Ерөнхий чуулган
Их Эзэнд зориулан цаг гарга
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Их Эзэнд зориулан цаг гарга

Би өнөөдөр та бүхнээс амьдралдаа өдөр бүр Их Эзэнд зориулан цаг гаргаж, дэлхийн уруу таталтыг сөрөн зогсоосой хэмээн хүсэж байна.

Хайрт ах, эгч нар аа, энэ хоёр өдөр бид Их Эзэний хэлүүлэхийг хүсэж буй зүйлсийг мэдэхийн тулд хичээнгүйлэн эрэлхийлсэн Түүний үйлчлэгчдээр сайтар заалгууллаа.

Бид дараагийн 6 сарынхаа хийх даалгаврыг авлаа. Харин одоо бидэнд сонсож, мэдэрсэн зүйлсийнхээ ачаар хэрхэн өөр байж чадах вэ? гэсэн асуулт гарч ирж байна.

Цар тахал бидэнд амьдрал цагаас цагт хяналтаас маань давсан нөхцөл байдал руу ямар хурдан өөрчлөгддөг болохыг харуулж байна. Гэсэн ч бидний хянаж чадах олон зүйл байдаг. Бид эн тэргүүнд тавих зүйлсээ тогтоож, эрч хүч, цаг зав, арга ухаанаа хэрхэн зарцуулахаа тодорхойлдог. Бид нэг нэгэндээ хэрхэн хандахаа шийддэг бөгөөд үнэн хийгээд удирдамжийн төлөө хэнд хандахаа сонгодог.

Дэлхийн нөлөө, дарамт шахалт тоймгүй ихээс гадна сэтгэл татам байдаг ч дэндүү олон янзын нөлөө нь биднийг төөрөлдүүлж, толгойг маань эргүүлэн, гэрээний замаас биднийг холдуулж чадна. Үүнээс болж зайлшгүй ирэх цөхрөл гунигаас зайлсхийхийн тулд би өнөөдөр та бүхнээс амьдралдаа өдөр бүр Их Эзэнд зориулан цаг гаргаж, дэлхийн уруу таталтыг сөрөн зогсохыг хүсэж байна.

Хэрэв та нар олон нийтийн болон бусад сүлжээгээр ихэнх мэдээллээ олж авдаг бол Сүнсний шивнээг сонсох чадвар тань буурах болно. Түүнчлэн та нар өдөр бүр залбирч, сайн мэдээнээс суралцах замаар Их Эзэнийг эрэлхийлэхгүй байгаа бол сонирхол төрүүлэх боловч үнэн биш гүн ухаанд өөрийгөө өртөхөөр болгож буй хэрэг юм. Итгэлтэй гэгээнтэн ч Вавилоны хамтлагийн бөмбөрийн хэмнэлд сүйрэн унаж болно.

Ах, эгч нар аа, Их Эзэнд зориулан цаг гаргахыг би та нараас гуйж байна. Та нар үргэлж Ариун Сүнстэй хамт байлгах зүйлсийг хийснээр сүнслэг сууриа цаг хугацааны шалгуурт бат бөх байхаар тавь.

“Сүнс … үнэхээр тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь ярьдаг” 1 гэсэн зайлшгүй үнэнийг хэзээ ч битгий дутуу үнэл. Энэ нь “та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно.” 2

Анхаарлаа Есүс Христэд төвлөрүүлэхээс өөр юу ч Сүнсийг илүүтэйгээр урьдаггүй. Христийн тухай ярьж, Христэд баясаж, Христийн үгнээс зооглож, Христэд тууштай итгэн урагш тэмүүл. 3 Түүнийг шүтэн биширч, ариун ёслолоос хүртэн, Түүний өдрийг ариунаар нь сахиснаар Хүндэтгэлийн өдрийг баясгалант болго. 4

Энэ өглөө миний онцлон хэлсэн шиг, Их Эзэний ариун өргөөнд Түүнд зориулан цаг гаргаарай. Та бүхний сүнслэг суурийг ариун сүмийн үйлчлэл, бишрэлтэй адилаар өөр юу ч хүчирхэгжүүлэхгүй.

Манай шинэ ариун сүмүүдийн барилгын ажилд оролцож байгаа бүх хүнд бид талархаж байна. Ариун сүмүүд дэлхий даяар баригдаж байгаа билээ. Өнөөдөр би дараах байршлуудад ариун сүм барих болсныг зарлахдаа баяртай байна. Үүнд: Тайванийн Каошиунг, Филиппинийн Таклобан, Либерийн Монровиа, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Кананга, Мадагаскарын Антананариво, Мексикийн Кулиакан, Бразилын Виториа, Боливийн Ла Паз, Чилийн Сантьяго Вэст, Техасын Форт-Ворт, Вайомингийн Көүди, Айдахогийн Рэксбург Норт, Ютагийн Хибэр Валли, мөн Ютагийн Орэм ариун сүмийг онцгойлон адисалсны дараа Ютагийн Прово ариун сүмийг дахин барих болно.

Хүндэт ах, эгч нар аа, би та нарт хайртай. Их Эзэн та нарыг мэддэг бас хайрладаг. Тэр бол та бүхний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Тэр Сүмээ удирдан чиглүүлдэг. Хэрэв та нар амьдралдаа өдөр бүр Түүнд зориулан цаг гаргавал Тэр та нарыг хувийн амьдралд тань удирдан чиглүүлэх болно.

Биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байг хэмээн би Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.