Бурханы хайр: Бодгальд хамгийн их баясгалант болой
Бурханы хайр амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин бидний амьдрал дахь Түүний оршихуйгаас олддог.
Ах, эгч нар аа, Тэнгэрлэг Эцэг Бурхан маань та нарыг хэрхэн бүрэн дүүрэн хайрладгийг мэдэх үү? Та нар Түүний хайрыг бодгалийнхаа гүнд мэдэрч байсан уу?
Бурханы хүүхдийн хувьд та хэрхэн бүрэн дүүрэн хайрлуулдгаа мэдэж, ойлгох үед энэ нь бүхнийг өөрчилдөг. Энэ нь алдаа гаргасан үедээ өөрийнхөө талаар бодох арга замыг тань өөрчилдөг. Энэ нь хэцүү зүйл тохиолдоход мэдрэх мэдрэмжийг тань өөрчилдөг. Энэ нь Бурханы зарлигуудын талаарх үзэл бодлыг тань өөрчилдөг. Энэ нь бусдыг харах өнцөг болон өөрчлөлт гаргах чадварыг тань өөрчилдөг.
Ахлагч Жэффри Р.Холланд “Үүрд мөнх оршихуйн хамгийн эхний агуу зарлиг бол Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой гэсэн тушаал байдаг. Гэхдээ мөнх оршихуйн хамгийн эхний агуу үнэн бол Бурхан биднийг бүх зүрх сэтгэлээрээ, Өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаар хайрладаг явдал юм” 1 гэж заасан.
Мөнх оршихуйн энэхүү агуу үнэнийг бидний хүн нэг бүр зүрх сэтгэлийнхээ гүнд хэрхэн мэддэг болох вэ?
Бурханы хайрын хамгийн баттай нотолгоог бошиглогч Нифайд үзэгдлээр харуулсан. Нифай амьдралын модыг хараад, үүний утгыг мэдэхээр асуужээ. Хариуд нь тэнгэр элч Нифайд нэгэн хот, эх хүн, нялх үр гурвыг харуулсан. Нифайг Назар хотыг болон нялх Есүсийг тэвэрсэн зөв шударга эх Мариаг харах үед тэнгэр элч “Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун!” 2 хэмээн тунхагласан билээ.
Тэрхүү ариун нандин мөчид Аврагчийг мэндлэхэд, үүгээр дамжуулан Бурхан Өөрийн цэвэр, бүрэн дүүрэн хайрыг харуулж байсныг Нифай ойлгосон. Бурханы хайр бол “хүмүүний үрсийн зүрхэнд хааяагүй түг[дэг]” 3 гэдгийг Нифай гэрчилсэн юм.
Бид Бурханы хайрыг амьдралын модноос цацран гэрэлтэх, бүх дэлхий даяар хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүрч, хааяагүй түгж буй гэрэл гэж төсөөлж болно. Бурханы гэрэл болон хайр Түүний бүх бүтээлд нэвт шингэсэн байдаг. 4
Заримдаа бид төмөр бариулыг дагаж, жимснээс хүртсэнийхээ дараа л Бурханы хайрыг мэдэрч чадна хэмээн эндүүрч боддог. Гэхдээ Бурханы хайрыг зөвхөн мод руу ирэх хүмүүс хүлээн авдаг бус, тэрхүү хайр өөрөө уг модыг эрэлхийлэхэд биднийг түлхдэг хүч юм.
“Иймийн тул, энэ нь … хамгийн ихээр хүслийг татагч буюу” гэж Нифай заасан бөгөөд тэнгэр элч “Тийм ээ, мөн бодгальд хамгийн их баясгалант болой” 5 хэмээн тунхагласан.
20 жилийн өмнө гэр бүлийн хайртай гишүүн маань Сүмээс холдсон юм. Түүнд хариулт нь олдохгүй олон асуулт байсан. Түүний эхнэр хөрвөгч байсан бөгөөд итгэлдээ үнэнч үлдсэн байв. Ялгаатай зүйлс байсан ч тэд гэрлэлтээ хадгалж үлдэхээр ихэд хичээцгээсэн юм.
Өнгөрсөн жил нөхөр нь Сүмийн талаар хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа гурван асуултаа бичээд, олон жил найзалсан хоёр хос руу илгээжээ. Тэр тэднээс уг асуултуудын талаар тунгаан бодоод, оройн хоолонд ирэхдээ бодлоо хуваалцахыг хүссэн байна.
Найзуудтайгаа ийн уулзсаны дараа тэрээр өрөө рүүгээ ороод, нэг төсөл дээрээ ажиллаж эхэлжээ. Уг оройн ярилцлага, найзуудынх нь өөрт нь харуулсан хайр түүний толгойд орж ирэв. Тэрээр ажлаа зогсоохоос аргагүйд хүрсэн ба хожим нь ингэж бичсэн байна. “Хурц гэрэл бодгалийг минь дүүргэсэн. … Би гэгээрлийн энэхүү мэдрэмжийг өмнө нь мэдэрч байсан ч тэр үед энэ нь урьд урьдынхаас илүү хүчтэй болон нэмэгдэж, хэдэн минут үргэлжилсэн. Би уг мэдрэмжийг мэдрэн, чимээгүй суусан бөгөөд энэ бол миний төлөөх Бурханы хайрын илэрхийлэл гэдгийг ойлгосон. … Сүмд буцаж очин, Бурханы энэхүү хайрыг тэнд хийх зүйлдээ харуул гэх сүнслэг өдөөлтийг би мэдэрсэн юм.”
Дараа нь тэр асуултуудынхаа талаар боджээ. Тодорхой хариулт авахгүй байгаа нь урагшлахад саад болох ёсгүй бөгөөд Бурхан асуултуудыг нь хүндэтгэн үзэж байгаа гэсэн мэдрэмжийг тэрээр хүлээн авчээ. 6 Тэр тунгаан бодож байх хугацаандаа Бурханы хайрыг бусадтай хуваалцах хэрэгтэй байв. Тэр энэхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхдээ, Анхны үзэгдлийн дараа “Сэтгэл минь хайраар дүүрэн байлаа. Олон өдрийн турш би их баяр хөөрөөр бялхаж байлаа” 7 гэсэн Иосеф Смитийнхтэй адил мэдрэмжийг мэдэрчээ.
Гайхалтай нь, хэдхэн сарын дараа тэрээр 20 жилийн өмнө хийж байсантайгаа адил дуудлага хүлээн авсан байна. Өмнө нь тэр уг дуудлагыг авахдаа Сүмийн хариуцлагатай гишүүний хувьд үүргээ биелүүлж байжээ. Харин энэ удаа “Би энэ дуудлагыг яаж биелүүлэх вэ?” гэхээс илүү “Би үйлчлэлээрээ дамжуулан Бурханы хайрыг хэрхэн харуулах вэ?” гэсэн асуулт түүнд гарч ирж байв. Ийм шинэ хандлагатайгаар тэрээр дуудлагынхаа бүх тал дээр агуу баяр хөөр, утга учир, зорилгыг олсон юм.
Ах, эгч нар аа, бид Бурханы хайрын хувирган өөрчлөгч хүчийг хэрхэн хүлээн авч болох вэ? Бошиглогч Мормон биднийг “түүний Хүү Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” 8 хэмээн урьдаг. Мормон биднийг бусдын төлөөх Бурханы хайрыг мэдрэхээр залбирахад төдийгүй өөрсдийн төлөө Бурханы цэвэр хайрыг мэдэхээр залбирахад урьж байсныг би саяхан бахдан гайхаж байлаа. 9
Бид Түүний хайрыг хүлээн авах үедээ “Түүний Хүү Есүс Христийн үнэнч дагалдагч” 10 болж, Түүний үйлдсэний адил бусдыг хайрлан, бусдад үйлчлэхээр хичээх үедээ илүү агуу баяр баясгаланг олдог.
Бурханы хайр амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин бидний амьдрал дахь Түүний оршихуйгаас олддог юм. Бид өөрсдийн хэр чадлаас давсан хүчийг хүлээн авах үедээ мөн Түүний Сүнс амар амгалан, тайвшрал, чиглүүлгийг авчрах үед Түүний хайрыг мэддэг. Түүний хайрыг мэдрэхэд хэцүү байх цаг үе тохиодог. Бид Түүний мутар амьдралд маань хэрхэн хүрдгийг болон Түүний бүтээлийн гоо үзэсгэлэнгээс Түүний хайрыг олж харахын төлөө залбирч болно.
Бид Аврагчийн амьдрал, хязгааргүй золиосын талаар тунгаан бодох үедээ Түүний бидний төлөөх хайрыг ухаарч эхэлдэг. “Тэр цусаа урсган, зовж Амиа золин сэтгэлээсээ ийн Тэр дэлхийг аврав” 11 хэмээх Элаиза Р.Снөүгийн дууг бид хүндэтгэн биширч дуулдаг. Асар их зовлонг туулсан Түүний даруу байдал бидний бодгальд шингэж, Түүний мутраас өршөөл эрэхэд зүрх сэтгэлийг маань нээж мөн Түүний амьдарсны адил амьдрах хүслээр биднийг дүүргэдэг. 12
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Биднийг Түүний амьдралыг загварлан дагахдаа илүү шийдмэг болох үед бидний хайр илүү цэвэр ариун, илүү тэнгэрлэг болдог” 13 хэмээн бичжээ.
Манай хүү “11-тэй байхдаа би найзуудтайгаа Хүүхдийн хэсгийн хичээлийн эхний хэсгийг таслахаар шийдсэн юм. Биднийг оройтож орж ирэхэд, багш бидэнтэй маш дотно мэндэлсэн нь биднийг гайхшируулсан. Дараа нь тэр багш зүрх сэтгэлээсээ залбирахдаа, биднийг тэр өдөр өөрсдийн сонголтоор ангидаа ирсэнд Их Эзэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэр өдөр ямар хичээл заасныг, тэр тусмаа уг багшийн нэр хэн байсныг санахгүй байгаа ч би 30 гаруй жилийн дараа, одоо ч гэсэн тэр өдөр түүний надад харуулсан цэвэр ариун хайрыг мэдэрдэг” гэж билээ.
Таван жилийн өмнө би Орос улсын нэг тойргийн Хүүхдийн хэсэгт оролцохдоо тэнгэрлэг хайрын жишээг олж харсан. Нэгэн итгэлтэй эгч хоёр хөвгүүний өмнө өвдөглөн суугаад, дэлхий дээрх хүмүүс зөвхөн тэр хоёр байсан ч Есүс тэдний төлөө зовлон туулж, амиа өгөх байсан гэж гэрчилж байхыг харсан.
Бидний Их Эзэн, Аврагч үнэхээр бидний хүн нэг бүрийн төлөө амиа өгсөн гэдгийг би гэрчилж байна. Энэ нь бидний болон Эцэгийнхээ төлөөх Түүний мөнхийн хайрын илэрхийлэл байсан.
“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ. Энэ нь намайг их тайвшруулж байна! … Тэр амьд, [биднийг] бас хайрладаг.” 14
Бид Бурханы биднийг гэсэн цэвэр хайрыг хүлээн авахаар зүрх сэтгэлээ нээж мөн Түүний хайрыг өөрсдийн ямар хүн байгаагаар болон хийдэг бүхий л зүйлээрээ харуулах болтугай. Есүс Христийн ариун нэрээр, амен.