Бид Их Эзэний мутар билээ
Ядуусыг эрж олон, зовж зүдэрч буй хүмүүст үйлчлэх нь Есүс Христийн шавь байхад шийдвэрлэгч ач холбогдолтой юм.
Эдийн засгийн их уналтын эхний жилүүдэд Солт Лэйкийн хөндийн зургаан гадасны ерөнхийлөгчид сүмийн үй олон гишүүнд заналхийлж, нөхцөл байдлыг нь улам дордуулж байсан ядуурал, өлсгөлөнг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаар шийджээ.1 Эдийн засгийн хямрал газар бүрийн хүмүүст нөлөөлсөн ч Ютад байдал бүр хүнд байлаа.2
Тэр үед гачигдалтай хүмүүст туслах нөөц боломж сүмийн удирдагчдад хомсхон байв. Тэд мэдээж хэрэг, мацгийн өргөлийг ашиглаж болох байсан ч байнга өсөн нэмэгдэж байсан хэрэгцээ нь тэдэнд урьд өмнө нь тулгарч байснаас хэт давж гарсан байлаа. Дезерет ажил эрхлэлтийн товчоо Тэргүүлэх бишопын зөвлөлийн удирдлага дор 1900-аад оны эхээр үндэслэн байгуулагджээ. Гэхдээ энэ нь тийм их хэмжээний хэрэгцээг шийдвэрлэх хүчин чадалтай болоогүй байв.
Санваарын эдгээр зургаан удирдагч хэрэв гадаснуудынхаа хүмүүст туслах шаардлагатай л бол хүлээж болохгүй гэдгийг мэдэж байв. Тэд тэр даруй үйлдэл хийж, хүмүүсийг ажилтай болгож эхэлжээ. Тэд эрчүүдийг зохион байгуулж, талбайд аваачин, ургац хураах ажил олж өгсөн аж. Үүнд талархсан тариаланчид эрчүүдийн хөдөлмөрийн хөлс болгож хоол хүнс өгөөмрөөр өгчээ. Илүүдэл хүнсийг агуулахад хадгалж, өлсгөлөн хүмүүст хандивласан юм. Хандивын хэмжээ өсөхөд гэгээнтнүүд хүнс нөөцлөхийн тулд лаазалж эхлэв. Энэ нь өнөө үеийн халамжийн хөтөлбөрийн үндэс суурийг тавьсан ажээ.
Наян жилийн дараа дэлхий даяарх өнөө үеийн сүмийн удирдагчид сүмийн гишүүдийг харж хандан, тусламж хэрэгтэй хүмүүст хүрч тэдэнд туслахад шийдвэр төгс байна.
2011 оны аравдугаар сарын Ерөнхий чуулган дээр Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Бид хэн нэгэн гэнэт гарч ирээд хэрэгцээтэй зүйлсийг маань өгдөг болоосой хэмээн олонтоо мөрөөддөг. Заримдаа бидэнд асуудал тулгарахад тухайн асуудлаар мэргэшсэн зөвлөгчийг хүсэн хүлээдэг. Бид ийнхүү байхгүй, бүтэхгүй зүйлсийг хүлээн сууснаараа хөршдөө үзүүлж чадах тусламжаа үзүүлэхгүй мөн үйлчлэх боломжоо боогдуулж байдаг. Мэргэжлийн зөвлөгчөөр туслуулах нь буруу биш ээ. Гэхдээ асуудлыг шийдвэрлэхэд хэдэн ч мэргэжлийн зөвлөгч байгаад нэмэргүй юм шүү. Харин Их Эзэн сүм зохион байгуулагдсан газар бүрд Өөрийн санваартнуудыг болон байгууллагуудаа өгсөн байдаг” хэмээн хэлсэн билээ.3
Сүмийн орон нутгийн удирдагчдыг болон гишүүдийг үйлдэл хийхэд уриалсан энэхүү уриалга нь дэлхий даяарх олон хүнийг Ариун Сүнсээр нөлөөлөгдөн, “ямар үйлдэл хийхээ бодож олоход” хүргэсэн юм гэж ерөнхийлөгч Угдорф хэлсэн билээ.4 Tэд ажиллахад бэлтгэгдэж, “гачигдагсад, өвчтөнүүд хийгээд зовж шаналагсдыг бүх зүйлд санаж байх”-аар (С ба Г 52:40) шийдсэн юм.
Эквадор
Эквадорын Гвияквил дахь бишоп Жонни Морантэ тойргийнхоо гишүүдийг хараад сэтгэл нь шаналжээ. Олон гэр бүл амьдралын наад захын хэрэгцээт зүйлстэй байхын төлөө тэмцэлдэж байлаа. Бишоп тэдэнд туслахыг хүсч, тойргийн удирдагчидтай зөвлөлдөн, асуудлыг Их Эзэнд танилцуулсан ажээ.
Тус бүс нутагт ажил эрхлэх боломж хомс байсан учраас тэр 11 эгчээс бүрдсэн бүлэгтэй хамт ажиллаж, жижиг бизнес эрхлэх боломж байгаа гэдэгт тэднийг итгүүлэн дэмжихээс ажлаа эхэлжээ. Хэрэв тэд үйлдвэрлэн, борлуулж чадвал орон байр цэвэрлэх чанартай, хямд үнэтэй материалын хэрэгцээ орон нутагт нь байгааг эдгээр эгч нар анзаарсан ажээ. Харин тэд ийм хэрэгслүүдийг хэрхэн хийж сурах билээ?
Тэр үед бишоп Морантэ өмнө нь эм зүйч-химичээр ажиллаж байсан нэг эгч тойрогт нь байдгийг санажээ. Нөгөөх 11 эгч химич эгчээс тусалж болох эсэхийг асуухад тэр аюулгүй, чанар сайтай цэвэрлэгээний материал хэрхэн хийхийг тэдэнд заахдаа баяртай байх болно гэв.
Тэгээд тэд бизнес төлөвлөгөө хийж, орон нутагтаа эгч бүрийн хариуцах хэсгийг газрын зурагт тэмдэглэн, тэдний хийж болох цэвэрлэгээний материалуудыг сонгож, баглаа боодол, хаяг, шошгоны зургийг гаргасан байна.
Хэдхэн сарын дараа тэд байнгын үйлчлүүлэгчидтэй болж, ядуурлаа бууруулах болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахад туслах хангалттай орлоготой болсон ажээ.
Орон нутгийн эмийн компанийн менежерүүд энэ бизнесийн тухай мэдээд ажилгүй эм зүйч-химичийн тухай сонирхох болсон гэнэ. Эцэстээ тэд түүнтэй ярилцлага хийж, өөрийнхөө үйлдвэрлэлийг удирдуулахаар түүнийг ажилд авчээ.
Орос
Оросын Москва хотын Речной тойрогт тойргийн түүхчээр үйлчилж байсан Галина Гончарова мөсөн дээр хальтирч унаад хоёр гараа хугалжээ. Тэр эмэгтэй эмнэлэгт хүргэгдэж, хоёр гараа шохойдуулав. Тэр хоолоо өөрөө идэх байтугай хувцсаа өмсөж мөн үсээ самнаж ч чадахгүй бүр утсаа ч авч чадахгүй болжээ.
Тойргийн нөхөд нь тохиолдсон зүйлийг мэдээд тэр даруй хариу арга хэмжээ авчээ. Санваартнууд түүнд адислал өгч, Халамжийн Нийгэмлэгийн эгч нартай хамтран энэ сайн эгчид тусалж байх хуваарь гарган, хэрэгцээг нь шийдэж байхад тусалсан байна.
Тойргийн номлолын удирдагч Владимир Никифоров “Христийн гаргүй цээж хөшөөний тухай Ерөнхий чуулган дээрх нэг хэлсэн үгэнд гарч байсныг бид санадаг байлаа.5 Хөшөөний доод талд ‘Та нар бол миний гар’ гэсэн дурсгалын пайзыг хэн нэг нь байрлуулсан байдаг. Тэгвэл энэ сайн эгчийг хүндээр бэртсэн хэдэн долоо хоногийн турш Речной тойргийнхон дээрх дурсгалын пайзан дээрх үгсийг хэрэгжүүлэгчид болсон юм. Чухамдаа бид түүний гар нь болсон билээ гэж тэд хэлсэн юм.
Филиппин
2011 онд халуун орны Воши шуурга Филиппиний арлуудыг үер, салхи хоёроор сүйрүүлэхэд 41000 орчим гэр орон эвдэрч, 1200 гаруй хүн амиа алдсан юм.
Филиппиний Кагаян ди Оро гадасны ерөнхийлөгч Макс Сааведра онцгой байдалд бэлэн байх гадасны баг байгуулахаар өдөөгджээ. Тэрээр янз бүрийн үүрэг даалгавруудыг—өвчтэй эсвэл бэртсэн хүмүүсийг эрж олон, аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээс эхлэн бүхий л ажил үүргүүдийг биелүүлэх янз бүрийн хороодыг зохион байгуулсан байна.
Үерийн ус аюулгүй түвшинд хүрч татрах үед сүмийн удирдагчдыг болон гишүүдийг дайчилжээ. Тэд гишүүн бүрийг үер, хар салхийг эсэн мэнд өнгөрүүлсэн эсэхийг нягтлан, гарсан эвдрэлийг тогтоов. Нэг гишүүн нь үерт боогдсон гишүүдийг аюулгүй газарт хүргэх резинэн салуудыг өгсөн байна. Хоол хүнс, хувцас, хөнжлийг хэрэгтэй байгаа бүх хүмүүст тараан, цуглааны байруудыг түр зуур хоргодох байр болгон гаргаж өгчээ. Цэвэр ус хамгийн их хэрэгтэй байсан учир ерөнхийлөгч Сааведра гал командын машин бүхий орон нутгийн нэг компанитай холбоо барьсны үр дүнд тэд түр хоргодох газрууд болсон цуглааны байруудад цэвэр ус хүргэж өгсөн ажээ. Эмнэлгийн мэргэжил, туршлагатай гишүүд бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Сүмийн гишүүд гамшгийг эсэн мэнд өнгөрүүлсэн болохоор ерөнхийлөгч Сааведра багийнхаа хамт хот дахь нүүлгэн шилжүүлэх бусад төвүүдэд очиж, туслахыг санал болгожээ. Тэд хүмүүст хоол хүнс, хангамжийн бусад зүйлсийг аваачиж өгсөн байна. Олон гишүүн гэр орноо алдсан ч шуурга зогсмогц амин хувиа бодолгүйгээр бусдад үйлчилсэн юм. Бороо зогсож, газар хатахад гурван гадасны “Мормон Тусламжийн Гар” сайн дурынхан хангамжийн зүйлсийг хүргэх, цэвэрлэгээ хийхэд туслахын тулд ажиллажээ.
Бразил
Бразилын Сэтэ Лагоас хотод мансууруулах бодист автсан хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн асрах газар байдаг. Тэд бэрхшээлийг давж гарахын тулд өдөр бүр тэмцэж чармайж байв. Өдөрт 30 орчим жижиг талх хийхэд ашигладаг жижиг шарах зуух тэдэнд байжээ. Хэдийгээр тэр эмэгтэйчүүд орон нутгийн хүмүүнлэгийн тусламжийн холбооноос бага зэрэг тусламж авдаг байсан ч хоол хүнсээр хомсхон байлаа. Бразилын Сэтэ Лагоас гадасны сүмийн удирдагчид эдгээр эмэгтэйчүүдийн хэрэгцээг мэдээд тэдэнд туслахыг хүсчээ.
Тэд тэр эмэгтэйчүүдэд юу хэрэгтэй байгаа талаар нь ярилцжээ. Хэрэв тэд ахиухан талх хийж чаддагсан бол өөрсдийгөө хангаад зогсохгүй цөөхөн талх зараад л нэн тэргүүний хэрэгцээт орлогоо олж чадна гэж ярьсан юм.
Сүмийн удирдагчид болон гишүүд эдгээр эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд орон нутгийн цагдаагийн газартай мөн нэг сургуультай хамтран ажилласан байна. Сүмийн хүмүүнлэгийн тусламжаар мөн сүмийн болон орон нутгийн сайн дурынхны туслалцаа дэмжлэгтэйгээр байгуулсан талхны шинэ цех өдөр бүр 300 талх үйлдвэрлэх боломжийг тэдгээр эмэгтэйчүүдэд олгосон юм.
Эмэгтэйчүүд олсон орлогоороо талхны цехийн анхны ажилчнаар асрах газар дахь эмэгтэйчүүдийн нэгийг хөлслөн ажиллуулах боломжтой болж билээ.
Халамжийн ажил
Эргэн тойрныхоо хүмүүсийн тулгамдсан хэрэгцээг хараад тэднээс нүүр буруулаагүй олон арван жилийн өмнөх сүнслэгээр нөлөөлөгдсөн сүмийн удирдагчид шиг өнөөдөр дэлхий даяарх сүмийн удирдагчид болон гишүүд мөн ийм үйлчлэлийг орон нутагтаа өөр өөрийн арга замаар хийж байна.
Ерөнхийлөгч Угдорф бусдыг халамжлах талаар: “Гол гатлахгүйн тулд голын усыг дуусахыг хүлээн суух буюу хүнд хэцүү асуудлуудаа шийдвэрлэхгүй зүгээр суух нь Их Эзэний арга зам биш ээ. Нэгдэн нийлж, ханцуйгаа шамлан хөдөлмөрлөж, гүүр юм уу завь бүтээж өөрсдийн бэрхшээлийн голыг гатлах нь Их Эзэний арга зам мөн” хэмээн сүмд хандаж хэлжээ.6
Ядуусыг эрж олон, зовж зүдэрсэн хүмүүст үйлчлэх нь Есүс Христийн шавь байхад шийдвэрлэгч ач холбогдолтой юм. Энэ бол Есүс Христ Өөрийн цаг үеийн хүмүүст үйлчилж байсан тэр ажил юм. “Их Эзэний арга замаар хангах энэхүү ажил нь сүмийн үйл ажиллагааны жагсаалтад бичигдсэн жирийн нэг зүйл биш юм. Энэ ажлыг хойш тавьж, хайхралгүй өнгөрөөж болохгүй. Энэ бол манай шашны болон сургаалын гол үндэс мөн” гэж ерөнхийлөгч Угдорф хэлсэн байдаг.7