Нэгэн хэсэг нь байх сургаал
Нэгэн хэсэг нь байх сургаал бидний хүн нэг бүрийн хувьд дараах зүйл дээр тогтдог. Би сайн мэдээний гэрээнд Христтэй нэг юм.
Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэгэн хэсэг байх сургаалын талаар яримаар байна. Энэ сургаал нь: (1) Их Эзэний гэрээт хүмүүсийг цуглуулахад нэгэн хэсэг нь байх үүрэг, (2) нэгэн хэсэг нь байх үйлчлэл болон золиослолын ач холбогдол, (3) нэгэн хэсэг нь байхад Есүс Христийн эзэлдэг байр суурь гэсэн гурван хэсэгтэй.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дөнгөж байгуулагдаж байхдаа гол төлөв Хойд Америк, Хойд Европын цагаан арьстай гэгээнтнүүдээс бүрдсэн байсан бөгөөд харьцангуй цөөн тооны уугуул америк, африк гаралтай америк болон Номхон далайн арлын иргэд байдаг байв. Сүм үүсгэн байгуулагдсаны 200 жилийн ой тохиоход наймхан жил үлдсэн энэ цаг үед Сүмийн Хойд Америкт, тэр тусмаа дэлхийн өнцөг булан бүрд байх гишүүдийн тоо асар их өсжээ.
Эрт дээр үеэс бошиглосончлон, хожмын өдрүүд дэх Их Эзэний гэрээт хүмүүсийн цугларалт хүчээ авснаар Сүмийн гишүүд үнэхээр бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүсээс бүрдэх болно.1 Энэ нь тооцоолж эсвэл хүчээр тааруулсан зүйл биш бөгөөд сайн мэдээний тор нь үндэстэн, ястан бүрээс хүмүүсийг авчирдаг гэдгийг харуулсан жам ёсоор тохиож буй гайхамшиг юм.
Сионыг тив бүрд мөн бидний нүдэн дээр нэгэн зэрэг байгуулагдаж байгааг харах нь юутай их адислал вэ! Бошиглогч Иосеф Смитийн хэлснээр, бүхий л цаг үед амьдарч байсан Бурханы хүмүүс өнөөдрийн энэ өдрийг баяртайяа тэсэн ядан хүлээдэг байсан бөгөөд “бид бол хожмын үеийн алдар сууг авчрахын тулд Бурханы сонгосон ивээлтэй хүмүүс”2 юм.
Энэхүү онцгой эрхийг хүлээн авсан бид хожмын үеийн Христийн Cүмд арьс өнгөөр ялгаварлах, овог аймгаар гадуурхах үзэл, өөр аливаа хуваагдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Их Эзэн бидэнд “Нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас та нар минийх биш болой” хэмээн зарлигласан.3 Бид гадуурхах, ялгаварлах үзлийг Сүмээс, гэр орноосоо, хамгийн чухал нь зүрх сэтгэлээсээ хичээнгүйлэн үндсээр нь сугалан хаяхын төлөө хичээх ёстой. Манай Сүм олон үндэстэн ястнаас бүрдэж өсөхийн хэрээр бид тэднийг улам халуун дулаанаар хүлээн авч байх ёстой. Бид нэг нэгэндээ хэрэгтэй.4
Паул коринтчуудад бичсэн анхны захидалдаа, Сүмд баптисм хүртсэн бүх хүн Христийн бие дотор нэг хэмээн тунхагласан байдаг.
“Бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ.
Учир нь иудейчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртэж, нэг Сүнсийг уусан юм. …
Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм.
Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно.”5
Нэгэн хэсэг нь гэдгээ мэдрэх нь бидний бие махбод, оюун санаа, сүнслэг сайн сайханд чухал билээ. Гэхдээ бид бүхэнд заримдаа уснаасаа гарсан загас мэт санагдах үе бий. Урам хугарах мөчүүдэд бид Их Эзэний өндөр жишигт эсвэл бусдын хүлээлтэд хэзээ ч хүрэхгүй нь гэж бодож магадгүй.6 Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр Их Эзэнээс ирээгүй хүлээлтийг бусдад, тэр байтугай өөрсдөдөө тавьдаг байж ч магадгүй. Бид цаагуураа бодгалийн үнэ цэн нь тодорхой ололт амжилт эсвэл дуудлагаас хамаардаг гэж ярьдаг байж болох ч эдгээр нь Их Эзэний мэлмийд бидний байр суурийг тодорхойлдог хэмжүүр биш. “Эзэн зүрхийг нь хардаг.”7 Тэр бидний хүсэл, тэмүүлэл, хэн болж байгаад санаа тавьдаг.8
Жөүди Кинг эгч өнгөрсөн он жилүүдэд олж авсан туршлагынхаа талаар ийн бичжээ.
“Миний нөхөр Камэрон бид хоёрыг үргүйдлийн асуудалтай тулгарах хүртэл надад Сүмийн нэг хэсэг биш гэсэн мэдрэмж огт төрдөггүй байв. Энгийн үед Сүм дээр хүүхэд, гэр бүлүүдийг хараад баяр баясал төрдөг байсан бол одоо шаналал, сэтгэлийн зовлон болсон байсан.
Энгэртээ тэврэх үргүй, гартаа живхний цүнхгүй л бол хүн болсны хэрэг ч алга гэж бодогдох болов. …
Шинэ тойрогт ирсэн анхны ням гараг хамгийн хэцүү өнгөрөв. Хүүхэдгүй байсан тул биднээс шинээр гэрлэсэн юм уу, хэзээ хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа вэ гэж асууж байлаа. Эдгээр асуултыг гомдоох гэж асуудаггүйг мэддэг тул би өөртөө хүндээр тусгалгүй маш сайн хариулж чаддаг болсон байв.
Гэхдээ л тэр ням гарагт эдгээр асуултад хариулахад үнэхээр хүнд байв. Бид найдвар тээж явсны эцэст дахиад л хүүхэд олоогүй гэдгээ дөнгөж мэдээд байсан үе.
Би ариун ёслолын цуглаанд сэтгэлээр унасан байдалтай явж орсон бөгөөд ердийн ‘танилцах’ асуултуудад хариулахад хэцүү байв. …
Гэхдээ Ням гаргийн анги миний сэтгэлийг үнэхээр эмзэглүүлсэн. Эх хүний бурханлаг үүргийн тухай хичээл маш хурдан өөрчлөгдөж, тэсрэх мөч болон хувирав. Миний хувьд юугаа ч өгөхөд бэлэн тэр адислалын талаар эмэгтэйчүүдийн гомдоллохыг сонсоод, зүрх минь шимширч, нулимс өөрийн эрхгүй хацар даган урслаа.
Би сүмээс гүйн гарав. Эхэндээ надад эргэж очмооргүй санагдсан. Би тэр ганцаардлын мэдрэмжийг дахин мэдэрмээргүй байв. Гэвч тэр орой нөхөртэйгөө ярилцсаны эцэст зөвхөн Их Эзэн биднээс хүссэн болохоор биш, харин гэрээгээ шинэчлэх мөн сүм дээр Сүнсийг мэдэрснээр ирдэг баяр баясгалан тэр өдөр мэдэрсэн уйтгар гунигаас илүү гэдгийг мэддэг тул бид хоёр сүмдээ явсаар байна гэдгээ мэдэж байлаа. …
“Сүмд бэлэвсэн, салсан, ганц бие, гэр бүлийн гишүүд нь сайн мэдээнээс холдсон, архаг өвчтэй эсвэл санхүүгийн асуудалтай, ижил хүйстэндээ татагддаг мөн донтолт, эргэлзээнээс салахын тулд хичээж байгаа, саяхан хөрвөсөн, дөнгөж шилжиж ирсэн, хүүхдүүд нь том болж гэрээсээ явсан гээд олон янзын гишүүн бий.
Аврагч бидний нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Өөрт нь ирэхэд урьдаг. Бид гэрээгээ шинэчлэхээр мөн итгэлээ нэмэгдүүлж, амар амгаланг олохоор, бас Түүний Өөрийн амьдралд төгс үйлдсэний адил үйлдэхийн тулд буюу нэгэн хэсэг гэдгээ мэдрэхгүй байгаа бусдадаа тохинуулахаар Сүмд ирдэг.”9
Паулын тайлбарласнаар, Бурхан Сүмийг болон Сүмийн албан тушаалтнуудыг өгөхдөө “ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм.
Бид бүгд итгэхүй ба Бурханы Хүүг мэдэхүй дор нэгдэх хүртлээ, төлөвшсөн хүн болтлоо, Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртлээ ингэх ажээ.”10
Хэн нэгэн амьдралынхаа бүхий л талбарт туйлын зорилгодоо хүрээгүй бол яг тэр зорилгодоо хүрч, өсөж хөгжихөд нь туслахын тулд Бурханы үүсгэн байгуулсан тэр байгууллагынх нь нэгэн хэсэг биш юм байна гэсэн дүгнэлтэд хүрдэг нь гунигтай бөгөөд хачирхалтай.
Шүүлтийг Их Эзэний мутарт мөн Түүний даалгасан хүмүүст үлдээж, бие биеэ чадлынхаа хэрээр хайрлаж, нэг нэгэндээ сайн хандах хэрэгтэй болж байгаадаа сэтгэл хангалуун байцгаая. Их Эзэнээс өдөр бүр “… ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг [өөрөөр хэлбэл, хүн бүрийг] Их Эзэний найранд авчрах”11 арга замыг зааж өгөхийг гуйцгаая.
Нэгэн хэсэг нь байх сургаалын хоёр дахь хэсэг нь бидний оруулах хувь нэмэртэй холбоотой. Хэдийгээр энэ тухай тэр болгон бодоод байдаггүй ч бид ихэнхдээ үйлчилж, бусдын болон Их Эзэний төлөө золиос гаргаснаар нэгэн хэсэг нь болдог. Хувийн хэрэгцээ шаардлага эсвэл тав тухтай байдалдаа хэт анхаарах нь нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд саад болж болох юм.
Бид Аврагчийн сургаалыг дагахыг хичээдэг:
“Та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог; …
Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.12
Бид хүлээж сууснаар биш, харин гараа сунган бие биедээ тусалснаар нэгэн хэсэг нь болдог.
Өнөө үед аливаа үйл хэргийн төлөө өөрийгөө зориулах эсвэл хэн нэгний төлөө ямар нэгэн зүйл золиослох нь нийгэмд хачирхалтай харагдах болсон нь харамсалтай. Зохиолч Род Дрэхэр өнгөрсөн онд Deseret Magazine-д бичсэн нийтлэлдээ, Будапешт хотод амьдардаг нэгэн залуухан ээжтэй өрнүүлсэн ярианаасаа дурджээ.
“Бид талийгаач нөхрийнхөө хамт коммунист төрийн хавчлага дарамтыг туулж гарсан өндөр настай [Христэд итгэгч] эмэгтэйтэй ярилцлага хийхээр явж байхдаа Будапештын трамвайд 30 гаруй насны эмэгтэйтэй таарсан юм. Түүнийг Кристина гэж нэрлэе. Хот дундуур трамвайгаар аялах хооронд Кристина эхнэр хүний хувьд, бага насны хүүхдүүдтэй ээж хүний хувьд тулгардаг зовлон бэрхшээлийнхээ талаар үе тэнгийн найзуудтайгаа илэн далангүй ярих хэчнээн хэцүү байдаг тухай ярьсан юм.
Эх хүн, эхнэр хүн болоход суралцаж буй залуу бүсгүйн хувьд Кристинагийн бэрхшээл ердийн зүйл байж болох ч амьдралын бэрхшээл сорилт сайн сайхан байдалд нь заналхийлдэг тул үүнээс аль болох зайлсхийх ёстой гэсэн хандлага үе тэнгийнхнийх нь дунд газар авах болжээ. Нөхөртэйгөө үе үе маргалддаг уу? Тийм бол түүнийг хая гэж тэд хэлнэ. Хүүхдүүд чинь залхааж байна уу? Тэгвэл тэднийг өдөр өнжүүлэхэд явуулах хэрэгтэй гэнэ.
“Найзууд нь сорилт бэрхшээл, тэр байтугай зовлон зүдгүүрийг хүртэл энгийн амьдралын нэг хэсэг гэдгийг мөн зовлон зүдгүүр нь тэвчээртэй, сайхан сэтгэлтэй байж, хайрлаж сурахад бидэнд тусалж байвал бүр сайн сайхан амьдралын нэгэн хэсэг болдог гэдгийг ойлгохгүй байгаад Кристинагийн санаа зовох болжээ. …
… Нотр Дамын Их Сургуулийн шашны социологич Кристиан Смит 18–23 насны залуучуудын дунд явуулсан судалгаанаасаа тэдний ихэнх нь нийгэм бол ‘амьдралаас таашаал авдаг хараат бус чөлөөт хүмүүсийн цуглуулгаас’ өөр юу ч биш гэдэгт итгэдгийг олж мэдсэн байна.13
Энэхүү философиор, хүнд хэцүү гэж бодож л байвал тэр нь ‘дарангуйллын нэг хэлбэр’ байдаг аж.”14
Эсрэгээрээ, бидний анхдагч өвөг дээдэс олсон бүхнээ номлолд үйлчлэх, ариун сүм барихад зарцуулж, дарамт шахалтаас болж тохилог гэр орноо орхин, амьдралаа дахин эхлэх, мөн өөр олон арга замаар өөрсдийгөө болон эд хөрөнгөө Сионы үйл хэргийн төлөө зориулан Христийн нэгэн хэсэг гэдгээ, Түүнд эв нэгдэлтэй, итгэл найдвараар дүүрэн байхыг илүүтэй мэдэрч байсан билээ. Шаардлагатай бол тэд амиа золиослоход ч бэлэн байсан. Бас бид бүгд тэдний тэсвэр тэвчээрийн үр шимийг хүртсэн хүмүүс. Өнөөдөр баптисм хүртсэнийхээ төлөө гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах боломжгүй болсон, ажиллаж хөдөлмөрлөх боломжоо алдсан эсвэл ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхагдаж, тэвчишгүй байдалд өртсөн олон хүний хувьд ч гэсэн мөн адил. Гэхдээ тэдний шагнал бол гэрээний хүмүүсийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэх хүчирхэг мэдрэмж юм. Их Эзэний үйл хэргийн төлөө гаргадаг аливаа золиослол маань бидэнд олныг аврахын төлөө Өөрийн амийг золиос болгон өгсөн Түүнтэй хамт байх орон зайгаа бататгахад тусалдаг.
Нэгэн хэсэг нь байх сургаалын эцсийн бөгөөд хамгийн чухал элемент бол Есүс Христийн гүйцэтгэдэг чухал үүрэг юм. Хэдийгээр найз нөхөдтэй болох нь чухал ч гэсэн бид зөвхөн үүний тулд Сүмд нэгддэггүй. Бид Есүс Христийн хайр, ач ивээлээр дамжуулан гэтэлгэгдэхээр нэгддэг. Бид өөрсдийнхөө болон хөшигний хоёр талд байгаа хайртай хүмүүсийнхээ төлөө аврал, өргөмжлөлийн ёслолуудыг үйлдэхийн тулд нэгддэг. Бид Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэн, Сионыг байгуулах агуу төсөлд оролцохоор нэгддэг.
Сүм нь ариун санваарын ёслолуудаар дамжуулан Бурханы бидэнд өгдөг аврал, өргөмжлөлийн гэрээг сахин хамгаалагч юм.15 Эдгээр гэрээг сахиснаар бид нэгэн хэсэг нь гэдгээ хамгийн ихээр, гүн гүнзгий мэдэрдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан ийн бичсэн.
“Та бид Бурхантай гэрээ байгуулсан л бол Түүнтэй харилцах харилцаа маань бидний гэрээ хийхээс өмнөх үеийнхээс ч илүү дотно болно. Одоо бид бие биетэйгээ харилцан холбоотой болсон. Бид Бурхантай гэрээ байгуулснаар Тэр бидэнд туслахаар хичээж чармайхаа хэзээ ч болихгүй бөгөөд Түүний бидэнд хандсан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй. Бид бүгдээрээ Бурханы зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. …
“… Есүс Христ бол эдгээр гэрээний батлан даагч мөнөөс мөн (Еврей 7:22; 8:6-г үзнэ үү).”16
Хэрэв бид үүнийг санавал Их Эзэний бидэнд тавьдаг өндөр хүлээлт биднийг мохоох бус харин урамшуулах болно.
Бид хувиараа болон хамтдаа үүний төлөө явснаар баяр баясгаланг мэдэрч, “Христийн дүүрэн чанарын хэмжээнд”17 хүрнэ. Замдаа урам хугарч, бүтэлгүйтэх ч энэ бол асар том эрэл хайгуул билээ. Зовлон зүдгүүр амсаж, амлагдсан адислал цагтаа ирэхгүй байсан ч “зоригтой бай[ж чадна]” гэдгээ мэддэг тул бид нэг нэгнээ өөдөө явах замд нь өргөж, урамшуулан дэмждэг. “[Учир нь Христ] ертөнцийг ялсан”18 ба бид Түүнтэй хамт байгаа билээ. Эцэг, Хүү, Ариун Сүнстэй нэг байх нь нэг хэсэг нь байх мэдрэмжийн оргил цэг гэдэгт эргэлзэх хэрэггүй.19
Ийнхүү нэгэн хэсэг нь байх сургаал бидний хүн бүрийн батлан хэлэх дараах зүйлс дээр тогтдог. Есүс Христ миний төлөө амиа өгсөн. Тэр намайг Өөрийн цусны дайтай үнэлсэн. Тэр намайг хайрладаг бөгөөд миний амьдралыг орвонгоор нь өөрчилж чадна. Наманчилснаар Түүний ач ивээл намайг өөрчлөх болно. Би сайн мэдээний гэрээнд Түүнтэй нэг. Би Түүний Сүм, хаант улсын нэгэн хэсэг бөгөөд Бурханы бүх хүүхдэд гэтэлгэлийг авчрах Түүний үйл хэргийн нэг хэсэг юм.
Та бол нэгэн хэсэг нь үнэхээр мөн гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.