Есүс Христийг амьдралдаа илүү их харах нь
Аврагч биднийг амьдралдаа Түүнийг илүү их харахын тулд Түүгээр дамжуулан өөрсдийн амьдралыг харахад урьдаг.
Ах, эгч нар аа, энэ өглөө та бүхний өмнө зогсож байгаа маань намайг үнэхээр даруусгаж байна. Бурханы хаант улсын бошиглогч, төлөөлөгч, үзмэрч, илчлэгчид болон удирдагчдынхаа захиасыг сонсохоор дэлхийн эргэн тойронд буй та бүхэнтэй зүрх сэтгэлээрээ нэгдэн цугласан байгаадаа би талархалтай байна. Бид Хаан Бенжамины үеийн хүмүүсийн адил майхнуудаа босгож, амыг нь дэлхий дээрх Бурханы бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон руу харуулан, дэлгээд сууж байна.1
Би ухаан орсон цагаасаа л хараа муутай байсан бөгөөд үргэлж эмчийн тогтоосон харааны шил зүүсээр ирсэн. Өглөө бүр нүдээ нээхэд дэлхий бүхэлдээ толгой эргэм, бүх зүйл фокусгүй, бүрэлзэж, гажсан харагддаг. Хайртай нөхөр минь хүртэл намайг хайрлаж, тайтгаруулдаг хүн гэхээс илүү хийсвэр хөрөг зурагтай илүү адил харагддаг. Өглөө бүр юун түрүүнд байгаа орчноо танин мэдэж, юмыг илүү тод харж, баясан, өдрийн турш чиглэлээ олоход минь тус болдог нүдний шилээ авч зүүснээр дадал болсон хэрэгцээ маань хангагддаг.
Өнгөрсөн хугацаанд би энэхүү дадал маань өдөр бүр хоёр зүйлээс хамааралтай байдгийг маань харуулж байгааг анзаарсан. Эхнийх нь, орчин тойрноо ойлгож, төвлөрч, бодитоор харахад тусалдаг хэрэгсэл; нөгөөх нь, намайг зөв зүг рүү үргэлжлүүлэн чиглүүлэх бодит удирдамжийн хэрэгцээ юм. Энэхүү энгийн, байнгын дадал хэвшил нь бидний Аврагч Есүс Христтэй харилцах харилцааны талаар чухал зүйл ажигласныг маань илтгэдэг.
Асуулт, сэтгэл түгшээсэн зүйл, дарамт шахалт, боломжоор дүүрэн энэ амьдралд бидний хүн нэг бүрийг Өөрийн гэрээт хүүхдүүдийн хувиар хайрлах Аврагчийн хайр, сургаал, хууль нь “гэрэлтдэг, … [бидний] мэлмийг гэгээрүүлдэг … ойлголтуудыг амьдруулдаг … гэрэл” болохын тулд бидний өдөр бүр тулгуурлаж болох эх сурвалж юм.2 Бид амьдралдаа Сүнсний адислалыг эрэлхийлэх үедээ Иаковын зааснаар “тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь”3 харах боломжтой болно.
Бид Бурханы гэрээт хүүхдүүдийн хувьд сүнслэг харааг маань сайжруулах тэнгэрээс томилогдсон элбэг дэлбэг эх сурвалжуудаар онцгойлон адислагдсан билээ. Сударт цэдэглэгдсэн Есүс Христийн үг болон сургаал, Есүс Христийн сонгогдсон бошиглогчдын захиас, өдөр бүр залбирч, ариун сүмд тогтмол орсноор мөн долоо хоног бүр ариун ёслолоор дамжуулан хүлээн авдаг Түүний Сүнс зэрэг нь амар амгаланг сэргээхэд туслах ба бидний амьдралд болон бүрхэг байж болох дэлхийд Христийн гэрэл, ойлголтыг авчрахад шаардлагатай ялган таних бэлгээр хангадаг. Мөн биднийг амьдралын нам тайван болон хуйларсан давлагаат усан дунд сэлүүрдэх үед Аврагч бидний луужин, залуурдагч байж чадна. Тэрээр тал газрыг мөнхийн хувь заяа руу маань чиглүүлэх зөв зам болгож чадна. Тэр бидэнд юу харуулж, биднийг хааш нь явуулж болох вэ?
Хайрт бошиглогч маань “бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн байх ёстой. Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд … хичээл зүтгэл гаргах ёстой” гэж заасан.4 Ерөнхийлөгч Нэлсон түүнчлэн “анхаарлаа Есүс Христэд төвлөрүүлэхээс өөр юу ч Сүнсийг илүүтэйгээр урьдаггүй. … Хэрэв та нар амьдралдаа өдөр бүр Түүнд зориулан цаг гаргавал Тэр та нарыг хувийн амьдралд тань удирдан чиглүүлэх болно” хэмээн амласан.5 Найз нөхөд минь, Есүс Христ бол бидний анхаарлын төв, амьдралын зорилго юм. Төвлөрсөн хэвээр байж, зөв чиглэлд явахад маань туслахын тулд Аврагч биднийг амьдралдаа Түүнийг илүү их харахын тулд Түүгээр дамжуулан өөрсдийн амьдралыг харахад урьдаг. Би Хуучин Гэрээг судалснаар яг энэ онцгой урилгын талаар илүү ихийг сурч мэдсэн.
Мосегийн хуулийг эртний израилчуудад бэлтгэл сайн мэдээ болгон, Есүс Христээр дамжуулан хүмүүсийг Бурхантай илүү дээд гэрээт харилцаанд бэлтгэхээр өгчээ.6 Есүс Христийн “ирэлтийг мөн Цагаатгалыг харуулдан хүлээхэд”7 итгэгчдийг чиглүүлж байсан бэлгэдлээр дүүрэн хууль нь Израилын ард түмэнд Түүнд болон Түүний золиослол, хууль, зарлигуудад итгэх итгэлээ үйлдэл болгон, Гэтэлгэгчийнхээ талаар илүү сайн ойлголттой болсноор Аврагчид төвлөрөхөд нь туслах зорилготой байсан.8
Өнөө үеийн бидний адилаар эрт цагийн Бурханы хүмүүст ч мөн амьдралдаа Түүнийг илүү их харахын тулд Түүгээр дамжуулан өөрсдийн амьдралыг харах урилгыг өгсөн байдаг. Гэвч Аврагчийн тохинууллын үеэр израилчууд Христийг хойш тавьж, хуульд өөрсдийн аврал, гэтэлгэлийн цорын ганц, үнэн эх сурвалж болох Есүс Христ рүү чиглэсэн заавар бүхий бэлгэдэлгүй зөвшөөрөгдөөгүй дадлуудыг нэмснээр зан үйлүүддээ Христийг авч үзэхээ больсон ажээ.9
Израилчуудын өдөр тутмын амьдрал эмх замбараагүй, бүрхэг бүүдгэр болж байв. Ийм байдалд байсан Израилын ард түмэн хуулийн дадал, заншил нь хувийн авралд хүргэх зам бөгөөд энэ нь зарим талаараа Мосегийн хуулийг иргэдийн амьдралыг захирахаар гаргасан тогтоол төдий зүйл болсон гэж итгэж байжээ.10 Үүнээс болж Аврагч сайн мэдээнийхээ гол чиглэл, тодорхой байдлыг сэргээх шаардлагатай болсон юм.
Эцэст нь израилчуудын ихэнх хэсэг нь Түүний захиасыг эсэргүүцэж, бүр тэдэнд хуулийг өгсөн, Өөрийгөө “хууль, мөн гэрэл” байна11 хэмээн тунхагласан Аврагчийг хуулиа зөрчсөн гэж гүтгэж байв. Гэвч Есүс уулан дээрх номлолынхоо үеэр Мосегийн хуулийн талаар “хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм”12 хэмээн тунхагласан. Дараа нь Аврагч Өөрийн мөнхийн Цагаатгалаар дамжуулан тэр үеийн Израилын ард түмний сахиж байсан хууль цааз, дэг журам, ёс заншлын дадлуудыг төгсгөл болгосон юм. Түүний сүүлчийн золиослол нь шатаалт тахилын золиосыг бидний “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийн”13 өргөл болгож, тахилын ёслолыг ариун ёслол болгон өөрчилсөн.
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард энэ сэдвийн талаар “энэ утгаараа, тахил нь өргөлөөс өргөл өгч буй хүн болж өөрчлөгдсөн”14 хэмээн заажээ. Бид Аврагчид өргөлөө авчрахдаа Түүний Эцэгийнхээ хүсэлд төгс захирагддагийг ухаарч ойлгон, өөрсдийн хүслийг Түүнд даруухнаар захируулснаар Есүс Христийг амьдралдаа илүү их харах урилгыг хүлээж авдаг. Бид Есүс Христ рүү хараагаа чиглүүлснээр Тэр бол өршөөл, гэтэлгэлд, цаашлаад мөнх амьдрал, өргөмжлөлд хүргэх цорын ганц зам, эх сурвалж гэдгийг ухаарч, ойлгодог.
Өмнө нь сайн мэдээг дагадаг байсан хүний хувьд намайг Сүмд нэгдсэнээс хойш миний биеэ авч явах байдал, дадал, сонголтуудад гарсан өөрчлөлтийг ажиглаж, ойлгосон олон хүнтэй би таарч байсан. Тэд харж байгаа зүйлсийнхээ талаар, олон удаа “яагаад” гэсэн асуулт тавьдаг. Тэд намайг яагаад баптисм хүртэж, энэ итгэгчдийн цуглаанд буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн, яагаад Хүндэтгэлийн өдөр зарим үйл ажиллагаанаас татгалздаг, яагаад Мэргэн ухааны үгийг итгэлтэйгээр дагадаг, яагаад Мормоны Номыг уншдаг, яагаад өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдийн сургаалд итгэж, амьдралдаа хэрэгжүүлдэг, яагаад долоо хоног бүр Сүмийн цуглаанд оролцдог, яагаад бусдыг “ирээд харж, тусалж, үлдэхэд”15 мөн “ирээд, нэгэн хэсэг нь болоход”16 урьдаг талаар сонирхдог.
Тухайн үед эдгээр асуулт дааж давшгүй, заримдаа илт буруушаасан мэт санагддаг байлаа. Гэвч би гаргасан шийдвэрийг минь сонжсон хүмүүстэй тэмцэх үедээ тэдний сорил үнэндээ сайн мэдээний дадал, жишгүүдийг баримтлахад надад юу түлхэц болсныг тодруулж, төвлөрүүлж, бататгах сүнслэг линзээ авч зүүх эхний урилга минь байсныг ухаарсан. Миний гэрчлэлийн эх үүсвэр юу байсан бэ? Би Бурханы хуулиудтай холбоотой тэдгээр зан заншилд “Христэд итгэх итгэлийг [минь] хүчирхэгжүүлэх” эсвэл Есүс Христ бол миний мөрддөг зүйлсийн цорын ганц хүч гэдгийг ойлгуулах боломж олгохгүйгээр зөвхөн “гадна талын ёслолуудыг”17 үйлдэж байсан уу?
Бодол санаа, үйлдэл бүрдээ Есүс Христ рүү харах, Түүнийг олж харах бүрэн хичээл зүтгэлээр дамжуулан миний нүд нээгдэж, Есүс Христ намайг “Өөрт нь ирэхийг” дуудаж байгааг анзаарах ойлголт минь сэргэсэн.18 Өсвөр насандаа гишүүн болоод удаагүй байх үед номлогчид үе тэнгийн хэдэн залуу эмэгтэйд сайн мэдээг заахад оролцохыг надаас хүссэнийг би санаж байна. Нэг орой тэр охидын нэгнийх нь гэрийн зочны өрөөнд суугаад ярилцаж байхад “яагаад итгэдэг вэ” гэсэн тэдний чин сэтгэлийн асуулт миний зүрх сэтгэлийг хөндсөн бөгөөд миний шавь байх сүнслэг учир шалтгааны талаарх Их Эзэний санааг гүнзгий ойлгон тэдэнд гэрчлэх боломжийг надад олгож билээ.
Тэгэхэд би одоо мэдэж байгаа шигээ бидний Аврагч Есүс Христ долоо хоног бүр ариун ёслолоос хүртүүлэхээр бидний хөлийг цуглааны байр луу, Өөртэйгөө гэрээ байгуулуулахаар Их Эзэний өргөө рүү, Өөрийн үгийг зааж сургахаар судрууд болон бошиглогчдын сургаал руу удирдан чиглүүлдэг болохыг сурч авсан. Тэр Өөрийг нь гэрчлэхэд бидний амыг, Өөрийнх нь адил тусалж, үйлчлэхэд бидний гарыг, Өөрөө “тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь”19 хардаг шигээ бусдыг болон дэлхийг харахад бидний нүдийг чиглүүлдэг. Мөн бүх зүйлд биднийг удирдах боломжийг Түүнд олгосноор “бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг”20 гэсэн гэрчлэлийг бид хүлээн авдаг. Учир нь бид хайсан газраасаа Түүнийг өдөр бүр олох болно.21 Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.