2014
Нар мандахыг хүлээсэн нь
дөрөвдүгээр 2014


Нар мандахыг хүлээсэн нь

АНУ, Огайо, Жюлиа Вагнер

Би нөхрийнхөө унтаж байгаа эсэхийг нь мэдэхийн тулд түүний амьсгалахыг чагнан, сэрүүн хэвтэж байтал өрөөг харанхуй бүрхэв. 12 настай охин маань гэнэт осолд орж нас бараад дөнгөж хоёр хонож байлаа. Би дахиад нүдээ аньсан ч нойр хүрсэнгүй. Охин минь хамт байсан ч болоосой хэмээн гуниглаж байлаа. Авралын төлөвлөгөөний тухай бүх мэдлэг минь ч охиноо алдсаны төлөөх бидний уй гашууг нимгэлсэнгүй.

Үүр гэгээрэх үед зүрх сэтгэл гэнэт шархиран өвдлөө. Удахгүй нар мандана. Би улбар ягаан гэрэлд умбасан тэнгэрийг оюун ухаандаа төсөөлөн харж байв. Хөөрхий охин минь ягаан өнгөнд дуртай байсансан. Улбар ягаан өнгөтэй нар мандах нь охинтойгоо ойр байгаагаа дахин мэдрэхэд надад хэрэгтэй зүйл байх болно.

“Нар мандахыг харахаар явцгаая” гэж би нойрмоглосон нөхөртөө шивнэн хэллээ.

Бид машин зам дээр зогсон, дорно зүг рүү харан хүлээсээр … хүлээсээр л. Тэнгэрийн хаяа гэгээрсэн ч доогуур нь нүүх үүлсийн цаанаас нар гарч ирэхгүй л байлаа.

Би нөхрийнхөө мөрийг толгойгоороо түшин, санаа алдаад юу ч болоогүй юм шиг дүр эсгэхийг хичээж байлаа. Гэвч би илүү их зүйлийг хүсч байв. Надад илүү их зүйл хэрэгтэй байлаа. Тэнгэрлэг Эцэг хайртай охиныг минь Өөртөө авсны дараа энэхүү чин хүслийг минь надад биелүүлж өгөх нь лавтай.

Нөхөр минь гэртээ орохоор эргэхдээ бидний ар талаар баруун тийш харснаа “Хараач!” гэв.

Би эргэж харлаа. Бидний ард үүлс гоё улбар шаргал гэрэлд умбан харагдана. Миний амьсгал давчдаж, нулимс урсаж эхэллээ. Энэ нь миний төсөөлж чадахаас илүү гоё байлаа. Охин минь намайг тэврээд авах шиг санагдав. Миний зүрх сэтгэл шимшрэн өвдөж байгааг Тэнгэрлэг Эцэг мэдэж, ирээдүйд итгэх найдварын амлалт—мөнхийн гэр бүлүүдийн хийгээд ирээдүйд тохиох гайхалтай сайхан хормуудын тухай сэтгэл уярам сануулагчийг Тэрээр илгээснийг би мэдэж байлаа.

Би энэхүү гайхалтай сайхан хормын талаар болон үүний надад өгсөн шинэ ойлголтын тухай олонтоо боддог байлаа. Нар баруунаас мандахыг хүлээдэг хүн бий гэж үү? Гэвч миний гайхамшиг чухам тэнд л хүлээж байсан юм. Адислалууд болон гайхамшгууд санаанд оромгүй газраас гарч ирдэг учраас би тэдгээрээс хэчнээн олныг нь алддаг бол? Би хэрэгтэй гэж үзсэн ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээд жинхэнэ чухал зүйлийг хэчнээн удаа анзааралгүй өнгөрүүлсэн бол оо?

Бид нэгэн гайхамшгийн төлөө цөхрөлтгүй залбирсан боловч уг гайхамшиг бидэнд тохиосонгүй, харин охиныхоо эрхтнүүдийг өвчтэй хүмүүст хандивласнаар дөрвөн хүний амьдралыг сайжруулсан гайхамшиг, гэр бүлийн хайр болон тойргийн эв нэгдлийн гайхамшиг, үйлчлэлийн гайхамшгийг би шинэ ойлголтоороо харсан юм. Би гүнзгий уй гашууд автсан ч өглөө бүр улбар ягаан туяа цацруулан мандаж, орой бүр улбар ягаан туяа цацруулан жаргах нарыг хараад бас зам дээрх улбар ягаан цэцэг бүрийг хараад бие сэтгэл минь хүчирхэг найдвараар дүүрэхийг мэдэрдэг билээ.

Би одоо нар мандах үеэр дорно зүг рүү хараад дараа нь баруун зүг рүү хардаг болсон. Адислалууд болон гайхамшгууд үргэлж тохиодог гэдгийг, хэрэв бид түүнд боломж олгох юм бол бидэнд уй гашуу тохиолдсон үед ч нар үргэлж мандах болно гэдгийг мэдээд би инээмсэглэдэг.