2010–2019
Бурханы мэлмийгээр харах нь
Аравдугаар сар 2015


7:0

Бурханы мэлмийгээр харах нь

Бид бусдад үр дүнтэй үйлчлэхийн тулд тэднийг эцэг эхийнх нь нүдээр мөн Тэнгэрлэг Эцэгийн мэлмийгээр харах хэрэгтэй.

Хүндэт ах, эгч нар аа, өчигдөр намайг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр дэмжин баталсанд баярлалаа. Миний хувьд энэ нь ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг илэрхийлэхэд ч бэрх байна. Ялангуяа миний амьдрал дахь эрхэм нандин эмэгтэйчүүд болох эхнэр Рут, эрхэм нандин охин Ашлий хоёр минь намайг дэмжин баталсанд би маш их баярлаж байна.

Энэхүү дуудлагад дуудагдсан минь энэ эрин үеийн эхэнд Их Эзэний хэлсэн үгс үнэн гэдгийн бүрэн баталгаа боллоо. Тэрээр “Миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад тунхаглагдаж болохын тулд бөлгөө”1 хэмээн хэлсэн. Би тэр сул дорой хийгээд эгэл борчуудын нэг юм. Намайг нэлээн хэдэн жилийн өмнө Америкийн Нэгдсэн Улсын зүүн хэсэгт байрлах нэгэн тойргийн бишопоор дуудагдахад, надаас бага зэрэг ах ч, илүү ухаалаг ах минь надтай утсаар холбогдон, “Ямар нэгэн юм хийсэн учраас Их Эзэн чамайг дуудаагүй гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Харин ч чиний хувьд юу хийснийг чинь хайхраагүй ч байж магадгүй. Их Эзэнд чамаар дамжуулан хийх зүйлс байгаа болохоор л чамайг дуудсан бөгөөд тэдгээрийг зөвхөн Түүний арга замаар хийсэн үед л энэ нь гүйцэлдэх болно” гэж хэлсэн юм. Ахын минь өгсөн энэхүү ухаалаг зөвлөгөө өнөөдөр урьд өмнөхөөсөө ч илүү цагаа олсон гэдгийг би хүлээн зөвшөөрч байна.

Номлогч хүн дуудлага нь түүний төлөө биш, харин Их Эзэний төлөө, Түүний ажил ба Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөө гэдгийг ойлгох үед номлолын үйлчлэлд нь ямар нэгэн гайхалтай зүйл тохиолддог. Төлөөлөгчийн хувьд ч энэ мөн адил үнэн болохыг би мэдэрч байна. Энэ дуудлага бол миний төлөө биш, харин Их Эзэн, Түүний ажил болоод Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөө юм. Сүмд ямар ажил үүрэг эсвэл дуудлагатай байхаас үл хамааран үүрэгт ажилдаа чадварлагаар үйлчлэхийн тулд бидний үйлчилж байгаа хүн бүр “Тэнгэрлэг Эцэг эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм”2 гэдгийг ойлгож, үйлчлэх хэрэгтэй.

Би өмнө нь зүрхний дутагдал ба зүрх шилжүүлэн суулгах мэс заслаар дагнасан зүрхний эмчийн мэргэжилтэй байсан ба олон өвчтөн маань их хүнд өвчтэй байдаг байсан. Эхнэр маань надад, хэрэв чиний хариуцсан өвчтөн болох юм бол энэ нь муугийн дохио гэж тоглоомоор хэлдэг юм. Үнэнийг хэлэхэд би олон хүн нас барахыг хардаг байсан ба байдал хэцүүдэх үед сэтгэлээ барьж сурсан байлаа. Тэгснээр гуниглах, урам хугарах зэрэг мэдрэмжээ барьж чаддаг болсон юм.

1986 онд Чад гэдэг залуу зүрхний дутагдалд орж, түүнд зүрх шилжүүлэн суулгах хэрэгтэй болов. Түүний эрүүл мэнд арван таван жил тун сайн байлаа. Чад эрүүл байж, энгийн амьдралтай болохын тулд өөрөөсөө хамаарах бүх зүйлийг хийсэн байв. Тэр номлолд үйлчилж, ажил хийж, эцэг эхдээ халамжтай, сайн хүү нь байлаа. Амьдралынх нь сүүлийн хэдэн жил хүнд бэрх байсан бөгөөд тэр эмнэлэгт ойр ойрхон хэвтдэг байв.

Нэгэн орой түүний зүрх бүрэн зогссон тул яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн юм. Би тасгийнхантайгаа хамтран түүний цусны эргэлтийг сэргээх гэж удаан оролдсон ч эцэстээ Чад дахин сэргэхгүй гэдэг нь тодорхой болсон тул үр дүнгүй оролдлогоо зогсоож, түүнийг нас барсан гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Хэдийгээр би гуниглан, харамсаж байсан ч мэргэжлийнхээ өнцгөөс харж “Чад эмчилгээ сайн хийлгэж байсан учраас наслах наснаасаа хавьгүй олон жил амьдарч чадсан” гэж дотроо бодож билээ. Харин түүний аав ээж яаралтай тусламжийн өрөөнд орж ирэн, хагалгааны орон дээр хэвтэж байгаа нас барсан хүүгээ харах үед миний хол хөндий, зайгаа барьж сурсан зүрх сэтгэл тэр даруй хайлсан юм. Би тэр мөчид Чадыг ээж, аавынх нь нүдээр харав. Түүнд найдан, түүний төлөө хүсэн хүлээж, мөрөөдөж байсан зүйлсийг нь, мөн арай жаахан удаан, илүү сайхан амьдарсан бол гэсэн тэдний хүслийг би олж харсан билээ. Үүнийг ойлгосныхоо дараа би уйлж эхэлсэн юм. Иймэрхүү нөхцөл байдалд ихэвчлэн эсрэгээрээ байдаг ч, энэ удаад Чадын аав ээж намайг тайвшруулсан бөгөөд тэдний сайхан сэтгэлийн энэ үйлдлийг би хэзээ ч мартахгүй.

Бид Сүмд бусдад үр дүнтэй үйлчлэхийн тулд тэднийг эцэг эхийнх нь нүдээр мөн Тэнгэрлэг Эцэгийн мэлмийгээр харах хэрэгтэй гэдгийг би одоо ухааран ойлгосон. Зөвхөн тэгж чадсан тохиолдолд бид бодгалийн жинхэнэ үнэ цэнийг ойлгож эхлэн, бүх хүүхдээ хайрлах Тэнгэрлэг Эцэгийн хайрыг ухаарах болно. Зөвхөн тэгснээр биднийг гэсэн Аврагчийн сэтгэлийг ойлгох болно. Бурханы мэлмийгээр харахаас нааш бид гашуудах тэдний хамт гашуудаж, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах3 үүрэг болон гэрээгээ бүрэн гүйцэтгэж чадахгүй. Энэхүү өргөтгөн тэлсэн ойлголт нь бидний зүрх сэтгэлийг бусдын харуусал, айдас, зүрх сэтгэлийн шаналалд нээж өгнө. Тэр үед олон жилийн өмнө яаралтай тусламжийн өрөөнд Чадын эцэг эх намайг тайвшруулсан шиг Тэнгэрлэг Эцэг бидэнд туслан, биднийг тайвшруулах болно. Хэрэв бид ерөнхийлөгч Томас С.Монсоны дахин дахин урамшуулан хэлдэг авралын ажлыг хийж гүйцэтгэх гэж байгаа бол бидэнд харах нүд, сонсох чих, бусдыг ойлгож, мэдрэх зүрх сэтгэл байх хэрэгтэй.4

Бид зөвхөн Тэнгэрлэг Эцэгийн мэлмийгээр харсан үедээ “Христийн цэвэр хайраар”5 дүүргэгдэх болно. Бид өдөр бүр энэхүү хайрын төлөө Бурханд хандан залбиран гуйх ёстой. Моронай “Иймийн тул, хайрт ах дүүс минь, та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун”6 хэмээн зөвлөсөн байдаг.

Би Есүс Христийн жинхэнэ дагалдагч байхыг бүхий л зүрх сэтгэлээсээ хүсэж байна.7 Би Түүнд хайртай, мөн Түүнийг дээдлэн хүндэлдэг. Би Түүнийг амьд, бодит гэдгийг гэрчилж байна. Тэр Тослогдсон Нэгэн, Мессиа гэдгийг би гэрчилж байна. Би Түүний юутай ч зүйрлэшгүй нигүүлсэл, нинжин сэтгэл, хайрын гэрч юм. Би 2000 онд төлөөлөгчдийн “Есүс бол амьд Христ, Бурханы үхэшгүй Хүү… Тэр бол дэлхийн гэрэл, амьдрал ба итгэл найдвар”8 гэж хэлсэн гэрчлэл дээр өөрийн гэрчлэлийг нэмье.

1820 оны нэгэн өдөр Hью Йорк мужийн ойн цоорхойд амилсан Их Эзэн Бурханы хамтаар бошиглогч Иосеф Смитийн хэлснээр түүнд үзэгдсэн гэдгийг би гэрчилж байна. Авралын болон өргөмжлөлийн ёслолуудыг боломжтой болгохын тулд өнөөдөр газар дэлхий дээр санваарын түлхүүрүүд байдаг гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 1:23.

  2. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129; 1995 оны 9-р сарын 23-нд Юта мужийн Солт Лэйк хотод болсон Халамжийн нийгэмлэгийн ерөнхий хуралдаан дээр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли захиасынхаа нэгэн хэсэг болгон уншсан.

  3. Матай 18:8–10 -ыг үзнэ үү.

  4. Жишээ болгон, Томас С.Монсон, “To the Rescue,” Лиахона, 2001 оны 7-р сар; “Our Responsibility to Rescue,” Лиахона,  4 оны 11-р сарыг үзнэ үү. 2009 оны 4-р сард ерөнхийлөгч Томас С.Монсон ерөнхий эрх мэдэлтнүүд ба Бүсийн далынхны сургалтан дээр өгсөн захиасандаа дурдсан эдгээр зарчмыг 2015 оны 9-р сард ерөнхий эрх мэдэлтнүүдэд өгсөн захиасандаа дахин дурдсан юм.

  5. Моронай 7:47.

  6. Моронай 7:48.

  7. Сургаал ба Гэрээ 18:27 -28 -ыг үзнэ үү.

    ”Мөн тэрхүү Арванхоёр нь миний шавь нар байх болно, мөн тэд миний нэрийг өөрсөд дээрээ авах болно; мөн Арванхоёр нь зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор миний нэрийг өөрсөд дээрээ авахыг хүсэх тэд байх болно.

    ”Мөн хэрэв тэд миний нэрийг зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор өөрсөд дээрээ авахыг хүсэх аваас, тэд миний сайн мэдээг хүн болгонд номлохоор тэд бүх дэлхий даяар явахын тулд дуудагдах болой.”

  8. ”Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Лиахона, 2000 оны 4-р сар, 3. Би үүнийг эш татан эдгээр төлөөлөгчийн хэлсэнтэй адил гэрчлэлийг гэрчилж энэхүү баримт дээр гарын үсгээ дүрслэн зурж байна.