Айлчлагч багшийн захиас бичиг
Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Аврагч ба Гэтэлгэгч
Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхээр эрэлхийл. Аврагчийн амьдрал болон зорилгыг ойлгох нь таны Түүнд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж мөн айлчлагч багшлалтаар дамжуулан харж ханддаг хүмүүсийг тань хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү:
“Есүс Христийн яруу сайхан нэрсийн дотроос хамгийн гайхамшигтай нь Гэтэлгэгч гэдэг нэр юм” гэж Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон хэлжээ. “Гэтэлгэх гэдэг нь өр эсвэл төлбөрийг төлж барагдуулах гэсэн утгатай юм. Гэтэлгэх нь бас төлөөсийг нь төлснөөр аврах эсвэл чөлөөлөх гэсэн утгатай байж болно. … Эдгээр утгууд тус бүрдээ Есүс Христийн Өөрийн Цагаатгалаар дамжуулан гүйцэлдүүлсэн агуу Гэтэлгэлийн өөр өөр талуудыг дүрслэн харуулдаг. Энэ нь толь бичигт тайлбарласнаар ‘нүгэл үйлдэгчийн төлөө золиослол хийх замаар нүгэл ба нүглийн төлөөх шийтгэлээс чөлөөлөх’ гэсэн утгатай юм.”1
Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон “Тэнгэрлэг Эцэг … Өөрийн төрсөн Ганц төгс Хүүгээ бидний нүгэл, зовлон шаналлын төлөө болон бидний хувийн амьдралд байдаг шударга бус бүх зүйлийн төлөө зовлон эдлүүлэхээр илгээсэн юм.
“… Oлон жилийн хүнд сорилт, уй гашууг биеэр туулсан нэгэн эмэгтэй нулимс урсган, ‘Би өөрийгөө үнгэгдэн сэмэрч, элэгдсэн мөн халтартаж, хорчийсон 20 долларын дэвсгэрттэй адилхан болсныг ухаарсан. Харин … үнэ цэнийн хувьд би 20 доллартай бүрэн дүйнэ’ хэмээн ярьж билээ. Бурханы хувьд түүнийг хувь хүнийх нь нүглийг цагаатгахаар Хүүгээ илгээхүйц тийм үнэ цэнэтэй байснаа тэр эмэгтэй мэддэг ажээ. Сүм дэх эгч бүр энэ эмэгтэйн ойлгосон зүйлийг мэддэг байх хэрэгтэй”2 гэж хэлсэн байдаг.
Судруудаас
Бидний түүхээс
Есүс Христэд итгэх итгэлээ ашиглан, Түүний сургаалуудаас суралцан, тэдгээрийн дагуу амьдарч, Түүний үйлчлэл, гайхамшгуудыг мөн сүр жавхланг гэрчилсэн эмэгтэйчүүдийн тухай шастирууд Шинэ Гэрээнд байдаг.
Есүс худаг дээр тааралдсан эмэгтэйд ингэж хэлсэн билээ:
“Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно.
“Эмэгтэй Түүнд, Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. …
“Христ гэгч [Мессиа] ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө гэв.
“Есүс түүнд Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав.”
Нөгөөх эмэгтэй “усныхаа савыг орхин” хот руу явж, Түүний тухай гэрчлэлээ хэлжээ. (Иохан 4:6–30-ийг үзнэ үү.)