Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь
Таны амьдралд ямар нэгэн үймээн самуун гарах бүрд сүнслэг байдлын хувьд хамгийн аюулгүй газар бол ариун сүмийн гэрээнүүд дотроо амьдрах явдал юм!
Хүндэт ах, эгч нар аа, энэ өглөө би та нартай зүрх сэтгэлийнхээ мэдрэмжүүдийг хуваалцахаар хамт байгаадаа талархаж байна.
Бид түүхэн Солт Лэйк ариун сүмд томоохон засварын ажил хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ цогц ажилд зуу гаруй жилийн турш үүргээ сайн биелүүлсэн анхны суурийг нь улам бат бөх болгон засварлах нөр их үйлс багтаж байгаа юм. Гэхдээ энэ ариун сүм үүнээс ч олон жил сүндэрлэх учиртай. Тавдугаар сарын сүүлээр энэ том төслийн үйл явцтай танилцах боломж надад тохиосон. Эхнэр Вэндигийнхээ хамт харсан зүйлийг минь хараад, та нарыг баяртай байна гэж би бодлоо. “Бат бөх суурь” 1 дуулал бидний хувьд яагаад шинэ утгатай болсныг та нар ойлгоно гэж би бодож байна.
Солт Лэйк ариун сүмийн засварын ажлын тухай видео: “Бид Солт Лэйк ариун сүмийн анхны суурийг харж байна. Би Еденийн цэцэрлэг гэсэн нэртэй өрөөний доохно зогсож байна. Энэхүү барилгын ур хийцийг бүхэлд нь ажих үедээ би анхдагчдын хийсэн ажлыг шагшин бахаддаг. Тэд энэ гайхамшигт ариун сүмийг зуу гаруй жилийн өмнөх багаж, техникээр барьсан гэж бодохоор би үнэндээ биширдэг.
Гэхдээ олон арван жилийн дараа буюу өнөө үед хэрэв бид суурийг нь сайтар шинжвэл, анхны чулуунууд нь элэгдэж, хооронд нь ан цав гарч, өрлөгт их бага янз бүрийн гажиг үүссэнийг харж болно.
Орчин үеийн инженер, архитектор, барилгын мэргэжилтнүүд энэхүү анхны суурийг улам бат бөх болгохын тулд юу хийж чадахыг хараад, би туйлын их бахдан гайхширч байна. Тэдний ажил үнэхээр гайхалтай!
Аливаа барилгын, ялангуяа үүн шиг том барилгын суурь газар хөдлөлт, элэгдэл зэврэлт, хүчтэй салхи, бүх барилга байгууламжид нөлөөлөх зайлшгүй суулт зэргийг тэсвэрлэх чадвартай бат бөх, уян хатан байх ёстой. Одоо хийж буй цогц шинэчлэлийн ажлаар энэхүү ариун нандин ариун сүмийг цаг хугацааны шалгуурыг өнөө үед ч мөн ирээдүйд ч даван туулж чадах бат бөх суурьтай болгох болно.”
Өдрөөс өдөрт хэврэгшиж буй энэхүү хүндтэй ариун сүмийг мянган жил ч байгалийн хүчийг тэсвэрлэх бат бөх суурьтай болгохын тулд бид бүхий л хичээл зүтгэлээ дайчилж байгаа. Үүний нэгэн адил, бид өөрсдийн сүнслэг байдлын суурийг бэхжүүлэхийн тулд урьд өмнө хэзээ ч авч байгаагүй онцгой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх цаг болжээ. Урьд өмнө тохиогоогүй цаг үе урьд өмнө байгаагүй арга хэмжээг авахыг шаарддаг.
Хайрт ах, эгч нар минь, тэр үе бол энэ хожмын өдрүүд юм. Та бидний хүн нэг бүр ирж буй аюул, дарамтыг даван гарахын тулд Есүс Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр 2 сүнслэг сууриа бат бөх тавьсан байх нь зайлшгүй чухал.
Тиймээс би та нарын хүн нэг бүрээс “Таны суурь хэр бат бөх вэ? гэж асууя. Сайн мэдээний талаарх таны гэрчлэл, ойлголтод ямар шинэчлэл хэрэгтэй вэ?”
Биднийг итгэл, сүнслэг хүч чадлаа бэхжүүлэхэд ариун сүм голлох байр суурьтай байдгийн учир нь ариун сүмийн амин зүрх бол Аврагч ба Түүний сургаал юм. Сүнс болон удирдамжаар дамжуулан ариун сүмд заагддаг бүх зүйл Есүс Христийн талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлдэг. Түүний амин чухал ёслолууд ариун санваарын гэрээнүүдээр дамжуулан биднийг Түүнтэй холбодог. Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг. 3 Ай, ирэх өдрүүдэд Түүний хүч бидэнд ямар их хэрэгтэй гээч.
Бидэнд “хэрэв [бид] бэлтгэгдэх аваас, [бид] эмээх нь үгүй 4 хэмээн амласан. Энэхүү баталгаа өнөөдөр гүн гүнзгий утга учрыг агуулдаг. Урьд өмнө тохиож байгаагүй өнөөдрийн сорилт бэрхшээлийг үл харгалзан Есүс Христ дээр сууриа тавьдаг, Түүний хүчээр хэрхэн зэвсэглэхээ мэддэг хүмүүс энэ эрин үеийн өвөрмөц түгшүүрт эрсдэх нь үгүй хэмээн Их Эзэн тунхаглажээ.
Ариун сүмийн ёслол, гэрээнүүд эрт үеийнх юм. Их Эзэн Адам, Ева хоёрыг залбирч, гэрээ байгуулан, өргөл өргөж байхыг зааварласан. 5 Үнэхээр “Их Эзэн дэлхий дээр үгийг нь дуулгавартай дагах хүмүүстэй болмогц тэдэнд ариун сүм барих зарлигийг буулгадаг байв.” 6 Жишиг бүтээлүүд нь ариун сүмийн сургаал, өмсгөл, хэл яриа зэрэг тайлбаруудаар дүүрэн байдаг. 7 Бидний итгэдэг бүх зүйл, Бурханы гэрээт хүүхдүүддээ өгсөн амлалт бүхэн ариун сүмд нэгтгэгддэг. Бүх цаг үед ариун сүм нь Бурхантай гэрээ байгуулж, тэдгээрийг сахидаг хүмүүс бол гэрээний хүүхдүүд гэдэг чухал үнэнийг онцлон харуулдаг билээ.
Тиймээс Их Эзэний өргөөнд бид Абрахам, Исаак, Иаков нарынхтай адил гэрээг Бурхантай байгуулж чадна. Мөн бид ижил адислалуудыг хүлээн авч чадна!
Ариун сүмүүд эрт үеэс эхлэн энэ эрин үеийн нэг хэсэг байсаар ирсэн. 8 Көртландын ариун сүмд Елиа бошиглогч Иосеф Смитэд лацдан холбох эрх мэдлийн түлхүүрүүдийг өгчээ. Санваарын бүрэн байдлыг Наувугийн ариун сүмд сэргээсэн юм. 9
Иосеф Смит алагдах хүртлээ хувийн хишиг, лацдан холболтын ёслолуудын сэргээлтийг авчирсан илчлэлтүүдийг хүлээн авсаар байв. 10 Гэхдээ цаашид улам сайжруулах шаардлагатай байгааг тэр хүлээн зөвшөөрсөн. 1842 оны 5-р сард Иосеф Смит Бригам Янгад хишиг хүртээснийхээ дараа “Энэ бол зөв зохион байгуулалттай зүйл биш, гэхдээ бид байгаа нөхцөл байдалдаа, чадах бүхнээ хийсэн ба энэ асуудлыг гартаа авч эдгээр ёслолыг эмх цэгцэд оруулж, зохион байгуулахыг би танаас хүсэж байна” 11 хэмээн хэлжээ.
Бошиглогчийг нас барсны дараа, ерөнхийлөгч Янг Наувугийн ариун сүмийн барилгыг 12 гүйцээх ажлыг хариуцан, улмаар Юта мужийн нутаг дэвсгэрт ариун сүмүүдийг барив. Бригам Янг Гэгээн Жоржийн ариун сүмийн доод давхруудыг онцгойлон адислахдаа, “Би энэ сэдвийг эргэцүүлэн бодоод, долоон аянгын хэлээр хүмүүсийг сэрээхийг хүснэ” гэж ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ажлууд нэн чухал болохыг хүчтэйгээр мэдэгдсэн юм.
Тэр үеэс эхлэн ариун сүмийн ёслолуудыг аажмаар боловсронгуй болгожээ. Ерөнхийлөгч Харолд Б.Лий яагаад Аврагчийн сэргээгдсэн Сүм дотор дүрэм журам, бодлого, тэр ч байтугай ариун сүмийн ёслолуудыг явуулах хэлбэр маяг өөрчлөгдөж байгааг ийнхүү тайлбарлажээ. Ерөнхийлөгч Лий: “Есүс Христийн сайн мэдээний зарчмууд нь тэнгэрлэг юм. Их Эзэн илчлэлтээр бус аваас хэн ч Сүмийн [сургаал] зарчмуудыг өөрчилдөггүй. Харин тухайн цаг үед тэргүүлж буй хүмүүст сүнслэг нөлөөллөөр удирдамжууд ирэхийн хэрээр арга хэлбэрүүд нь өөрчлөгддөг” 14 гэжээ.
Он жил өнгөрөх тусам ариун ёслолыг явуулах хэлбэр маяг хэрхэн өөрчлөгдсөнийг бодоод үзье. Дээр үед ариун ёслолын усыг цуглаан дээр нэг том савнаас хүртээдэг байв. Бүх хүн үүнээс уудаг байсан. Одоо бол хувь хүн бүр нэг удаагийн аяга хэрэглэдэг болсон. Дүрэм журам өөрчлөгдсөн ч гэрээнүүд хэвээрээ байгаа.
Дараах гурван үнэнийг тунгаан бодно уу.
-
Сэргээлт бол үйл явдал бус, харин үйл явц ба Их Эзэнийг дахин ирэх хүртэл үргэлжлэх болно.
-
Израилын цугларалтын 15 эцсийн зорилго бол ариун сүмийн адислалуудыг Бурханы итгэлтэй хүүхдүүдэд авчрах явдал юм.
-
Биднийг энэхүү зорилгыг илүү үр дүнтэй гүйцэлдүүлэх аргыг эрэлхийлэх тусам Их Эзэн илүү олон ойлголтыг илчилдэг. Үргэлжилж буй Сэргээлтэд үргэлжилж буй илчлэлт хэрэгтэй.
Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Их Эзэнээс ариун сүмийн адислалуудыг Түүний итгэлтэй хүүхдүүдэд авчрах илүү дээр арга зам байгаа эсэхийг байнга асуудаг. Хэл, соёлын ялгаанаас үл хамааран ариун сүмийн заавар, гэрээ, ёслолуудын үнэн зөв, тогтмол байдлыг дэлхий даяар хэрхэн хангах талаар бид байнга удирдамж эрэлхийлдэг.
Их Эзэний удирдлаган доор мөн бидний залбирлын хариуд саяхан журмын өөрчлөлтүүд хийгдсэн. Тэрээр танаас яг ямар гэрээ байгуулж байгаагаа маш тодорхой ойлгохыг хүсдэг Нэгэн юм. Тэр бол Өөрийн ариун ёслолуудыг танд бүрэн дүүрэн мэдрүүлэхийг хүсдэг Нэгэн билээ. Тэр танаас онцгой эрх, амлалт, үүрэг хариуцлагуудаа ухамсарлахыг хүсдэг. Тэр танаас урьд өмнө авч байгаагүй ухаарал, сүнслэг ойлголтыг авахыг хүсдэг. Энэ бол хаана амьдарч байгаагаас үл хамааран, ариун сүмд орох бүх гишүүнээс хүсдэг Түүний хүсэл юм.
Ариун сүмийн дүрэм журамд орсон өнөөгийн болон цаашид хийгдэх бусад зохицуулалт Их Эзэн Өөрийн Сүмийг идэвхтэй удирдаж байгаагийн нотолгоо болсоор байна. Бид амьдралаа Түүнд болон Түүний ариун сүмийн ёслол, гэрээнүүдэд төвлөрүүлснээр Тэр бидний хүн нэг бүрд сүнслэг сууриа илүү үр дүнтэй бэхжүүлэх боломжийг олгож байна. Их Эзэний суралцахуйн өргөөнд ариун сүмийн эрхийн бичигтэй, харууссан зүрх, эрэлхийлэгч оюунтайгаар ирэх үед Тэр та нарт заах болно.
Газрын хол ойр, эрүүл мэндийн асуудал эсвэл бусад хязгаарлалт нь ариун сүмд орохыг тань тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаа бол би таныг байгуулсан гэрээнүүдээ оюундаа тогтмол давтах цаг гаргахад урьж байна.
Хэрэв та ариун сүмд орох дуртай болж амжаагүй бол очих давтамжаа цөөлөх бус, харин нэмэгдүүл. Их Эзэнд Өөрийн Сүнсээр дамжуулан танд заах мөн нөлөөлөх боломжийг олго. Цаг хугацаа өнгөрөх тусам ариун сүм аюулгүй байх, тайтгарах, илчлэлт авах газар болно гэж би танд амлаж байна.
Хэрэв ганц бие залуучуудтай ганцаарчлан ярих боломжтой байсан бол би та нараас ариун сүмд лацдан холбуулах хамтрагчаа хайхыг гуйх байсан. Ингэснээр амьдралд тань ямар өөрчлөлт гарах бол гэж та гайхаж магадгүй. Энэ нь бүгдийг өөрчилнө гэдгийг би амлаж байна! Ариун сүмд гэрлэж, тэнд тогтмол орох үед та хүчирхэгжиж, шийдвэр гаргах үедээ чиглүүлэгдэх болно.
Хэрэв би ариун сүмд хараахан лацдан холбуулаагүй байгаа эхнэр, нөхөр бүртэй ярьж чаддаг сан бол, тэрхүү амьдралыг өөрчилдөг өргөмжлөлийн ёслолыг хүлээн авахын тулд шаардлагатай алхмуудыг хийхийг та нараас гуйх байсан. 16 Энэ нь өөрчлөлт авчрах болов уу? Үүрд өсөж хөгжин мөн үүрд хамтдаа байхыг эрэлхийлэх үед л энэ нь өөрчлөлтийг авчирна. Зүгээр л үүрд хамтдаа байхыг хүсэх нь үүнийг авчрахгүй. Өөр ямар ч ёслол эсвэл гэрээ үүнийг авчрахгүй. 17
Хэрэв би гэрлэхийг хүсдэг ч мөнхийн ханиа хараахан олж чадаагүй байгаа эрэгтэй, эмэгтэй бүртэй ярьж чаддаг сан бол, би та нарыг гэрлэх хүртлээ хүлээлгүйгээр Их Эзэний өргөөнд хишиг хүртээсэй гэж уриалмаар байна. Санваарын хүчээр зэвсэглэх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг олж мэд мөн туршлага хуримтлуул.
Мөн ариун сүмийн гэрээ байгуулсан та бүхнээс би ариун сүмийн гэрээ, ёслолуудыг ойлгохын төлөө залбирч байгаад, тууштай эрэлхийлэхийг гуйж байна. 18 Сүнслэг хаалганууд нээгдэх болно. Тэнгэр, газар хоёрын хооронд татсан хөшгийг хэрхэн нээхийг, Бурханы тэнгэр элч нараас тан руу ирэхийг хэрхэн гуйхыг, тэнгэрээс зааварчилгаа хэрхэн илүү сайн авахыг та сурах болно. Ийнхүү үйлдэх таны тууштай хичээл зүтгэл сүнслэг байдлын тань суурийг хүчирхэгжүүлж мөн бэхжүүлэх болно.
Хайрт ах, эгч нар аа, Солт Лэйк ариун сүмийн засварын ажил дуусахад, Солт Лэйкийн хөндий дэх газар хөдлөлтөд энэ ариун сүм доторх шиг аюулгүй газар байхгүй байх болно.
Үүний нэгэн адил, таны амьдралд ямар нэгэн үймээн самуун гарах бүрд сүнслэг байдлын хувьд хамгийн аюулгүй газар бол ариун сүмийн гэрээнүүд дотроо амьдрах явдал байх болно!
Сүнслэг суурь тань Есүс Христ дээр бат бөх тавигдсан үед та айх хэрэггүй гэсэн миний үгэнд итгээрэй. Ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ үнэнч байснаар та Түүний хүчээр хүчирхэгжих болно. Улмаар сүнслэг газар хөдлөлт болоход сүнслэг суурь тань бат бөх, хөдөлшгүй учраас та бат зогсож чадна.
Хүндэт ах, эгч нар аа, би та нарт хайртай. Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд та нарыг Өөр дээрээ гэртээ ирээсэй хэмээн хүсдэг гэсэн үнэнийг би гэрчилж байна. Түүний мөнхийн хөгжил дэвшлийн төлөвлөгөө төвөгтэй зүйл биш бөгөөд энэ нь таны сонгох эрхийг хүндэтгэдэг. Ирэх дэлхийд та хэн байхаа мөн хэнтэй хамт байхаа өөрөө сонгох эрхтэй.
Бурхан амьд! Есүс бол Христ! Энэ бол та нарт өөрсдийн тэнгэрлэг хувь заяаг гүйцэлдүүлэхэд туслахаар сэргээгдсэн Түүний Сүм юм. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.