2014
Бошиглогчийг дага
дөрөвдүгээр 2014


бошиглогчийг дага

Айдахо дахь Бригам Янгийн Их сургууль дээр 2013 оны 5-р сарын 5-нд болсон Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт дээр хэлсэн үгээс. Хэлсэн үгийг бүрнээр нь уншихыг хүсвэл lds.org/broadcasts хаягаар орно уу.

Ахлагч Виллиам Р. Вокэр

Хэрэв бид ерөнхийлөгч Монсонг дагаж, түүнтэй илүү адилхан байхыг хичээн чармайвал Их Эзэн Есүс Христийн итгэлтэй шавь нар байх үйлсэд гарцаагүй амжилт олох болно.

Хэдэн жилийн өмнө, Ерөнхий чуулганы яг өмнөхөн ерөнхийлөгч Томас С.Монсон нэгэн гайхалтай хичээл заасан билээ. Энэ удаад тэрээр бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд үйлчилж байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс Солт Лэйк хотод ирсэн ерөнхий эрх мэдэлтнүүдэд заасан юм. Энэ бол маш чухал хурал байсан юм. Бидэнд Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын зөвлөл заавар өгөх гэж байлаа.

Хурал эхлэх гэж байхад ерөнхийлөгч Монсоноос бусад нь бүгд ирсэн байв. Хурал эхлэхээс хэдхэн минутын өмнө бид бие биетэйгээ хууч хөөрөхөө зогсоож, бошиглогч удахгүй ороод ирэх байх гэж бодоод оршил хөгжмийг сонсон, хүндэтгэлтэйгээр сууж байлаа.

Өглөөний 9 цаг ч болж, бүр өнгөртөл нь бид тэвчээртэйгээр хүлээлээ. Мэдээж хэрэг, тусламж хэрэгтэй болсон эсэхийг шалгахаар хэн нэг нь хажуу хаалгаар гарав. Буцаад орж ирэхдээ “ерөнхийлөгч Монсон удахгүй ирнэ” гэлээ.

Хурал эхлэх ёстой байсан цагаас 15 минутын дараа ерөнхийлөгч Монсон орж ирэв. Түүнийг орж ирэхэд бид хүндэтгэл үзүүлэн бослоо. Бид түүнийг хараад зүгээр байсанд нь санаа амарсан юм. Гэхдээ түүнийг яагаад хоцорсныг илтгэх ямар нэг мэдэгдэхүйц шалтгаан харагдсангүй.

Ерөнхийлөгч Монсон шууд индэр дээр гараад “Ах нар аа, хоцорсонд уучлаарай, гэхдээ энэ өглөө эхнэрт минь миний тусламж хэрэгтэй байсан юм” гэж хэлэв.

Надад үнэхээр гүн сэтгэгдэл төрж, их даруусч билээ. Би ерөнхийлөгч Монсоны хэлсэн үгсийг бодохгүй байж чадахгүй байсан.

Энэ бол маш чухал хурал байсан ба сүмийн ахмад удирдлага тэр чигээрээ цугласан байсан ч ерөнхийлөгч Монсон бүгдэд нь үлгэр жишээ үзүүлсэн юм. Түүний тусламж хэрэгтэй үед тэрээр эхнэрээ халамжлахын тулд цаг гаргасан байна. Энэ нь их том сургамж байсан. Би тэр өдрийн сургалтаас зөвхөн тэр том сургамжийг л санадаг: “Эхнэрт минь миний тусламж хэрэгтэй байсан юм.”

Бошиглогчийн үлгэр жишээг дагах нь

Би ерөнхийлөгч Монсоны жишээг дагах 5 арга замыг санал болгох гэсэн юм.

1. Бид аливаад өөдрөг нааштай хандвал аз жаргалтай байж чадна.

Агуу Үнэт Сувд номд бошиглогч Иосеф Смитийг “хөгжүүн баяр хөөртэй” хэмээн дүрсэлсэн байдаг (Иосеф Смит—Түүх 1:28). Энэ нь мөн адил ерөнхийлөгч Монсонг дүрсэлдэг.

Нэг удаа ерөнхийлөгч Монсон “Бид … эерэг хандлагатай байхыг сонгож чадна. Бид салхины чигийг өөрчилж чадахгүй ч завиныхаа жолоог чиглүүлж чадна. Өөрөөр хэлбэл, бидэнд юу ч тохиолдож байсан, бид эерэг хандлагатай, аз жаргалтай байхыг сонгож чадна” гэж хэлсэн.1

Нэгэн өдөр би Тэргүүн Зөвлөлийн танхимын гадна сууж байлаа. Намайг тэнд ариун сүмийн ажил хэргийн талаар хэлэлцэхээр урьсан байсан юм. Би өрөөний гадаа чимээгүйхэн сууж байхдаа Тэргүүн Зөвлөл аль хэдийн хуралдаад эхэлчихсэн, намайг удахгүй дуудах байх гэж бодож байв.

Намайг тэнд сууж байхад танхимд нэг хүн шүгэлдээд явж байхыг би сонслоо. “Хэн нэгэн ёс зүйн талаар ойлголтгүй л явж байна даа. Сүмийн ерөнхийлөгчийн өрөөний гадаа шүгэлдээд явж болохгүй шүү дээ” гэж би дотроо бодов.

Төд удалгүй нөгөө шүгэлдэж байсан хүн булан тойроод гарч ирсэн нь ерөнхийлөгч Монсон байсан юм. Тэрээр аз жаргалтай бас өөдрөг байв. Тэр надтай сайхан мэндлээд “бид хурлаа хэдэн минутын дараа эхлэх байх аа” гэж хэлж билээ.

Сүмийн бүхий л ачааг мөрөн дээрээ үүрдэг ч тэрээр аз жаргалтай байхын үлгэр жишээ байж, үргэлж л эерэг хандлагатай байдаг. Бид ч тийм байх ёстой.

2. Бид хүүхдүүдэд эелдэг байж, хайраар хандаж чадна.

Есүс хүүхдүүдийн талаар олонтоо ярьдаг байсан. Түүний бошиглогч, ерөнхийлөгч Монсон мөн адил хүүхдүүдийн талаар ярьдаг ба ялангуяа ариун сүмийн онцгойлон адислал дээр хүүхдүүдийг хэрхэн хайрлаж байгаа нь хүүхдүүдэд хэрхэн хандахыг бидэнд заадаг. Ариун сүмийн онцгойлон адислал бүрд тэр хүүхдүүдэд анхаарлаа илүү хандуулдаг. Тэр хүүхдүүдийг булангийн чулууны ёслолд оролцуулах дуртай бөгөөд үргэлж хэдэн хүүхдийг булангийн чулуунд хэсэг шавар тавьж, ариун сүмийг барьж дуусгасны бэлэгдэлд оролцоход урьдаг билээ. Тэр үүнийг тэдэнд зугаатай ажил болгож чаддаг. Бас дурсамжит үйл явдал болгодог. Тэр үргэлж тэдэн рүү маш сайхан инээмсэглэдэг. Мөн тэднийг зоригжуулж, сайшаадаг. Үүнийг харах үнэхээр гайхалтай байдаг.

Түүний дотно мэндчилгээнүүд нь хааяа хэн нэгэнтэй алгаараа цохилцох, чихээ хөдөлгөх зэргээр харагддаг бөгөөд номлолд үйлчлэх, ариун сүмд гэрлэхийг мөн адил урамшуулан дэмждэг билээ.

Хэдэн жилийн өмнө, ерөнхийлөгч Монсон Өүкр Маунтэн ариун сүмийг онцгойлон адислахад энэ өдөр нь түүний төрсөн өдөртэй давхацсан байжээ. Түүнийг ариун сүм дээр ирж, урд хаалганд ойртон ирэхэд хэсэг залуучууд цугласан байлаа. Мэдээж хэрэг, тэд ерөнхийлөгч Монсоны төрсөн өдрийг мэдэж байсан учраас “Төрсөн өдрийн баяр” дууг дуулж эхлэв. Энэ нь түүнд маш их таалагдаж, тэрээр нүүр дүүрэн инээмсэглэв. Тэгээд бас тэднийг өөрөө удирдаж байгаа юм шиг дуулж байхад нь гараараа дохиж эхлэв. Тэд дууныхаа төгсгөлд “урт наслаарай та” гэдэг үгсийг нэмэхэд нь ерөнхийлөгч Монсон надад “энэ хэсэг нь их таалагдлаа” гэж хэлж билээ.

Миний бодлоор түүнийг тэдэнд хайртай гэдэгт нь сүмийн хүүхэд, залуучууд огт эргэлздэггүй учраас тэд түүнд хайртай байдаг!

3. Бид Сүнсний өдөөлтүүдийг дагаж чадна.

Ерөнхийлөгч Монсон: “Амьдралд тохиох хамгийн нандин зүйл бол Сүнсний өдөөлтийг мэдрээд түүний дагуу үйлдэж, дараа нь энэ нь хэн нэгний хэрэгцээ эсвэл залбирлын хариулт байсан гэдгийг олж мэдэх явдал юм. Түүнчлэн хэрэв Их Эзэнд ямар нэг ажил гарвал Том Монсон Түүний төлөө ажлыг нь гүйцэлдүүлэх болно гэдгийг Их Эзэн мэддэг байгаасай гэж би үргэлж хүсдэг” хэмээн Их Эзэний төлөөх үнэнч байдлаа мөн Сүнсний өдөөлтийг дагах амлалтаа яруу тодоор илэрхийлсэн юм.2

 Бидний хүн нэг бүр ийм загварыг л дагахыг хүсэх хэрэгтэй.

4. Бид ариун сүмийг хайрлаж чадна.

Ерөнхийлөгч Монсон ариун сүм барьж байсан, сүмийн түүхэн дэх агуу хүмүүсийн нэгэнд зүй ёсоор багтана. Тэрээр 2008 оны 2-р сард ерөнхийлөгч болсноосоо хойш, ариун сүм барих агуу ажлыг үргэлжлүүлсээр байгаа билээ. Ерөнхийлөгч Монсон бошиглогч байх 5 жилийн хугацаандаа 33 шинэ ариун сүмийг зарласан юм.

Тэр бидэнд бас: “Бидний хүн нэг бүр цэвэр гар, цэвэр зүрх сэтгэлтэйгээр зохистой амьдрах болтугай. Тэгснээр ариун сүм бидний болон гэр бүлийн маань амьдралд хүрч, адислах болно” гэж хэлсэн.3

Мөн тэр дараах гайхалтай амлалтыг нэмж хэлсэн юм: “Бид ариун сүмийг хайрлаж, ариун сүмд хүрч, мөн ариун сүмд орсноор бидний амьдрал итгэлийг маань ямар түвшинд байгааг харуулах болно. Бид эдгээр Бурханы өргөөнд ирж, ариун сүм дотор хийдэг гэрээнүүдээ санаснаар бид сорилт бүрээ тэвчиж, уруу таталт болгоныг давах боломжтой байх болно.4

Ариун сүмийг хайрлах талаарх бошиглогчийн бидэнд харуулсан загварыг дагацгаая.

5. Бид эелдэг, нинжин сэтгэлтэй байж мөн бусдыг хайрлаж чадна.

Ерөнхийлөгч Монсон бол бусдыг хайрлах тухайд гайхалтай үлгэр жишээ болох хүн юм. Түүний бүхий л үйлчлэл өрх гэрүүдэд зочилсон айлчлалтуудаар; адислал өгөхийн тулд хүмүүсийн толгой дээр гараа тавьснаар; бусдыг тайтгаруулж, дэмжсэн төлөвлөөгүй утасны дуудлагуудаар; урам хайрлаж магтсан, талархал илэрхийлсэн захидлууд; эмнэлэг, халамжийн төвүүдэд очсон зочлолтуудаар дүүрэн юм. Тэрээр амсхийх зав чөлөөгүй их ажлын хажуугаар бас талийгаачидтай салах ёс гүйцэтгэх, оршуулганд нь оролцох цаг гаргаж чаддаг.

Ерөнхийлөгч Монсон Аврагчтай адилаар сайныг үйлдэж, (Үйлс 10:38-ыг үзнэ үү), бусдыг адислан, тэднийг хайрлаж явна. Энэ нь түүний амьдралд удирдан чиглүүлэгч хүч болдог.

Ерөнхийлөгч Монсоны эелдэг зангийн онцгой нэгэн жишээ 2012 онд харагдсан билээ. Ютагийн Бригам хотын гоёмсог ариун сүм баригдаж дуусах гэж байхад онцгойлон адислах төлөвлөгөөний талаар ярилцахаар би Тэргүүн Зөвлөлтэй уулзсан юм. Бригам хот нь Солт Лэйк хотоос хойд зүгт ганцхан цагийн зайтай байдаг учраас ерөнхийлөгч Монсоны хувьд тийшээ очоод онцгойлон адислахад тун амархан байх байлаа.

Үүний оронд ерөнхийлөгч Монсон: “Бригам хот бол ерөнхийлөгч Боид К.Пакэрын төрсөн хот, энэ агуу төлөөлөгч надтай мөр зэрэгцэн Арванхоёрт олон жилийн турш үйлчилсэн. Би түүнийг өөрийнхөө төрсөн хот дахь ариун сүмийг өөрөө онцгойлон адислах энэхүү хүндэтгэл, адислалыг хүртээсэй гэж хүсч байна. Би энэ удаад өнжиж, Бригам хотын ариун сүмийг онцгойлон адислахаар ерөнхийлөгч Пакэрыг томилох болно. Би түүнийг баярлуулмаар байна” гэж хэлж билээ.

Энэ нь ерөнхийлөгч Пакэрт болон Бригам хотод өссөн Пакэр эгчийн хувьд мөн адил гайхалтай өдөр байлаа. Би ерөнхийлөгч Монсоны төлөөлөгч найздаа үзүүлсэн эелдэг, сайхан сэтгэлийн илэрхийллийг хараад сэтгэл үнэхээр их хөдөлж билээ. Бид бүгд тийм байж чадна. Бид хуваалцаж, эелдэг байж, өөрсдийгөө биш харин эргэн тойрны хүмүүстээ санаа тавьж чадна.

Бошиглогчийн загвар

Ерөнхийлөгч Монсон бидэнд амьдралаа хэрхэн авч явах замыг Ерөнхий чуулган дээр өөрийн гайхалтай, сүнслэгээр нөлөөлсөн захиасуудаараа заасаар ирсэн билээ. Тэр бидэнд хэрхэн Есүс Христийн дагалдагчид байхыг өөрийнхөө гайхалтай жишээгээр харуулсаар ирсэн юм. Их Эзэн үнэхээр бүх зүйлд загварыг өгсөн. Бидний дагахаар эрэлхийлэх ёстой загваруудын нэг бол хайрт бошиглогчоо дагах явдал юм.

Тэнгэрт биднийг мэддэг бас хайрладаг Бурхан байдаг гэдгийг би гэрчилж байна. Тэр энэ хожмын өдрүүдэд биднийг удирдаж, бидэнд зааж мөн биднийг чиглүүлэх бошиглогчийг бидэнд өгсөн. Бошиглогчоо хайрлаж, дэмжин, үлгэр жишээг нь дагахыг Их Эзэн биднээс хүсэн хүлээдэг гэдэгт би итгэдэг.

Би Томас С.Монсоныг Их Эзэний бошиглогч байх өдрүүдэд амьдарч байгаагаа агуу адислалд тооцдог. Бид бошиглогчоо дагаж, түүнтэй илүү адил байхыг хичээснээр гарцаагүй Их Эзэн Есүс Христийн итгэлтэй шавь нар болох болно.

Эшлэлүүд

  1. “Messages of Inspiration from President Monson,” Church News, 2012 оны 9-р сарын 2, 2

  2. On the Lord’s Errand (DVD, 2008).

  3. Toмас С.Монсон, “Ариун сүмийн адислалууд,” Лиахона, 2010 оны 10-р сар, 19.

  4. Toмас С.Монсон, Be Your Best Self (1979), 56; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.