2014
Би Филиппиний Дриа байна
дөрөвдүгээр 2014


Дэлхий даяар найзуудтай болох нь

Би Филиппиний Дриа байна

Maбухай, Kaйбиган!*

Ами Жэйн Лийвиттэй хийсэн ярилцлагаас

Чи арал дээр амьдрах талаар хэзээ нэгэн цагт мөрөөдөж байсан уу? Энэ бол Александриа, гэхдээ түүний гэрийнхэн болон найз нар нь түүнийг товчоор Дриа гэж дууддаг. Тэр Филиппиний Сэбү арал дээр аав, ээж, хоёр эгчтэйгээ амьдардаг. Түүнд бас нэг ах байсан ч тэр Дриаг төрөхөөс өмнө нас барсан ажээ. “Ах минь манай гэр бүлийн гишүүн хэвээр байгааг би мэднэ. Гэр бүлүүд үүрд орших учраас би нэгэн өдөр ахтайгаа уулзах болно” гэж тэр хэллээ.

Миний дуртай зүйлсийн нэг бол бүжиг. Би балетын бүжигчин. Ирэх жил би бүжгийн дараагийн түвшин буюу дунд шатны зэрэглэлд дэвшинэ гэж найдаж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би бүжгийн тусгай гутал өмсдөг болно гэсэн үг. Энэ гутал өлмий дээрээ бүжиглэхэд надад туслах болно.

Филиппин 7000 гаруй аралтай. Тиймээс нүд хужирлах үзэсгэлэнт газар олон бий. Манай гэр далайн эргийн наран шарлагын газарт ойрхон байдаг. Иймээс би далайн эрэг дээр тоглох дуртай. Миний дуртай зүйлсийн нэг бол усанд сэлэх. Би усанд яаж сэлэхийг бүр өөртөө заасан гээд бод л доо!

Би гэрийнхэнтэйгээ хамт наран шарлагын олон өөр газарт очих дуртай. Бид нэг удаа дэлхийд хамгийн том газар доорх голтой Палаван арал дээр очсон. Би тэнд амьсгалах хоолойвч зүүн шумбаж, олон янзын өнгө алагласан үй түмэн загас бужигнаж байхыг харсан.

Нэг өдөр сургууль дээр манай ангийн хэдэн хүүхэд мормончууд Бурханд итгэдэггүй гэхэд нь бид Бурханд итгэдэг шүү дээ гэж би хэлсэн. Маргааш нь би нүүрэн талдаа Есүсийн зурагтай, ар талдаа Итгэлийн тунхгийг нийтэлсэн сүмийн танилцуулах хуудас хэдийг авчирлаа. Манай ангийнхан зургийг хараад итгэлийн тунхгаас заримыг нь уншаад биднийг Бурханд итгэдгийг мэдсэндээ баяртай байлаа.

Би ариун сүм харах дуртай

Бид Филиппиний Себү хотын ариун сүмд ойрхон амьдардаг азтай хүмүүс. Би энэ ариун сүмийг адислагдахаас өмнө гэрийнхэнтэйгээ хамт тэнд аялалаар очсон. Ариун сүм үзэсгэлэнтэй сайхан, жинхэнэ амар амгалангийн газар байлаа. Ариун сүмүүдийн ачаар манай гэр бүл үүрд хамтдаа байж чадна гэдэгт би баяртай байдаг.

  • Тагалог хэлээр “Сайн байна уу, найз нар аа!”