2014
Филиппин: Далайн арлууд дээрх сүнслэг хүч
дөрөвдүгээр 2014


Газар газрын анхдагчид

Филиппин: далайн арлууд дээрх сүнслэг хүч

“Дорнын сувд” хэмээн нэрлэгддэг Филиппинд сүм 53 жилийн богинохон хугацаанд гайхалтай хүч чадал, өсөлт хөгжилтөд хүрчээ.

Нэгдсэн Улсаас ирсэн хоёр залуу номлогчийн Aугусто A.Лимд заасан захиас үнэн гэдгийг нь түүний аль хэдийнээс мэддэг байсан зарчмууд баталсан ажээ. Залуу хуульч бөгөөд Христийн шашинтан Aугусто илчлэлт өнөөдрийг хүртэл байнга ирсээр байгаа гэх мэтийн сургаалууд нь “ахлах сургууль болон коллежид сурч байхдаа л миний итгэдэг байсан зүйлүүд” байлаа гэж хэлэв.1

Хэдэн сарын дараа Aугусто ням гарагт болдог сүмийн цуглаануудад оролцохыг зөвшөөрч, Мормоны Номыг уншиж, түүний талаар залбирах урилгыг хүлээн авчээ. “Би Мормоны Номыг Моронайн бидэнд зөвлөсөн тийм сүнстэйгээр нухацтай уншиж эхэлсэн. Би энэ ном үнэн үү гэдгийг мэдэх хүсэлтэйгээр уншиж эхлээд дөнгөж хэдхэн мөр уншсаны дараа гэрчлэлтэй болж эхэлсэн” гэж дурсав.2

1964 оны 10-р сард Aугусто Лим баптисм хүртэж, Филиппин дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны гишүүн болжээ. Мөн удалгүй эхнэр нь мөн гэр бүл нь сүмд нэгдсэн байна. Тэрээр сүмд хэдэн арван жил итгэлтэйгээр үйлчилсэн бөгөөд 1992 онд ерөнхий эрх мэдэлтнээр үйлчлэхээр дуудагдсан нь уг албан тушаалд үйлчилсэн анхны филиппин хүн юм. Өнөөдөр Лим ах—“Дорнын сувд” гэгддэг энэ оронд амьдардаг хэдэн зуун мянган хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэл, чин сэтгэлийн үйлчлэлийн бэлгэдэл болж байна.

Сайн мэдээний үрийг суулган, соёолуулж буй үржил шимтэй газар

Есүс Христийг мэндлэхээс 550 орчим жилийн өмнө Их Эзэн Мормоны Номын бошиглогч Нифайд: “Би далайн арлууд дээрх тэднийг санахыг, мөн өөрийн үгийг хүмүүний үрст, тийм ээ, бүр дэлхийн бүх үндэстний дээр авчрах” (2 Нифай 29:7) болно хэмээн амласан билээ. Эдгээр үнэ цэнэтэй үгсийг уншсан олон хүнд “далайн арлуудын” нэг нь Филиппин мөн хэмээн бодогддог.

100 сая шахам хүн амтай Бүгд Найрамдах Филиппин Улс Азийн зүүн өмнөд эргийн 7100 орчим арал бүхий том олтриг дээр оршдог. Филиппин бол нөхөрсөг, хөгжилтэй, даруухан хүмүүс оршин суудаг, халуун бүсийн үзэсгэлэнт сайхан орон юм. Гэсэн хэдий ч энэ улс газар хөдлөлт, далайн хар салхи, галт уулын дэлбэрэлт, далайн түрлэгүүдэд болон байгалийн бусад гамшгуудад өртөмтгий; эдийн засаг, нийгмийн олон асуудал хуримтлагдсан орон юм. Өргөн тархсан ядуурал байнга сорилт бэрхшээл учруулж, филиппинчүүд улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн ужиг хямралын үеүдийг даван туулсаар ирсэн юм.

Гэвч Их Эзэний замуудыг мэддэг болсон хүмүүст Филиппин нь сайн мэдээний үрийг суулган соёолуулах үржил шимтэй газар юм. Олон филиппин хүн тагалог болон бусад төрөлх хэлнийхээ хажуугаар мөн л үндэсний хэл нь болсон англи хэлээр ярьдаг. Испаний захиргаанд удаан хугацаагаар байсан учраас хүн амын 90 гаруй хувь нь Христийн шашинтнууд, харин цөөнхийн үлэмж хэсэг нь лалын шашинтнууд юм.

Сүмийг Филиппинд нэвтрүүлэх анхны оролдлогыг 1898 онд Испани-Америкийн дайны үеэр Ютагийн хожмын үеийн гэгээнтэн цэргийн албан хаагч Виллард Кол, Жорж Сиймэн нар хийсэн ажээ. Тэднийг Ютагаас явахаас нь өмнө номлогчоор адисалжээ. Тэд боломж гарсан үед сайн мэдээг номлож байсан ч баптисм хийгдсэнгүй.

Дэлхийн II дайны үеэр нэлээд хэдэн хожмын үеийн гэгээнтэн Филиппиний арлуудыг дайснаас чөлөөлсөн Холбоотны цэргүүдтэй хамт тулалдсан ажээ. 1944, 1945 онуудад цэргийн бүлэглэлүүд олон газарт сүмийн цуглаануудыг явуулж байсан бөгөөд ХҮГ цэргийн албан хаагч олон гишүүн, дэмжлэг үзүүлэгч бусад хүмүүс дайн дууссаны дараа Филиппинд байсаар байлаа. Тэдний дунд Максин Тэйт болон сүмд нэгдээд удаагүй Жэром Хоровиц нар байв. Тэр хоёр хоёулаа Анисэта Фахардог сайн мэдээтэй танилцуулахад тусалсан ажээ. Хоровиц ах Манилын бөмбөгдүүлж сүйрсэн хэсэгт Анисэтагийн байшинг дахин барихад тусалж байхдаа шинэхэн олж авсан итгэлээ Анисэта, түүний охин Рүт хоёртой хуваалцжээ.

Анисэта гэрчлэлтэй болж, баптисм хүртэхийг хүсч байсан ч тэр үед Филиппиний арлууд дээр байнгын үйл ажиллагаа явуулдаг сүмийн нэгж байгаагүй учраас филиппинчүүдэд баптисм хүртээх эрх мэдлийг сүм олгоогүй байв. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Харолд Б.Лий (1899–1973) Анисэтагийн хүслийг мэдээд Цэргийн албан хаагчдын ерөнхий хорооны даргын эрх мэдлээрээ Анисэтад баптисм хүртээх зөвшөөрөл өгчээ. Анисэта Фахардод 1946 оны Улаан өндөгний баярын өглөө цэргийн албан хаагч гишүүн Лорэн Фэрре баптисм хүртээж, тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны филиппин гишүүн болжээ.

Номлолын ажил эхэлсэн нь

Дайны дараа сүмийн бүлгүүд АНУ-ын цэргийн хоёр бааз—Кларкийн Агаарын цэргийн болон Сүбийн булангийн тэнгисийн цэргийн баазад зохион байгуулагдаж, хожмын үеийн гэгээнтэн цэргийн албан хаагч гишүүд Филиппинд сүм албан ёсоор байгуулагдахыг хүсэн хүлээх болов. 1955 оны 8-р сарын 21-нд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит (1876–1972) Филиппинийг сайн мэдээг номлоход зориулан адисалжээ. Гэвч хуулийн хязгаарлалтаар номлогчид ирэхийг 1961 он хүртэл хойшлуулсан байна.

1960 онд, тэр үед Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын туслах байсан ахлагч Гордон Б.Хинкли (1910–2008) Филиппинд хэд хоногийн хугацаагаар айлчлахдаа: “Би номлолын ажил … дэлхийн олон хэсэгт ямар байгаа шигээ тийм үр өгөөжтэй байх болно гэсэн бодлоо илэрхийлсэн” гэж хэлжээ.3 Дараа жил нь Максин Тэйт Гримм зэрэг гишүүд мөн Саудерн Фар Ийст номлолын ерөнхийлөгч Робэрт С.Тэйлор болон сүмийн гишүүн биш найз нөхөд нь маш их бэлтгэл, бичиг цаасны ажил хийсний эцэст ахлагч Хинкли номлолын ажлыг эхлүүлэхийн төлөө Филиппинийг дахин адислахаар тус оронд эргэж ирэв.

1961 оны 4-р сарын 28-нд ахлагч Хинкли Манила хотын захын дүүрэгт цэргийн албан хаагч гишүүдийн жижигхэн бүлэгтэй мөн америк оршин суугчидтай болон филиппин гишүүн Дэвид Лагмантай уулзаж, онцгой залбирал хэлжээ. Уг залбиралдаа тэрээр “энэхүү захиасыг хүлээн авч, үүгээр адислагдах гишүүд олон мянгаараа байх болно” гэж хэлсэн юм.4 Их Эзэний үнэн үйлчлэгчийн хэлсэн эдгээр үгс удалгүй бошиглолын үгс болсон билээ.

Үүнээс хойш хэдэн долоо хоногийн дараа анхны дөрвөн номлогч—Рэймонд Л.Гүдсон, Харри Л.Мүррэй, Кэнт К.Лаув, Нэстэр O.Лэдэсма нар Манилад ирэв. “Филиппинчүүд сайн мэдээг дуртайяа хүлээн авч байв. Маш олон тохиолдолд гэр бүлийн тэргүүн нь сүмд нэгдэхээр шийдэхэд гэр бүл нь бүгдээрээ сүмд элсдэг байлаа”5 хэмээн ахлагч Лаув ярилаа.

Сүм өсч хөгжиж байна

Их Эзэний ажил 1967 онд Филиппиний номлол зохион байгуулагдах хэмжээнд хүртэл өсч хөгжсөн ажээ. Тэр жилийн эцэс гэхэд уг номлол 3193 гишүүнтэй болсноос 631 нь тэр онд хөрвөсөн байлаа. 1973 он гэхэд Филиппин дэх сүм бараг 13000 гишүүнтэй болж өргөжсөн байна. 1973 оны 5-р сарын 20-нд Филиппиний Манилагийн гадас зохион байгуулагдаж, Аугусто А.Лим ерөнхийлөгч нь болжээ. 1974 онд Филиппиний Манила номлол ба Филиппиний Сэбү хотын номлол гэсэн Филиппиний хоёр номлол болон хуваагдав.

1975 оны 8-р сард ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) Филиппиний анхны бүсийн чуулганыг тэргүүлэхээр Манилад иржээ. Наймдугаар сар шуургатай байсан учраас Манилад гаднаас ирэгчдийн хувьд их хүндрэлтэй байлаа. Лаоаг хотоос сууж явсан гэгээнтнүүдийн автобус шаварт суухад гэгээнтнүүд автобусыг шавраас түрж гаргаад жолоочоос буцаж явахгүй байхыг гуйж байжээ. Нэгэн эгчийн хэлснээр, гэгээнтнүүдийн өөр нэг бүлэг Бурханы амьд бошиглогчийг харж, үгийг нь сонсохын тулд шуургатай далайгаар гурав хоног аялахаар зориглосон гэнэ.

Ерөнхийлөгч Кимбалл 1980 онд өөр нэг бүсийн чуулганыг тэргүүлэхээр Филиппинд дахин очихдоо Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркостой товчхон уулзалт хийсэн ажээ. Энэхүү уулзалт Филиппинд 1983 онд номлогчийг бэлтгэх төвийг нээх болон дараа жил нь Филиппиний Манилын ариун сүмийг адислах замыг тавьсан юм. 1987 онд Филиппиний Микронезийн бүс Манилад төвтэйгөөр үндэслэн байгуулагдав.

Мормоны Номын зарим хэсгүүд 1987 онд тагалог хэлэнд орчуулагджээ. Эдүгээ Мормоны Ном Филиппиний нэлээд хэлээр, түүний дотор сэбү хэлэнд орчуулагдаад байна.

Ариун сүмийн адислалууд

1980 оны 12-р сард ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Сүмийн үл хөдлөх хөрөнгийн газрын захирлыг ариун сүм барихад тохиромжтой газар олуулахаар Манила руу явуулжээ. Захирал нэлээд хэдэн газрыг үзсэний эцэст Квиезон хотод 1.4 га газар худалдаж авах хүсэлт тавьсан ажээ. Энэ газар Марикинагийн хөндий рүү харсан, сүмийн олон гишүүний хувьд харьцангуй ойрхон байлаа. Хүсэлтийг зөвшөөрч, уг газрыг 1981 оны 1-р сард худалдан авав. Гудамжны нэрийг сүмийн хүсэлтээр Ариун сүмийн гудамж болгож өөрчилсөн ажээ.

1982 оны 8-р сарын 25-нд болсон газар хөндөх ёслолд сүмийн 2000 орчим гишүүн болзошгүй далайн хар салхины аюулыг эс хайхран, Филиппиний арлуудаас усан онгоц, галт тэрэг, автобусаар иржээ. Ариун сүмийн барилга удалгүй эхэлж, 1984 оны наймдугаар сард адислагдахад бэлэн болсон байлаа.

Бараг 27000 гишүүн болон гишүүн бус хүмүүс ариун сүмийг адислахаас өмнө ирж үзсэн байна. Тэд ариун сүмийг адислахаас хэдхэн хоногийн өмнө Филиппинийг бүхэлд нь 48 цагийн турш дайрч өнгөрсөн далайн хоёр хар салхийг эс хайхран, ариун сүмийг үзэхээр ирсэн ажээ. Алслагдсан мужуудаас ирсэн гэгээнтнүүд ядарсан ч, цовоо сэргэлэн байлаа. Голууд эргээ халин үерлэж, зам харгуй усанд автагдан, гүүрүүд эвдэрсэн учраас олон тохиолдолд тэд Манил руу тойруу замаар удаан аялахаас аргагүй болж байв.

Ариун сүмийн үзэсгэлэнт сайхан байдал зочдод түүний дотор нэрд гарсан олон филиппин хүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн ажээ. Зохиолч Сэлсо Карунанган “ариун мэдрэмж төрлөө, хэрэв танд ийм мэдрэмж төрвөл та Бүтээгчтэйгээ нүүр тулан учрaх нь тэр” хэмээн хэлэв. Филиппиний Цагдаагийн газрын ерөнхий захирал хурандаа Биенвенидо Кастилло: ариун сүм бол “тэнгэрлэг зүйлсийн тухай бясалган бодох газар юм, яагаад гэвэл та ийм орчинд байдаг” гэж ярив. Хоёр гэлэнмаа ариун сүмийг “үнэхээр Их Эзэний өргөө” болохыг мэдэрсэн гэнэ. Филиппиний парламентын гишүүн Эва Эстрада Калав “Би та нарыг манай оронд улам олон ариун сүм бариасай гэж хүсч байна” гэж хөтөч нарт хэлжээ.6

Тэр үед Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх байсан ерөнхийлөгч Хинкли 1984 оны 9-р сарын 25-ны мягмар гарагт ариун сүмийн барилгыг дуусгах булангийн чулуу тавих цуглааныг удирджээ. Ариун сүмийг адислах есөн хуралдаан селестиел өрөөнд болов. Номхон далайн бүсийн 16 гадас, 22 дүүргээс 6500 орчим гэгээнтэн хуралдаануудад оролцсон байна.

Ариун сүмийг адислах хуралдаан дуусмагц Бага Пауло В.Малит, Эдна A.Ясона хоёр1984 оны 9-р сарын 27-нд Филиппиний Манилагийн ариун сүмд гэрлэсэн анхны хос болсон юм. Ариун сүмийн анхны ерөнхийлөгч В. Гарт Эндрюс гэрлэх ёслолыг гүйцэтгэжээ.

Ёслолын ажилтнуудаас эхлэн сүмийн олон арван гишүүн хувийн хишгээ хүлээн авахын тулд дугаарлан зогсож байлаа. Ариун сүмийн ажил дараагийн өдөр хүртэл шөнөжингөө үргэлжилсэн ажээ.

Гишүүд ариун сүмд орохыг улам их хүсдэг болжээ. Манилагаас хол амьдардаг гишүүд усан онгоцоор эсвэл автобусаар аялахын тулд их золиослол хийх шаардлагатай болдог байв. Гэвч тэд ариун сүмд ирсэн хэвээр байсан ба итгэл бишрэл, шийдвэр төгс байдлын түүхтэйгээр буцдаг байжээ.

Жэнэрэл Сантосын Бэрнардо Обэдоза, Леонидес Обэдоза хоёрын хувьд алс холын Манила дахь ариун сүм рүү явах нь боломжгүй юм шиг санагдаж байжээ. Гэхдээ их үнэтэй ганц ширхэг сувд худалдаж авахын тулд өөрт байсан бүхнээ зарсан худалдаачин шиг (Maтай 13:45–46-г үзнэ үү) энэ хос хоорондоо болон хүүхдүүдтэйгээ мөнхийн гэр бүл болж лацдан холбуулахын төлөө ариун сүм явах зардлаа төлөх гэж байшингаа зарахаар шийдсэн ажээ. Тэд байшингаа болон эд хогшлынхоо ихэнхийг зарсны дараа есөн хүнтэй гэр бүлийнхээ Манила хүртэлх усан онгоцоор аялах зардалтай болж чадсан гэнэ. Харин Леонидес эргэж ирээд орох оронгүй яах билээ гэж санаа нь зовоход Их Эзэн орон гэрээр хангах болно хэмээн Бэрнардо эхнэртээ итгүүлжээ. 1985 онд тэд ариун сүмд энэ амьдралд болон үүрд мөнхөд гэр бүлээрээ лацдан богдов Тэд хийсэн золиослол бүрийнхээ ачаар ариун сүмээс асар их үнэт сувдаа олсон учраас тэдний баяр баясгаланг юутай ч зүйрлүүлэх аргагүй байлаа. Мөн Бэрнардогийн үгс биелж, Их Эзэн тэднийг орон байраар хангасан юм. Тэднийг Манилагаас эргэж ирэхэд сайхан сэтгэлт танилууд нь тэдэнд толгой хоргодох байр гаргаж өгчээ. Яваандаа хүүхдүүд нь сургуулиа төгсөх үед тэд өөрийн гэсэн орон байртай болж, шинэ газарт шилжжээ.

2006 оны 4-р сарын 18-нд Тэргүүн Зөвлөл Филиппиний Сэбү хотод ариун сүм барихаар зарлав. Энэ мэдээг сонсоод сүмийн олон гишүүн баярласандаа нулимс дуслуулж байлаа. “Их Эзэн Сэбү хотыг дараагийн ариун сүм барих газраар сонгосон учраас бид адислагдсан юм” гэж Сэбү хотын шашны институтийн захирал Бага Цэзар Пэрэз хэлэв.

Сэбү хотын ариун сүмийг адисалснаас хойш хэдхэн сарын дараа Филиппиний хожмын үеийн гэгээнтнүүд дахин нэг баярт мэдээ сонсов. 2010 оны 10-р сарын 2-нд ерөнхийлөгч Томас С.Монсон Ерөнхий чуулганыг нээж үг хэлэх үеэрээ Пангасинанд Филиппиний Урданэта ариун сүмийг барихаар зарласан билээ.

Цаашид илүү агуу зүйлүүд ирэх болно

Филиппин дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бусад орнуудынхтай харьцуулахад шинэ ч гэсэн, арлын энэ орон дахь сүмийн хувь тавилан агуу юм. Сүм гайхамшигтай өсч хөгжиж байна. Цаашид илүү агуу зүйлүүд ирэх болно. Ерөнхий эрх мэдэлтнээр үйлчлэхээр дуудагдсан хоёр дахь филиппин хүн болох ахлагч Майкл Жон Ю. Тэ “Их Эзэний ажил бидний тусламжтайгаар эсвэл бидний тусламжгүйгээр ч урагш ахих учраас бид [Филиппиний хожмын үеийн гэгээнтнүүд] өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд өмнө нь хэзээ ч байгаагүй ихээр бэлтгэх хэрэгтэй байна” гэж хэлжээ.7

Тийм ээ, 21-р зуун зогсолтгүй урагшилсаар байна. Улам олон филиппин хүн сэргээгдсэн сүмийн захиасыг хүлээн авч, далайн арлууд дээрх энэхүү онцгой сайхан хүмүүст адислал болж байгаа учраас энэ сүм хэмжээний хувьд ч, нөлөөллөөрөө ч өсөх болно. Ахлагч Тэ болон Филиппиний гэгээнтнүүдийн хувьд “Их Эзэний амлалтууд далайн арлууд дээрх тэдэнд агуу их…” (2 Нифай 10:21) болох нь эдүгээ биелэгдэж байна.

Эшлэлүүд

  1. Aугусто A.Лим, Р. Ланиер Бриц, “‘Faithful, Good, Virtuous, True’: Pioneers in the Philippines,” Ensign, 1997 оны 8-р сар, 60; Лиахона, 1998 оны 2-р сар, 44.

  2. Aугусто Лим, Gelene Tobias, “Augusto Lim: The Man of Many Firsts,” countrywebsites.lds.org/ph/index.php/dateline-philippines/jubilee-2011.

  3. Шэри Л.Дью, Go Forward with Faith: The Biography of Gordon B.Hinckley (1996), 213–15-р хуудсыг үзнэ үү.

  4. Гордон Б.Хинкли, “Commencement of Missionary Work in the Philippines,” Tambuli, 1991 оны 4-р сар, 18.

  5. Кэнт Клайдтай хийсэн Жэймс Нийл Кларкийн ярилцлага, 2007 оны 9-р сарын 3.

  6. Францис M.Орквиола, “Temple Dedication Rewards Faith of Filipino Saints,” Ensign, 1984 оны 11-р сар, 107.

  7. Mайкл Жон Ю.Тэ, “Scriptures and Spiritual Preparation” [Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн захиас, 2011 оны 5-р сар].

Филиппин дэх сүмийн гишүүнчлэлийн өсөлт

1967 он: 3193

1970 он: 13000

1980 он: 17424

1990 он: 237000

2000 он: 373000

2012 он: 661598