Хамгийн агуу хөрөнгө
Бидний хүн нэг бүр Христийн сайн мэдээнд бат амлалттайгаар Түүн рүү ирэх ёстой.
Судрууд дээр нэгэн баян залуу захирагч Есүс рүү гүйж ирээд, хөлд нь сөгдөн, Багш аа “Мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ?” гэж чин сэтгэлээсээ асуусан тухай өгүүлдэг. Есүс тэр залуугийн итгэлтэйгээр дагаж мөрдсөн тушаалуудын урт жагсаалтыг хараад, эзэмшиж буй бүхнээ зарж, ядууст тарааж өгөөд, загалмайгаа үүрч, Намайг дага хэмээн түүнд хэлжээ. Энэхүү шулуухан айлдвар залуу захирагчийн хөлийг салгалан чичрэхэд хүргэсэн бөгөөд тэрээр гунигтай гэгч нь холдон явжээ. Учир нь сударт хэлснээр “тэр маш их хөрөнгөтэй байв.” 1
Энэ түүх бол эд баялгийн хэрэглээ, ядуусын хэрэгцээний талаар сэрэмжлүүлсэн чухал түүх болох нь тодорхой. Гэхдээ эцсийн дүндээ, энэ түүх бол тэнгэрлэг үүрэг хариуцлагад чин сэтгэлээсээ өөрсдийгөө зориулах тухай юм. Бидний хүн нэг бүрийг эд баялагтай эсэхээсээ үл хамааран Түүний сайн мэдээнд бат амлалттайгаар ирээсэй хэмээн энэ залуугаас хүсэн хүлээсний адил бид Христэд ирэх ёстой. Өнөөгийн өсвөр үеийнхний хэлээр, бид “байгаа бүхнээрээ” 2 гэж өөрсдөдөө тунхаглах хэрэгтэй.
К.С.Лүис мартагдашгүй зохиолдоо Бурханыг бидэнд ийн айлдаж байгаагаар дүрслэн бичжээ. “‘Би … чиний цаг … [эсвэл] мөнгө … [эсвэл] ажил үйлсээс [илүүтэй] чамайг [л] авахыг хүсэж байна. [Наад тайрч буй модоо хар даа.] Би энд нэг мөчир, тэнд нэг мөчир тайрахыг хүсэхгүй байна. Би … [юмыг] бүхлээр нь буулгахыг хүсэж байна. [Бас тэр шүдийг хар даа.] Би [түүнийг] өрөмдүүлэхийг эсвэл түүнийг бүрүүлэхийг эсвэл [ломбодуулахыг] хүсэхгүй байна. [Би] үүнийг авхуулахыг хүсэж байна. [Чухамдаа, Би чамайг Надад өөрийгөө] бүхлээр нь байгаагаар нь … өгөөсэй хэмээн хүсэж байна. [Тэгвэл] оронд нь Би чамд шинийг өгөх болно. Үнэн хэрэгтээ, Би чамд Өөрийгөө өгөх буюу Миний … хүсэл [чиний хүсэл] байх болно’” 3 .
Энэхүү Ерөнхий чуулган дээр бидэнд хандан үг хэлэх хүмүүс бүгд ямар нэг байдлаар, энэ баян залууд Христийн хэлсэнчлэн “Аврагчдаа ирэгтүн. Чин сэтгэлээрээ бүрэн дүүрэн ир. Хэчнээн хүнд байсан ч загалмайгаа үүрээд, Түүнийг дага” 4 хэмээн хэлэх болно. Түүнчлэн тэд Бурханы хаант улсад хагас дутуу үйлдэл, эхэлчихээд болих, эргэлт буцалт гэж үгүй гэдгийг мэддэг учраас үүнийг хэлнэ. Нас барсан эцэг эхээ оршуулах мөн гэр бүлийн бусад гишүүнтэйгээ ядаж салах ёс гүйцэтгэх зөвшөөрөл гуйж хүссэн хүмүүст хандан, Есүс хатуу шаардлагатай бөгөөд тов тодорхой хариулт өгсөн. “Үүнийг бусдад үлдээ” гээд, Тэрээр “Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ” 5 хэмээн айлджээ. Биднээс хүнд хэцүү зүйлийг, бүр зүрх сэтгэлийн маань хүсэл эрмэлзэлд харшлах зүйлсийг ч гэсэн хүсэх үед, Христийн үйл хэрэгт бидний амласан чин үнэнч байдал нь өөрсдийнхөө амьдралыг дээд зэргээр зориулах явдал гэдгийг санаарай. Хэдий Исаиа бидэнд үүнийг “мөнгөгүй, үнэгүйгээр” 6 хүртээмжтэй хэмээн баталдаг ч, энэ үнэхээр тийм ч гэлээ, Т.С.Элиотын хэлсэн шүлгийн мөрийг ашиглан хэлбэл, бид үүнийг авахын тулд “бүхнээс багагүй” 7 зарлага гаргахдаа бэлтгэлтэй байх ёстой.
Мэдээж, энэхүү ажил үйлсэд сүнслэг байдлаараа бүрэн дүүрэн оролцоход саад болох зарим нэг дадал зуршил эсвэл алдаа дутагдал эсвэл хувийн түүх бидэнд бий. Гэхдээ Бурхан бол бидний Эцэг бөгөөд бидний наманчлаагүй орхисон нүглийг өршөөх, мартахдаа ер бусын сайн. Учир нь бид Түүнийг ийнхүү үйлдэхэд хүргэх нь олонтоо байж магад. Аль ч тохиолдолд, бидний хүн нэг бүрд, өөрсдийн зан авирыг өөрчлөх хэрэгтэй гэж санагдах болгонд тэнгэрлэг тусламж бэлэн байдаг. Бурхан Саулд “өөр зүрхийг” 8 өгсөн. Езекиел бүх эртний Израилыг өнгөрснөөс салж “… шинэ зүрх, шинэ сүнстэй” 9 болоход уриалан дуудсан. Алма бодгалиудыг өргөтгөн тэлэхийн учир шалтгаан болдог “хүчит өөрчлөлт” 10 хийхэд уриалсан ба Есүс Өөрөө “хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна” 11 хэмээн заасан. Өөрчлөгдөх боломж ба илүү дээр түвшинд амьдрах нь үүнийг эрэлхийлсэн хүмүүст Бурханы үргэлж өгдөг бэлгүүдийн нэг байсаар ирсэн нь тодорхой.
Найз нар аа, бид өнөөгийн энэ цаг үедээ ангилал, дэд ангилал, бүлэг, дэд бүлэг, сошиал бүлэг, улс төрийн хувьд хувь хүний мөн чанар, дэндүү их дайсагнасан хандлага зэргийн бүхий л хэв маягийг хардаг. Бид өөрсдөөсөө Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр бүр харин “илүү дээр бөгөөд илүү ариун” 12 амьдрах нь бидний эрэлхийлж чадах зүйл мөн үү? хэмээн асуух хэрэгтэй. Ийн үйлдэхдээ бид энэ асуултад Мормоны Номон дахь тэр хүмүүсийн өгсөн баттай хариултыг санах нь зүйтэй.
“Мөнхүү улиран тохиох дор бүх нутагт, бүх хүмүүсийн дунд … хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир уг нутагт зөрчилдөөн огт байсангүй.
Мөн атаа жөтөө, бас хэрүүл маргаан, … ямар ч төрлийн шунал тачаал байсангүй; мөн Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм.
Дээрэмчид ч, алуурчингууд ч, бас леменчүүд ч, бүр ямар ч -чууд байсангүй, харин тэд, Христийн хүүхдүүд, мөн Бурханы хаант улсын өв залгамжлагчид гэгдэн нэг болсон байв.
Мөн хэчнээн их адислагдсан билээ тэд!” 13
Сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдралын ийм амжилтын түлхүүр юу вэ? Энэ түлхүүр “хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайр” 14 хэмээх нэгэн өгүүлбэрийн бичвэрт шингэжээ. Бурханы хайр бидний амьдралын мөн нэг нэгэнтэйгээ харилцах харилцааны маань, эцэстээ бүх хүн төрөлхтний төлөөх мэдрэмжийн маань өнгө аясыг тохируулах үед хуучны зааг ялгаа, хязгаарласан нэр шошго, хуурамч ангилал бүдгэрч, амар амгалан нэмэгддэг. Энэ бол яг бидний Мормоны Номын жишээн дээр тохиолдсон юм. Леменчүүд эсвэл иаковчууд эсвэл иосефчууд эсвэл зорамчууд байхаа больсон. Ямар ч -чууд огт байхгүй болсон. Хүмүүс нэгэн нийтлэг шинжийг олжээ. Тэд бүгдээрээ “Христийн хүүхдүүд” 15 хэмээн нэрлэгддэг байв.
Мэдээж, энд бид ямар нэг нөхцөл эсвэл зөвшилцөлгүйгээр чин сэтгэлээсээ өөрөөр хэлбэл, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа Бурханыг хайрла хэмээх хүн төрөлхтөнд өгсөн хамгийн анхны агуу тушаалын тухай ярьж байна. 16 Бурханы энэ хайр бол орчлон ертөнцөд өгсөн хамгийн анхны агуу тушаал юм. Гэхдээ орчлон ертөнцийн хамгийн анхны агуу үнэн бол Бурхан биднийг хайрладаг яг тэр байдлаараа Өөрийн бүхий л зүрх, хүч, оюун ухаан, хүч чадлаараа, ямар ч нөхцөл эсвэл зөвшилцөлгүйгээр чин сэтгэлээсээ бүрэн хайрладаг явдал юм. Түүний болон бидний зүрх сэтгэлийн энэ сүрлэг хүчнүүд саадгүй учрахад сүнслэг буюу ёс суртахууны хүчний жинхэнэ дэлбэрэлт тохиодог. Түүнчлэн Тэйлард дэ Шардин “дэлхийн түүхэнд хоёр дахь удаа[даа] хүмүүн галыг олж нээсэн байх болно” 17 хэмээн бичжээ.
Тэр үед, үнэхээр тэр үед л бид хоёр дахь агуу тушаалыг өнгөц эсвэл сул бус арга замаар үр дүнтэй сахиж чадна. Хэрэв бид Бурханд бүрэн дүүрэн итгэлтэй байхын тулд хичээж чадахуйцаар Түүнийг хайрладаг байвал Тэрээр бидэнд чадвар, чадавх, хүсэл, хөршүүдээ болон өөрсдийгөө хайрлах арга замыг өгөх болно. Магадгүй тэгээд бид “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм” 18 хэмээн дахин хэлж чадна.
Ах, эгч нар аа, тэр баян залуугийн бүтэлгүйтсэн тэр тохиолдолд бид амжилттай байж, аливаа асуудал, гарз хохирлоос үл хамааран, хэчнээн хатуу шаардлагатай байсан ч, Христийн загалмайг үүрэх болтугай хэмээн би залбирч байна. Биднийг Түүнийг дагах амлалт өгөх үед бидний явах зам ямар нэг байдлаар өргөст титмийн болон Ромын загалмайн хажуугаар өнгөрөх болно гэдгийг би гэрчилж байна. Бидний ярьсан залуу захирагч хэчнээн баян чинээлэг байсан ч эдгээр бэлгэдэлтэй учрахаас зайлсхийх боломжийг худалдан авахуйц баян байгаагүй. Бид ч бас авч чадахгүй. Бүх хөрөнгөнөөс хамгийн агуу адислал болох мөнх амьдралын бэлгийг бид хүлээн авдаг учраас Тэргүүн Тахилч, бидний Өдрийн Од, Өмгөөлөгч, Хааныг дагахдаа хүчтэй байхыг биднээс хүсдэг нь хангалттай бага шаардлага юм. Олонд тийм ч танил бус эртний бошиглогч Амаликайн хамт, бидний хүн нэг бүр “[өөрсдийн] бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өгөх” 19 ёстой хэмээн би гэрчилж байна. Ийм шийдмэг бөгөөд тууштай байдлаар өөрийгөө зориулсан тухай:
Гуйвшгүй бат бөх суурь минь болсон
Гэтэлгэгч хайрыг магтъя …
Сэтгэл зүрхээ Тандаа өгье
Соёрхон, ордондоо аваач 20 хэмээн бид дуулдаг.
Есүс Христийн ариун нэрээр, амен.