Надад найдвар төрүүлсэн амлалт
Нигери, Лагос, Жюлиана Фэехан
Нөхөр, бид хоёр гэрлэснээсээ хойш удалгүй үрийн зулай үнэрлэж, хүүгээр адислагдсан. Би хүүгийнхээ инээмсэглэхийг харж, нүд рүү нь ширтэхдээ Тэнгэрлэг Эцэгт өртэй болсноо мэдэрч билээ. Манай хүү өөгүй төгс юм шиг санагддаг байв. Нөхөр, бид хоёр энэхүү үнэлж баршгүй бэлгийн төлөө Их Эзэнд өдөр бүр талархдаг байлаа.
2009 оны 2-р сарын 19-нд сургуулиа төгсөх сүүлчийн жил сургуульдаа эргэж очихоор бэлтгэлээ. Гэтэл маргааш нь хайртай хүү минь хумхаа өвчин тусч, хорвоог орхин одохыг бид хоёр яахин мэдэх билээ дээ.
Энэ нь миний хувьд үнэхээр дааж давшгүй хэцүү зүйл байлаа. Манай тойргийн гишүүд биднийг тайтгаруулахаар судрууд авчирч, дууллууд дуулан, бидэнтэй хамт залбирдаг байв. Тэдний тайтгарлын үгс болон үйлдлүүд миний сэтгэлийн зовлонг нимгэлж байсан ч хүүгээ алдсаны төлөөх уй гашуу надаас сүүдэр мэт салахгүй байлаа. Хүүгийнхээ тухай бодох бүр нулимс аяндаа асгарч байв.
Би хүүгээ алдсанаас хойш дөрөв хоногийн дараа Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит номыг судлахаар сүнслэгээр өдөөгдөв. Тэгээд уг номыг гартаа барьж байтал “Нас барах үе дэх найдвар, тайтгарлын үгс” бүлэг аяндаа нээгдэх нь тэр. Би тэр бүлгийг уншиж эхлэхэд Иосеф, Эмма хоёр гэрлэснээсээ хойш халуун ам бүлээсээ өдий олон хүнийг алдсан нь надад гүнзгий нөлөөлөв. Хоёр настай бяцхан охины оршуулга дээр бошиглогчийн хэлсэн үгийн хэсгээс унших үед би зүрх шимшрэм уй гашуугаасаа тайтгарч, хүйтэн усаар толгойгоо шавших шиг болж, дотор минь уужирч билээ.
Би нөхрөө дуудаад дараах хэсгийг хамт уншлаа: “Яагаад эдгээр гэм зэмгүй балчирхан үрсийг … биднээс салган авдаг юм бол? гэсэн асуултыг би асуулаа. … Их Эзэн олон хүнийг, бүр нялх балчраар нь … өнөөгийн энэ дэлхийн гай зовлон, нүгэл хилэнцээс холдуулахын тулд өөртөө авч байна. Тэд дэлхий дээр амьдрахад хэтэрхий цэвэр, энхрий хонгорхон ажээ. Тиймээс зөвөөр тунгаан бодох аваас, тэд хилэнцээс чөлөөлөгдөж байгаа болохоор гашуудахын оронд баярлах шалтгаан бидэнд буй. Учир нь бид тэднийг удахгүй эргүүлж авна.”
Бошиглогч тэгээд цааш нь: “—‘Эхчүүд үр хүүхэдтэйгээ үүрд хамт байх уу? гэсэн асуултыг асууж болно’ Тийм ээ! Тэгэлгүй яахав! Эхчүүд ээ, та нар хүүхдүүдтэйгээ хамт байх болно. Учир нь тэд мөнх амьдарна. Яагаад гэвэл тэдний өр төлөгдсөн юм” гэжээ.1
Бид эдгээр сайхан үгсийг уншсанаас хойш, бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүүтэйгээ дахин хамт байх болно гэсэн энэхүү амлалтын төлөө манай гэр бүлийн залбирал талархлаар дүүрэн байдаг болсон билээ.
Өнөөдөр бид алдсан хүүгээсээ хойш гурван сайхан хүүхэдтэй болоод байна. Бид хүүхдүүддээ үнэн бөгөөд үүрдийн сайн мэдээг заадаг. Сайн мэдээ тэднийг Тэнгэрлэг Эцэг рүү мөн тэдний Аврагч Есүс Христ рүү удирдах болно.
Үхлийн дараах амьдралын тухай бошиглогч Иосеф Смитийн захиас үнэнийг би мэднэ. Хөшигний хоёр талд, манай гэр бүлд авчирсан итгэл найдвар, амар амгалан, баяр баясгалан, аз жаргалын төлөө би энэхүү захиаст үүрд баярлан талархаж явах болно.