2014
Хэрэв та нар миний алдар суугийн төлөө бүхнээ зориулах аваас
дөрөвдүгээр 2014


Хэрэв та нар миний алдар суугийн төлөө бүхнээ зориулах аваас

Кэтэрин Нэлсон АНУ-ын Ютад, Хэйди Макконки АНУ-ын Делаваред амьдардаг.

Хэл яриа, зан төлөв, гадаад төрх байдлаараа даруухан амьдрах нь бидэнд гэрлээ цацруулж, Бурханыг алдаршуулахад хэрхэн тусалж чадах вэ?

Мөнх бус байдлын өмнө тэнгэрт болсон зөвлөгөөн дээр Есүс Христ бидний Аврагч байхаар сайн дураараа санал гаргаж, Эцэгт хандан, “Таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно” (Moсе 4:2) гэж хэлсэн билээ.

Их Эзэн Эцэгийг алдаршуулахад ямагт үлгэр жишээ үзүүлдэг байлаа. Аврагч мөнх бус үйлчлэлийнхээ үед хэзээ ч Өөртөө анхаарал тавьдаггүй харин дагалдагчдынхаа анхаарлыг Эцэгт хандуулан, “Надад итгэгч хүн Надад итгэж байгаа биш, харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм” (Иохан 12:44) гэж хэлдэг байв. Аврагч зан харьцаа, гадаад төрх байдал, үг яриа, үйл хэргээрээ даруу байдлын ач холбогдлыг бидэнд заадаг байлаа.

Энэхүү өгүүлэлд дурдагдсан залуучууд Аврагчийг дагах чин хүсэл эрмэлзлээрээ даруу байдлын дотоод, гадаад илрэлийн тухай өгүүлж, Бурханыг алдаршуулах шийдвэр төгс байдал нь тэдний зан чанарыг хэрхэн төлөвшүүлж, үйлдлүүдийг нь хэрхэн удирдсан тухай хуваалцаж байна.

Бурханыг алдаршуулж, гэрлээ цацруул

Бид даруу байдал гэдэг нь үнэхээр юу болохыг ойлгосон үед л даруу байдал Бурханыг хэрхэн алдаршуулдгийг илүү сайн ойлгож чадна. Итгэлдээ үнэнч байх нь товхимолд: “Даруу байдал бол хувцаслалт, үс засалт, үг яриа, зан төлөвт илэрдэг номхон дөлгөөн, зөвт байдал юм. Хэрэв та даруу бол бусдын анхаарлыг өөртөө зохисгүй байдлаар татдаггүй байх ёстой” хэмээн тайлбарлажээ. Үүний оронд та ‘биеэрээ болон сүнсээрээ Бурханыг алдаршуулагтун’ (1 Коринт 6:20).”1

Аврагч хэрхэн даруу байсан шиг бид байж сурах юм бол Сүнсийг бид амьдралдаа урьж, “хэрэв та нар [Бурханы] сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас та нарын бүхэл бие гэрлээр дүүргэгдэх болно” (С ба Г 88:67) гэсэн амлалт бидний хувьд биелэгдэх болно. Та бусад залуучуудыг даруу байдлыг хэрхэн ойлгодог талаар уншиж, даруу байдлынхаа дотоод шийдвэр төгс байдал ба гадаад илрэлийг дээшлүүлснээр сүнслэг байдлаа хэрхэн нэмэгдүүлж болохыг авч үзэж болно.

Хэл яриа, зан төлөвөөрөө даруу бай

“Таны үг яриа, үйлдлүүд өөрт чинь болон өрөөл бусдад онцгой нөлөө үзүүлж болно. Санаа бодлоо цэвэр, эелдэг, уриалгахнаар мөн өөдрөг өрнүүн хэлээр илэрхийлж бай, эргэн тойрныхоо хүмүүст үйлдлээрээ аз жаргал бэлэглэж бай. Үг яриа, үйл хэргээрээ даруу байх хичээл зүтгэл чинь Ариун Сүнснээс ирэх удирдамж хийгээд тайтгарлыг нэмэгдүүлэх болно.”2

Оросын Волгоградын Дарья Сергеевна Швидко, бид бусадтай харилцахдаа тэдэнд хүндэтгэлтэй хандан, “бодол санаагаа эелдэг зөөлөн, тайван дуу хоолойгоор, зохисгүй бүдүүлэг үгс хэрэглэлгүйгээр илэрхийлдэг байснаар” бид хэл яриагаараа даруу байдаг хэмээн тайлбарлаж байна. Хэл яриагаараа даруу байх нь хов жив хөөцөлдөхгүй, бусдыг шоолж, тэднээр доог тохуу хийхгүй, хорон егөөдөл хэлэхгүй байх явдал мөн. Ийм байх нь бусдыг гомдооход эсвэл өөрийгөө дөвийлгөн бусдаас илүү гэж бодоход биднийг хэзээ ч хүргэхгүй бөгөөд Бурханы бүх хүүхдүүдийн тэнгэрлэг мөн чанарыг хүлээн зөвшөөрч, тэдэнд нинжин сэтгэлээр ханддагаа харуулж байгаа хэрэг юм.

Бидний хэл яриа Бурхан Тэргүүтнийг бид дээдлэн хүндэлдгийг бас харуулах ёстой: “Дэлхийд ихэд нийтлэг байдаг бохир, бүдүүлэг үг хэллэгээс мөн Их Эзэний нэрийг хүндэтгэлтэй бишээр хэрэглэх явдлаас зайлсхий. … Ийм хүндэтгэлгүй хэл яриа нь … Ариун Сүнсний намуухан өдөөлтүүдийг хүлээн авах [бидний] чадварыг доройтуулдаг.”3

АНУ-ын Ютагийн Кэлли Прүгийн хэлснээр “бусдын талаар хов жив ярих, тэднийг шоолох зэрэг даруу биш хэл яриа нь хүмүүс хоорондын харилцаанд сэв суулгадаг бол, даруухан хэл яриа нь “бусадтай найрсаг харилцааг хөгжүүлэх бидний чадварыг нэмэгдүүлдэг. Бидний даруу хэл яриа бусад хүмүүст байдаг хамгийн сайн сайхан зүйлсийг олж харахад бидэнд тусалдаг.”

Хэл яриагаараа даруу байх мөн зан төлөвөөрөө даруу байх нь нэг юмны хоёр тал юм. “Хэл яриа болон зан төлөвөөрөө даруу байх нь өөрийг тань хэн бэ гэдгийг бас өөрийн тань эрхэмлэдэг зүйлсийг харуулдаг учраас чухал юм” гэж Ютагийн Майк Өүлсэн хэлсэн юм. Үг, үйлдэл хоёр тань зөрдөг бол энэ нь хүмүүст анзаарагддаг. Бусдыг өргөж, Бурханыг алдаршуулдаг бидний хэл яриаг сайн үйлдлүүд дагалддаг байх ёстой. Бусдыг өргөж, Бурханыг дээдлэн хүндлэх бидний шийдвэр төгс байдал бидний үгсээс илүү чухал болохыг бид үйлчлэл ба нинжин сэтгэлийн үйлдлүүдээр дамжуулан харуулдаг билээ. Үг ба үйлдлээрээ шавь байх бидний үлгэр жишээ бусдад сайн нөлөө үзүүлж чадна.

“Зан төлөв, хэл яриагаараа даруу байхыг би үнэхээр чухал гэж үздэг. Даруу бөгөөд бусдын анхаарлыг өөртөө татах зүйлсийг хийдэггүй хүнд ямар нэг сайн зүйл заавал байдаг. Даруу үг яриатай хүмүүс Их Эзэний хүчирхэг савнууд байдаг” гэж АНУ-ын Колорадогийн Кэрри Карлсон ярилаа.

Хувцаслалт, гадаад төрх байдлаараа даруу бай

“Даруухан [хувцаслах нь] эгэл хүн биш харин сүнслэг хүн байхад анхаарлаа төвлөрүүлэхэд бидэнд тусалдаг” гэж Ютагийн Пол Кэйв хэлэв. Бид даруухан хувцасласнаараа бусад хүмүүст өөрсдийгөө танин мэдүүлэх болон харагдах байдлаараа биш харин хувь хүний зан чанараараа үнэлэгддэг.

Бидний хувцасласан байдал нь бусад хүмүүс бидэнтэй хэрхэн харьцах дохио болдог төдийгүй бид өөрсдийгөө хэрхэн үзэж, үнэлдэгт маань нөлөөлдөг. “Бидний бие бол Бурханаас өгсөн бэлэг гэдгийг бид сайн мэдээнээс мэддэг болсон. Бидний бие бидэнд өсч хөгжин, Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болоход тусалдаг. Энэ шалтгаанаар даруухан хувцаслах нь чухал юм. Бид ингэснээрээ энэхүү бэлэгтээ болон бусдад хүндэтгэлтэй ханддагаа Бурханд харуулж чадна” хэмээн Бразилын Луи Да Крүз Жюниор ярилаа.4

Кэрри “даруу бус хувцаслах нь бие бол хүний сүнс болон зан чанараас тусгаар оршдог зүйл гэсэн ойлголтыг төрүүлэх зорилготой юм. Даруу байх нь зарим үед илүү их мөнгө зарж, мэдээж хэрэг бас илүү их цаг хугацаа зарцуулахыг шаарддаг ч миний бие Тэнгэрлэг эцэг, эхийн төрүүлж өсгөсөн, бурханлаг чадавх хийгээд хувь тавилан бүхий үнэ цэнэтэй сүнсийг дотроо агуулдгийг мэдэхэд надад тусалсан билээ. Бид биедээ дэлхийн өгч чадахаас илүү их хүндлэл, анхаарал халамж тавьдаг байх ёстой” хэмээн тайлбарлалаа.

Итгэлдээ үнэнч байх нь товхимолд “Та нар [даруу биш хувцаснаас] зайлсхийхээс гадна, хувцаслалт, гадаад төрх байдал, үс засалтаараа хэт гажууд байхаас зайлсхийх ёстой. Хувцаслалт, үс засалт, биеэ авч явах байдлаар хэзээ ч хааш яйш, салан задгай бүү бай, харин үргэлж цэвэр цэмцгэр бай” хэмээн заажээ.5 Бид хувцаслалтаараа болон биеэ авч яваа байдлаараа Бурханыг, өөрийгөө болон өрөөл бусдыг хэрхэн хүндэлдгээ харуулдаг.

Жишгүүдийг итгэл төгс дага

Бид даруу байдлын талаарх сайн мэдээний жишгүүдийг дагахыг хичээснээрээ зөвхөн тохиромжтой үед биш харин бүх цаг үед Их Эзэний зарлигуудаар амьдрах итгэл төгс байдлаа харуулдаг билээ.

Жинхэнэ итгэл төгс байдал нь сайн мэдээний зарчмууд дээр суурилсан байдаг. “Даруу байдал бол сайн мэдээ болон авралын төлөвлөгөөний тухай ойлголтынхоо дагуу сэтгэх, ярих болон үйлдэх байнгын хүсэл ба оюун санааны илэрхийлэл юм.” Бид амьдралынхаа бүх талд сайн мэдээний дагуу амьдрахыг хичээх юм бол бидний хөрвөлт гүнзгийрч, сайн мэдээний зарчмуудаар амьдрах хүсэл улам нэмэгдэх болно.

Өөрийнхөө бурханлаг мөн чанарыг ойлго

Үргэлж даруу байх нь өөрсдийгөө Тэнгэрлэг эцэг, эхийн хүүхдүүд гэдгийг ойлгож мөн үүнд талархалтай байхад тусалдаг бол, өөрсдийнхөө бурханлаг мөн чанарыг мэддэг байх нь улам бүр даруу байхад бидэнд сүнслэгээр нөлөөлөх болно. Италийн Флоренцын Рафаэлла Фэррини “Даруу байдал надад өөрийгөө Тэнгэрлэг Эцэгийнхээ онцгой охин гэдгийг мэдэхэд тусалсан учраас энэхүү мэдлэг надад даруу байх хүслийг төрүүлдэг” гэж ярилаа.

Бид өөрийнхөө хэн болохыг дэлхийн үнэлэмжээр тодорхойлох нь хувийнхаа үнэлэмжийг үгүй болгож байгаа хэрэг мөн. “Би даруу байдлын тухай гэрчлэлтэй болохоосоо өмнө аз жаргалгүй, сүнслэг байдлын хувьд найдваргүй байсан. Дэлхийн материаллаг болон биет зүйлсийн дарамт хахир хатуу, өршөөлгүй учраас өөрийгөө дэлхийн үнэлэмжээр тодорхойлж байсан нь надад сэтгэл санааны дарамттай бөгөөд сүнслэг байдлын хувьд хор уршигтай байлаа. Би дэлхийг сонсохоо больж, Бурхантай харилцах миний харилцаа намайг тодорхойлдог байхаар нэгэнт шийдсэн учраас амьдрал илүү амар хялбар, эрх чөлөөтэй, аз жаргалтай болсон юм” хэмээн Ютагийн Жюлиана Ауна өөрийнхөө туршлагаас өгүүлж байна. Бид дэлхийн сайшаалын оронд Бурханы тааллыг эрэлхийлснээр амьдралдаа илүү баяр баясгалантай, илүү даруу байх агуу хүсэл эрмэлзэлтэй байх болно.

Даруухан амьдралаар амьдар

“Даруу байдал бидний хийдэг юм бүхэнд, хэл яриа, гадаад төрх, биеэ авч явах байдал, тэр ч байтугай бидний очдог газарт илэрдэг” гэж Оросын Новосибирскийн Галина Викторовна Савчук ярилаа. Даруу амьдрал нь сайн мэдээ хийгээд Бурхантай харилцах харилцаан дахь бидний итгэл төгс байдалтай нягт холбоотой юм.

Жинхэнэ даруу байдал нь зан төлөв, харьцаа хандлага хоёрын нэгдэл юм. Зан төлөв, сэтгэлгээ хоёроо төгөлдөржүүлэхээр ажиллах нь бусад талаа сайжруулахад бидэнд туслах болно. Зан төлөв ба гадаад төрхөөрөө даруу байх явдлыг насан туршдаа тууштай хөгжүүлэхгүй бол даруу амьдралаас ирдэг адислалуудыг бүрэн хүлээн авч чадахгүй. Бид өөрсдийгөө даруу хүмүүс байх ёстой гэдэгт итгэсэн атлаа үүнийгээ үйлдлүүдээрээ үзүүлэхгүй бол өөрийгөө хуурсан хэрэг юм.6

Даруу байдалтай холбогдуулж хэлэхэд, бидний бодол санаа Бурханы алдар суугийн төлөө бүрэн чиглэнэ гэдэг нь бид гадаад төрхөөрөө болон дотоод сэтгэлээрээ даруу төлөв амьдрах шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргасан байх ёстой. Бидний бодол санаа Бурхан дээр төвлөрсөн үед л бидний гадаад төрх болон үйлдлүүд даруу байдлын зарчмуудад нийцэх болно. Гэхдээ зөвхөн бодол санаагаа Бурхан руу чиглүүлснээр Түүний алдар суугийн төлөө бүхнээ зориулж байгаа явдал биш юм. Үүн лүгээ адил, хувцаслалт, үс засалт даруу байх нь мөнхийн зарчмуудын тухай бодол санаатай салшгүй холбоотой байх ёстой.

Бид Бурханы зарлигуудыг сахисан үед бодол санаагаа Түүн дээр төвлөрүүлэх нь илүү амархан байх болно. Үүн лүгээ адил хэрэв бид бодол санаагаа Бурхан дээр төвлөрүүлбэл Түүнд аяндаа дуулгавартай байх болно.

Бид даруу байдлаар амьдрахыг хичээснээр амьдралдаа Сүнсний нөлөө ихсэж байгааг мэдрэх болно. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс: “Даруу байдал бол Сүнсийг өөртөө байлгахаар зохистой байхын үндэс суурь мөн. Даруу байна гэдэг нь номхон дөлгөөн байна гэсэн үг бөгөөд даруу байснаар бид Сүнсийг өөртэйгөө хамт байлгахад урьдаг” гэж заажээ. Сүнс бидний бодол санаа, үйлдлүүдийг удирдсан үед бидний бодол санаа Бурханы алдар суугийн төлөө бүрэн чиглэж, гэрлээр дүүрэн байх болно.7

Эшлэлүүд

  1. Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэлүүд (2004), 106-р хуудас.

  2. Итгэлдээ үнэнч байх нь, 108-р хуудас.

  3. Итгэлдээ үнэнч байх нь,108-р хуудас.

  4. Итгэлдээ үнэнч байх нь товхимол, 107-р хуудсыг үзнэ үү.

  5. Итгэлдээ үнэнч байх нь,107-р хуудас.

  6. Линн Ж.Роббинс, “Та нар ямархуу маягийн эрэгтэй, эмэгтэйчүүд байвал зохих вэ?” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 103-р хуудсыг үзнэ үү.

  7. Рoбэрт Д.Хэйлс, “Даруу байдал: Их Эзэнээ дээдлэх хүндлэл,” Ensign, 2008 оны 8-р сар, 34; Лиахона, 2008 оны 8-р сар, 18.