2014
Тэд үүнийг яаж мэдсэн юм бол?
дөрөвдүгээр 2014


Тэд үүнийг яаж мэдсэн юм бол?

АНУ, Аризона, Гэйл Ашкрофт

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын 2011 оны Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий хуралдааны үеэр Халамжийн Нийгэмлэгийн эгч нарт өгсөн захиас миний зүрх сэтгэлд гүнзгий нөлөөлж, амар амгаланг өгсөн юм. Тэрээр намайг-бүү-март гэдэг нэртэй нэгэн жижигхэн цэцгийн тухай, түүний таван дэлбээ бидний үргэлж санаж явах ёстой таван зүйлийг хэрхэн төлөөлдөг тухай өгүүлсэн билээ.1

Цуглааны дараа манай охин Алисса бэлэн хоолоор үйлчилдэг жижигхэн бизнес эрхэлдэг найз Жэссигийнхээ тухай нэгэн түүхийг надад ярьсан юм. Гадасны Халамжийн Нийгэмлэгийн удирдагчид Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий хуралдааны дараа эгч нарт өгөх амтат зууш хийж өгөөч гэж Жэссигээс хүссэн ажээ. Жэсси 250 аяга бялуу хийх хэрэгтэйгээ тэр даруй мэдсэн гэж Алиссад ярьсан байна. Алисса бялуунуудыг гадасны төв дээр хүргэж өгөхөд сайн дураараа туслахаар болжээ.

Цуглааны өдөр болж, Алисса туслахаар хүрч иртэл Жэсси уйлах шахан зогсож байв. Бялуу бэлэн болж, Жэсси зургийг нь нэг хамаатандаа илгээтэл тэрээр энэ бялуу чинь хуралдаанд зориулан үйлчлэхээр тийм сайхан болоогүй байна гэжээ.

Жэсси өөртөө эргэлзэж эхэллээ. Халамжийн Нийгэмлэгийн удирдагчид түүнийг ийм энгийн бялуунаас арай илүү тансаг зууш хийнэ гэж хүссэн байх ёстой гэж тэр бодсон гэнэ. Тэр бялуугаа тансаг болгож чимэх аргыг олох гэж сандарч байсан ч цаг даанч бага байлаа. Алисса тэр хоёр бялуугаа авчирсан бөгөөд Жэсси ерөнхийлөгч Угдорфыг үгээ хэлэх хүртэл Халамжийн Нийгэмлэгийн эгч нарын сэтгэлийг гонсойлголоо гэж бодож байжээ.

Ерөнхийлөгч Угдорф намайг-бүү-март гэдэг нэртэй нэгэн жижигхэн цэцэгний тухай ярьж байтал дэлгэцэн дээр бяцхан цэнхэр цэцэгний зураг гарч ирэв. Энэ бол энгийн атлаа маш гоё дэлбээтэй үзэсгэлэнт сайхан цэцэг байв. Түүний захиас хүн бүрийн зүрх сэтгэлийг догдлуулсан ба тэрээр бид эргэн тойрондоо байдаг чимэглэлийн том том хиймэл цэцгүүдэд сатаарах биш харин өөрийн заасан энгийн атлаа чухал таван үнэнийг мартахгүй байхыг бидэнд захиж билээ.

Хаалтын залбирлын дараа эгч нар соёлын танхимд орж ирлээ. Алисса, Жэсси хоёрыг орж ирэхэд амтат зууш өрсөн ширээг тойрон зогссон хүмүүс “Тэд үүнийг яаж мэдсэн юм бол оо?” хэмээн асуухыг харжээ.

Бялуу бүрийг царцмаг чихрээр таван дэлбээтэй, энгийн атлаа сэтгэл догдлом гоёор, намайг-бүү-март гэдэг танан цагаан цэцэг гарган чимсэн байлаа.

Эшлэлүүд

  1. Дийтр Ф.Угдорф, “Намайг бүү март,” Лиахона, 2011 оны 11-р сар, 120.