийн талаар, санваар, ариун сүм, эцэг эх байх, Сүмийн дуудлага болон бусдад үйлчлэх талаар адил бодолтой байна уу? Та хоёр бие биенээ амжилттай эсвэл бүтэлгүйтсэн үедээ, уур бухимдлыг тэвчиж, азгүйдэлтэй тэмцэж байхдаа сэтгэлийн дарамтыг хэрхэн даван туулж байгаагаа ажигласан уу? Таны болзож байгаа хүн бусдыг шүүмжилж байна уу эсвэл тэднийг хүчирхэгжүүлж байна уу? Түүний хандлага, хэл яриа болон бие авч яваа байдал нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Үүнийг хэлсний учир гэвэл, бидний хэн нь ч төгс хүнтэй гэрлэдэггүй, харин төгс болох чадавхтайхүнтэй гэрлэдэг. Зөв гэрлэлт нь зөвхөн өөрийн юу хүсч байгааг тусгадаггүй; энэ нь хамтрагч маань болох эмэгтэй юу хүсч байгааг болон өөрөө ямар хүн болох хэрэгтэйг хэлдэг.
Шууд хэлэхэд, хорин хэдтэй байхдаа бусад сонирхолтой зүйл, үйл ажиллагаанд оролцохын тулд гэрлэлтээ хойшлуулан, “зөвхөн цагийг сайхан өнгөрүүлэх” гэж бүү болзоорой. Яагаад гэж үү? Яагаад гэвэл болзоо ба гэрлэлт нь эцсийн зогсоол биш юм. Эдгээр нь таны очихоор зорьж буй газарт тань хүргэх үүд хаалга юм. “Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу.”11
Одоо таны үүрэг бол гэрлэхийг хүсч байгаа хүн шигээ зохистой байх явдал юм. Хэрэв та эрүүл чийрэг, сэтгэл татам, үнэнч шударга, аз жаргалтай, ажилсаг, сүнслэг хүнтэй гэрлэхийг хүсч байгаа бол өөрөө тийм хүн бай. Хэрэв та тийм хүн хэдий ч гэрлээгүй байгаа бол тэвчээртэй бай. Их Эзэнийг харуулдан хүлээ. Их Эзэн та нарын хүслийг мэддэг мөн түүнд итгэлтэй үнэнч байдгийн тань төлөө Тэр та нарыг хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Энэ дэлхийд болон ирэх дэлхийд танд зориулсан төлөвлөгөө Түүнд бий. Түүний Сүнсийг сонс. “Их Эзэнд зөвлөхөөр бус, харин түүний мутраас зөвлөгөөг авахаар эрэлхийл.”12 Энэ ба ирэх амьдралд “хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй”13 хэмээх Түүний амлалтууд биелэгдэх болно.
Хэрэв танд хангалттай эд баялаг байхгүй бол бүү санаа зов. Сүмийн нэгэн гайхалтай гишүүн саяхан надад “Би хүүхдүүдээ мөнгөөр өсгөөгүй; би тэднийг итгэлээр өсгөсөн” гэж хэлсэн юм. Энэ нь үнэхээр үнэн билээ. Амьдралынхаа бүх тал дээр итгэлээ хөгжүүлж эхэл. Тэгэхгүй бол “итгэл тань суларч” та нар зовж, шаналах болно. Итгэлээ хөгжүүлэхэд шаардлагатай тэр хүч чадал багасах болно. Тиймээс өөрсдийн итгэлийг өдөр бүр хөгжүүл мөн та нар “… улам улам хүчирхэг мөн Христийн бишрэлд улам улам гуйвшгүй бат”14 болох болно.
Гэрлэлтэд бэлэн байхын тулд та ариун ёслолоос хүртэхүйц мөн ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой байх ёстой. Ариун сүмд тогтмол орж бай. Сүмд үйлчил. Сүмийн дуудлагуудад үйлчлэхээс гадна зүгээр л “сайныг үйлдэж явсан”15 Аврагчийн үлгэр жишээг дага.
Та нарт ирээдүйн сонголтуудын талаар чухал асуултууд байж болох юм. Би залуу байхдаа эцэг эхээсээ болон итгэлтэй, итгэл хүлээсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авдаг байсан. Нэг нь санваарын удирдагч байсан ба нөгөө нь надад итгэдэг байсан багш юм. Тэд хоёулаа л надад “хэрэв чи миний зөвлөгөөг авахыг хүсвэл үүнийг авахаар бэлтгэ” гэж хэлдэг байв. Би энэ нь ямар утга учиртайг мэднэ. Та нарын сүнслэг байдлын сайн сайханд чин сэтгэлээсээ санаа тавьдаг зөвлөхүүдийг залбирч, сонго. Үе тэнгийнхнээсээ зөвлөгөө авахдаа болгоомжтой бай. Хэрэв та өөрт байгаагаасаа илүүг авахыг хүсвэл хажуудах хүндээ биш харин дээшээ ханд!16
Хэн ч таны төлөө сонголт хийж чадахгүй гэдгийг санагтун. Зөвхөн таны итгэл болон залбирлууд таныг өндөрт өргөж, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг танд бий болгоно. Дуулгавартай байх таны шийдвэр л таны амьдралыг өөрчилж чадна. Аврагчийн таны төлөө хийсэн цагаатгагч золиослолын ачаар та нарын дотор хүч байдаг.17 Хэрэв та нар дуулгавартай байх юм бол сонгох эрхтэй, хүчтэй гэрчлэлтэй байх ба таныг удирдах Ариун Сүнстэй хамт байх болно.
Саяхан нэг залуухан кино зохиолч өөрийгөө “үрэлгэн үеийнхэн” болох “найдвар болон баяр баясгалан, сэтгэл ханамжийг буруу газраас буруу арга замаар хайж буй нэгэн үеийнхний”18 нэг хэсэг гэдгээ мэдэрсэн тухайгаа надтай хуваалцсан юм.
Аврагчийн ярьсан үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл дээр хүүг олон адислал хүлээж байсан ч тэрээр тэдгээрийг шаардахаасаа өмнө өөрийн амьдрал, сонголтууд болон нөхцөл байдлаа дүгнэх ёстой байв. Дараа нь тохиолдсон гайхамшгийг судруудад “тийнхүү тэр ухааран”19 гэсэн энгийн үгсээр дүрсэлжээ. Би та бүхнийг өөрсдийгөө дүгнэхийг урамшуулж байна. Сүмд чухал шийдвэр гаргах хэрэгтэй болоход бид ихэвчлэн зөвлөлийн хурал хийдэг. Гэр бүлийн зөвлөлүүд төстэй зорилгоор ажилладаг. Та нар “хувийн зөвлөлийн хурал” хийхийг хүсч болно. Залбирсныхаа дараа хэсэг хугацаанд ганцаараа бай. Ирээдүйнхээ талаар бод. “Би бусдыг хүчирхэгжүүлэхийн тулд амьдралынхаа ямар зүйлсийг хүчирхэгжүүлж болох вэ? Нэг жилийн дараа, хоёр жилийн дараа би хаана байхыг хүсч байна вэ? Тэнд хүрэхийн тулд би ямар ямар сонголт хийх хэрэгтэй вэ?” гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуу. Та нисгэгч гэдгээ мөн танд үүрэг ноогдсон гэдгийг санаарай. Та нар өөрсдийгөө дүгнэх үед Тэнгэрлэг Эцэг тань та нар дээр ирэх болно гэдгийг би гэрчилж байна. Тэрээр Өөрийн Ариун Сүнсний тайтгаруулагч гараар дамжуулан та нарт туслах болно.
Би Бурхан амьд гэдгийг гэрчилж байна. Аврагч та нарт хайртай гэдгийг би онцгойлон гэрчилж байна. “[Түүний агуу] учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун.”20 Та нар Түүнийг дагавал, Тэрээр та нарыг хүчирхэгжүүлж, өргөн дэмжих болно. Тэр та нарыг хамгийн эрхэм дээд гэрт чинь аваачих болно. Есүс Христийн нэрээр, амен.