2014
Мосе
дөрөвдүгээр 2014


Хуучин Гэрээний бошиглогчид

Мосе

“Мосе бол Христийг бошиглогчийн хувьд Израилын түмэн цэргийн энэхүү эртний удирдагчтай зүйрлүүлэхээр тийм агуу нэгэн байлаа.”1 —Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985)

Миний хүмүүс болох израилчууд Египетэд боолчлолд байсан үед би төрсөн. Израил боолчуудын тоо өсч байгаагаас айсан Фараон бүх эрэгтэй израилчуудыг төрөнгүүт нь алж байх зарлиг буулгасан байлаа. Ээж минь намайг хамгаалахын тулд төрсний минь дараа Нил мөрөнд сагсан дотор хийж тавих хүртлээ гурван сар нуусан гэдэг. Фараоны охин намайг олж, хүүгээ болгон өсгөсөн юм.2

Би өсч том болоод Египетийг орхин, Мидианы нутагт амьдарч байлаа. Тэнд би хоньчин бөгөөд тахилч Иетрогийн тааллыг олж, Зиппорагийн охинтой гэрлэж, Иетрогоос Мелкизедек санваар авсан.3

Нэг өдөр намайг Иетрогийн сүргийг хариулж явтал Их Эзэн шатаж байгаа бутан дотор харагдаж, намайг дуудан, Израилын хүүхдүүдийг боолчлолоос чөлөөл гэв.4

Би Египетэд эргэж ирээд Их Эзэний хүмүүсийг чөлөөлөхийг Фараоноос гуйхад тэрээр тэдний ачааг харин ч улам нэмэгдүүлэв. Их Эзэн олон өвчин, тахлыг египетчүүд дээр илгээсэн ч Фараон зүрх сэтгэлээ хатууруулж, израилчуудыг чөлөөлөхөөс татгалзсаар байв. Сүүлчийн тахал нь Египетийн айл болгонд төрсөн ууган хүүг алсан устгагч тэнгэр элч байлаа. Израилчууд өө сэвгүй хурганы цусыг тотгон дээрээ түрхэж, гэрээсээ гаралгүй байснаар устгагч тэнгэр элчээс аврагдсан юм. Их Эзэн энэхүү гайхамшгийг жил бүр санаж байхад нь израилчуудад туслахын тулд надаар дамжуулан Дээгүүр өнгөрөх баярыг ёслол болгон нэвтрүүлсэн билээ.5

Энэхүү сүүлчийн тахал нь Фараоныг бууж өгөн, израилчуудыг чөлөөлөхөд хүргэсэн юм. Гэвч Фараон хожим нь зүрх сэтгэлээ хатууруулж, Египетийг орхин явсан израилчуудын араас цэргээ явуулсан. Улаан тэнгисийг хага ярах хүчээр Их Эзэн намайг адисалсан бөгөөд биднийг хуурай газар дээгүүр зугтан гарахад Фараоны цэргийг тэнгисийн ус нөмрөн залгисан юм.6

Их Эзэн биднийг өдөр нь үүлэн дунд, шөнө нь галан баганан дунд цөл дундуур удирдсан. Тэрээр биднийг усаар, маннагаар мөн бөднө шувуудаар хангасан юм.7

Би Синай уулан дээр гарч тэнд 40 өдөр байхдаа Их Эзэнээс Арван зарлигийг хүлээн авсан. Намайг уулнаас буцаж ирэхэд израилчууд Бурханаас нүүр буруулж, шүтээн болгон алтан тугал хийсэн байлаа. Тэд Бурханы надад өгсөн хуулийг хүлээн авахаар зохистой биш болсон байв. Иймээс би уг хууль бүхий хавтангуудыг эвдсэн юм. Намайг уул руу буцаж очиход Их Эзэн бага хуулийг надад өгсөн бөгөөд энэ нь миний нэрээр Мосегийн хууль хэмээн нэрлэгддэг.8

Их Эзэн цөлд асар эсвээс авсаархан ариун сүм барих загварыг надад илчилсэн. Бид аян замдаа дотор нь сүсэглэн залбирахын тулд асрыг авч явдаг байлаа. Энэ асарт хүмүүс ёслолууд хүлээн авдаг байсан ба би Их Эзэнтэй “анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт, нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа.”9 Их Эзэн бас асрын хамгийн ариун хэсэгт, ариунаас ариун газарт байх ёстой нандин шүтээн болох гэрээний авдрыг хэрхэн хийхийг надад үзүүлсэн.10

Их Эзэн израилчуудыг зэмлэхийн тулд “галт могойнуудыг” илгээсэн үед гуулин могой хийж, саваанд өлгөн, өндөрт өргөж, тэдэнд харуулахыг надад зарлиг болгосон билээ. Могойнд хатгуулсан бүх хүмүүс үүнийг хараад эдгээгдэж болох байв. Гэвч олон хүн бардамналынхаа улмаас мөн тэдэнд энэ зүйл хэтэрхий энгийн санагдсанаас могойг олж хараагүй. Иймээс тэд мөхсөн юм.11

Их Эзэн израилчуудыг амлагдсан нутагт очихыг зөвшөөрөхөөс өмнө тэднийг цөлд 40 жил тэнүүчлэхээр болгосон юм.12 Би амлагдсан нутагт очоогүй харин Их Эзэнд “Сүнсээр дээш аваачигдсан билээ.”13