Ерөнхий чуулган
Хүнд хэцүү цаг үе дэх хувийн амар амгалан
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:48

Хүнд хэцүү цаг үе дэх хувийн амар амгалан

Хувийн амар амгаланг эрэлхийлэх нь урьд урьдынхаас ч илүү чухал болж байна.

Саяхан би түүхт Наувугийн нэгэн хэсгийг онцгойлон адислахаар томилогдсон юм. Томилгооныхоо хүрээнд би Миссури мужийн Либерти шоронд зочлох боломжтой байв. Шоронг үзэж байхдаа Сүмийн түүхийн чухал хэсэг болсон үйл явдлуудыг би эргэцүүлэн бодож байлаа. Миссуригийн амбан захирагчийн алж устгах тушаалаас улбаалж гэгээнтнүүдийн амь насанд заналхийлж байв. Нэмж дурдахад, бошиглогч Иосеф цөөн хэдэн сонгогдсон нөхдийн хамтаар Либерти шоронд шударга бусаар хоригдож байжээ. Манай гишүүдийг хүч хэрэглэн эсэргүүцсэн шалтгаануудын нэг нь тэдний ихэнх нь боолчлолын эсрэг үзэлтэй байсных юм. 1 Иосеф Смитийг болон түүний дагалдагчдыг хавчсан энэхүү хүчтэй хавчлага нь зөв шударга хүмүүст нөлөөлж болох, сонгох эрхийг шударга бусаар хэрэгжүүлсний үнэнхүү тод жишээ мөн. Иосефын Либерти шоронд өнгөрүүлсэн цаг хугацаа, зовлон бэрхшээл Их Эзэн түүнийг таалаагүй эсвэл адислалаа түүнээс эргүүлэн авч байгаагийн нотолгоо биш гэдгийг бидэнд харуулдаг.

Бошиглогч Иосеф Смит Либерти шоронд хоригдож байхдаа “Ай Бурхан минь, та хаана байна вэ, мөн таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ?” 2 хэмээн тунхагласныг уншаад, миний сэтгэл маш их хөдөлсөн. Иосеф Их Эзэний хүмүүс “эдгээр буруу зүйлүүдийг мөн хууль бус доромжлолуудыг хэчнээн удаан тэвчих юм бэ?” 3 хэмээн асуусан.

Ахлагч Күк Либерти шоронд айлчилж буй нь

Би Либерти шорон дотор зогсож байхдаа, “Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно; Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно” 4 хэмээн Их Эзэний хариулсныг уншаад, сэтгэл ихэд хөдөлж билээ. Эсэргүүцэл нь мөнхийн, селестиел хувь заяанд маань зориулан биднийг цэвэршүүлж чадах нь тодорхой. 5

“Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг” 6 гэх Аврагчийн нандин үгс миний хувьд гүн гүнзгий утга учиртай бөгөөд бидний амьдралд асар их ач холбогдолтой. Тэдгээр нь мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр шавь нартаа заасан Түүний сургаалыг надад сануулдаг.

Гетсеманийн цэцэрлэгт болон загалмай дээр зовохынхоо өмнөхөн Христ төлөөлөгчдөдөө хандан, “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” 7 хэмээн зарлиглаад, “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ” 8 хэмээх үгсээр тэднийг тайтгаруулсан билээ.

Бидний Их Эзэн, Аврагч, Есүс Христийн хамгийн эрхэм цолуудын нэг бол “Энхийн Жонон” 9 юм. Эцэстээ Түүний хаанчлал амар тайван, хайрын хамт сүндэрлэх болно. 10 Бид Мессиагийн мянган жилийн хаанчлалыг тэсэн ядан хүлээдэг.

Мянган жилийн хаанчлалын тухай энэхүү дүрслэлээс үл хамааран өнөө үед дэлхийд амар амгалан, эв найрамдал зонхилдоггүй гэдгийг бид мэддэг. 11 Амьдралынхаа туршид би найрсаг харилцаа ингэж их дутагдаж байгааг хэзээ ч харж байгаагүй. Энх тайван, амар амгаланг үгүй хийх уур хилэн, сөргөлдсөн үг яриа, өдөөн хатгасан, хор хөнөөлтэй үйлдлээр бид бөмбөгдүүлж байна.

Есүс Христийн Хоёр дахь ирэлт хүртэл дэлхийд амар амгалан байдлыг амлаагүй бас үүний баталгааг өгөөгүй. Аврагч Түүний дэлхий дээрх номлол ертөнцийн амар амгаланд хүргэхгүй гэдгийг арван хоёр төлөөлөгчдөө зааварласан. “Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод” 12 хэмээн Тэр заасан. Ертөнцийн амар амгалан нь Аврагчийн мөнх бус байдал дахь тохинууллын нэг хэсэг байгаагүй юм. Ертөнцийн амар амгалан өдгөө ч байхгүй.

Гэсэн хэдий ч өнөөгийн ертөнцийг өвчлүүлж, ялзруулж байгаа уур хилэн, сөргөлдөөн, хуваагдлаас үл хамааран бид хувийн амар амгаланг олж авч чадна. Хувийн амар амгаланг эрэлхийлэх нь урьд урьдынхаас ч илүү чухал болоод байна. Ник Дэй ахын өнөөгийн өсвөр үеийнхэнд зориулж бичсэн “Аврагчаас ирэх амар амгалан” хэмээх гайхалтай, сайхан шинэ дуулал “Дэлхий үймээнтэй байвч амгалан Түүнд бий” 13 гэж тунхагладаг. Дэлхий даяарх КОВИД-19 цар тахлын өмнөхөн энэ дуулал гарсан нь бидний хувьд адислал болсон.

Энэхүү дуулал нь амар амгалангийн төлөөх хүсэл эрмэлзлийг гайхалтай сайхан хэв маягаар илэрхийлж, Есүс Христийн амьдрал, номлол дээр бэхлэгдсэн амар амгаланг зүй зохистойгоор онцолсон юм. Ерөнхийлөгч Жозэф Ф.Смит (1838-1918) “Хүн төрөлхтөн Бурханы үнэн болон захиасыг хүлээн авч, … тэнгэрлэг болох Түүний мэдлэг, эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс нааш амар амгалан, хайрын сүнс энэ дэлхийд хэзээ ч ирэхгүй” 14 хэмээн тунхаглажээ.

Бид бүх ертөнцийн амар амгаланг тогтоох оролдлогоосоо хэзээ ч ухрахгүй ба бидэнд Христийн зааснаар хувийн амар амгаланг олж чадна гэсэн баталгааг өгсөн. Энэ зарчмыг Сургаал ба Гэрээнд “Гэвч зөв шударгын үйлсүүдийг хийх тэрээр шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авагтун” 15 гэж заасан байдаг.

Маргааныг шийдэж, сөргөлдөөнийг багасгаж, энэ дэлхийд амар амгаланг олоход бидэнд туслах ямар “зөв шударгын үйлсүүд” байдаг вэ? Христийн бүх сургаал энэ зүгт чиглэсэн байдаг. Нэн чухал гэж боддог цөөн хэдэн зүйлийг би дурдъя.

Нэгдүгээрт: Бурханыг хайрлаж, Түүний зарлигуудын дагуу амьдарч, хүн бүрийг уучил

Ерөнхийлөгч Жорж Албэрт Смит 1945 онд Сүмийн ерөнхийлөгч болсон юм. Тэрээр амар амгаланг эрхэмлэдэг удирдагч, төлөөлөгч гэдгээрээ алдартай байв. Түүнийг ерөнхийлөгч болохоос өмнөх 15 жилийн хугацаа бол Дэлхийн 2-р дайны үхэл, сүйрлийг дагасан, дэлхийн хэмжээний асар том хямралын сорилт, бэрхшээлтэй цаг үе байсан. Энэхүү цаг үед амар амгалангаас бусад бүх зүйл байсан юм.

Дэлхийн 2-р дайны төгсгөлд, 1945 оны 10-р сард ерөнхийлөгч байх хугацааныхаа хамгийн анхны Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Смит хөршөө хайрлаж, дайснаа уучлахад урьсан Аврагчийн урилгыг гэгээнтнүүдэд сануулаад, “Энэ бол хэзээ нэгэн цагт Түүний оршихуйд зогсож, Түүний мутраас алдар суут халуун дулаан орон гэрийг хүлээн авна гэдэгтээ найддаг хожмын үеийн гэгээнтнүүдийн эзэмшихийг эрэлхийлэх ёстой мөн чанар юм” 16 хэмээн заасан билээ.

Хоёрдугаарт: Сүнсний үр жимсийг эрэлхийл

Төлөөлөгч Паул галатчуудад бичсэн захидалдаа, Бурханы хаант улсыг өвлөх боломж олгодог зөв шударгын үйлүүд ба наманчлаагүйн улмаас бидний боломжийг авч оддог үйлс хоорондын ялгааг тодорхойлсон байдаг. Бидэнд боломж олгодог сүнсний үр жимс дотор “хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэмж, дөлгөөн зан [ба] өөрийгөө захирахуй” 17 багтдаг. Паул нэг нэгнийхээ ачааг үүрэлцэж, сайныг үйлдэхдээ үл цуцахыг 18 мөн оролцуулсан. Зөв шударга бус үйлүүдийн дунд тэрээр дайсагнал, уур хилэн, харгалдааныг багтаажээ. 19

Хуучин Гэрээний үеийн агуу сургамжуудын нэг нь эцэг Абрахамтай холбоотой. Абрахам, түүний дүү Лот нар чинээлэг хүмүүс байсан ч хамтдаа амьдрах боломжгүй гэдгээ олж мэдсэн юм. Хагаралдааныг арилгахын тулд Абрахам Лотод хүссэн газраа сонгохыг зөвшөөрчээ. Лот элбэг устай, үзэсгэлэнтэй Иорданы талыг сонгосон аж. Абрахам үржил шим багатай Мамрегийн талыг авав. Сударт Абрахамыг дараа нь майхнаа босгоод, “ЭЗЭНд тахилын ширээ босгожээ” 20 хэмээн гардаг. Эсрэгээрээ Лот “майхнаа нүүлгэн Содомын ойролцоо босгожээ.” 21 Амар амгалан харилцаатай байхын тулд зөв шударга байдлыг агуулаагүй асуудалд бид буулт хийж, хүндэтгэлтэйгээр харгалдааныг арилгахад бэлэн байх ёстой гэх сургамж энд илэрхий харагдаж байна. Хаан Бенжамины зааснаар та нар “бие биенээ гомдоох биш, харин амар амгалангаар амьдрах болно.” 22 Гэвч зөв шударга байдал ба сургаалын шаардлагуудтай холбоотой зан авирын хувьд бид тууштай бас гуйвшгүй байх ёстой.

Хэрэв бид зөв шударга үйлсийн шагнал болох амар амгаланг хүсэж байвал майхнаа дэлхий рүү чиглүүлэхгүй. Бид майхнаа ариун сүм рүү чиглүүлж босгох болно.

Гуравдугаарт: Сонгох эрхээ зөв шударгыг сонгоход ашигла

Амар амгалан ба сонгох эрх нь авралын төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсгүүд болохын хувьд хоорондоо нягт холбоотой. “Сонгох эрх ба хариуцлага” хэмээх сайн мэдээний сэдэвт тайлбарласны дагуу “Сонгох эрх гэдэг нь Бурханаас бидэнд өөрсдийнхөө төлөө сонгож мөн үйлдэх боломжийг олгодог чадвар хийгээд боломж юм.” 23 Тиймээс Аврагчийг дагах үед биднийг адисалдаг туршлага, хувийн өсөлт хөгжлийн амин зүрх нь сонгох эрх билээ. 24

“Тэнгэр дэх мөнх бус байдлын өмнөх зөвлөл”-ийн гол асуудал нь сонгох эрх байсан бөгөөд Христийг дагахаар сонгосон хүмүүс болон Сатаны дагалдагчдын хоорондох зөрчилдөөн байсан юм. 25 Бардамнал, захирангуй байдлаа орхиж, Аврагчийг сонгох нь Түүний гэрэл, амар амгалантай байх боломжийг бидэнд олгоно. Гэхдээ хүмүүс сонгох эрхээ аюултай, хор хөнөөлтэй байдлаар хэрэгжүүлснээр хувийн амар амгалан байдлаа бэрхшээлтэй болгодог.

Дэлхийн Аврагч бидний төлөө юу хийх талаар олж авсан мэдлэгээр бидний зүрх сэтгэлдээ мэдэрсэн амар амгалангийн баталгаа хүчирхэгжсэн гэдэгт би итгэлтэй байна. Үүнийг Миний сайн мэдээг номло номд дараах байдлаар маш сайхнаар дүрсэлсэн байдаг. “Бид Есүс Христийн Цагаатгалд найддаг тул Тэрээр бидэнд сорилт, өвчин, шаналлаа тэвчихэд тусалдаг. Есүс Христийн Цагаатгалд найдах үед өөрсдийн зовлон зүдгүүр, өвчин эмгэгийг тэвчихэд Тэрээр бидэнд тусалж чадна. Бид баяр хөөр, амар амгалан, тайтгарлаар дүүрэн байж чадна. Амьдралын шударга бус гэсэн юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зѳв болгогдож болно.” 26

Дөрөвдүгээрт: Сионыг зүрх сэтгэлдээ болон гэр орондоо байгуул

Бид бол Бурханы хүүхдүүд бөгөөд Түүний гэр бүлийн нэг хэсэг. Мөн бид төрсөн гэр бүлийнхээ нэг хэсэг нь юм. Гэр бүл хэмээх нэгж бол аз жаргал, амар амгалангийн үндэс суурь билээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны бидэнд зааснаар, гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн шашны зан үйл нь “гэр орныг итгэлийн ариун газар болгохын тулд … гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж чадна” 27 гэдэгт энэхүү цар тахлын үеэр бид суралцаж байна. Хэрэв бид энэхүү шашны зан үйлийг гэр орондоо үйлдвэл бидэнд Аврагчийн амар амгалан байх болно. 28 Зөв шударга гэр орноор адислагдаагүй, зөв шударга бусыг сонгодог хүмүүстэй та нарын ихэнх нь байнга тулгардаг гэдгийг бид мэднэ. Аврагч таныг амьдралын шуурганаас хоргодох, аюулгүй газар руу удирдахын тулд хамгаалалт, амар амгаланг өгч чадна.

Хайраар бялхсан, зөв шударга гэр бүлүүдэд байдаг баяр баясгалан, хайр энэрэл, амжилт бүтээл нь амар амгалан, аз жаргалыг бүтээдэг гэдгийг би баталж байна. Зүрх сэтгэлдээ болон гэр орондоо Сионыг байлгах түлхүүр нь хайр энэрэл, нинжин сэтгэл юм. 29

Тавдугаарт: Бошиглогчоос ирэх өнөөгийн сануулгыг дага

Их Эзэний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг дагах үед бидний амар амгалан байдал ихээхэн өсдөг. Бид түүний үгийг тун удахгүй сонсох болно. Тэрээр энэхүү дуудлагад дэлхийн сууриас эхлэн бэлтгэгдсэн. Түүний хувийн бэлтгэл хамгийн гайхалтай нь юм. 30

Бид Аврагч Есүс Христтэй илүү адил болохын тулд хичээх үедээ “урт удаан үргэлжлэх амар амгалан, баяр баясгаланг хүнд хэцүү цагт ч мэдэрч чадна” 32 хэмээн тэр бидэнд заасан. Тэрээр өдөр бүр наманчилж, Их Эзэний ариусгах, эдгээх, хүчирхэгжүүлэх хүчийг хүлээн авахыг бидэнд зөвлөсөн. 32 Бидний хайрт бошиглогч тэнгэрээс илчлэлт хүлээн авсан бөгөөд үргэлжлүүлэн хүлээн авсаар байгаагийн хувийн гэрч бол би өөрөө юм.

Түүнийг бошиглогч хэмээн хүндэлж, дэмжих үедээ бид өөрсдийн Тэнгэрлэг Эцэгийг болон Аврагч Есүс Христийг шүтэн биширдэг бөгөөд Ариун Сүнс бидэнд тохинуулдаг.

Дэлхийн Аврагч, Гэтэлгэгч болох Есүс Христ сэргээгдсэн Сүмээ удирдан чиглүүлдэг гэх төлөөлөгчийн хувийн гэрчлэлээ би үлдээж байна. Түүний амьдрал ба цагаатгагч номлол бол амар амгалангийн жинхэнэ эх сурвалж юм. Тэр бол Энхийн Жонон. Тэр амьд гэх өөрийн баттай бөгөөд ариун гэрчлэлийг би үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. “Индепенденс дэх хүмүүс гэгээнтнүүдийг индианчуудад тохинуулж, боолчлолыг хүлээн зөвшөөрдөггүй байсанд дургүйцдэг байв” ( Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days , vol. 1, The Standard of Truth, 1815–1846 [2018], 172).

  2. Сургаал ба Гэрээ 121:1

  3. Сургаал ба Гэрээ 121:3

  4. Сургаал ба Гэрээ 121:7–8

  5. 2 Нифай 2:11–15-ыг үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээ 121:7

  7. Иохан 13:34

  8. Иохан 14:27

  9. Исаиа 9:6; 2 Нифай 19:6 Аврагч Өөрийн магтаалд “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно” (Матай 5:9) хэмээн заажээ.

  10. “Шударга ёс, үнэн зөвөөр … мөнхөд” (Исаиа 9:6–7; 2 Нифай 19:6–7; мөн Галат 5:22-ыг үзнэ үү).

  11. Сургаал ба Гэрээ 1:35-ыг үзнэ үү. President Wilford Woodruff declared this in 1894 and again in 1896 (see The Discourses of Wilford Woodruff, sel. G. Homer Durham [1946], 251–52; see also Marion G. Romney, in Conference Report, Apr. 1967, 79–82; Ezra Taft Benson, “The Power of the Word,” Ensign, May 1986, 79–80; Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Liahona, May 2004, 9).

  12. Матай 10:34

  13. Nik Day, “Peace in Christ,” 2018 Mutual theme song, Liahona, Jan. 2018, 54–55; New Era, Jan. 2018, 24–25. “Аврагчаас ирэх амар амгалан”

    Аврагч шиг амьдрах юм бол

    Амгаланг мэдэрнэ.

    Найдвар үгүй

    Хүч үгүй үед

    Тэр бид бүхэнд

    Найдвар, хүч өгдөг.

    Хүнд хэцүү үед Христ

    Биднийг хамгаалдаг.

    Дэлхий энх тайван биш ч

    Амгаланг мэдэрнэ.

  14. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 400.

  15. Сургаал ба Гэрээ 59:23

  16. George Albert Smith, in Conference Report, Oct. 1945, 169–70-ыг үзнэ үү.

  17. Галат 5:22–23

  18. Галат 6:2, 9

  19. Галат 5:20-ийг үзнэ үү.

  20. Эхлэл 13:18

  21. Эхлэл 13:12

  22. Мозая 4:13

  23. Gospel Topics, “Agency and Accountability,” topics.ChurchofJesusChrist.org.

  24. Бид “бүх хүмүүний агуу их Зуучлагчаар дамжуулан эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эрхтэй” (2 Нифай 2:27). Сонгох эрх нь өвдөлт, зовлон зүдгүүр, заримдаа бүр үхэлд ч хүргэх бусдын муу муухай сонголтыг зөвшөөрдөг. Хүмүүн сайн эсвэл мууг сонгож болохын тулд Их Эзэн Бурхан сонгох эрхийг өгсөн гэдэг нь судруудад тодорхой харагддаг (2 Нифай 2:16-г үзнэ үү).

  25. Gospel Topics, “Agency and Accountability,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  26. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2019), 52, ChurchofJesusChrist.org; emphasis added.

  27. Рассэлл М.Нэлсон, “Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119.

  28. Сургаал ба Гэрээ 19:23-ыг үзнэ үү.

  29. Амар амгалан зонхилсон гэр оронд өсөх аз завшаан надад байсан юм. Үндсэндээ энэ нь Сүмийн итгэлтэй гишүүн байсан ээжийн маань нөлөөтэй холбоотой байв. Аав маань бүхий л талаараа гайхалтай хүн байсан боловч идэвх султай гишүүн байсан. Ээж аавыг маань хүндэлж, хэрүүл маргаанаас зайлсхийдэг байлаа. Тэр биднийг хүүхэд байхад залбирч, Сүмд явахыг заасан. Тэр бас бидэнд бие биеэ хайрлах мөн нэг нэгэндээ үйлчлэхийг заасан (Мозая 4:14–15-ыг үзнэ үү). Ийм гэр оронд өссөн маань амар амгаланг мэдрүүлж, миний амьдралд агуу том адислал болсон юм.

  30. Рассэлл М.Нэлсон 22 настайдаа Юта мужийн Анагаах Ухааны Их Сургуулийг төгсжээ. Тэрээр удаан хугацааны турш мэс засалч болохыг хүсэж байсан бөгөөд томоохон эмнэлгийн байгууллагуудад заагддаг хамгийн сайн сургалтад хамрагдаж байв. Тэрээр Солонгос, Япон улсад цэргийн үүргээ үнэнчээр биелүүлжээ. Олон жилийн турш тэрээр нээлттэй зүрхний мэс заслын анхдагч байсан бөгөөд түүнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн юм. Ерөнхийлөгч Нэлсоны дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийг өөрийн анагаах ур чадвараар адислах энэхүү бэлтгэл гайхамшигтай байсны адил сүнслэг бэлтгэл нь бүр ч илүү чухал байсан. Тэрээр хүүхдүүд, ач, зээ нараас бүрдэх өнөр гэр бүлийн эцэг билээ. Тэрээр амьдралынхаа турш гэр бүлдээ болон Сүмдээ итгэлтэй үйлчилсээр ирсэн.

  31. Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн захиас,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3; мөн Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74-ийг үзнэ үү.

  32. Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн захиас,” 6.