2014
Сайн мэдээний сургаалуудад харшилдаг үр хөндөх гэх мэт сэдэв сургууль дээр яригдвал би юу хэлэх хэрэгтэй вэ?
дөрөвдүгээр 2014


Асуулт, хариултууд

“Сайн мэдээний сургаалуудад харшилдаг үр хөндөх гэх мэт сэдэв сургууль дээр яригдвал би юу хэлэх хэрэгтэй вэ?”

Тухайн нөхцөл байдлаас хамаараад хариулах эсвэл хариулахгүй байх олон арга зам байдаг. Нэгдүгээрт, ямар нэг зүйл хэлбэл эсвэл хэлэхгүй бол юу болохыг сайтар бод. Хэрэв чи юу ч хэлэхгүй бол энэ нь буруу гэдэг нь өөрийн чинь мэдэх ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрч байна гэж бусдыг бодоход хүргэхээр байвал зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэх энгийн ямар нэг арга замыг олох хэрэгтэй. Хэрэв өөрийн чинь тайлбар гагцхүү маргаанд хүргэхээр байвал санаа бодлоо илэрхийлэх өөр тохиолдлыг олж болно. Гэхдээ, хэрэв танай ангийнхан бие биедээ хүндэтгэлтэй ханддаг бөгөөд багш чинь санаа бодлоо хэлэхийг чамаас хүссэн бол чи сүнсний удирдамжийн төлөө залбирч, итгэл бишрэлийнхээ тухай тайлбарлаж болно.

Хэрэв танай анги аль нэг сэдвээр ярилцлага хийх гэж байгааг мэдвэл чи урьдаас бэлтгэж болно. Уг сэдвээр судруудыг болон Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг мөн Итгэлдээ үнэнч байх нь, Сайн мэдээний зарчмууд эсвэл Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлуудыг үз. Чи бас гэр бүлийн үдшээр уг сэдвийг тайлбарлах дадлага хийж болно. Тэгээд бэлэн болсон үедээ багшдаа эсвэл ангийнхандаа ярь.

Хэрхэн хариулах нь юу гэж хэлснээс чинь дутахгүй чухал юм. Хүндэтгэлтэй байж, сүмийн үг хэллэгийг хэрэглэхгүй байхыг хичээ. “Манай тойргийн Залуу эмэгтэйчүүдийн зөвлөгч надад заахдаа …” гэж чамайг хэлэнгүүт ангийнхан чинь чиний үгсийг ойлгохоо больж эхэлнэ.

Өөрийн чинь хувьд хамгийн чухал зүйл гэвэл ангидаа сонсох эсвэл уншиж болох алдаатай зүйлсэд мэхлэгдэхгүйн тулд сүмийн заадаг зүйлсийг болон Ариун Сүнс өөрт чинь юу хэлж байгааг мэдэх явдал мөн.

Буруу сургаалыг залруул

Бид бол номлолын ажлыг хөхиүлэн дэмждэг бөгөөд номлохоор дуудагддаг сүмийн гишүүд билээ. Тиймээс бид буруу сургаал дэлгэрэхийг хүлээн зөвшөөрч болохгүй. Ийм нөхцөлд бид аливаа буруу сургаалыг залруулахын тулд саналаа илэрхийлж, ярилцаж буй сэдвээрх сэргээгдсэн сайн мэдээний үзэл баримтлалыг ойлгоход нь хүмүүст туслах ёстой.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Касай-Оксидэнтэл муж, Дэвид М., нас 16

Эелдэг бай

Бодол санаагаа эелдэг байдлаар хуваалцахын хамт яагаад үүнд итгэдгээ нотлох ёстой гэж би боддог. Бусад хүмүүс надтай санал нийлэх албагүй, харин тэд аль нэг сэдвээр миний юунд итгэдгийг мөн үзэл бодлыг минь ойлгох хэрэгтэй гэж би боддог.

АНУ, Орегон, Сабрина С., нас 16

Бусдад хүндэтгэлтэй ханд

Бидний санаа бодлыг бусад хүмүүс сонсох нь чухал ч гэсэн бид бас бусдын итгэл бишрэлд хүндэтгэлтэй хандах нь туйлын чухал юм. Бусадтай бүү марга. Маргах нь дайсагнал ба үл ойлголцлыг бий болгоно. Хэрэв манай шашны эсрэг бодол санаа гарч ирвэл тайван, хүндэтгэлтэй байж, сайтар эргэцүүлэн бод. Мөн Сүнсийг сонсохоо бүү март. Бид ойлгодоггүй, харин Бурхан ойлгодог зүйлс байдаг. Бид Түүний Сүнсийг анхааралтай сонсож, түүнээс суралцах хэрэгтэй.

АНУ, Юта, Ханна М., нас 18

Сүмийн заадаг зүйлсийн талаар хуваалц

Би ийм асуултуудад чадлынхаа хэрээр хамгийн сайн хариулахыг хичээдэг. Яагаад гэвэл, хэрэв би тэдэнд хэлж өгөхгүй бол найз нар маань, бас манай багш нар тухайн сэдвээрх сүмийн байр суурийг мэдэхгүй шүү дээ. Тэд цаашдаа манай сүмийн тухай мэддэг болж, yүний ачаар чиний сүнслэг байдал өсөн нэмэгдэнэ. “Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, Тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Maтай 5:16) хэмээн сударт өгүүлснийг санагтун.

Англи, Манчестер, Жошуа М., нас 16

Юу зөв болох талаар бодоход нь бусдад тусал

Санаа бодлоо хуваалцахад шударга бай. Үр хөндөлт гэх мэт олон сэдвийг сургууль дээр өргөн хүрээнд ярилцдаг. Тиймээс санаа бодлоо хэлэхдээ ичиж зовох хэрэггүй. Энэ бол бидний хувьд сайн мэдээг болон өөрсдийн итгэдэг жишгүүдийг хуваалцах сайхан боломж юм. Хэрэв чи итгэл бишрэлийнхээ талаар хуваалцвал юу зөв болохыг бодоход нь хүмүүст тусалж чадна.

Умард Каролин, Мэдисон Р., нас 14

Хэнийг төлөөлдгөө сана

Эдгээр нөхцөлүүдэд бусад хүмүүсийн ярилцаж байгаа сэдвээр өөртэй чинь адил үзэл бодолтой байх албагүйг санахыг хичээ. Ихэрхэг эсвэл албадан тулгах байдалтай байж болохгүй ч итгэл бишрэлээ хамгаалахаас бүү ай. Чи Христийг төлөөлдгөө сана.

АНУ, Вайоминг, Мэйдлин К., нас 16

Сүмийн байр суурийг мэддэг бай

Зөрчилтэй сэдвүүдээр ярилцсан нөхцөл байдал надад олон удаа тохиолдсон. Ийм үед юуны түрүүнд бусдын итгэл бишрэлд хүндэтгэлтэй хандах ёстой байдаг. Ангийнхан чинь чамд хүндэтгэлтэй хандахыг чи ч гэсэн хүсдэг шүү дээ. Хэрэв ярианы сэдэв сүмтэй шууд зөрчилдөөгүй бол санаа бодлоо чөлөөтэй хэл. Хариултдаа сүмийг дурдах шаардлагагүй. Гэсэн хэдий ч ярилцаж байгаа асуудлаарх сүмийн байр суурийг мэддэг байхад анхаар.

АНУ, Мэрилэнд, Жозэф З., нас 18

Маргаанаас зайлсхий

Би өөрийн дагадаг сүмийн зарчмуудыг болон сургаалуудыг хамгаалан, бусдын санаа бодолд хүндэтгэлтэйгээр хандаж, өөрийн бодол санааг тайлбарлах болно. Би маргалдахгүй, яагаад гэвэл энэ нь Сүнсийг холдуулдаг. Сүнс нь бусдад эерэг арга замаар нөлөөлж чадна.

Аргентин, Буэнос Айрэс, Дайэна В., нас 15