Биднийг дахин уулзтал
Ирээдүйгээс итгэл найдварыг олох нь
Зохиогч нь АНУ-ын Аризонад амьдардаг.
Биднийг нүдэж, айлгахаар заналхийлж буй тэрхүү салхи бас өөрчлөлт, өсөлтийн боломжийг бидэнд олгодог юм.
2001 оны 9-р сарын 12-нд эхнэр, бид хоёр хүүгээ төрөхийг хүлээн, олон цаг санаа сэтгэлийн зовлон эдэлж, АНУ-ын Аризонагийн Таксон дахь эмнэлгийн шалан дээр алхалж байлаа. Бидний зурагт бас эмнэлгийн барилга доторх зурагт бүр нь нэгэн цагт Нью-Йорк хотын тэнгэрийг баганадан сүндэрлэж байснаа өмнөх өдөр нь үнс балгас болж нурж унасан ихэр хоёр цамхгийн тухай сурвалжлага мэдээгээр биднийг булж байв. Олон цаг үргэлжилсэн тэрхүү сурвалжлага мэдээ болон зурагтын нэвтрүүлэг бидэнд гуниг цөхрөлийн мэдрэмж төрүүлж байлаа. Ийм бараан баргар, айдас хүйдэс төрүүлэм дэлхийд, ийм цаг үед хүүхэд төрүүлнэ гэдэг хүсмээр зүйл огт биш юм шиг санагдаж билээ.
Маргааш өглөө эрт манай бяцхан хүү мэндэллээ. Би өөдсийн чинээхэн хүүгээ гартаа барьж байхдаа сүүлчийн ганц хоёрхон хоногт болсон сүйрүүлэгч үйл явдлуудын тухай, тэр ч байтугай 1988 онд Елөүстөүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан түймрийн тухай эргэн санаж билээ. Тэр түймэр ойролцоогоор 800000 акр буюу 323750 га ойг устгасан юм. Цэцэрлэгт хүрээлэн бүрмөсөн сүйрсэн юм шиг санагдаж байлаа. Зурагтын мэдээгээр зөвхөн түймэрт хуйхлагдсан газар, тэнгэрт суунагласан өтгөн хар утааг л харуулж байв. Сүйрлийн ул мөрийг түргэн арилгаж, хэвийн байдлыг сэргээх нь хүмүүний хүч чармайлтаас хэт ахадсан юм шиг, тэр ч бүү хэл, байгалийн өөрийнх нь хүч болон түүний тасралтгүй нөхөн сэргэлт ч гэсэн түймрийн сүйрүүлэгч хүчтэй харьцуулах аргагүй юм шиг санагдаж байж билээ.
Гэтэл ердөө дараагийн хавар нь гайхамшиг тохиож, түймэрт хуйхлагдаж харласан газраас жижигхэн ургамлууд болон цэцэгс цухуйн соёолсон байлаа. Аажимдаа улам олон цэцэг, бут сөөг, модод газраас үндэслэн ургасан. Цэцэрлэгт хүрээлэнг сэргээн, хуучин байдалд нь оруулах үйл явц урт удаан, нарийн чимхлүүр, жижиг мэт санагдах ажил үйлсээр дүүрэн байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам үр дүн нь сэтгэл догдлуулам байлаа.
Елөүстөүний хуйхлагч түймэр лүгээ адил биднийг залгиж мэдэх айдсын хормуудад итгэл найдвар алдагддагийн даваан дээр бид өмнөө тулгарах хилэнцэт хүчнээс хамаагүй илүү хүчтэй, нам гүмхэн хийгээд хөдөлшгүй бат бөх нэгэн суурь өөрсдийнхөө дотор байдгийг санах ёстой. Хиламан энэ суурийг “Бурханы Хүү, Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун” хэмээн тайлбарласан билээ. Хэрэв бид өөрсдийгөө Түүнд бүрэн захируулбал “чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” (Хиламан 5:12).
Ухаан жолоогоо алдсан хилэнцэт хүчнүүд хийгээд дэлхийн уруу таталтуудтай тулгарсан үедээ бид сайн мэдээний энгийн бөгөөд өчүүхэн нөлөө хүчин мөхөсдөж мөн дийлдсэн хэмээн бодож болно. Бид буруу зүйлс зөв болж, асуудлууд шийдэгдэхийг дэмий хоосон хүлээж суух юм бол эргэлзээ ба цөхрөлд хүрч мэднэ. Гэвч биднийг нүдэж буй тэрхүү салхи нь өөрчлөлт, өсөлтийн боломжийг бидэнд олгож байгаа бөгөөд сайн мэдээний агуу хүч нь итгэл найдвар ба амьдралын мянга мянган өчүүхэн үрийг тарин, газар дэлхийн хөрсөн дор чимээгүйхэн соёолж байна.